Хушны самрыг хэрэглэх хамгийн үр дүнтэй хэлбэр нь байгальд ээлтэй байдлаар үнэ цэнийг нь өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
Экологийн өрийн өдөр гэж юу вэ?
Бид амьсгалах агаар, идэх уух, өмсөх зүүх, орон гэр, унаа тэрэг гээд олон төрлийн хэрэгцээгээ эх дэлхийнхээ био нөөцөөс хангадаг. Энэхүү нөөц жил бүр байгалийн хуулиараа бүрэн нөхөн сэргэх зүй тогтолтой. Дэлхийн хүн ам 1960-аад оны эцэс хүртэл экологийн боломжит нөөцөө тухайн жилд нь хэзээ ч дуусгаж байсангүй. Энгийнээр хэлбэл байгаль эхээс бэлдэж өгсөн нөөц оны төгсгөл гэхэд үргэлж илүүдэлтэй гардаг байв. Гэвч 1970-аад оны дундаас нөөц ашиглалт эрчимтэй, тогтмол өсөж, био нөөцөө 12 дугаар сарын 31-нээс өмнө шавхдаг болжээ.
Тиймээс жилийн био нөөц барагдах өдрийг “Дэлхий нөөцөө дууссан буюу экологийн өрийн өдөр” (Earth Overshoot Day/Ecological debt day) хэмээн зарладаг болсон. Түүнээс хойш экологийн өрийн өдөр улам наашилсаар 1990 онд 10 дугаар сарын 8-ны өдөр тохиосон бол 2024 онд бүр наймдугаар 1-ний өдөр буюу 2025 он гарахаас 121 өдрийн наана тохиож, дэлхийн хүн ам нэг жилийн био нөөцөө ашиглаж дуусжээ.
Хэрэв хүн төрөлхтөн Монгол шиг түвшинд дэлхийн био нөөцийг ашиглавал 1.7 биш, 5.1 дэлхий хэрэгтэй болно.
Хүмүүс урьд хожид байгаагүй их нөөц ашигладаг болсноор цэнхэр гараг маань хүний хэрэглээний хурдыг гүйцэхээ больж бидэнд одоогоор 1.7 ширхэг дэлхий хэрэгтэй болсныг “Global Footprint Network” олон улсын байгууллага тогтоогоод байна. Хэрэв хэрэглээ энэ хэвээр үргэлжилбэл 2050 онд бидэнд 2.02 дэлхий, 2100 он гэхэд 2.77 дэлхий хэрэгтэй болно.
Экологийн өрийн өдрийг мөн улс бүрээр тооцож гаргадаг. Монгол орны хувьд био нөөц хомсдолтой бөгөөд экологийн өрийн өдөр 2025 оны бүр гуравдугаар сарын 2-нд буюу Шинийн гуравны өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, монголчууд он гараад дөнгөж 61 хонож байхад нэг жилд хэрэглэх био нөөцөө дуусна. Харин үлдсэн 304 өдөрт бид ирээдүй хойчийнхоо био нөөцийг хэрэглэнэ гэсэн үг. Биднээс түрүүлж жилийн био нөөцөө дуусгах гуравхан орон байгаа нь Сингапур, Люксембург, Катар юм.
Хэрэв хүн төрөлхтөн Монгол шиг түвшинд дэлхийн био нөөцийг ашиглавал 1.7 биш, 5.1 дэлхий хэрэгтэй болно. Энэ үзүүлэлт 1961 онд 2.18 байснаа 1990 онд 2.87 болсон бол эдүгээ 2.3 дахин өсөөд байна.
Био нөөцийн ашиглалтын хурд нөхөн төлжих, сэргээгдэх хурднаас түрүүлж, нөөц барагдахдаа хүрвэл экосистемийн хямрал нүүрлэх бөгөөд бид энэ хямрал руу бараг орчхоод явж байна. Товчхондоо бид амьдрах орчноо цөлмөх зарчмаар амь зууж явна. Тиймээс хүн бүр амьдралын хэв маягаа, хандлагаа, байгууллага бүр үйл ажиллагааны арга барилаа, Засгийн газар болгон бодлогоо өөрчлөх эсэх нь зүгээр нэг тунхаг биш, оршихуйн асуудал болоод байгаа юм.
