Өнөөдрийн нийт ажил эрхлэгчдийн 14 хувьтай тэнцэх шинэ ажлын байр буюу 170 сая хүн ажилд орно. Гэхдээ өнөөгийн ажлын байрны 8 хувь буюу 92 сая хүн ажлын байраа алдах эрсдэлтэй.
Дижитал хүртээмж нь хамгийн их өөрчлөлт авчрах тренд гэж судалгаанд оролцогсдын дийлэнх үзэж байна. Тодруулбал, бизнесийг нь дижитал хүртээмж 2030 он гэхэд эрс өөрчилнө гэж ажил олгогчдын 60 хувь таамаглажээ. Түүнчлэн технологийн хөгжил, тэр дундаа хиймэл оюун, мэдээлэл боловсруулах (86 хувь), роботжуулалт, автоматжуулалт (58), эрчим хүч үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт (41) нь эрс өөрчлөлт авчрах боломжтойд тооцогдож байна. Эдгээр тренд нь ажлын байранд ялгаатай, тухайлбал ажлын байрны тоо эрчимтэй өсөх, эсвэл эрс буурах нөлөөг авчрах бөгөөд хиймэл оюун, их өгөгдөл, сүлжээ, кибер аюулгүй байдал, технологийн мэдлэг зэрэг (хамгийн их эрэлттэй гурван ур чадвар) технологитой холбоотой ур чадварын эрэлтийг нэмэгдүүлнэ.
Амьжиргааны өртөг нэмэгдэж буй нь ихээхэн өөрчлөлт авчрах хоёр дахь трендээр нэрлэгдэв.Хэдий инфляц буурах хүлээлт байгаа ч уг тренд бизнесийг нь 2030 он гэхэд өөрчилнө гэж ажил олгогчдын тал хувь нь дүгнэжээ. Эдийн засаг бүхэлдээ удаашрах нь санаа зовоох асуудлын нэг хэвээр байх бөгөөд өөрчлөлт авчирна гэх хүлээлт нийт бизнесийн 42 хувьд нь бий болсон байна. Инфляц харин ажлын байр бий болоход холимог нөлөө үзүүлэх бол эдийн засгийн сул өсөлт нь дэлхий даяар 1,6 сая ажлын байрыг устгах эрсдэл бий. Ажлын байранд энэ хоёр трендийн үзүүлэх нөлөө нь бүтээлч сэтгэлгээ, дасан зохицох чадвар, уян хатан байдал, ажайл ур чадварын эрэлтийг өсгөх аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл нь ихээхэн өөрчлөлт авчрах гурав дахь тренд болно. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар нь зургаадугаарт эрэмбэлэгдсэнээс гадна ирэх таван жилд бизнесийг нь өөрчлөх нэг гол хүчин зүйл болно гэж ажил олгогчдын 41 хувь нь үзсэн байна. Уг өөрчлөлтийн үр дүнд сэргээгдэх эрчим хүчний инженер, байгаль орчны инженер, цахилгаан болон автомат удирдлагатай машины мэргэжилтэн зэрэг 15 мэргэжлийн эрэлт ихээхэн нэмэгдэнэ.
Дэлхийн эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд улам бүр нөлөөлөх болсон хүн ам зүйн хоёр шилжилт нь насжилт болон ажиллах хүчний тоо бууралт юм. Энэхүү өөрчлөлт өндөр орлоготой улсуудад ихэвчлэн ажиглагдаж байгаа бол ажиллах насны хүн амын тоо голдуу бага орлоготой улсуудад нэмэгдэж байна. Эдгээр тренд нь талент менежмент, багшлах, менторлох, урам зориг өгөх, өөрийгөө ухамсарлах зэрэг ур чадварын эрэлтийг өсгөв. Хүн ам хөгшрөх нь асрагч зэрэг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх бол ажиллах хүч нэмэгдэж буй улсуудад их, дээд сургуулийн багш зэрэг боловсролын салбарын мэргэжилтнүүдийн эрэлтийг өсгөнө.

