Эмэгтэйчүүдийн бизнес санаа биеллээ олдог хамгийн нандин үеүдийн нэг бол төрсний дараах үе юм. Яг энэ үедээ өөрийнхөө дуртай зүйлээр бизнесийн гараагаа эхлүүлсэн эмэгтэйчүүдийн нэг бол Flamme Complexe гоо сайхны их дэлгүүрийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Гэрэлжаргал юм. Тэрбээр 2016 онд их сургуулиа төгсөж, дөнгөж ээж болоод байх үедээ мөрөөдлийнхөө ажлын суурийг цутгаж эхэлжээ.
Хамгийн гол нь Э.Гэрэлжаргал байдаг л нэг дамлан борлуулагч байхыг хүсээгүй учраас өөрийн цогцлоох бизнесээрээ дамжуулан үнэ цэн бүтээж, жишиг тогтоохоор тэмүүлсэн байна. Нийслэлийн хаа нэгтээ шилэн барилгын нэг давхарт гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг лангуу нээж борлуулдаг соёлоос тэр татгалзахыг хүссэн. Үүнийг түүний бүтээсэн “их дэлгүүр”-ээс илхэн ойлгож болно.
Э.Гэрэлжаргалын хувьд, багаасаа л гоо сайхны бүтээгдэхүүнд дурлагч байсан. Бүр нүүр будах хоббитой. Шинэ жилийн үеэр нүүр будалтын захиалгад дарагддаг байсан түүнийг make-up artist гээд тодорхойлчихсон ч болох тун мэдрэмжтэй бүсгүй. Түүнийг нүүр будалтад ид дурлаж байх тэр үед Kylie брэнд жинхэнэ трэнд болж, онлайн дэлгүүрүүд Америкаас төрөл бүрийн бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан аж. Харин Э.Гэрэлжаргал хүмүүс хүссэн бүтээгдэхүүнээ бодитоор мэдрээд аваасай гэж хүссэн учраас жижиг ч болов дэлгүүр нээхийг чухалчилжээ.
Ингээд хүүхдээ найман сартайд “Хүүхдийн 100”-ийн жижигхээн талбайгаас бизнесээ эхлүүлсэн нь өнөөдрийн Flamme Complexe-ийн үндэс суурь болжээ. Flamme яг л түүний өөр нэгэн хүүхэд шиг нь жилээс жилд өсөн томорч, одоо тэрбээр гурван ч салбар дэлгүүртэй болсон байна. Эдгээр дэлгүүрээрээ дамжуулан тэрбээр 50 гаруй брэндийн нүүр будалт, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэгч үйлчлүүлэгчдээ хүргэж байна.
Сэтгүүлч миний хувьд түүнтэй хоёр дахь удаагаа цаг товлон уулзаж буй минь энэ бөгөөд ердөө жилийн өмнөхтэй харьцуулахад түүний Flamme Complexе цоо шинэ өнгө төрхийг цогцлоожээ. Яг л кофе шоп мэт тухтай дулаан интерьер, найрсаг харилцаа гээд энэ бүхэн хэнд ч асуудлаа дэлгээд зөвлөгөө авах хамгийн “аюулгүй”, итгэж болох газар болохыг нь илтгэнэ.
Flamme яг л түүний өөр нэгэн хүүхэд шиг нь жилээс жилд өсөн томорч, одоо тэрбээр гурван ч салбар дэлгүүртэй болсон байна.
Эхний жилдээ зөвхөн нүүр будалтын бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан тэрбээр үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр арьс арчилгааны бүтээгдэхүүн оруулж ирэх болсноор бизнес нь илүү өргөжиж, 2017 онд нүүр будалт, арьс арчилгааны 200-аад нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг болчихсон байсан аж. Гэр бүлийнхэн нь түүнийг хоббигоо хэсэг хөөж байгаад хүүхдээ томрохоор үндсэн мэргэжлээрээ ажиллах байх гэж бодож байсан ч Э.Гэрэлжаргал ирээдүйгээ тов тодорхой харчихсан байлаа. Тэрбээр гоо сайхны нэгдсэн их дэлгүүрийг дэлхийн жишгээр байгуулахын зэрэгцээ арьсны ментороор дамжуулан хүмүүсийн арьсны асуудлыг шийдэх цогц модулийг зураглачихсан байсан юм.
