Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хоорондох худалдааны дайн улам ширүүсэж байна. БНХАУ-ын бараанд ногдуулах тарифыг хоёр дахин нэмэгдүүлэхээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сүрдүүлсний дараа Бээжин “эцсээ хүртэл тулалдана” гэж мэдэгдсэн билээ. Ингэснээр БНХАУ-ын ихэнх импортын бараанд багадаа 104 хувийн татварыг АНУ ногдуулахаар болж байна. Энэ бол дайны цар хүрээ огцом нэмэгдэж буйн шинж юм.
Ухаалаг гар утас, компьютер, лити-йон батерей, тоглоом, видео тоглоомын консол нь БНХАУ-аас АНУ руу нийлүүлдэг барааны дийлэнхийг эзэлдэг агаад үүнээс гадна бахь, бойлер зэрэг өөр олон бүтээгдэхүүн бий. Нөхцөл байдал ийн хүндэрч байгаа үед хэн эхэлж буулт хийх вэ? “Хятад улс байр сууриа өөрчилж, тарифыг бууруулна гэж төсөөлөх шалтгаан алга. Ингэх нь тус улсыг сул дорой харагдуулах төдийгүй АНУ-ыг улам ихийг шаардах суурь болж өгөх юм. Тиймээс эдийн засгийн урт хугацааны гай зовлон дагуулах мухардмал байдал үүслээ” гэж China Center at The Conference Board тинк танкийн ерөнхий зөвлөх Альфредо Монтуфар-Хелу өгүүлэв.
Дэлхийн бараг бүх улсыг хамарсан тарифыг Д.Трамп өнгөрсөн долоо хоногт танилцуулснаас хойш дэлхийн улсуудад эдийн засгийн уналтын шинж тэмдэг ажиглагдаж эхлэв. Ялангуяа Азийн хувьцаанууд өнгөрсөн даваа гарагт сүүлийн 10 жилийн хамгийн гүнзгий уналтаа үзүүлсэн. Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн нэмэлт 40 гаруй хувийн тариф хүчин төгөлдөр үйлчилж эхлэх агаад БНХАУ-д 54, Вьетнам, Камбожид тус бүр 46, 49 хувийн татвар ногдуулснаар тодорхойгүй байдал улам гүнзгийрнэ.
Энэ бүхэн дэндүү хурдтай болж байгаа учраас дэлхийн тэс өөр эдийн засагт дасан зохицох, эсвэл бэлтгэх цаг хугацаа засгийн газрууд, бизнесүүд, хөрөнгө оруулагч нарт бараг алга.
БНХАУ ямар хариу үйлдэл үзүүлэх вэ
Д.Трампын тарифын дайны эхний үе шатанд БНХАУ хариу татварыг АНУ-ын зарим импортод тогтоох, газрын ховор элементийн экспортдоо хатуу хяналт тогтоох, Google зэрэг тус улсын компаниудыг монополийн эсрэг хэргээр шалгах зэрэг арга хэмжээ авч байв. Энэ удаад тус улс хариу татвар ногдуулахаа зарласнаас гадна илүү ноцтой, ширүүн арга хэмжээнээс үүдэлтэй өвдөлтөд бэлтгэж байж болох юм. Тухайлбал, тус улсын эрх баригчид юанийн ханшийг тодорхой хэмжээгээр унах боломжийг зөвшөөрснөөр экспортын бараагаа бусад улсын хувьд илүү хорхой хүргэм болгож эхэлсэн. Төрийн оролцоотой компаниуд нь хувьцааг ихээр худалдаж авч байгаа нь зах зээлийг тогтворжуулах зорилготой байж болох юм.
Хэдий АНУ-ын эхлүүлсэн худалдааны дайн энэ удаад дэлхийн бараг бүх улсыг хамарч байгаа ч дэлхийн хамгийн том экспортлогч болон түүний хамгийн чухал зах зээлийн хоорондох сөргөлдөөн хамгийн их санаа зовоож байна. “Хэн нь өвдөлтийг илүү сайн даах вэ гэсэн тоглоомыг бид харж байна. Энэ нөхцөлд хэн нь ч хожих боломжгүй” гэж Вашингтон дахь Peterson Institute-ийн АНУ-Хятадын худалдааны шинжээч Мэри Лавли ВВС-д өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Хэдий эдийн засаг нь удааширч буй ч “АНУ-ын түрэмгийлэл гэж үзэж буй энэхүү үйлдэлд бууж өгөхөөс зайлсхийхийн тулд БНХАУ ямар ч өвдөлтийг тэсвэрлэхэд бэлэн байгаа бололтой” хэмээн тэрбээр нэмж хэлсэн.
Удаан хугацаанд үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, ажилгүйдлийн өсөн нэмэгдэж буй түвшин зэргээс шалтгаалж тус улсын иргэд зарцуулалтаа хангалттай хэмжээнд нэмэгдүүлэхгүй байна. Өрөнд орсон орон нутгийн засаг захиргаа ч хөрөнгө оруулалтыг нэмэх, эсвэл нийгмийн халамжийг өсгөх боломж тун сул байгаа юм. “Тарифын дайн энэ бүхнийг улам гүнзгийрүүлнэ” гэж Harvard Kennedy School-ийн дэргэдэх Mossavar-Rahmani Center for Business and Government-ийн судлаач Эндрю Колльер онцолсон.
