Зочлох үйлчилгээний салбарынхан асуудлаа ярилцаж, шийдлээ эрэлхийлэх зорилгоор жил бүр “HORECA MONGOLIA CONFERENCE – 2025” арга хэмжээг зохион байгуулдаг. Долоо дахь удаагаа зохион байгуулсан энэ том арга хэмжээ 2025 оны 4 дүгээр сарын 16-нд өдөр “BE PRO – Хөгжүүлэлт, Сайжруулалт, Удирдахуй” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. 600 гаруй хүн оролцсон конференцийн үеэр яригдсан зарим онцлох санааг товчлон хүргэе.
ССАЖЗЯ. Н.Болормаа
Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжиж байна. Гэвч орон нутагт байршуулах хүчин чадал маш дутмаг байна. Архангайд бүсийн хөгжлийн чуулганыг зохион байгуулж 500 хүн оролцоход байршуулах газар хүрэлцэхгүй байна. Мөн гадна, дотнын зочдыг дайлах дэд бүтэц хөгжөөгүй, нэг л төрлийн хоолоор дайлдаг, төрөлжөөгүй байдал нийтлэг байна.
МАЖХолбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр
- Зочлох үйлчилгээ бол үндэсний identity-г хадгалах, харуулах хүчирхэг хэрэгсэл. Үүнд технологийн дэвшил маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Гол нь технологийг зөв, оновчтой ашиглах шаардлагатай байна. Хоол үйлдвэрлэлийн чиглэлд хими-технологийн салбарын ололтод суурилсан судалгааны бааз суурь хэрэгтэй байна.
- Зочлох үйлчилгээний салбар нь 73 хувь импортоос хамаардаг. Улирлын өндөр хамааралтай учир бид бизнес моделио оновчтой боловсруулах ёстой. Үүнийг аль нэг компани дангаараа биш, хамтдаа хийх ёстой.
- Энэ салбарт мэдлэг, ур чадвар, мэргэжилтний экспорт, импорт хэрхэн явагдаж болох вэ гэдэг шинэ асуулт гарч ирлээ. Монголд аялал жуулчлал идэвхгүй байх улиралд хүний нөөцөө зочлох үйлчилгээ өндөр хөгжсөн бусад оронд ажиллуулж, мэргэшүүлж яагаад болохгүй гэж?
- Үйлчилгээний хог хаягдал гэдэг бол зөвхөн хоолны тухай биш юм. Ус, эрчим хүч, хог хаягдлын оновчтой менежмент бол санхүүгийн үр ашиг, маркетингийн үр дүнтэй стратеги юм шүү.
Алехандро. Zenith group
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж бол танай бизнесийн үндсэн валют. Харин танай бизнесийн оршин тогтнох үндэс бол үйлчлүүлэгч ба компани, ажилтан ба компани хоорондын итгэлцэл. Тиймээс сэтгэл ханамжгүй үйлчлүүлэгч, сэтгэл ханамжгүй ажилтан шиг хүсэшгүй зүйл гэж байхгүй.
Г.Өнөр, “Актив адвенчур” ХХК
Жуулчны баазуудын хувьд концепц сайтай байх нь их чухал. Тухайлбал, зүгээр нэг бааз байхаас илүү сонирхолтой эвент зохион байгуулдаг байвал давуу тал. Жишээ нь, Наадам үзэж чадаагүй гаднын жуулчдад зориулаад бэсрэг Наадам зохиодог бааз байдаг.
Ялангуяа, гэр баазуудын хувьд концепцдоо анхаарах хэрэгтэй болов уу. Гадныхан гэрт 2-3 хоноод уйдаж эхэлдэг, шинэ юм хүсдэг. Хаана ч очсон ижилхэн гэрүүд байх нь оновчгүй. Харин тухайн нутгийн онцлогийг шингээсэн байвал сонирхол татна.
Ачаалал ихтэй үед баазууд энгийн жижиг зүйл дээр үйлчилгээгээ унагадаг тал бий. Тухайлбал, цагийн зөрүүтэй ирсэн зочдыг яаж угтах, амраахдаа анхаарахгүй алдах тохиолдол цөөнгүй.
