“Инно Хими Лаб” компанийн гүйцэтгэх захирал М.Энхмандахтай химийн салбарт тулгарч буй асуудал, тэр дундаа пестицидийн шинжилгээний талаарх нийгэмд түгсэн ойлголт, үр нөлөө, ашиг тусын талаар ярилцлаа.
“Инно Хими Лаб” компанийн “Инно лаборатори” хүнсэн дэх пестицидийн үлдэгдэл тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори. Юун түрүүнд, пестицидийн талаар уншигчдадаа ойлголт өгсөн нь зүйтэй байх?
Олон улсад өнөөдрийн байдлаар газар тариалангийн салбарт 3000-4000 төрлийн химийн нэгдэл ашиглагдаж байгаа гэх судалгаа бий. Эдгээрийг ургамлын өвчин, хортон шавжийн төрөл, ургалтын онцлогоос хамааран тус бүр хэрэглэдэг химийн нэгдлийг пестицид гэдэг. Пестицидийг хамгийн энгийнээр “ургамлын эм” гэж ойлгож болно. Хүн ямар нэг өвчин тусахад эм уудагтай адил, ургамлыг хортон шавж, өвчин, төрөл бүрийн эрсдэлээс хамгаалахын тулд хэрэглэдэг.
Сүүлийн үед хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор пестицидийг хорт хавдар үүсгэдэг, аюултай бодис гэсэн ойлголт нийгэмд түгээд байна. Гэвч үнэн хэрэгтээ хүн төрөлхтөн хортон шавжийг устгаж, тэднээс арвин ургацаа хамгаалж байж л хүнс тэжээлээ хангана. Дэлхий даяар пестицид хэрэглэхээ боливол ургац огцом хорогдож, хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай. Өөрөөр хэлбэл, пестицидийг ашиглахгүй бол ургацаа хураахаас өмнө хортон шавжид алдах эрсдэлтэй. Тиймээс газар тариалан, хүнсний салбарт пестицид зайлшгүй шаардлагатай бодис юм.
Гол нь энэ бодисыг хяналтгүй ашиглах бус зөвшөөрөгдөх дээд хэмжээнд нь байлгаж, зохистой дадлыг хэвшүүлж, хэрэглэх явдал чухал. Нэг үгээр, пестицидийг хор хөнөөлтэй гэж туйлшрах бус зөв зохистой хэмжээ, хугацаа, нэр төрлөөр нь хэрхэн хэрэглэх талаар ойлголтоо нэгтгэх нь илүү ач холбогдолтой. Хэрэв зөв хэрэглэвэл пестицид нь газар тариалангийн салбарт зайлшгүй шаардлагатай төдийгүй хүн төрөлхтний хүнсний хангамжийг бүрдүүлэх гол хүчин зүйлсийн нэг.
Товчоор, тариалан эрхлэгчид энэ төрлийн бодисыг зохисгүй хэрэглэсний үр дүнд хүний биед уршигтай гэж ойлголоо.
Тиймээ, тариалан эрхлэгчдэд энэ талын мэдээлэл хомс, мэргэжлийн зөвлөх хүнгүй байна. Судлаад явж байхад энэ хүмүүс мэдлэгтэй пестицидийн талаар мэдлэгтэй байх нь өөрсдийгөө хамгаалах эхний алхам юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн гол нь тариаланчдад пестицидийн талаарх нэгдсэн сургалт, сурталчилгаа, мэдээлэл түгээх ажил хангалтгүй байна. Үүнээс гадна бид нийт хэрэглэж буй хүнснийхээ хэдэн хувийг дотооддоо тариалж, хэдэн хувийг импортоор авч байна вэ гэдгийг ойлгож, ярилцах хэрэгтэй. Манай улс гарын арван хуруунд багтах цөөн төрлийн хүнсийг дотоодоосоо хангадаг бол 90 гаруй хувийг гаднаас импортлон хэрэглэж байна. Тиймээс зөвхөн дотоодын тариаланчдаа онцлон буруутгах нь өрөөсгөл. Пестицид зөвхөн дотоодод хэрэглэгдээд, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэхээс илүүтэй гаднаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, тухайн хүнсэнд химийн ямар бодис агуулагдаж буйд цогцоор нь анхаарч харах нь зүйтэй. Өнөөдөр Монгол Улсад физик болон биологийн чиглэлийн шинжилгээ сайн хөгжсөн ч химийн шинжилгээ, тэр дундаа пестицидийн үлдэгдэл зэрэг бодисыг нарийвчлан тодорхойлох лаборатори, судалгааны байгууллагууд харьцангуй сул хөгжилтэй байна.