Хэрэв Хятадын экспорт ноцтой цохилтод өртвөл орлогын томоохон эх үүсвэр нь доголдоно. Тус улсын хурдацтай хөгжлийн нэг гол үндэс нь экспорт юм. Өндөр технологийн үйлдвэрлэл, дотоодын хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа солонгоруулахыг БНХАУ хичээж буй энэ цаг үед ч экспорт нь эдийн засгийг дэмжигч гол хүчин зүйлийн нэг хэвээр байна. “Тарифын сөрөг нөлөө хэзээ мэдрэгдэх нь тодорхойгүй ч тун удахгүй болов уу. Удааширч буй эдийн засаг, маневр хийх сонголт цөөн зэргээс шалтгаалж Ерөнхийлөгч Ши тун хүнд сонголтуудтай тулгарна” хэмээн Э.Колльер үзэж байна.
Хэн хэндээ халтай
Гэхдээ зөвхөн БНХАУ худалдааны дайныг балгийг амсахгүй. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын мэдээллээс үзвэл АНУ 2024 онд БНХАУ-аас 438 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, БНХАУ руу 143 тэрбум ам.долларын импорт хийснээр 295 тэрбум ам.долларын алдагдлыг тус улстай хийсэн худалдаанаас хүлээжээ.
АНУ богино хугацаанд хэрхэн БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнийг орлуулах улсыг олох вэ гэдэг нь тодорхой бус байна. Биет бараа бүтээгдэхүүнээс гадна тус хоёр улс “маш олон зүйл дээр эдийн засгийн нягт хэлхээ холбоог үүсгэж, харилцан маш их хөрөнгө оруулалт хийж, дижитал худалдаа, өгөгдлийн урсгалын хэмжээ нь ч өссөн. Тарифыг тодорхой хугацаанд тодорхой хэмжээгээр тавих боломжтой. Гэхдээ тус хоёр улсад бие биенээ довтлох өөр олон арга хэрэгсэл байж болно. Тарифын дайн аюул тарихгүй байж болох ч ингэх өөр олон арга байгаа” хэмээн Сингапур дахь Hinrich Foundation-ий худалдааны бодлого хариуцсан захирал Дебора Элмс өгүүлэв.
АНУ-ын хилийг давах боломжгүй болсон БНХАУ-ын асар их экспорт хаашаа чиглэхийг дэлхийн бусад улс анхааралтай ажиглаж эхэлсэн.
“Эдгээр бараа нь Зүүн Өмнөд Азийн зах зээлд гарах боломжтой ч эдгээр улс мөн АНУ-ын тарифт өртөөд байгаа учир өөрсдийн барааг зарах газрыг хайж эхэлсэн. Тиймээс бид тун бүүдгэр, тэс өөр дэлхийд амьдарч эхэлнэ” гэж тэрбээр нэмж хэлсэн.
Энэ бүхэн яаж дуусах вэ
Д.Трамп анх ерөнхийлөгчөөр сонгогдох үеийн худалдааны дайнтай харьцуулбал “эдгээр тарифыг тавих болсон гол шалтгаан нь тодорхой бус байна. Мөн байдал цаашид хэрхэн эргэхийг таамаглах тун хэцүү болсон” гэж Lowy Institute-ийн ахлах эдийн засагч Роланд Ража өгүүлэв. БНХАУ-ын хувьд мөнгөн тэмдэгтийн ханшаа унагах, АНУ-ын компаниудад төмөр нүүр харуулах зэрэг өргөн хүрээний хариу арга хэмжээ авах чадамжтай. Тэрбээр нэмж хэлэхдээ “Гэхдээ эдгээр хариу арга хэмжээ хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь сонирхолтой байна. Нэр нүүрээ хамгаалах, эсвэл бүх ов мэхээ хэрэглэх ч боломж бий. Хятад улс аль замаар нь явах вэ гэдэг тодорхойгүй. Аль алийг нь ч сонгож магадгүй” хэмээв.
Тус хоёр улсын төрийн тэргүүн уулзаж ярилцана гэж зарим шинжээч таамаглаж буй. Хэдий Бээжин ингэх сонирхлоо илэрхийлсээр байгаа ч Д.Трамп Цагаан ордонд дахин сууснаас хойш Ши Жинпинтэй ярилцаагүй.
Зарим шинжээч байдлыг тийм ч өөдрөгөөр дүгнэхгүй байна. “АНУ хүч чадалдаа хэт бардаж байх шиг. Хятад зэрэг ямар ч улс бууж өгөхөөр хэмжээний ашигтай, таатай зах зээл бол АНУ гэдэгт Трамп дэндүү итгэж байна” хэмээн Д.Элмс өгүүлсэн. Тэрбээр эцэст нь “Энэ бүхэн яаж дуусах вэ? Хэн ч мэдэхгүй. Худалдааны дайны хурд, хэмжээ миний санааг их зовоож байна. Ирээдүй дэндүү амаргүй, эрсдэл нь дэндүү их боллоо” гэж онцлов.
Эх сурвалж: ВВС
PS: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дөрөвдүгээр сарын 09-ний шөнө БНХАУ-аас бусад улсад ногдуулсан тарифыг 90 хоногийн хугацаатай хойшлуулав. Харин БНХАУ-ын импортод ногдуулах тарифын хэмжээг 54-өөс 104 хувь болгож өсгөснөө үргэжлүүлэн нэмэгдүүлж 15 хувьд хүргэлээ. Үүний хариуд БНХАУ тус улсын бараануудад 84 хүртэлх хувийн татвар ногдуулж буйгаа мэдэгдэв.