Гео эдийн засгийн хуваагдал, геополитикийн хурцадмал байдал нь ирэх таван жилд компаниудын гуравны нэг хувийг бизнесийн моделио өөрчлөхөд хүргэх ажээ. Худалдаа, хөрөнгө оруулалтын хязгаарлалт болон татаас, аж үйлдвэрийн бодлого (21 хувь) зэрэг нь үйл ажиллагаанд нь нөлөөлнө гэж олон улсад ажил олгогчдын 23 хувь үзэж байна. Эдгээр тренд өөрсдөд нь ихээхэн нөлөө үзүүлнэ гэж хариулсан компаниуд нь АНУ, эсвэл БНХАУ-тай худалдааны үлэмж харилцаатай улсуудад бүртгэлтэй байгаа юм. Эдгээр компани цаашид гео эдийн засгийн трендээс шалтгаалж бизнесээ оффшор, бүр решор болгон өөрчлөх өндөр магадлалтай. Үүнээс шалтгаалж аюулгүй байдалтай холбоотой ажлууд, сүлжээний болон кибер аюулгүй байдлын ур чадвар ихээхэн эрэлттэй байхаас гадна уян хатан байдал, ажайл ур чадвар, манлайлал, нийгмийн нөлөөлөл зэрэг хувь хүний чадамжийг үнэ цэнийг нэмнэ.
Future of Jobs Survey санал асуулгад оролцогчдын таамаглалаас үзэхэд хөдөлмөрийн зах зээлд гарах бүтцийн өөрчлөлтийн улмаас 2025-2030 оны хооронд шинээр бий болох болон устах ажлын байрны хэмжээ нь өнөөгийн нийт ажлын байрны 22 хувьд хүрэх магадлалтай ажээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нийт ажил эрхлэгчдийн 14 хувьтай тэнцэх шинэ ажлын байр буюу 170 сая хүн ажилд орно. Гэхдээ өнөөгийн ажлын байрны 8 хувь буюу 92 сая хүн ажлын байраа алдах эрсдэлтэй юм. Энэ нь нийт ажил эрхлэлт дунджаар 7 хувиар (78 сая ажлын байр) өснө гэсэн үг юм.
Тэргүүн шугамд ажилладаг ажилтнуудын тоо абсолют утгаараа хамгийн их нэмэгдэх бөгөөд тэдний тоонд фермийн ажилтнууд, хүргэлтийнхэн, барилгачид, борлуулагч, хүнсний үйлдвэрийн ажилтнууд багтана. Сувилагч, нийгмийн болон зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн, асрагч, цэцэрлэгийн болон дунд сургуулийн багш зэрэг ажлын байрны тоо ирэх 5 жилд мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна.
Технологитой холбоотой мэргэжил, ялангуяа их өгөгдлийн мэргэжилтэн, финтек инженер, хиймэл оюун болон машин сургалтын ажилтан, программ хангамж, апп хөгжүүлэгчдийн нийт ажиллах хүчинд эзлэх хувь хамгийн хурдтай нэмэгдэнэ. Автомат удирдлагатай болон цахилгаан машины мэргэжилтэн, байгаль орчны инженер, сэргээгдэх эрчим хүчний инженер нь мөн хамгийн хурдтай нэмэгдэж буй ажлын байр юм.
Бичиг хэргийн болон оффисын туслах чиглэлийн, тухайлбал, касс, тасалбар түгээгч, админ туслах, захирлын туслах зэрэг мэргэжил абсолют утгаараа хамгийн ихээр буурах бөгөөд шуудангийн бичиг хэргийн ажилтан, банкны теллер, их өгөгдөл бүртгэгчийн ажил ч удахгүй устаж магадгүй ажээ.
2025-2030 оны хооронд ур чадвараа эрс өөрчлөх ёстой, эсвэл хоцрогдох эрсдэлд орно гэж ажилтнуудын 39 хувь нь үзэж байна. Гэхдээ ингэж хариулсан хүмүүсийн тоо 2023 он (44 хувь), 2020 оны (57 хувь) тайлангуудтай харьцуулбал буурчээ. Энэ нь сургалтад хамрагдах, дахин чадавхжуулах, ур чадвараа ахиулах арга хэмжээнд хамрагдсан ажилтнуудын тоо (50 хувь) 2023 оны тайланд (41 хувь) дурдсантай харьцуулбал өссөнтэй холбоотой байж болох юм.
Задлан шинжлэх сэтгэлгээ нь ажилтнуудын дундах хамгийн үнэ цэнтэй ур чадвар хэвээр байгааг 10 компанийн долоо нь уг чадварыг 2025 онд нэн чухал гэж үзсэнээс харж болохоор байна. Үүний дараа дасан зохицох чадвар, уян хатан байдал, ажайл чадвар, манлайлал, нийгмийн нөлөөлөл зэрэг ур чадвар оржээ.