Иймд манай “Инно лаборатори” өөрийн оронд хийгддэггүй шинжилгээнүүдийг сонгон хөгжүүлж байгаагийн нэг нь хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийг олон улсын стандартад нийцсэн түвшинд шинжлэхийг зорьж ажиллаж байна. Одоогоор бид химийн аргачлалд суурилсан зургаан төрлийн шинжилгээг хийж, хөгжүүлж буй. Олон улсад химийн шинжилгээ нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал байр суурь эзэлдэг. Гэтэл манай улс энэ салбарт хангалттай анхаарал хандуулалгүй удсан нь хүнсний хяналтыг сулруулж буй гол хүчин зүйл болж байна. Хүнсний аюулгүй байдлыг зөвхөн газар тариалан эрхлэгчдийн үүрэг хариуцлага гэж үзэх нь учир дутагдалтай. Энэ асуудал хүнсний сүлжээнд оролцож буй байгууллага, хэрэглэгчид, бодлого, тодорхойлогчид, хяналтын байгууллагууд гээд бүх шатанд яригдах ёстой.
Зарим төрлийн пестицид ургамалд шингэж, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед нөлөөлж болзошгүй гэж иргэд болон хүнс үйлдвэрлэгчид ярьдаг юм билээ. Энэ талаар хийсэн тодорхой судалгааны ажлууд бий юү. Мөн баттай үнэн мэдээлэл мөн үү?
Нэг талаараа пестицидийн гол зорилго нь ургацыг хамгаалахад ашигладаг гэж ойлгож болно. Үнэндээ тухайн бодисын тунг хэтрүүлэхгүй байх, зохистой ашиглах нь хүнсний аюулгүй байдалд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг олгож байдаг.
Пестицид нь ашиглах зориулалт, үйлчилгээний хувьд олон төрөлтэй. Тиймээс эдгээрийг зориулалт, төрөл бүрээр нь ялгаж, зөв зохистой ашиглах нь ургамал хамгаалалтад маш чухал. Мөн ургац хураахаас өмнө пестицидийн задралын хугацааг тооцож, зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хүргэсний дараа зах зээлд нийлүүлэх гэх мэт манайд ийтлэг бус олон ойлголт байна. Ингэхийн тулд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид ухамсар, мэдлэгтэйгээр хүнсээ зах зээлд нийлүүлж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн хяналтаа шинжлэх ухаанч буюу лабораторийн шинжилгээнд суурилан хийж, үлдэгдэл бодисын хэмжээг нарийвчлан шалгах процессыг сайжруулах нь нэн тэргүүний асуудал болоод буй. Мөн тус зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй асуудлыг олон нийтийн түвшинд ил тод хэлэлцэж, төрийн байгууллагууд хяналт шалгалтаа сайжруулж, анхаарах хэрэгтэй байна. Товчхондоо, хяналтын тогтолцоог сайжруулснаар хүнсний аюулгүй байдлыг бодитой хамгаалах боломжтой.
Монгол Улсад пестицидийн үлдэгдлийг нарийвчлан тодорхойлох химийн шинжилгээ, судалгааны байгууллагуудын хөгжил сул байна.
Тэгэхээр гаднаас орж ирж буй хүнсний чанарын тухайд мөн асуумаар байна. Хугацаа даах зориулалтаар ашигладаг гэж сонссон.