Ингээд 2018 онд 20 гаруйхан настай бүсгүй компаниа албан ёсоор байгуулж, ирээдүй рүү итгэл төгс алхсан ч төд удалгүй цар тахал дэлхий дахиныг нөмөрсөн нь түүнд багагүй сорилт мэдрүүлжээ. Түүний төлөвлөгөө бага зэрэг саатсан ч одоо тэрбээр яг л анх зураглаж байсан бизнес загвараа бүтээж чадсан байна. Бизнесийн талбар дахь гоо сайхны ертөнцөд хөл тавиад бараг 10 шахам жил болж буй түүний өсөлт магадгүй зарим хүнд удаан санагдаж болох ч өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэн нь ердөө “суурь” байсан гэж Э.Гэрэлжаргал тодотгосон юм.
Үнэн байхын шагнал
Манай улсын худалдааны салбарт, тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд шударга өрсөлдөөн бий болоход цөөнгүй жил шаардлагатай. Учир нь манай улсад худалдааны хууль байхгүйн зэрэгцээ хэн хаанаас ямар орц найрлагатай бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэж оруулж ирж байгаад тавих хяналт сул. Хууль эрхзүйн зохицуулалтаас гадна бизнес эрхлэгчдийн ёс зүй ч хангалттай төлөвшөөгүй байгаа нь нууц биш. Өнөөдөр хүссэн бүхэн онлайн дэлгүүр нээж, дурын каргогоор бүтээгдэхүүнээ авчирч байна. Гэхдээ зах зээл шударга бус гээд тэрбээр бусадтай адил байхыг хүсээгүй.
Э.Гэрэлжаргалын хувьд үнэн шударга, ёс зүйтэй байх нь ертөнцийг аварна гэж итгэдэг. Тиймдээ ч тэрбээр “аливаа бизнес нь хэрэглэгч болоод нийгэмд үнэ цэн цэн өгөх ёстой” хэмээн томьёолж байна.
Flamme Complexe албан ёсны эрхтэйгээр брэндүүдээ Монголд нутагшуулдаг. Тиймдээ ч гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд тухайн бүтээгдэхүүний чанар, нэр хүндийг хамгаалахад анхаардаг. Энэ “анхаарал халамж” нь бүтээгдэхүүнээ зориулалтын дагуу тээвэрлэхээс эхэлдгийг Э.Гэрэлжаргал онцолж байлаа. “Бүтээгдэхүүний шинж чанар, үйлчлэлийг нь алдагдуулахгүй байхад тээвэрлэлт, хадгалалт хамгийн чухал нөлөөтэй. Гэвч хөлдөөд гэссэн гоо сайхны бүтээгдэхүүн манай зах зээлд борлуулагдахад үүнийг хэн ч мэдэхгүй. Энэ бол хамгийн харамсмаар зүйл” гэж тэрбээр ярьж байсан юм.
Мөн түүний ярианаас нэг зүйл анхаарал татсан юм. “Хууль хяналтынхан манай агуулахад ирээд нарны гэрэл тусаж байгаа үгүйг, температур нь тохиромжтой эсэхийг шалгахгүй. Шалгахгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Гэлээ гээд бид агуулахаа стандартын дагуу л байгуулсан. Цаашид ч яг энэ стандартынхаа дагуу хөрөнгө мөнгөө зориулаад томсгоно. Өөрөө өөртөө үнэнч байж, шударга байхынхаа хэрээр зарж буй бүтээгдэхүүнээ илүү итгэл төгс санал болгож чаддаг. Бүтээгдэхүүнээ санал болгож байхдаа аз жаргалтай байх нь амжилтад хөтөлдөг юм шиг санагддаг”. Энэ яриа өөрөө өөртөө үнэнч, зарчимтай байх нь алсуураа ямар их үнэ цэнтэй болохыг илтгэнэ.
Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд өөр нэг санаа зовох зүйл бий. Энэ бол хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь яг л сүүдэр адил оршиж байдаг. Энэ сүүдэр Flamme Complexe-ийг ч мөн дайрчээ. Саяхан тэдний албан ёсны эрхтэйгээр борлуулдаг бүтээгдэхүүнийг өөр нэгэн онлайн дэлгүүр зараад эхэлж л дээ. Энэ бол маш шударга бус үйлдэл гэж тэрбээр хэлж байсан юм. Учир нь бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй борлуулж, зах зээлд таниулахад маш их хөрөнгө, хүч шаарддаг. Гэтэл зах зээлд тэдний бүтээсэн итгэл үнэмшил дээр өөр нэгэн этгээд шууд орж ирээд ашиг хүртэнэ гэдэг нэг төрлийн “шимэгчлэл” гэсэн үг юм.
Тиймээс тэд тухайн бүтээгдэхүүнээс худалдан авч, улмаар бар кодоор нь шалгаж, дээжийг нь үйлдвэрлэгч рүү илгээж шинжлүүлэхэд хуурамч бүтээгдэхүүн байж таарчээ. Тиймээс дамлан борлуулагчдаас илүү албан ёсны дистрибьютерт итгэх нь чухал болохыг тэрбээр хэрэглэгчдэд зөвлөж байна. Мөн хуурамч бүтээгдэхүүний зах зээл хумигдах аргагүй учраас хэрэглэгчийн боловсролыг сайжруулахад тэд анхаарч ажиллах аж.
Скин ментор Гэрэлээ
Flamme Complexe Монголын зах зээлд нутагшуулах брэнд бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг хамгаас чухалчилж судалдаг. Шинэ брэндүүд төрөн гарч, зарим нь зах зээлээс арчигдаж байгаа энэ эрчтэй салбарт гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг судалж, харьцуулна гэдэг нөр их хүч хөдөлмөр шаардсан зүйл. Үнэндээ арьсны эмч нар ч, худалдааны зөвлөхүүд ч гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг ингэтлээ дурлаж судалдаггүй болов уу гэх бодол төрснийг нуух юун.
Flamme-ийнхан дараагийн 10 жилд “Монголын” гэх гоо сайхны брэндийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхээр зориг шулууджээ.
Э.Гэрэлжаргал 2017 оноос хүмүүсийн арьсны асуудлыг шийдэхэд тусалж зөвлөгөө өгч эхэлсэн. Гэхдээ тэрбээр энэ ажлаа хийж байхдаа өөрийгөө эмч болоод худалдааны зөвлөхөөс өөр ажил хийж байгааг их тод анзаарчээ. Ингээд тэрбээр “скин ментор” хэмээх нэр томьёог албажуулж, хөдөлмөрийн зах зээлд цоо шинэ ажил мэргэжлийн талбар бий болгож чадсан юм.
Нийгмийн сүлжээнд ч хүмүүс түүнийг “скин ментор Гэрлээ” гэдгээр нь илүү таньдаг. “Гагцхүү скин ментор л орц найрлагын хоорондын хоршил, түүнийг хэрэглэх дараалал, арьс арчилгааны шинэ чиг хандлагын талаар цаг алдалгүй судалж мэддэг. Энэ нь менторуудын эмч, зөвлөхүүдээс ялгарах гол шинж” гэж Э.Гэрэлжаргал тодорхойлж байсан юм.
Түүний хувьд, 2020 онд ОХУ-ын Новосибирскийн их сургуульд дерматологийн чиглэлээр сар орчмын хугацаанд цахим сургалтад хамрагдсан бөгөөд тэр үедээ эмч болон менторын ялгааг бүр ч тодоор мэдэрсэн аж. “Ментор бол хүнийг арьс арчилгааны дадал, соёлд сургах чадвартай хүн байх ёстой. Өөрөө ямар нэг бүтээгдэхүүн зах зээлд санал болгож байсан ч өөр дэлгүүрийн өөр брэндийг судлаад, үүнийг манай энэ бүтээгдэхүүнтэй ингэж хоршуулбал зүгээр юм байна гэдгийг ч таньж чаддаг байх ёстой. Бид үйлчлүүлэгчээ зөв бүтээгдэхүүнээр арьсаа тогтмол арчилж сургахын тулд менторын үйлчилгээгээ улам бүр хөгжүүлнэ” гэж тэрбээр хэлж байсан.