Самрын халуурал ба 100 жилийн алсын хараа
Монголчууд 1990 онд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш эх орныхоо био нөөцийг бодлогогүй ашиглаж ирсний нэгэн жишээ нь хуш мод юм. Ой мод монгол орны газар нутгийн 9.2 хувийг эзэлдэг бол үүнээс 5.5 хувь буюу 630 орчим мянган га нь хуш мод юм. Шинжлэх ухааны толь бичигт Pínus sibírica хэмээн нэрлэгддэг Монголын хуш мод дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувийг эзэлдэг, манай орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг. Ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог.
Гэтэл хушин ойн эзлэх талбай, нөөц нь сүүлийн 30 орчим жилд ихээхэн багассан. Судлаачдын бичсэнээр 2000 онтой харьцуулахад хуш модоор бүрхэгдсэн талбай өнөөдөр 184.7 мянган га-гаар, нөөц нь 23.7 сая шоо метрээр багассан байна. Ингэж багасахад уур амьсгалын өөрчлөлт, хортон шавж, ойн түймэр, хүний зохисгүй үйл ажиллагаа голлон нөлөөлжээ.
Гэхдээ аз болж ойн дагалт баялаг гэгддэг хуш модны самрыг ашигладаг үйлдвэрлэл хэрхэн явагдах ёстой талаар хэлэлцүүлэг сүүлийн жилүүдэд нийгэмд идэвхтэй өрнөж, хувийн хэвшлийн зарим компани үүнд манлайлан оролцож байна. Ийм манлайлагчдын нэг нь ХушХан брэндийг зах зээлд танилцуулаад буй “Nord Road” компани юм.
Тодорхой хугацаанд бизнес эрхэлчхээд одоо байгальд ээлтэй больё гэх бус анхнаасаа байгальд ээлтэй бизнес байх ёстой.
Энэ компани алсын хараа, үнэт зүйлс, бизнес загвараа тодорхойлохдоо Монгол орны хуш модны нөөцийг зохистой ашиглах, арвижуулах, самраар нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьжээ. Тэд 2015 оноос Ботаникийн хүрээлэн, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, МУИС, ШУТИС-ийн холбогдох сургуулиудтай хамтран “Хуш төгөл”-ийн төсөл хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 100 000 ширхэг хуш тарьж үрсжүүлжээ. Улмаар энд ургасан суулгацаа ашиглан Монголд анх удаа хуш модыг тарималжуулах ажлыг эхлүүлж, Богд ууланд гурван га газарт 3000 ширхэг хуш тарьжээ. Тарьсан хушны 70-аас дээш хувь нь ургаж байвал хангалттай гэж бол “Хуш төгөл” бараг 90 орчим хувийн ургалттай байна. Тэд уг төслийн хүрээнд жил бүр багадаа 100-аас дээш га газарт хуш тарих төлөвлөгөөтэй байна.
“Nord Road” компанийн гүйцэтгэх захирал Э.Тайван уг төслийнхөө талаар: “Энэ бизнест хоноцын сэтгэл байж болохгүй. Өмнө нь бид байгаль дэлхийгээсээ зөвхөн авсаар ирсэн, авахдаа буруу авсаар ирсэн. Харин өнөөдрөөс зөв авч, авсан бол буцаагаад тарих ёстой, хамгаалах ёстой. Үр хойч маань “яагаад хамгаалж авч үлдээгүй юм бол оо” гэж хэлэхгүйн тулд бид энэ бизнесийг багадаа 100 жилээр харж байна” хэмээн ярилаа.
Хуш мод нь байгальдаа 400 хүртэл жил насалдаг, 25-45 насандаа үр буюу самар өгч эхэлдэг, залуу хуш 10-15 боргоцой өгдөг байна. Харин “Хуш төгөл”-д Дани улсын эрдэмтэн Сирах Ларсоны боловсруулсан, олон оронд хэрэгжиж, бодит үр дүнгээ өгсөн залгалтын аргыг ашиглаж байна. Тодруулбал, хуш модыг үр генетик, анатоми, физиологийн түвшинд нь судалж, тарималжуулснаар хушнууд 7-10 жилийн дараа самраа өгөх боломжтой болно.
Хуш модны самар бэлтгэх үе нь 10 дугаар сарын 10-наас эхлэх ёстой, учир нь энэ үед амьтад нөөцөө хэдийнээ бэлдсэн байдаг. Мөн болц нь гүйцсэн боргоцойг реминээр ороосон мун зэрэг гарын доорх хэрэгслээр зөөлөн түншихэд амархан унадаг. Гэтэл “самрын халуурал”-д автсан иргэд наймдугаар сарын сүүлээр ой руу орж, болц нь гүйцээгүй байхад ойд отоглон бүгж, бэлтгэдэг. Болц нь гүйцээгүй учраас хуш модны самар давирхайлаг, модноосоо амар салж унадаггүй учраас иргэд хүчээр “түнших, мундах” аргаар цохиж авснаар модны бүтэц өөрчлөгддөг. Хэт хүчтэй цохисноор модны давирхай гоожиж, холтос нь хуулран модлог үе нь гэмтдэг байна.
Мөн хоёрдугаар сарын 15-наас хойш самар бэлтгэж болдоггүйн шалтгаан нь боловсорч гүйцсэн боргоцой салхинд хийсээд уначихсан, цасан доор хадгалагддаг, цас хайлаад амьтад ичээнээс гарахад түүгээр хооллодог, үлдсэн нь шинээр ургах самрын үр болдог.
“Харин ХушХан брэндийн хувьд самрыг модноос түүхээс эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр очиж байгаа сүлжээ эрүүл байх ёстой” гэж Э.Тайван захирал онцолж хэллээ. Тэд хуульд заасан хугацаанд бэлтгэхээс гадна илүү аюулгүй түүх аргуудыг сонгодог. Цаашдаа таримал хушин ойн талбай, насжилт нь шаардлага хангах түвшинд хүрэхэд тэндээсээ самрын нөөцөө бүрдүүлэх зорилготой.
Ер нь Монгол орон нь хуш тарималжуулахад хамгийн тохиромжтой цөөн орны нэг бөгөөд 100 сая таримал хуштай байхад жилд самрын экспортоос хоёр тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой аж. Тийм учраас хуш ургадаггүй Австралид хүртэл хуш тарималжуулах, экспортлох Засгийн газрын бодлого хэрэгждэг.
Нэмүү өртгийг ингэж “цөмнө”
Самрын үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд үйлдвэрлэгч, зуучлан борлуулагч, хэрэглэгч гэсэн үндсэн гурван оролцогч байдаг. Энэ тохиолдолд, Монгол үйлдвэрлэгч, Хятад зуучлан борлуулагч, АНУ, Европын орнууд бол хэрэглэгч юм. Монголчууд дэлхийн самрын 30 хувийг нийлүүлдэг ч Дэлхийн самар, хатаасан жимсний ассоциацын мэдээгээр албан ёсны статистикт бүртгэгдсэн хэмжээ нэг хувьд ч хүрдэггүй. Учир нь Хятад руу гарахдаа ихэнхдээ гарал үүслийн бүртгэлгүй байдаг учраас Хятадаас гарал үүсэлтэй болж цаашаа Европ, АНУ руу гардаг. Дараа нь АНУ, Европын үйлдвэрүүд самрыг боловсруулж самрын тосноос эхлээд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон төрлийн хүнсний орцонд ашигладаг.
Гэтэл самар бол Монголын олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн ч үүнийгээ бид сайн мэдэхгүй, боломжоо ашиглаж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Тиймээс “Nord Road” компанийн үүсгэн байгуулагч Д.Энх-Амгалан 2014 онд хятад түншүүдтэйгээ уулзах үед монгол самраа түүхийгээр нь гаргахаас илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй гэж шийджээ. Хятадад боловсрол эзэмшсэн тэрээр 2015 оноос самрын бизнесээ эхлүүлж, эхлээд технологи, аргачлал, тооцооллыг ойлгохын тулд Хятад компаниудын самрыг бэлтгэдэг, цөмдөг, экспортолдог үйлчилгээ үзүүлж байв.
“ХушХан” брэнд анх үйлдвэрийн жижиг байр, нэг чингэлэг, галлагаатай хэдэн гэртэйгээр үйлдвэрлэлээ эхлүүлж байлаа. 2016 онд эргэлтийн хөрөнгөө тасалдуулахгүйн тулд урд хөрш рүү хоёр тонн самар ачин явж, худалдан авагч хайж явсаар Хайнаны нарийн боовны нэгэн үйлдвэрт зараад буцаж байжээ.
Улмаар 2017 онд багахан хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрээ томсгож, тоног төхөөрөмжөө шинэчилж, ажилчдаа байртай болгов. Гэтэл 2018, 2019 онд самрын ургацгүй жил тохиож үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрэв.
“ХушХан” бол зөвхөн үйлдвэрлэл биш, харин байгальд ээлтэй байх, байгалиа хамгаалах тухай
Удалгүй цар тахал дэгдэж, олон бизнес барьсан ч энэ нөхцөл “ХушХан”-ы хувьд том эргэлтийн цэг болжээ. Учир нь хил хаагдсанаар Монгол, Оросын самар Хятадад очихоо больж, Европын үйлдвэрлэгчид түүхий эдийн хомсдолд оржээ. Үр дүнд нь, тэндхийн үйлдвэрлэгчид хушны самар нь Хятадын бус Монголын 100 хувь органик гаралтай бүтээгдэхүүн гэдгийг мэддэг болж, Итали, Испани, Герман, Туркийн самрын компанийн захирлууд “ХушХан”-ы үйлдвэртэй танилцаж, монгол самрын боловсруулалтын түвшин өндөр байгааг үнэлээд бүгд гэрээ хийгээд буцсан байна.
Ингэснээр “ХушХан” самрын өртгийн сүлжээн дэх үнэ цэнээ өсгөж, 2015 онд тавьсан зорилго нь биелж, Европт самар экспортолсон анхны үйлдвэр болжээ. 2021 онд үйлдвэрлэл тогтворжиж, эдүгээ дэлхийн зургаанд оронд нэгдүгээр сортын самрын чөмөг экспортолж байгаа гэдгээ тус компанийн гүйцэтгэх Э.Тайван ярилаа.
Өнөөдөр Монголын самрын салбарт 20 орчим компани ажиллаж байгаагаас “ХушХан” нь байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг, АНУ, Европын стандартад нийцсэн гэдгээрээ манлайлж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэд бүтээгдэхүүнээ чанартай байлгахаас гадна түүхий эд бэлтгэл, хадгалалт, үйлдвэрлэл, савлалт, тээвэрлэлт гэх мэт бүх шатанд эко, органик стандарт хангахын тулд багагүй хөдөлмөрлөжээ. Ялангуяа, Европын түншүүд тухайн компанийн байгальтайгаа хэрхэн харьцаж буйг харгалзаж хамтрагчаа сонгодог. Тухайлбал, модоо яаж хамгаалж байна, ойн амьтдад хоолыг нь үлдээж байна уу, үр болох ёстой идээ нь үлдэж байна уу гэх мэт шаардлага хангахыг шаарддаг.
Үр дүнд нь “ХушХан” брэнд “Органик” тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний жагсаалтад орж, Европын Холбооны органик бүтээгдэхүүний албан ёсны вэбсайт дээр нь бүртгэлтэй болжээ. Ийм тэмдэглэгээтэй болсноор хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг хамгийн шим тэжээлтэй, ямар нэгэн хольцгүй гэдэгт итгэлтэй болж, Америк, Европ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад өмнөхөөсөө 10-20% өндөр дүнгээр борлуулах боломж ч бүрджээ.
Мөн Монгол Улсаас анх удаа хүнсний бүтээгдэхүүн дээр Америкийн USDA органик бүтээгдэхүүний сертификат аваад удаагүй байна. Үүний зэрэгцээ ISO 9001:2015, ISO 22000:2018 Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт, Монгол Улсын органик хүнсний бүтээгдэхүүний стандартыг тус тус хангаад байгаа.
“Эдгээр стандарт бол тест бөглөөд авчихдаг биш, харин олон жилийн нөр их хөдөлмөр, сахилга бат шаарддаг зүйл, авсныхаа дараа түүнийгээ хэрэглэгчдийнхээ өмнө үргэлж батлах ёстой” байдаг гэдгийг Э.Тайван захирал онцолж байлаа.
Үйлдвэрлэлийн процессын хувьд самраа түүхээс эхлээд сортлох, ялгах, дулааны боловсруулалт хийх зэргээр эцсийн бүтээгдэхүүн гартал 20 гаруй шат дамжлагатай, өөрөөр хэлбэл, 20 гаруй төрлийн машин ажилладаг. Энэ дундаас самрын идээ нь ургасан нөхцөлөөс хамаараад харилцан адилгүй байдаг учир цөмөгч машинууд дээр технологийн нарийн тохиргоонууд хийх шаардлагатай болдгийг Э.Тайван ярьж байв.
Түүнчлэн үндсэн үйлдвэрлэлээс гадна түгээлтдээ цахилгаан машин хэрэглэх, нарны дэлгэц ашиглах, нэрийн хуудсаа аргалын цаасаар хэвлэх, самрын ясыг үйлдвэрийн байр, оффис, ажилчдын байрны халаалтдаа хэрэглэх зэргээр хаягдалгүй үйлдвэрлэл явуулж, тойрог эдийн засгийн (circular economy) зарчмыг хэрэгжүүлж байна. Ялангуяа, самрын яс нь маш өндөр илчлэгтэй, үнс бараг үлддэггүй өвөрмөц түлш болдог.
Э.Тайван үйлдвэрийн процессоо тайлбарлахдаа “Хушны самрыг хэрэглэх хамгийн үр дүнтэй хэлбэр нь байгальд ээлтэй байдлаар үнэ цэнийг нь өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Тодорхой хугацаанд бизнес эрхэлчхээд одоо байгальд ээлтэй больё гэх бус анхнаасаа байгальд ээлтэй бизнес байх ёстой” гэдгийг хэллээ.
Одоогоор “Nord Road” компани цөмөөгүй самар болон чөмөг гэсэн хоёр төрлөөр 10 гаруй савлагаагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашдаа самрын тос, самрын сүү, сүүн бүтээгдэхүүн, тараг үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Жишээ нь, Цагаан сарын өмнөхөн Монголд бараг анх удаа үйлдвэрийн аргаар шахсан самрын тосыг хэрэглэгчдэдээ санал болгоод байна. Мөн бусад бүтээгдэхүүний орцонд ордог болсон. Тухайлбал, Айс Марк зайрмаг самартай болж түүнийгээ Хятад руу экспортолж, Очир Дагинас компани Солонгос руу самартай хиам гаргахаар төлөвлөж байна. Энэ мэтээр “ХушХан” нь самрын үйлдвэрлэлийн экосистемийг зөв голдрилд оруулахад том хувь нэмэр болж, анх самрын ченжүүд гэж хэлэгдэж байсан үетэйгээ харьцуулахад тэс өөр түвшинд очоод байна.
Гэхдээ хамгийн сорилттой асуудал нь түүхий эд хэвээр. Жил бүр самрын гарц харилцан адилгүй, хувь хүмүүсийн гар дээрээс авахад хэцүү учраас гадаад түншүүддээ тогтмол нийлүүлж амжихгүй байгаа. Тийм ч учраас байгалиа нөхөн сэргээхийн зэрэгцээ түүхий эдийн хувьд найдвартай болохын тулд хуш модыг тарималжуулж байна.
Эрүүл мэндийн шидэт үрэл
Хэрэв уншигч та Google дээр “Рine nuts oil price” гэсэн хайлт хийгээд үзвэл энэ нь нэлээн үнэтэй бүтээгдэхүүн болох нь харагдана. Энэ бол бидний стаканаар авч цөмж иддэг самраас гарсан тос эцсийн бүтээгдэхүүн болсон хувилбар юм.