Тийм ээ. Эргээд пестицидийн жишээн дээрээс харья. Пестицидийг зөвхөн ургац хамгаалахад төдийгүй хураасан хүнсээ тээвэрлэлт, хадгалалт даах зорилгоор ашигладаг. Олон улсын худалдаанд Монгол Улс нэг оролцогч болж байгаа өнөө үед дээр хэлсэнчлэн хэрэглэж буй хүнснийхээ 90 гаруй хувийг импортоор авч байгаагийн хувьд хүнсээ улсдаа шинжилдэг, баталгаажуулдаг болох шаардлагатай байна. Үүнийг хэн хийх ёстой вэ гэвэл лабораториуд. Эцсийн нотолгоонд суурилсан үр дүнг энэ салбар л гаргадаг. Тэр үр дүнгээр цаашдын бодлого, үйл ажиллагаа явах учиртай.
“Инно лаборатори” 2023 онд Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэлээ авсан. Тус байгууллага нь Ази, Номхон далайн итгэмжлэлийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн тул бидэнд олон улсын түвшинд гарах гүүр, боломж бий. Одоо бидний гол зорилго бол лабораторийн шинжилгээг төрөлжүүлж, илүү олон үзүүлэлтийг үзэж, хянаж, дүн шинжилгээ хийх чадамжаа сайжруулах.
Бид пестицидийн үлдэгдэл буюу хэрэглэж буй хүнсэнд агуулагдах бодисын хэмжээг тогтоох чиглэлээр хоёр жил судалгаа, шинжилгээ хийж буй. Энэ хугацаанд өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнд хийсэн 1000 орчим шинжилгээний сан бүрдүүлжээ. Товч бөгөөд тодорхой хэлэхэд, эдгээр 1000 гаруй шинжилгээний үр дүнгээс харахад Монгол Улсад худалдаалагдаж буй ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд дэх пестицидийн үлдэгдлийн хэмжээ, илрэлт олон улсын дундажтай ойролцоо, харин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байдал харьцангуй өндөр гэж дүгнэж болохоор байна.
Одоо өрнөөд буй процессын асуудлыг цэгцэлчихвэл асуудалгүй юм биш үү?
Бид харьцангуй хожуу ардчилсан улс болсон. Нэг үгээр, социализмын хэв шинжээс гүйцэд ангижраагүй улс. Тухайн үеийн систем нь эцсийн бүтээгдэхүүний шалгалтад голчлон тулгуурлаж, стандартыг баталдаг онцлогтой байсан нь өнөөдрийн хүнсний аюулгүй байдлыг хянахад тохиромжгүй байна. Гэтэл хүнсний аюулгүй байдлын тухай хууль, хяналтаараа жишиг тогтоосон Европын холбооны улсууд болон Япон, АНУ зэрэг улс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаардаг. Өөрөөр хэлбэл, тогтолцоо нь илүү үр дүнтэй, зөв зарчмаар явж буй.
Тэгвэл манай улсын нөхцөл байдлыг нэгэн шилтэй зөгийн бал үйлдвэрлэгчийн жишгээр төсөөлье. Зөгийн бал үйлдвэрлэгч түүхий эдээ цуглуулахдаа тодорхой хяналтгүйгээр саванд савлан худалдаанд гаргана. Хэрэв савласан бүтээгдэхүүнээ лабораторид шинжлүүлэхэд пестицидийн үлдэгдэл илэрсэн тохиолдолд аль зөгий үржүүлэгчийн баланд уг бодис агуулагдсан байсныг тогтооход хүндрэлтэй болж байгаа биз. Энэ л манайд түлхүү хэрэгждэг, зөвхөн эцсийн бүтээгдэхүүнд төвлөрсөн хяналтын тогтолцооны сул тал бөгөөд түүхий эдийн эх үүсвэрийг хянах боломжгүйн тод жишээ.
Пестицидийн үлдэгдлийг тодорхойлсноор, мөн энэ төрлийн шинжилгээнд хамрагдсанаар бизнес эрхлэгчид болон хүнс үйлдвэрлэгчдэд ямар давуу талтай юм бэ?
Энэ хугацаанд тухайн салбарыг хариуцсан баталгаажуулалтын байгууллага, хүнс үйлдвэрлэгчид гээд бүгд рүү нь хандаж үзлээ. Бизнес эрхлэгчид, тариаланчид пестицидийн шинжилгээг эрсдэл гэж боддог. Шинжлүүлсэн ч өөрсдийнх нь хүссэн үр дүн гарахгүй байх вий. Магад биднийг үр дүнгийн мэдээллийг олон нийтэд түгээх вий гэж айдаг юм шиг санагдсан. Өмнө нь энэ төрлийн шинжилгээгүй болоод ирсэн процессыг бид улам сунжруулаад байна гэж ойлгогдоод байна шүү дээ. Товчоор, тэдний хувьд илүү зардал гэж бодогдож байж магад.