Зочид буудалд хөрөнгө оруулъя гэвэл …
2024 онд Монголыг зорьсон жуулчдын тоо 727 мянгыг давж, аялал жуулчлалын салбар түүхэндээ анх удаа 1.5 тэрбум ам.долларын орлого олсон. Үүнийг дагаад зочид буудлын салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жилүүд” болгон зарлаж, жил бүр нэг сая гадаадын жуулчин хүлээн авах зорилт тавьсан нь үүнд бас нөлөөлж байна.
Гэхдээ хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөхийн тулд стратеги дээр дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй болж байна.
- Бизнес загварын хувьд эхлээд 2-3 одтой, жуулчдад зориулсан энгийн тохилог орон сууц буюу Budget Hotel-ийн загварыг сонирхоод үзэхэд гэмгүй. Мөн Boutique Hotel нь өвөрмөц дизайн, дотоод засалтай, өндөр үнэтэй жижиг зочид буудал гэдгээрээ ялгардаг. Харин аяллын бүсэд байрлах, байгальд суурилсан, өндөр үнэ бүхий амралтын цогцолбор байгуулна гэвэл Resort / Eco Lodge концепц юм. Эсвэл бүр Airbnb-тэй өрсөлдөхүйц, дунд болон урт хугацааны түрээсийн орон сууц буюу Serviced Apartment загварыг сонгож болох юм.
- Байршлын хувьд Улаанбаатарт төв зам дагуу, хотын төв цэг орчимд бол зай багатай, өрсөлдөөн их гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс шинээр төвлөрөл үүсэж буй Яармаг, Нисэх орчимд шинэ байршлын боломж илүү. Хөдөө орон нутаг гэвэл Хөвсгөл, Хархорин, Тэрэлж, Өвөрхангай, Говь зэрэг аялал жуулчлалын уламжлалт бүсүүд бий. Эсвэл дэд бүтэц, хангамж сул хөгжсөн газруудад eco lodge, glamping хэлбэрээр байгаль дээр суурилсан буудлын концепц хөгжүүлж болох юм.
Хөрөнгө оруулалтын хувьд ямар шийдвэр гаргах нь таны боломж, нөөцөөс хамаарах ч улирлын хамаарал, хүний нөөцийн чадавх, эрх зүйн орчинтой салбарын уламжлалт эрсдэлүүдийг орхигдуулж болохгүй.
2025 оны рестораны бизнесийн 6 тренд
- Тогтвортой хөгжил. Эко зарчим баримталдаг ресторанууд улам олширч байна. Энэ нь юун түрүүнд орон нутгийн түүхий эд ашиглах, хүнсний хаягдлыг багасгах, эко сав баглаа боодлын тухай юм.
- Цахимжуулалт, автоматжуулалт. Технологийн нөлөө ихэссээр байна. Тухайлбал, үйлчилгээг сайжруулахад хиймэл оюун, захиалгыг үр ашигтай болгоход апп, зайнаас төлбөр авах хэрэгслүүдийг ашиглаж байна.
- Гастроном аяллууд. Ресторанууд жуулчдыг татах зорилгоор гастроном чиглэлээр өвөрмөц арга хэрэгслүүд санаачилж байна. Тухайлбал, амталгааны тусгай цэс гаргах эсвэл тухайн нутгийн хоолыг хийх мастер сургалтууд санал болгодог жишээ байна.
- Эрүүл хооллолт. Ургамлын гаралтай хүнс улам хүчээ авч байна. Ресторануудын цэсэнд веган болон цагаан хоол, түүнчлэн хооллолтын тусгай горимтой хэрэглэгчдэд зориулсан хоолны эзлэх хувь ихсэж байгаа.
- Соёлын холимог гал тогоо. Олон ард түмний хоолны уламжлалыг хольж, шинэ өвөрмөц амт гаргаж авдаг газрууд байдаг.