Асуудал бидний өдөр тутамд тулгардаг бэрхшээл, хүндрэл, таагүй нөхцөл байдал. Харин үүнийг бий болгож, улам хурцатгаж байдаг гол хүчин зүйл нь олон тохиолдолд та өөрөө байдаг.
Асуудлыг ойлгож, ангилах нь түүнийг шийдвэрлэх эхний алхам болдог. Ерөнхийд нь бэрхшээлийг гурван түвшинд хувааж үздэг. Үүнд:
Жинхэнэ бэрхшээл-Биднээс хамааралгүй нөхцөл байдал юм. Жишээлбэл, байгалийн гамшиг, эдийн засгийн огцом уналт, бусдын үйлдэл зэргээс шалтгаалсан асуудал энд орно.
Бодит бэрхшээл-Хүн өөрийн үйл хөдлөл, зан байдал, дадал зуршлаас болж үүсгэсэн хүндрэлийг хэлнэ. Жишээлбэл, залхуурал, сахилга батгүй байдал, хариуцлагагүй хандлага, сөрөг харилцаа зэрэг орно.
Зохиомол бэрхшээл-Бодит нөхцөл байдал дээр тулгуурлаагүй буюу түгших, эргэлзэх, өөртөө итгэхгүй байх зэрэг нь аливаа асуудлыг улам хүнд, төвөгтэй мэтээр хүлээж авахад хүргэдэг. Тэгвэл ямар нэг асуудалтай нүүр тулгарсан үедээ доорх асуултуудыг өөрөөсөө асуугаарай
- Яагаад би ийм байдалд орсон бэ?
- Энэ асуудал үүсэхэд юу нөлөөлөв?
- Юунаас болж энэ асуудлыг үл хайхрав, хойш тавсан бэ?
Эдгээр асуултад үнэн шударгаар хариулж чадвал асуудлыг хүлээн зөвшөөрөх алхам руу шилжиж чадна. Хүмүүсийн нийтлэг алдаа бол асуудлаа үгүйсгэх, бусдад буруугаа тохох, нөхцөл байдлыг зүгээр нэг “зовлон” гэж харах байдаг. Харин хүлээн зөвшөөрнө гэдэг нь шийдвэрлэх анхны алхмаа хийж байгаа хэрэг. Тэгвэл асуудлаа ойлгож, хүлээн зөвшөөрсний дараа дараах зүйлийг бодох хэрэгтэй:
- Хэрвээ би энэ асуудлыг шийдэхгүй хэвээр байвал ямар эрсдэл үүсэх вэ?
- Энэ асуудлыг хэр хугацаанд шийдвэрлэж чадах вэ?
Шийдэхгүй бол ямар боломжуудаа алдах вэ? зэрэг асуултанд хариулт өгснөөр та асуудалтайгаа нүүр тулж, шийдлийн гарцыг эрж хайж эхэлнэ. Гол нь хамгийн зөв хариулт, шийдэл үргэлж таны дотор байдаг.
Өөрийгөө ойлгох, бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх, хариуцлагаа ухамсарлах нь таныг аливаа бэрхшээлийг даван туулах хамгийн хүчтэй зэвсэг болдог юм шүү. Уншигч аливаа асуудлыг хэрхэн шийдэхийг илүү мэдэхийг хүсвэл Business.mn подкаст–ын “Диалог” цувралын Менежментийн зөвлөх, көүч Г.Батхандын орсон дугаарыг үзнэ үү.