Гэхдээ үүнийг ашиг гэж харах хэрэгтэй. Үнэхээр чанартай бүтээгдэхүүн тариалж, үйлдвэрлэдэг бол энэ төрлийн шинжилгээгээр баталгаажуулснаар өрсөлдөгчөөсөө ялгарах асар том боломж. Чанарыг дахин чанаржуулж, баталгаажуулж байна гэсэн үг. Хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд пестицидийн шинжилгээ бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нэг алхам ойртох боломж. Гуравдугаарт, байгаль орчноо хамгаалах, ногоон байх, органик фермер болоход хөтөлж буй. Мөн бид хүнсний аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлж, хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах, үр хүүхдэдээ ийм нийгмийг үлдээх эхлэл гэх мэт маш олон эерэг талтай.
Бидний хийж буй шинжилгээний арга нь урвалжийн зардал, химийн бодисын хэрэглээ багатай, үнийн хувьд хямд гэдгээрээ онцлогтой.
Тэгвэл зориглоод ирсэн, танайхаар шинжлүүлсэн газрууд бий юу?
Чацаргана жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг компаниуд Монголд олон бий. Миний бодлоор тэдгээрийн дотроос шингэн хүнсний үйлдвэрлэлээр гадаад зах зээлд амжилттай гарч, үлгэр жишээ болсон нь “Шар Доктор” ХХК. Тус компани Японы зах зээлд гарахад тухайн улсаас эх орондоо пестицидийн үлдэгдлийн шинжилгээ хийлгэх шаардлагыг тавьсан юм билээ. Энэ нь бидний зорилготой бүрэн нийцэж байсан учир “Шар Доктор” компани бидэнтэй хамтран ажиллаж, түүхий эд нийлүүлэгчдэдээ буюу тариаланчдад хураасан чацарганадаа пестицидийн шинжилгээ хийлгэхийг шаардсан. Өөрөөр хэлбэл, тухайн шинжилгээгээр баталгаажсан түүхий эдээр “Шар Доктор” компани бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг, хүнсний аюулгүй байдлыг хангах энгийн боловч чухал процесс.
Эхний жил тариаланчид пестицидийн шинжилгээнээс татгалзах тохиолдол цөөнгүй гарсан. Угаас тариалан эрхлэгчдийн хувьд өмнө нь ийм төрлийн шалгалт, хяналтад орж байгаагүй шүү дээ. Мөн бидний зүгээс ч тэдэнд санхүүгийн дарамт болох, шинэ шаардлагын улмаас хүндрэл үүсэх вий гэсэн болгоомжлолтой байсан. Түүхий эд худалдан авч буй “Шар Доктор” компанийн үйлдвэрлэлд ч сөрөг нөлөө үзүүлэх эсэхэд санаа зовниж байлаа. Гэвч тус компани энэ асуудлыг шийдэх оновчтой арга хэмжээ авч, бидэнтэй хамтарч түүхий эд нийлүүлэгч тариаланчдаа НҮБ-ын ХХААБ-ын “Хүнсний аюулгүй байдал болон ургамлын эрүүл мэндийг хамгаалах системийг сайжруулах” төсөлд хамруулсан. Төслийн хүрээнд пестицидийн үлдэгдэл, зохистой хэрэглээний талаарх сургалтад тариаланчдыг зохистой дадлыг бүтээгдэхүүний бүхий л шатандаа хэрэгжүүлж буй байгууллага. Энэ бол гаднын зах зээлд гарахыг зорьж буй хүнсний үйлдвэрлэгчдэд өгөөжтэй, бодит туршлага болсон гэж бодож байна.
“Инно лаборатори”-ийг хүнсэн дэх пестицидийн үлдэгдэл тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори гэдгийг энэ хүртэл хамт байсан уншигчид маань сайн мэдэж авсан байх. Та лабораторийнхоо талаар яриа дэлгэнэ үү?