Хиймэл оюун болон их өгөгдөл бол эрэлт нь хамгийн хурдтай нэмэгдэж буй ур чадварууд агаад араас нь сүлжээний болон кибер аюулгүй байдал, технологийн мэдлэг бичигджээ. Технологитой холбоотой эдгээр ур чадвараас гадна шүүмжлэлт сэтгэлгээ, дасан зохицох чадвар, уян хатан байдал, ажайл чадвар, сониуч зан, насан туршдаа суралцах зэрэг нь ирэх таван жилд улам бүх чухал болох юм. Харин тэсвэр тэвчээр, гарын эв дүй, оновчлол зэрэг ур чадварын эрэлт хамгийн их буурна гэсэн хүлээлттэй байна.
Ажилтнуудын ур чадварын эрэлт ийн өөрчлөгдөж байгаа учраас дахин чадавхжуулах, ур чадварыг нь сайжруулах ёстой ажиллах хүчний тоо их хэвээр байна. Хэрэв дэлхийн нийт ажиллах хүчнийг 100 хүн гэж тооцвол 59-ийг нь 2030 гэхэд дахин сургах ёстой болно. Эдгээр 100 хүнээс 29 хүнийг одоогийн ажлын байранд нь дахин чадавхжуулах, 19 хүний ур чадварыг сайжруулах, эсвэл байгууллага дотроо өөр ажлын байранд сольж ажиллуулах шаардлагатай болно. Гэхдээ 11 хүн зохих сургалтад хамрагдах боломжгүйн улмаас ажлын байраа эрсдэлд оруулах ажээ.
Future of Jobs Survey-д оролцогчдын хариултаас үзвэл ажилтнуудын ур чадварын зөрүү нь бизнесээ өөрчлөх процесст нь хамгийн их саад болох бөгөөд ажил олгогчдын 63 хувь нь үүнийг 2025-2030 оны хамгийн ноцтой бэрхшээлээр нэрлэсэн байна. Тийм учраас ажил олгогчдын 85 хувь нь ажилтнуудаа дахин чадавхжуулах, 70 хувь нь зохих ур чадвартай шинэ ажилтан хөлслөх, 40 хувь нь ажилтнуудын тоог бууруулах, 50 хувь нь эрэлт нь буурч байгаа ажлын байрнаас эрэлт нь нэмэгдэж буй ажлын байранд хүмүүсээ шилжүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж хариулжээ.
Ажилтнуудын эрүүл мэнд, мэнд оршихуйг дэмжих нь талентуудыг татах гол хүчин зүйл байх бөгөөд ажил олгогчдын 64 хувь нь үүнийг авьяаслаг ажилтнуудын тоог нэмэх гол стратеги гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Дахин чадавхжуулах, ур чадварыг сайжруулах, талентуудын хөгжилд анхаарах, албан тушаал дэвшүүлэх зэрэг нь талентуудыг татах өндөр гол стратеги юм. Дахин чадавхжуулах, ур чадварыг сайжруулахад зориулж байгууллагаас төсөв гаргах, сургалт явуулах нь талентуудын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга гэдгийг ажил олгогчид хүлээн зөвшөөрч байна.
Ажлын байран дахь олон талт байдал, тэгш эрх, хүртээмжтэй байдлыг дэмжсэн арга хэмжээнүүд улам бүр нэмэгдэж байгааг Future of Jobs Survey харуулсан. Талентуудын ялгаатай нөөцөөс сонгох замаар авьяаслаг ажилтан элсүүлэх боломжоо нэмэгдүүлэх нь зөв гэсэн хариулт ажил олгогчдын хувьд хоёр жилийн өмнөх судалгаатай харьцуулбал дөрөв дахин (10 болон 47 хувь) нэмэгдсэн байна. Ийм арга хэмжээ, санаачилга нь Хойд Америкт төвтэй компаниудад илүү дэлгэрч байгааг уг судалгаа харуулав.
Ажил олгогчдын 52 хувь нь 2030 он гэхэд орлогын илүү их хувийг цалинд зориулна гэж хариулсан бол 7 хувь нь энэ хэмжээг бууруулна гэжээ. Цалин хөлсний бодлого нь ажилтнуудын бүтээмж, гүйцэтгэлийг цалинтай нь нийцүүлэх, талентуудыг авч үлдэхийн тулд бусад компанитай өрсөлдөхөд голлон чиглэх аж. Түүнчлэн ажил олгогчдын 50 хувь нь бизнесээ хиймэл оюуны үсрэнгүй хөгжилд нийцүүлэн өөрчлөх, гуравны хоёр нь хиймэл оюунтай ажиллах ур чадвар бүхий талентуудыг хөлслөх, 40 хувь нь хиймэл оюуны тусламжтайгаар зарим ажлыг автоматжуулах учраас ажиллах хүчнээ бууруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум