“Омни капитал ББСБ” бол дотоодын банк бус санхүүгийн салбарын анхдагч байгууллагуудын нэг юм. Тус компанийн алсын хараа, шинэ бүтээгдэхүүн, тэр дундаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон компанийн соёл, манлайллын талаар бид ТУЗ-ийн дарга Э.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр КТМС, АНУ-ын Виржиниагийн Олон улсын их сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй бөгөөд уул уурхайн ханган нийлүүлэлт, цахим худалдаа, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, банк санхүүгийн салбарт “Ньюком” групп, ЦБОН ХХК зэрэг компанид удирдах албан тушаал хашиж байв.
Монголчуудын бизнес сэтгэлгээ ямар түвшинд байна вэ? Бид сэтгэлгээний ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байна вэ?
Энэ тал дээр хоёр санаа хэлье гэж бодож байна. Манай улс чөлөөт зах зээлийн системд шилжээд 30 жил болж байгаа учраас бидэнд зах зээлийн сэтгэлгээ хангалттай суугаагүй байна. Жишээлбэл, ажилд орохдоо коммунизмын үеийнх шиг ойлголттой хүмүүс олон байгаа нь анзаарагддаг. Хөдөлмөр болон цалингаа харилцан солилцож байгааг ойлгодоггүй. Харин чөлөөт зах зээлтэй улсад ажилтан болон компани юуг харилцан солилцож байна вэ, би компанидаа ямар үнэ цэн өгөх вэ гэсэн хандлага байдаг. Хэрэв ийм сэтгэлгээг суулгаж өгвөл макро орчинд маш том өөрчлөлт гарах учиртай. Тиймээс одоог хүртэл амь бөхтэй оршсоор байгаа коммунизмын үеийн сэтгэлгээг өөрчлөх юмсан гэж боддог.
Хоёрдугаарт, бизнес эрхэлж эхэлж байгаа хүмүүст нэг сонирхолтой сэтгэлгээ ажиглагддаг. Банкны зээл бүтвэл, үл хөдлөхтэй болвол, техник тоног төхөөрөмжтэй болох юм бол ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд гаргана, улмаар түүнийгээ бизнес гэж ойлгох явдал их байна. Зах зээлд ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж болно. Гэхдээ хамгийн хэцүү нь борлуулалт байдаг. Борлуулалт бол бизнесийн маш том “сүнс”.
Микро түвшинд энэ мэт буруу бодол, сэтгэлгээ байгаагаас гадна макро түвшинд ч иймэрхүү сэтгэлгээ ажиглагддаг. Жишээлбэл, Монгол Улс ийм үйлдвэрүүдтэй л болчихвол хөгжинө гэж бодлого боловсруулагчид ярьдаг. Харин үүний оронд Орос, Хятад, Америк руу борлуулалт хийж чаддаг болох юм бол эдийн засаг, ард иргэд маань аяндаа хөгжинө. Бүр зогсоохын аргагүй хөгжинө.
Макро түвшинд авч үзвэл Монгол Улс юу зарах, борлуулахаа тодорхойлж чадахгүй байгаа нь гол бэрхшээл болж байна. Энэ тал дээр бидэнд дорвитой шийдэл алга, борлуулж чадаж байгаа юм ч алга.
Энтрепренер хүнийг та хэрхэн тодорхойлох вэ?
Энтрепренер болж чадах эсэх нь хувь хүний зан чанартай их холбоотой. Хэд, хэдэн зан чанарыг нэгтгэсэн хүнийг энтрепренер гэж хэлэх болов уу. Миний бодлоор энтрепренер болохын тулд мэдрэмжтэй, гарын таван хуруунд багтах тодорхой тооны шинж чанаруудыг эзэмшсэн байх ёстой гэж боддог.
Түүнээс бус бизнесийн сургууль төгссөн, өндөр дээд албан тушаал хашсан, их хөрөнгө мөнгөтэй эсэхээс хамаарахгүй.
Энтрепренерт хувь хүний зан чанар, сүнслэг байдал заавал байх ёстой.
Мөн эрсдэл даах чадамж, шинийг сэтгэх ур чадвар, асуудлыг шийдвэрлэх хүсэл зоригийг дурдах нь зүйтэй болов уу. Үүн дээр алсын харааг нэмье. Алсын хараа, гүйцэтгэл бол нэг зоосны хоёр тал юм. Миний бодлоор энтрепренер хүн эдгээр шинж чанарыг агуулсан байх ёстой.