“Инно хими” лабораторийг үүсгэн байгуулсан “Медимпекс Интернэшнл” ХХК нь эрүүл мэнд, лабораторийн салбарт тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай байгууллага. Бид тоног төхөөрөмж суурилуулаад зогсохгүй урт хугацааны найдвартай ажиллагааг нь хангаж ажилладаг.
Шинжлэх ухааны салбарт ахиц гаргаж, шинэчлэх, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Инно лаборатори”- ийг байгуулсан. “Медимпекс Интернэшнл” компанийн хувьд ч тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна тухайн салбарын хөгжлийг дэмжихийг зорьсон том алхам байсан. Манай үүсгэн байгуулагч компанийн нэг онцлог нь үйл ажиллагаагаа явуулж буй салбараа хөгжүүлэх талаар тухайн салбарын мэргэжилтнүүдийн санал, санаачилгыг дэмжих бодлогыг тогтмол баримталдаг.
Лабораторийн тоног төхөөрөмж нь өндөр өртөг, ажиллуулж буй мэргэжилтнээсээ мэдлэг, ур чадвар, анхаарал, байгууллагаас урсгал зардал, дэмжлэг шаарддаг учир зөвхөн нийлүүлэхээс гадна тухайн төхөөрөмжийг мэргэжлийн түвшинд ажиллуулах боловсон хүчинд анхаарал хандуулах шаардлага “Медимпекс Интернэшнл”-ын хувьд тулгарсан. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим лабораториуд, мэргэжилтнүүдтэй хамтран сургалт явуулсан ч хүссэн түвшиндээ хүрч асуудлаа шийдэж чадаагүй. Лабораторийн салбарыг хөгжүүлэхэд тууштай ажиллаж буй ургамал хамгаалагч Н.Оюундэлгэр манай лабораторийг үүсгэн байгуулсан. Тийм ч учир манай лабораторийн эхний шинжилгээ пестицидийн үлдэгдлийн шинжилгээ байсан. Шинжилгээндээ Европын холбоонд ашиглагддаг пестицидийн үлдэгдлийг тогтоох арга, аргачлалаар шинжилгээг авч ашигласан нь бидний бас нэг онцлог. Хэдийгээр дотоодын стандартыг ашиглах боломжтой байсан ч олон улсын түвшинд хүрэхгүй байсан учраас уг аргачлалыг сонгосон. Энэ нь Монгол Улсад инновац болохуйц арга аргачлал болсон гэж бодож байна. Уг шинжилгээний арга нь урвалжийн зардал, химийн бодисын хэрэглээ багатай, үнийн хувьд хямд гэдгээрээ онцлогтой. Ингэснээр бид шинжилгээний чанарыг сайжруулж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц лаборатори болох зам нээгдэж байгаа юм.
Та энэ салбартаа 16 гаруй жил ажиллаж байгаа юм билээ. Яагаад энэ салбарыг сонгосон бэ?
Би 2006 онд АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Төгсөөд “Ач” анагаах ухааны дээд сургуульд гурван жил багшилсан. Энэ хугацаандаа дээд сургуулийн боловсролын сургалтын арга барилын нарийн зарчмуудыг гүнзгий судалж, олон зүйлийг сурсан нь одоо ч надад томоохон давуу тал болж буй. Харин их сургуулийн зуны амралтын хоёр сарын хугацаанд өөр салбарт ажиллаж үзэх хүсэлтэй байсан учир “Медимпекс Интернэшнл” компанид ажиллаж үзсэн. Тухайн үед тус компани гэрээр хэрэглэх эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр ид ажиллаж байлаа, шинэхэн дэлгүүрээ нээчихсэн. Тухайн байгууллагын соёл, ажлын орчин, мөн салбар нь өөрөө надад их сонирхолтой санагдсан учраас маркетингийн албанд нь ажиллаж эхэлсэн.
Энэ бүхэн надад цоо шинэ сорилт байсан ч улам бүр сонирхож, өөрийгөө сорих боломж гэж харсан учир тус компанидаа үлдсэн. Хэдийгээр 16 жил ажилласан ч цаг хугацаа маш хурдан өнгөрсөн мэт санагддаг. Энэ хугацаанд ажилтнаас газрын захирал хүртэл шат ахиж, туршлага хуримтлуулсаар өдийг хүрчээ.
Харин 2023 онд “Медимпекс Интернэшнл” компани лабораторийн чиглэлд илүү төвлөрч, энэ салбарт идэвхтэй ажиллахаар зорьсон бөгөөд намайг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Гүйцэтгэх захирлаар томилогдоод нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хүнсний аюулгүй байдал, түүний тогтолцоо, лабораторийн хэрэглээ, шинэ технологи, шинжилгээний аргачлал зэрэг олон шинэ зүйлсийг судалж, илүү гүнзгий ойлголттой болохыг зорьж байна.
Миний бодлоор бид багаараа манлайлагч. Бид ашиг гэхээс илүү, асуудлыг шийдэж чадна гэсэн хүслээр энэ салбарт зоригтой ажиллаж байна.
Та энэ салбарт олон жил тууштай ажилласан юм байна. Өөр салбарт ажиллах юм сан гэж бодож байв уу. Хүнд хэцүү, сорилттой цаг үе мэдээж байсан байх?
“Медимпекс Интернэшнл” -ийн хувьд компанийн соёл хэдийнээ тогтчихсон байгууллага. Тэр хэрээрээ байгууллага, багийн түвшинд ажиллахад ямар нэг хүндрэл тэр бүр тулгараад байдаггүй. Миний хувьд маркетинг борлуулалтын багийн даргаар 10 гаруй жил ажилласан. Тэгэхээр миний хувьд удирдах арга барилын тухайд өнгөрсөн нэг жилийн хугацаанд төдийлөн сорилт тулгараагүй. Лаборатори гэдэг өөрөө ганцхан харилцагчтайгаа ажилладаг салбар биш гэж харсан. Миний бодлоор хими гэдэг үгний ард айдас байнга дагаж явдаг шиг санагддаг. Ажлаа анх авахдаа энэ чиглэлд хамаарч буй зүйлс, хүн болоод орчны эрүүл мэндэд хор хөнөөл учруулах эрсдэлгүй байгууллагыг бүтээх юмсан гэж бодож орж ирсэн. Тиймээс ч бид тусгай зөвшөөрөлтэй, нэлээдгүй дүрэм журам мөрдөж ажилладаг онцлогтой.
Магадгүй “Инно Хими Лаб” компанийн нөмөр нөөлөг нь 20 гаруй жил болсон компани учир зарим талаараа хүндрэл бэрхшээл бага байсан байх. Гэхдээ салбар сул бол тэр чигтээ муу, хөгжилгүй гэж дүгнэгддэг шүү дээ. Хувийн хэвшлийн лабораториуд манайд яагаад хөгждөггүй юм бэ?
Хэрвээ бид гарааны бизнес эрхлэгч, эсвэл ганц мэргэжилтэн үүсгэн байгуулсан бол энэ лабораторийг байгуулаад авч явж чадахгүй байсан. Яагаад гэвэл анхны хөрөнгө оруулалт өндөр, урсгал зардал их. Лабораторийн салбарыг гол хөдөлгөгч нь дээж. Бидэнд шинжилж, судлах дээж байж л ажил явагдана, цаашид хөгжих боломж бүрдэнэ. Одоогоор бид үндсэн хүчин чадлынхаа маш бага хувиар ажиллаж байна. Энэ сул зогсолттой үедээ бид хүрээгээ өргөтгөх, шинжилгээнүүдээ хөгжүүлэх, манай улсад орхигдсон шинжилгээнүүдийг судлах зэрэг ажлыг хийж байна. Хөгжилтэй улс орнуудад лабораторийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш тогтвортой хэрэгжиж байдаг. Мэдээж төр нь хувийн хэвшлээ итгэмжилж, сонгож, чадамжийг нь тодорхой түвшинд хянадаг. Манайд бол хүнсний аюулгүй байдлын шинжилгээг бүхэлд нь төр хариуцдаг. Харин олон улсын туршлагаас харахад, бидэн шиг хувийн хэвшлийн лабораториуд энэ салбарт томоохон оролцогч байдаг. Нэг үгээр, төр нь хувийн лабораториудад шинжилгээний процессыг хариуцуулж, бидний хүчийг ашиглах, тогтолцоондоо хувийн лабораториудыг нэгтгэн оролцуулах хэрэгтэй. Энэ нь салбарын хөгжлийг түргэсгэж, оролцогч талуудын хариуцлагыг дээшлүүлэхэд тусална гэж бодож байна.
Ярилцлагын турш салбарын талаар ярилцлаа. Сэтгүүлийнхээ булантай холбогдуулж манлайлагч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэж танаас асуумаар байна?
Миний бодлоор бид багаараа манлайлагч. Бид ашиг гэхээс илүү, асуудлыг шийдэж чадна гэсэн хүслээр энэ салбарт зоригтой ажиллаж байна. Тийм ч учраас лабораторио инновац гэх үгээс улбаалж нэрлэсэн. Дэлхийд лабораторийн салбарт тэргүүлж буй инновац, тоног төхөөрөмжийг Монголдоо нэвтрүүлэх, өөрсдийнхөө хэмжээнд энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг бид хүсэж байна. Жил бүр бид 2-3 Монголд анхны гэж болох шинжилгээ хийдэг тоног төхөөрөмжийг суурилуулж байна. Хамт олноороо маш их бахархдаг.
Хувь хүнийхээ хувьд дүгнэхэд хэн ч манлайлагч байж болно. Сүүлийн үед хүмүүс төр бүгдийг хийж, биднийг сайхан амьдруулах ёстой гэх яриа дэлгэрэх боллоо. Гэтэл бэлэн зүйл байх тусам бид хөгжил рүү ойртохгүй шүү дээ. Мөн маш шүүмжлэмтгий улс болжээ. Нэг талаар, энэ зөв ч, огт ажил хийж үзээгүй байж аливааг шүүмжлэх нь буруу. Хэрвээ та ямар нэг зүйлийг шүүмжлэх гэж буй бол түүнээс урьтаж “Би үүнийг хийж үзсэн үү, энэ талаар мэдэх билүү?” гэж өөрөөсөө асуугаарай.
Ямар ч ажлыг хүн ганцаараа бус багаар хийдэг. Харин баг нэг зорилготой, хамтдаа нэг зүгт тэмүүлж байж амжилтад хүрнэ. Үүний тулд дотоод уур амьсгал, харилцаа маш чухал. Зөвхөн ажлын байрны тодорхойлолтоор ажиллахад хүндрэлтэй. Харилцан ойлголцол, уян хатан байдал, багийн уур амьсгалыг бүрдүүлэх нь ажлын үр дүнд шууд нөлөөлдөг. Мэдээж мэргэжлийн мэдлэг, ур чадвар маш чухал. Гэхдээ үүнээс гадна багийн сэтгэлгээ, уур амьсгал, удирдагчийн манлайлал аль ч байгууллагын амжилтын үндэс гэж боддог.
Танай салбарт хариуцлагаас гадна чадварлаг боловсон хүчин хэрэгтэй байгаа гэж ойлгож байна?
Тэр тийм. Ялангуяа манайх шиг нарийн мэргэжлийн хүн шаардлагатай салбарт хүний нөөц нэн чухал. Дөнгөж их сургуулиа төгссөн залуус гадаадад амьдрах хүсэлтэй болжээ. Гэтэл 10, 20 жилийн дараа өөрийн хурааж хуримтлуулсан мэдлэгээр эх орондоо үнэ цэн бий болгох хэсэг маань үгүйлэгдэж, хоосон орон зай үүсэх вий гэж эмээдэг. Тэгэхээр хэчнээн гадаадад суралцаж, ажилласан ч эх орныхоо тухай нэг бодоосой гэж хүсмээр байна.
Хими, лабораторийн салбар мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнийг шаарддаг. Манай багийн тухайд маш сайн баг бүрдүүлж чадсан. Ажилтнуудын маань дийлэнх нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүс.. Бизнесийн хувьд санхүүгийн судалгаа хийж, зах зээлд орж ирдэг бол манайх шиг нарийн мэргэжлийн салбарт мэргэжилтнүүдийн үгийг сонсож, цаашдын хөгжлийн чигийг тодорхойлох нь хамгийн зөв зам гэж харж байна.