Самрын талаар Монголын судар бичгүүдэд тэр болгон дурдаагүй, харин Хятадын судруудад тал нутгийн гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж тэмдэглэсэн байдаг. Хөгжингүй орны хэрэглэгчид хуш модны самрын амт, шимт чанарыг биднээс илүү сайн мэднэ. Монголчууд өргөн хэрэглэдэг хэр нээ самрынхаа ач тусыг сайн мэддэггүйн нэг шалтгаан нь бид самраас биш, харин махнаас голдуу уургийн хэрэгцээгээ авчихдагтай холбоотой гэж Э.Тайван тайлбарлалаа.
“Nord Road” компани саяхнаас Монголын хуш модны самрын орц найрлагыг олон улсын SGS лабораториор судлуулжээ. Самартай холбоотой шинжлэх ухааны өгүүлэл дараах зүйлсийг онцолдог. Тодруулбал, самарт A, C, D, Е, В гээд бүх төрлийн амин дэм, далайн бүтээгдэхүүн, оливын тос, авакодад байдаг омега 3, 6, 9-ийн нэгдэл, төмөр, магни, цайр зэрэг олон төрлийн эрдэс агуулагддаг. Самар нь хүний дархлааг сайжруулж, зүрх судас, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмждэг, омега-3 болон омега-6 тосны хүчлүүд зүрх, тархины үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой, мөн биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй аж.
Самрын тос нь оливын тосны дараагийн түвшин буюу хүйтэн аргаар шахсан хамгийн чанартай тосонд тооцогддог. Гадныхан самрыг шахсан тос хэлбэрээр буюу 99 хувийн ханаагүй тосны хүчлийг шууд уух болон салатанд хольж хутгах гэсэн хоёр төрлөөр хэрэглэдэг. “ХушХан”-ы удахгүй зах зээлд нийлүүлэх самрын тосыг өглөө өлөн элгэн дээр уух, салат болон бусад хоол, зуушинд нэмж хэрэглэх боломжтой. Самрын чөмгийн хувьд өдөрт 50 грамм хэрэглэхэд хамгийн тохиромжтой бөгөөд тэр өдрийн хэрэгцээгээ хангадаг.
Мөн бусад самартай харьцуулахад тариалах явцад бордоо хэрэглэдэггүй учраас монгол самраас харшлах уураг бага, харшлын эмнэлгүүд ч хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсээр байгаа гэдгийг Э.Тайван сонирхууллаа. “Товчхондоо, энэ бол үнэхээр супер бүтээгдэхүүн, эрүүл мэндийн шидэт үрэл. Хамгийн сайхан нь монгол бүтээгдэхүүнийг зөв газарт нь, зөв цагт нь, зөв хүмүүст нь танилцуулж чадвал амт, чанарын хувьд үнэхээр супер” гэж тэр хэллээ. Тиймээс ч энэ брэнд “Эрүүл хүнсээр дэлхийг дайлъя” гэсэн уриа үгтэй.
“ХушХан”-ы самрыг Монголд ирж буй гадаадын жуулчид, ялангуяа, солонгосчууд авах дуртай. Тэдний хувьд монгол хуш модны самар бол Францад сүрчиг авах гэж очдогтой адил зорьж авдаг бүтээгдэхүүн нь болжээ. Өөрөөр хэлбэл, энэ самрыг нэг л амссан бол тэр хүн байнгын хэрэглэгч болж үлдэнэ. Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс олшрох тусам хэрэглэгчдийн тоо улам ихсэж байгаа бөгөөд энэ нь энгийн дэлгүүрийн лангуу гэхээс илүү эрүүл мэндийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүрүүдэд тавигдах ёстой бүтээгдэхүүн болж хувирахаар байна.
“Холын зайн” үйл хэрэг
“Nord Road” компанийн гүйцэтгэх захирал Э.Тайван гүйх дуртай, гүйнэ гэдэг түүний хувьд өглөө босоод шүдээ угаахтай адил дадал. Өвлөөс бусад улиралд тогтмол өдөрт гурваас багагүй км зайд гүйнэ. Гүйх явцад толгойд ажил цэгцэрч, гүйсний дараах сэтгэл санааны төлөв гүйхийн өмнөхөөс хамаагүй эерэг болдог.