Банк бус санхүүгийн салбарын нийт актив 6.4 их наяд төгрөгт хүрч, огцом өслөө. Энэ салбарт цаашид хөгжих ямар орон зай, боломж байна вэ?
Банк бус санхүүгийн салбарын зээлийн үлдэгдлийн хэмжээ 5,2 тэрбум төгрөг, активын өсөлт 50 гаруй хувь байна. Манай компанийн актив 80 орчим хувийн өсөлттэй буюу салбарын дунджаас илүү байгаа юм. Монголын ББС-гийн салбар цаашид илүү тэлэх, томрох бүрэн боломжтой. Зөвхөн статистик үзүүлэлт харахад л санхүүгийн салбарын 90 орчим хувийг арилжааны банкууд бүрдүүлж, үлдсэн 10 гаруй хувийг ББСБ, даатгалын компаниуд эзэлдэг.
Сүүлийн жилүүдэд ББСБ-ууд бүтээгдэхүүнүүдээ төрөлжүүлж, дижитал болгож байна. Тухайлбал, валют арилжаа, мөнгөн гуйвуулга гэх мэт төрөл бүрийн функцийг агуулсан апп-уудыг маш ихээр хөгжүүлж, хэрэглэгчдийн санхүүгийн хэрэгцээг аль болох хурдан, хялбараар шийдэхийг хичээж байна. Энэ бол ББС-ийн салбарын идэвтэй өсөлтийн нэг шалтгаан юм.
Манай компанийн хувьд хэрэглэгчдэд өгөх үнэ цэнээ улам нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ төрөлжүүлж байна. Жишээлбэл, 2024 онд ногоон зээл нэвтрүүлсэн. Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хамтатгаад нэмж үнэ цэн өгөхийг зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд маш олон худалдааны байгууллагатай хамтарч ажилладаг. Мерчант байгууллагуудын тоо эрчимтэй нэмэгдсээр 1000-д хүрээд байна.
Мөн манай moni апп дээр соёл урлагийн арга хэмжээ, спортын уралдаан тэмцээний тасалбарууд зарагддаг. Автомашин эзэмшдэг бүх хүнд хэрэгтэй мэдээлэл өгөх Omnicars платформоо удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Мөн бичил, жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст санхүүгээ хөтлөх, тайлангаа хялбаршуулсан байдлаар гаргахад нь туслах Keep апп-ийг зах зээлд гаргасан. Энэ бүхэн бол үндсэн үйл ажиллагаанаас гадна хэрэглэгчдэдээ давхар үнэ цэн өгөх зорилготой маань холбоотой юм.
“Омни капитал ББСБ” компани 2016 онд байгуулагдсанаас хойш “Мони” зээлийн аппликэйшн, хувийн санхүүгийн “Кeep” аппликэйшн зэрэг финтек бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. Мөн хоёр ч удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргаад байна. ХБҮЦ-ийн онцлог, давуу талууд юу вэ?
ХБҮЦ бол хөрөнгийн биржийн зах зээлд сүүлийн үед гарч ирж байгаа санхүүгийн бүтээгдэхүүн юм. АНУ-д үүсэж буй болсон уг бүтээгдэхүүнийг Монголд анх 2021 онд МИК гаргаж байсан. Түүнээс хойш ХБҮЦ-ыг банк бус санхүүгийн байгууллагууд олонтоо гаргаснаас хамгийн олон давтамжтай гаргаж, энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь БИД Финанс болон Омни капитал ББСБ юм. Манай компани 2022, 2023 онд ХБҮЦ амжилттай гаргаж, төлбөрийг нь цаг хугацаанд нь төлсөн. Энэ онд гурав дахь удаагаа ХБҮЦ гаргахаар Санхүүгийн зохицуулах хороонд (СЗХ) хүсэлтээ өгөөд байна. Хоёрдугаар сарын сүүлч, эсвэл гуравдугаар сарын эхээр ХБҮЦ-аа гаргах болов уу.
Хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалагддаг нь ХБҮЦ-ийн гол онцлог юм. Хөрөнгийн биржээр арилжиж байгаа бүх бүтээгдэхүүний адил СЗХ-оор шалгуулж, зөвшөөрлөө авдаг. Мөн үнэт цаасны компани (ҮЦК), аудитын компаниар шалгуулж, хөндлөнгийн үнэлгээний олон байгууллагаар эрсдэлээ дэнслүүлдэг.
Давуу талын тухайд улирал бүр хүүгийн төлбөрийг хийдэг. Хоёр дахь давуу тал бол татварын хэмжээ харьцангуй бага буюу 5 хувь байдаг.
Түүнчлэн ХБҮЦ-ны эрсдэлийн түвшин бага, хүү нь харьцангуй өндөр буюу банкны хадгаламжийн хүүгээс их байдаг.
Иргэдийн хувьд хадгаламж, мөнгөн хөрөнгөө өсгөх уламжлалт аргуудаас хамгийн эхний сонголт нь арилжааны банкны хугацаатай хадгаламж байдаг. Гэтэл хугацаатай хадгаламжаас илүү өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн байдгийн нэг нь ХБҮЦ юм. Тийм учраас энэ талаарх мэдээллийг ҮЦК-аас авч байгаарай гэж зөвлөе. Тухайлбал, 2024 оны эцсийн байдлаар хадгаламжийн дундаж хүү 12.2 хувь, инфляц есөн хувь байсан. Хадгаламжийн хүүнээс инфляцын 9 хувийг хасахаар хадгаламж ердөө 3 хувийн өсөлт үзүүлсэн байгаа юм. Харин ХБҮЦ-ийн дундаж хүү 18-19 хувь байдаг бөгөөд инфляцыг хасаж тооцвол 9 хувь болно. Мэдээж 3 болон 9 хувийн зөрүү бол том ялгаа.
Нэмж дурдахад, эрсдэлгүй ногоон бүсэд багтах хамгийн өндөр хүүтэй бүтээгдэхүүн бол ХБҮЦ гэж би дүгнэдэг. Ялангуяа энгийн хөрөнгө оруулагчид ногоон бүсээс л хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонгож авах ёстой.
“Омни Капитал ББСБ”-ын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж, ХБҮЦ авах хүсэл, сонирхлыг бий болгож байгаа зүйл нь юу вэ?
”Омни Капитал ББСБ” ХХК бол зах зээлд байр сууриа олсон аж ахуйн нэгж. Ялангуяа сүүлийн 5-6 жилд манай компанийн актив, зээлийн хэмжээ, харилцагчийн тоо өндөр өсөлтийг үзүүлж байна. Тэр тусмаа энэхүү өсөлт маань органик байгаа учраас манай хамт олон үүгээрээ маш их бахархдаг. Ямар нэг том банк, хөрөнгө оруулагч, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн оролцоо, нөлөөлөлгүйгээр бид энэхүү өсөлтийг бий болгож, тэрхүү эрчээ, өсөлтийн дээд цэгээ хадгалж чадаж байна. Энэ л Омни Капиталын гол сүнс юм болов уу гэж боддог.
Хоёрдугаарт, бид эрсдэлийг зөв удирдаж чаддаг. Манай компани том хэмжээний зээл олгодоггүй бөгөөд хөрөнгийн менежмент, сахилга бат, засаглалыг өндөр түвшинд хадгалж байна. Тухайлбал, манай олгож буй зээлийн дундаж хэмжээ 20 орчим сая төгрөг байдаг. Тийм учраас муу зээл, чанаргүй зээл, хэвийн бус зээл гэх ойлголт бараг байдаггүй.
Омни Капиталын зээлийн бүтээгдэхүүнүүдийн онцлог юу вэ? Зээлдэгчдийн онцлог, ялгарал нь юу байна вэ?
Манай компани бүртгэлтэй 35 мянга орчим хэрэглэгчтэй. Хүн бүрийн хүсэл, хэрэгцээ, зорилго өөр өөр байдаг. Ухаалаг утас, автомашин худалдаж авах, гадаадад аялах гэх мэт. Тэрхүү хүсэл, хэрэгцээ, зорилгоо биелүүлэхийг зорьж байгаа нөхцөлд тухайн санхүүгийн хэрэгцээг хангах нь бидний зорилго юм.
Тийм учраас манай компани “Зорилго бүхэн үнэ цэнтэй” гэсэн зарчмын дагуу ажилладаг.
Компанийн зээлийн портфолиог харвал 65-70 орчим хувь нь автомашины зээл, 25 орчим хувь нь финтек зээл, бусад нь ногоон болон цалингийн зээл байдаг.
“Омни Капитал ББСБ” ХХК 2016 онд байгуулагдсан. Энэ хугацаанд гаргасан гол ололт, амжилтаар та юуг нэрлэх вэ?
Компани байгуулагдсан эхний жилүүдэд ажилтнуудынхаа ур чадварт тулгуурлаж ажилладаг, бүгд л эрвийх дэрвийхээрээ хөдөлдөг байлаа. Тухайн үед ажиллаж байсан удирдлага, хамт олны гавьяа их бий.
Эхний жилүүдийн амаргүй үеийг даван туулж, компани тодорхой хэмжээнд өсөлт үзүүлж эхлэхэд цар тахал дэгдсэн. Энэ үед салбарууд хаагдах, ажилтнууд заавал гэрээсээ ажиллах гэх мэт олон бэрхшээл үүссэн. Тэр үед биднийг аварсан гол шийдэл бол финтек зээл юм. Өөрөөр хэлбэл, бид гэрийн даалгавраа амжилттай хийж цар тахлаас өмнө ийм төрлийн зээлийн шийдлийг боловсруулаад байсан нь үр дүнгээ өгч, ковидын үед маш их эрэлтийг бий болгосон.
Манай компанийн нэг давуу тал бол мэдээллийн технологи, апп хөгжүүлэлтийг өөрсдөө хийдэг нь юм. Тийм учраас хурдтай, эрсдэл багатай ажиллаж, ямар нэг асуудал үүсэхэд шуурхай арга хэмжээ авч чаддаг.
Өдгөө “Омни Капитал ББСБ” ХХК 160 орчим ажилтантай болж цар хүрээгээ тэлээд байна. Дараагийн өсөлтийг бий болгохын тулд компаниа сайн засаглалтай болгохыг зорьж байна.

Компанийн засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай гол зарчмуудыг та юу гэж тодорхойлдог вэ? Та компанидаа ямар соёлыг төлөвшүүлэхийг зорьж ажиллаж байна вэ?
Байгууллагын соёл маш чухал. Ажилтан бүр компанийнхаа уур амьсгал, соёлыг бүрдүүлж байдаг. Тухайлбал,.ТУЗ-ийн гишүүд компанийн ойрын жилүүдийн стратеги, засаглалын тогтолцоо, байгууллагын бүтцийг зөв тодорхойлж, эдгээртэй холбоотой комплаенс, дүрэм журмуудыг зөв тодорхойлох замаар компанийн соёлыг бүрдүүлдэг.
Ташрамд дурдахад, гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн хоорондох зааг ялгааг зөв гаргаж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, эсвэл оролцохгүй байх үеэ тодорхойлох замаар компанидаа зөв засаглалыг тогтоох хэрэгтэй гэж би үздэг.
“Омни Капитал”-ын тухайд хувь хүний “сүнс”, засаглалын “сүнс” хоёрыг хослуулж авч явах нь их чухал.
Үүнтэй холбоотой асуухад “Омни Капитал ББСБ” ХХК-ийн засаглалын “сүнс”-ийг бий болгодог зүйл нь юу вэ?
Компанийн үйл ажиллагаа тодорхой субьектээс хамаардаггүй байх ёстой. Захирал нь л бүхнийг мэддэг, шийддэг “сүнс”-тэй байгууллага байж болохгүй. Тухайн компани институцийн түвшинд ажилладаг болох ёстой гэсэн үг юм. Захирал нь байхгүй ч байгууллагын ажил, төсөл урагшилдаг байх ёстой. Компаниуд засаглалын тогтолцоогоо эрх мэдлийн матрицаар шийдвэрлэж, залгамж халаагаа бэлтгэх нь зүйтэй гэж би боддог.
Мөн ажилтнууд маань хөгжиж боловсроод албан тушаал дэвших, эсвэл тухайн компанидаа карьер ахихгүй ч өөр байгууллагад өөр албан тушаалд очиход бэлэн болж хөгжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, их сургуулиа дөнгөж төгссөн ажилтан том компанид ажилд орж чадахгүй бол түүний өмнөх шат нь яагаад манай компани байж болохгүй билээ. Бид ийм корпорэйт соёлын гишгүүр байхыг хичээдэг.
Танай байгууллага ажилтнуудаа хөгжүүлэх ямар бодлого баримталдаг вэ?
Сүүлийн жилүүдэд ажилтнуудынхаа сэтгэл зүйд их анхаарч байна. Гэхдээ анхаарна гэдэг нь халамжлах гэдэг утгаар бус харин тухайн ажлын байр, албан тушаалд хэр тохирох вэ гэдгийг нь тодорхойлохыг хэлж байгаа юм. Хувь хүний зан чанар, характер гэх мэт онцлогийг нь тодорхойлсны үндсэн дээр тохирох албан тушаалд нь тавихыг бид зорьдог. Мэдээж хүний нөөцийн бүхий л үндсэн функцийг зүй зохистой ашиглаж байна.
Түүнчлэн манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд сагсан бөмбөгийн “Дархан юнайтед”, “Омни хүлгүүд” багийг ивээн тэтгэдэг. Энэ жил “Омни хүлгүүд” баг маань үндэсний дээд лигт түрүүлэх байх гэж найдаж байна.
Та компанийнхаа 10, 20 жилийн дараах ирээдүйг хэрхэн зураглаж байна?
Монголын зах зээлд ийм урт хугацаагаар төлөвлөх боломжгүй. Бодитоор авч үзвэл ойрын 3 жилийн төлөвлөгөөг гаргах боломжтой гэж би боддог. Учир нь манай зах зээл их олон хүчин зүйлээс шалтгаалж тогтворгүй байдаг, нөхцөл байдал нь их өөрчлөгддөг.
Түүнчлэн банк бус санхүүгийн салбар маань хараахан бүрэн гүйцэд төлөвшөөгүй, шаардлагатай дүрэм журмууд бүрэн гүйцэд батлагдаж гараагүй нь ч нөлөөлж байна. Хэдэн жилийн өмнөөс л СЗХ нь ББСБ-уудыг хариуцдаг болсон. Ер нь бол хувьсаж өөрчлөгдөхдөө их амархан зах зээл.
Гаднын зах зээлд нэвтрэх зорилго танай хамт олонд бий юу?
Ойрын хугацаанд ийм зорилго байхгүй. Харин гаднын хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангууд, доноруудтай хамтран ажиллах, гаднын зах зээлээс хөрөнгө босгох ажлуудыг эхлүүлсэн. Ялангуяа ногоон зээлийг жинхэнэ, бодит утгаар нь эх орныхоо зах зээлд нэвтрүүлэхээр ажиллах болно.
Та ТУЗ-ийн даргын хувьд байгууллагадаа ямар үнэ цэн, өв үлдээе гэж зорьж ажиллаж байна вэ?
Компанидаа сайн засаглал төлөвшүүлэх нь миний гол зорилго юм. Хоёрдугаарт, байгууллагынхаа ирэх 3-5 жилийн стратегийг тодорхойлж байна. “Омни Капитал” компанийн өсөлтөөс тогтворжилт руу шилжих үеийн засаглалыг би хариуцаж байгаа гэж ойлгож байгаа. Намайг залгамжлах хүн байгууллагаа улам сайжруулах ёстой. Үүний тулд би тогтвортой засаглал бүхий компанийг хүлээлгэж өгнө гэж бодож байна.
Компаниа сүнстэй, тогтвортой засаглалтай, 3-5 жилийн алсын хараандаа төвлөрч ажилладаг байлгахын төлөө хичээн ажиллаж байна.
ТУЗ-ийн даргын ажлын бүтээмжийг юугаар хэмжих ёстой вэ?
ТУЗ-ийн даргын ажлын үр дүн ойрхон биш их хол хугацаанд гардаг учраас хэмжиж, дүгнэхэд тун хэцүү. Зорилгоо багадаа нэг жилээр төлөвлөж, дүгнэдэг албан тушаал шүү дээ. Ер нь бол ажлыг нь дүгнэх боломжгүй субьект ч гэж хэлж болно.
Тиймээс ажлаа хэр сайн хийж байна, ямар үр дүн гаргав, яаж ажиллах вэ гэдгээ сайтар бодож, өөрийгөө мэдэрч ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна.