Нэгэн компани олон жил худалдаа эрхэлж, хэрэглэгчдийн дунд нэлээн танигдсан байв. Сар болгон борлуулалт хийгээд л байдаг, гэтэл мөнгө хүрдэггүй, өртэй хэвээр, заримдаа бүр банкнаас зээл авах хэрэгтэй болдог байжээ. Захирал гайхаад санхүүгийн зөвлөхөд хандсан байна.
Зөвлөхүүд бараа, материалын тооллого хийгээд үзтэл бараа зарагдсан ч мөнгө нь байхгүй. Гол шалтгаан нь захирлаа “атгачихсан” нягтлан байв. Нягтлан нь юунд зарлага гаргах талаар, тэр байтугай зээл авах талаар шийдвэр санаачилдаг, түүндээ захирлаа итгүүлж байгаад гарын үсэг зуруулдаг байж. Захирал бараа материалын үлдэгдэл ба түүнд дүйцэх орлого нь ямар байгаа, ер нь мөнгөн урсгал нь ямар байгаа талаар тодорхой мэдээлэлгүй явж иржээ.
Санхүүгийн зөвлөх, Тэгш түншлэл консалтинг компанийн захирал Б.Эрдэнэбатын ярьснаар энэ бол байгууллагуудын санхүү дээр нийтлэг ажиглагддаг олон төрлийн эрсдэлийн зөвхөн нэг нь аж. Энэ эрсдэлээс зайлсхийхэд ядаж нягтлан яг ямар эрх мэдэл, хариуцлагатай байх, удирдлагыг ямар мэдээллээр хангах талаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгаж, хөдөлмөрийн гэрээгээ байгуулах шаардлагатай.
Бизнесийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага компанийнхаа санхүүгийн байдлын талаар бодит ойлголтгүй, нягтлангийнхаа хэлснээр л хийдэг, нягтлан нь хэтэрхий их эрх мэдэлтэй болчихсон байх нь бизнест маш том эрсдэлийг бий болгодог гэдгийг Б.Эрдэнэбат хэллээ.
Удирдлага компанийнхаа санхүүгийн байдлын талаар бодит ойлголтгүй, нягтлангийнхаа хэлснээр л хийдэг байх нь бизнест маш том эрсдэлийг бий болгодог.
Нөгөө талаар, зарим удирдлага ганцхан нягтлан дээрээ санхүүгийн бүх ажлаа овоолчихдог бөгөөд энэ нь бас л томоохон эрсдэлд хөтөлнө. Учир нь нягтлан өдөр тутмын ажилдаа дарагдаад байгууллагын санхүүгээ том зургаар харж чаддаггүй, өөрийгөө хөгжүүлж шинэ мэдлэг, мэдээлэл авч амждаггүй. Наад зах нь нягтлан бодох бүртгэлд ямар стандарт шинэчлэгдсэн, хууль, журмууд яаж өөрчлөгдсөнийг мэдээгүй явах нь бий.
Ялангуяа, сургуулиа төгсөөд удаагүй байгаа залуу нягтланд бүх санхүүгийн асуудлаа хариуцуулах нь ахадсан хэрэг болно, ачаалал нь хэтэрнэ, тэр хэрээр төрөл бүрийн зөрчил гарах магадлал өндөр болно.
Мөн санхүүгийн анхан шатны баримтууд бүрдүүлэх явцад гардаг алдаа цөөнгүй. Б.Эрдэнэбатын хэлснээр хамгийн түгээмэл алдаа бол НӨАТ-ын баримтгүй зардлууд. Энэ нь барилгын компаниуд дээр илүү анзаарагддаг байна. Барилгын материалыг хямдаар авахын тулд гаалийн мэдүүлэггүй оруулж ирдэг, зах дээрээс НӨАТ-гүй худалдан авалт хийдэг зэргээс үүдэж дараа нь зардлаа бүртгэж, өртөгтөө тусгаж чадахгүй байдалд хүрдэг байна. Тайлан гаргахад НӨАТ-ын хасалт байхгүй учраас НӨАТ-ын өрөнд орно, цаашлаад татварын хяналт шалгалтаар орлогын албан татвар болон НӨАТ дээр давхар давхар 20 хувийн торгуульд орох эрсдэл үүсдэг.
НӨАТ-ын баримт өгдөггүй газраас хямдхан бараа, материал худалдаж авах нь мөнгөө хэмнэж буй мэт харагдах ч татвар төлөх болоход баримттай, арай үнэтэй авснаасаа ч илүү зардал гардаг гэдгийг Б.Эрдэнэбат зөвлөх тайлбарлалаа.
Тиймээс Б.Эрдэнэбат өөрийн хамтрагч, энэ ажлыг 10 гаруй жил эрхэлж байгаа “Тэгш түншлэл” ХХК-ийн захирал П.Хонгорзултай хамтран “Тэгш түншлэл консалтинг” ХХК-ийг байгуулж, компаниудад тулгардаг санхүү, татварын эрсдэлүүдээс сэргийлэх зөвлөх үйлчилгээг аутсорсингийн хэлбэрээр хүргэж байна.
Тэрээр олон жил Татварын алба, Төрийн аудитын байгууллагад ажилласан, татварын шинжээч, татварын мэргэшсэн зөвлөх цолтой нэгэн. Санхүү, татварын зөвлөх үйлчилгээ эрхлэх болсноор асуудлыг нөгөө талаас нь харж, өмнө нь хянадаг, шалгадаг байсан бол одоо өөрөө татвар төлөгчийн байр суурин дээр ирж, ингэснээр өмнө нь олж хардаггүй байсан зүйлсээ анзаарч буйгаа ярилаа. Тухайлбал, тайлангаа гаргахдаа нягтлангууд юун дээр алддаг, зарим тохиолдолд тэдний мэдлэг ур, чадвар, нөөц бололцоо нь үнэхээр хүрэлцдэггүй гэдгийг анзаарч байна.

Мөн бизнес эрхлэгчид яагаад татвараас зайлсхийх гээд байдаг шалтгааныг ойлгож эхэлсэн тухайгаа Б.Эрдэнэбат хэллээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь “та нар хуулиа л мөрдөх ёстой” гэж шаарддаг байсан бол татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх болсноор бизнесүүд үнэхээр хичээгээд хичээгээд алдаа гарах нөхцөлүүд байдаг юм байна гэдгийг олж харжээ. Нэг ёсондоо хууль яг хөрсөн дээрээ бууж хэрэгжихээрээ ямар хийдлүүд гардгийг мэдэрч байгаа аж.
“Ер нь татварын албаныхан асуудлыг татвар төлөгчийн нүдээр харж чаддаггүй. Жишээ нь, тайлан гаргах процесс нь аль болох энгийн, ойлгомжтой, хялбар байвал татвар төлөгчдөд хүндрэл бага үүсдэг” гэж Б.Эрдэнэбат ярилаа.
Тиймээс Б.Эрдэнэбат, П.Хонгорзул нар зөвлөхүүдийн баг ажиллуулж, аутсорсинг хэлбэрээр тухайн компанийн санхүү, татварын эрсдэлийг бууруулж, санхүүг нь бодлого, удирдлагаар хангаж байна. П.Хонгорзулын хэлснээр санхүүгийн үйлчилгээг аутсорсинг хэлбэрээр авах нь санхүүгийн албаны зардлыг 70 орчим хувиар хэмнэх боломжтой ажээ.
Товчхондоо, тэд тухайн байгууллагын ерөнхий нягтлангийн функцийг зайнаас хэрэгжүүлж байна гэсэн үг. Харин анхан шатны баримт бүрдүүлэх, бүртгэх, төрөл бүрийн гүйлгээ хийх зэрэг өдөр тутмын санхүүгийн ажлыг тухайн компанийн тооцооны нягтлан хариуцна. Зөвлөхүүдийн хувьд татварын ямар эрсдэл үүсэж болох, санхүүгийн баримт бүрдүүлэлт дээр ямар алдаа байгаа, зардлаа хэрхэн зөв бүртгэх гэх зэрэгт анхаарч, чиглэл өгч ажиллана. Тайлангийн улирал болоход бүрдүүлсэн санхүүгийн баримт, хийсэн гүйлгээнүүдийг үндэслэж татварын болон санхүүгийн тайланг нь гаргаж өгдөг байна.
Тэгш түншлэл консалтинг ХХК-ийн зөвлөх үйлчилгээний нэг онцлог нь тайлант хугацаа дууссаны дараа компанийн удирдлагад нэгдсэн тайлан өгдөг бөгөөд тэндээс захирал санхүүтэй холбоотой эрсдэлээ харах боломжтой. Энэ хэлбэрээр хамтарч ажиллахад компаниуд дуртай байдаг талаар тэд дурдлаа.
Мөн санхүүгийн аутсорсинг үйлчилгээний хүрээнд тухайн байгууллагын тооцооны нягтлангуудыг сургаж, тайлан гаргахад нь тусалдаг байна. Зарим захирал өөрсдөө ч хүрч ирээд санхүүгийн тайланг хэрхэн унших, баримт яаж бүрдүүлэх талаар зөвлөгөө авах нь бий.
Тэгш түншлэл ХХК-ийн ихэнх харилцагч нь жижиг, дунд компаниуд бөгөөд үйлчлүүлж байгаад үйл ажиллагаа нь томорсон ч компаниуд бий. Одоогоор тэд нийт 100 гаруй харилцагчтай болжээ. Цаашдаа татварын мэргэшсэн зөвлөхүүдийнхээ тоог нэмж, үйлчилгээгээ өргөжүүлэх зорилготой байгаа аж.
П.Хонгорзул, Б.Эрдэнэбат нар зөвхөн санхүүгээр хязгаарлахгүйгээр “санхүү, татвар, санхүүгийн дотоод хяналт, хүний нөөцийн зөвлөх үйлчилгээг” цогцоор нь хүргэж эхэлжээ.
Олон жил үйл ажиллагаа явуулсан ч бизнесээ тэлж чадаагүй компаниуд олон байдгийн учир нь тэд орлого, үйл ажиллагаандаа төвлөрсөөр хүний нөөцийн бодлогоо орхигдуулсан байдаг.
Бизнес хөгжлийн дараагийн шатанд гарахад хүний нөөцийн сайн бодлого хэрэгтэй гэдгийг тэд харилцагч компаниудаасаа анзаарсан байна. Тодруулбал, тэднээс санхүүгийн зөвлөх үйлчилгээ авсан компаниуд томроод дараагийн шатанд гарахад хүний нөөцөө сайжруулах хэрэгцээ бий болсон учир түүнд нь нийцсэн хүний нөөцийн зөвлөх үйлчилгээг үзүүлж эхэлжээ. “Үүнтэй зэрэгцээд бид ч мөн харилцагчтайгаа хамт өсөөд явж байна” гэж П.Хонгорзул ярив.