Тэрээр “Active Running” нэртэй эрүүл мэндийн гүйлтийн клубыг эхнэрийн хамт үүсгэн байгуулахдаа гүйдэг хүмүүсийг олон болгохыг зорьжээ. Учир нь гүйдэг хүн илүү эрүүл, эрч хүчтэй, ажлын стрессгүй, бүтээмжтэй ажилладаг. Хэдийгээр тэр гүйхдээ спортын том амжилтад тэмүүлдэггүй, тэр болгон холын зайд гүйдэггүй ч “Nord Road” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, “ХушХан” брэндийг олон улсын тавцанд хөгжүүлэх ажлыг буухиалан авч яваа нь харин ч “холын зайн” үйл хэрэг болж байна.
Тэр өмнө нь хүнсний томоохон компанид санхүүгийн захирлаар 10 гаруй жил ажилласан бөгөөд экспортын компанийн гүйцэтгэх захирлаар явахад нь гайхаж байсан хүн цөөнгүй. “Гэхдээ энд миний бүтээх үнэ цэн надад маш чухал. Энэ салбар өмнө нь замбараагүй явж ирсэн бол өнөөдөр бид энэ хэвшмэл байдлыг өөрчлөхийг зорьж байна” гэж Э.Тайван хэллээ. Өмнө нь тэр том компанийн, том процессын нэг хэсэг байсан бол өнөөдөр процессоо өөрсдөө хөгжүүлэх сорилттой явж байгаа нь түүний ажлыг улам сонирхолтой, амттай болгож байна. Мөн урьд нь голдуу дотоодын зах зээлтэй ажилладаг байсан бол одоо гадаад зах зээлийн талаарх мэдээлэл суурилж шийдвэр гаргадаг болжээ.
Э.Тайван “Nord Road”-д ирэхдээ самраар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох зорилготой байсан бол аажимдаа энэ зорилго илүү баялаг болж, “ХушХан” бол зөвхөн үйлдвэрлэл биш, харин байгальд ээлтэй байх, байгалиа хамгаалах тухай гэдгийг ойлгожээ. “Мод тарих бол хүний хийх ёстой гурван чухал зүйлийн нэг гэж ярьдаг. Бид мянга мянгаар нь тарьж буйдаа сэтгэл тэнүүн явдаг” гэж тэр бахархалтай ярив.
“ХушХан”-ыхан жил бүр компанийн нэн тэргүүний 12 ажлыг зарлаж, түүнийгээ тодорхойлоход нухацтай ажилладаг, жилийн туршид түүндээ л төвлөрч хэрэгжүүлдэг бөгөөд 2024 онд төлөвлөгөө 90 гаруй хувьтай биелжээ. “Би олон улсын түвшинд ажиллаж чаддаг, олон төрлийн зах зээлийн онцлогийг ойлгодог, хамтран ажиллаж чаддаг, ур чадвартай баг хөгжүүлэхийг хүсдэг. Бид зөв юм хийж байна гэдгээ сайн ойлгодог. Өөрөөр хэлбэл, бизнесийнхээ, ажлынхаа зорилго, утга учраа хүн бүхэн мэддэг. Хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч, ажилтнуудын үнэт зүйлс давхацдаг” гэж тэр хэлэв.
“Nord Road” компани одоогоор 70 орчим ажилтантай, ихэнх нь технологийн ажилтнууд. “ХушХан” брэнд байгальтайгаа тэнцвэртэй оршдог бизнес бол компанийн ажилтнууд ч бас ажил, амьдралын хувьд тэнцвэрээ хадгалах ёстой гэж Э.Тайван гүйцэтгэх захирлын хувьд үздэг. Тиймээс тэр ажилтнууд сэтгэцийн эрүүл мэндийн тал дээр тайван, тогтвортой байж, ажилтан ажлаасаа халшрах нөхцөл үүсгэхгүйн тулд онцгой анхаардаг. Тэр ажилтнуудтайгаа их ярилцахыг хичээдэг, заримдаа аав ээж нь, заримдаа найз нь байж, маш сайн сонсогч байх хэрэгтэй гэж үздэг. “Ер нь төрөл бүрийн тоо харахаас илүүтэй хамт олныхоо харцнаас олон зүйлийг ойлгодог” гэж тэр яриагаа төгсгөлөө.