Э.Гэрэлжаргал болон түүний баг хамт олон менторын үйлчилгээгээ жилээс жилд хөгжүүлсээр байна. Тэрбээр “Энэ салбарт техник технологийн хөгжил хурдацтай өрнөж байгаа. Тэр хөгжлөөс Flamme ч хоцроогүй. Гагцхүү бид 10 шахам жилийн бодит туршлага, анализ хийх чадвараараа олонх газраас ялгардаг” гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл төхөөрөмжүүд тэдний хувьд “луужин” болдог бол бодит туршлага нь “газрын зураг” болдог аж. Хэчнээн сайн луужинтай байсан ч газрын зураггүй бол нэг цэгээс нөгөө цэгт хүрэх аялал бүтэлгүйтэх эрсдэлтэй.
Flamme-ийн хувьд, зургаан сар худалдааны зөвлөх хийсэн хүнээ дараагийн шатанд бэлтгэдэг. Одоо үндсэн дөрвөн ментортой. Үндсэн менторууд нь хамгийн багадаа дөрвөн жил ажилласан мэргэжилтнүүд аж. Менторуудаас нь үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн тоо давхардсан байдлаар хэдийнэ 3000-ыг давжээ.
Өндөрт тэмүүлэх цаг
Өөрийн гэсэн зарчимтай, ёс зүйтэй, тогтсон соёлтой, дотоод үнэт зүйл, тэмүүлэлтэй байж гэмээнэ бизнес урт хугацаанд оршин тогтнож чадна гэдэгт Э.Гэрэлжаргал итгэдэг. Тиймээс тэрбээр бизнесийн сууриа алгуур боловч бат бөх цутгасан. Харин одоо энэ суурин дээрээ мөрөөдлийн цамхгаа сүндэрлүүлнэ.
Одоогоор Хан-Уул дүүрэгт гурван салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй Flamme Complexe 2027 оноос урьтаж хотын төвд ахин 1-2 салбар нээхээр төлөвлөжээ. Салбар нээх нь зардлаа урт хугацаанд нөхдөг, хөрөнгө оруулалт ихээр шаарддаг ажил учраас хөдөө орон нутагт хүрээгээ тэлэхийн тулд ижил зорилготой бизнес эрхлэгчидтэй хамтрахаар яриа хэлцэл хийж байгаа аж. Энэ хүрээнд эхний ээлжинд Дархан хотод Flamme-ийн бүтээгдэхүүнүүд хүрэх төлөвтэй байна.
Төхөөрөмжүүд тэдний хувьд “луужин” болдог бол бодит туршлага нь “газрын зураг” болдог аж. Хэчнээн сайн луужинтай байсан ч газрын зураггүй бол нэг цэгээс нөгөө цэгт хүрэх аялал бүтэлгүйтэх эрсдэлтэй.
Мөн Skin Care академи байгуулж, академиараа дамжуулан менторуудыг илүү шинж түвшинд бэлтгэхээр зорьж байгаа аж. Үүний тулд менторын хөтөлбөрөө патентжуулах тал дээр анхаарч байгаагаа Э.Гэрэлжаргал онцолж байлаа. Энэ ажил бүрэн утгаараа биеллээ олбол хөтөлбөрөө франчайз хэлбэрээр хүрээг нь тэлж, илүү олон менторуудыг бэлтгэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн Flamme-ийнхан дараагийн 10 жилд “Монголын” гэх гоо сайхны брэндийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхээр зориг шулууджээ. Өнгөрсөн хугацаанд дэлхийн шилдэг брэндүүдийн орц найрлагыг судалж хангалттай туршлага хуримтлуулсан учраас тэд энэ том мөрөөдлийнхөө ард амжилттай гарч чадна гэдэгтээ итгэл дүүрэн байгаа аж.