Өнөөдөр дийлэнх байгууллагын хүний нөөцийн хамгийн том асуудал бол ажилтны тогтворгүй байдал. Хүмүүс яагаад ажлаас гардаг вэ? Шалтгаан нь олон байж болох ч тэдгээрийн цаана нэг гол хүчин зүйл нуугдаж байдаг нь тодорхойгүй байдал юм.
Цалин бол ажилтны сэтгэл ханамжид нөлөөлдөг гол үзүүлэлт мөн. Гэвч зөвхөн санхүүгийн урамшууллаас гадна, хэзээ дэвших вэ, ямар чадвар шаардлагатай вэ, юуг сурах хэрэгтэй вэ, ажлаа хэрхэн гүйцэтгэсэн тохиолдолд амжилтад тооцогдох вэ гэх мэт асуултад хариулт өгөх тодорхой байдал ажилтанд хэрэгтэй байдаг.
Ажлын байрны хүрээнд иймэрхүү энгийн асуултууд хариулттай үлдэх нь олонтаа:
- Энэ ажлыг яаж хийвэл зөв гэж үзэх вэ?
- Юуг гүйцэд хийж чадаагүйгээс алдаа гэж үнэлж байна вэ?
- Хэзээ хурал болдог вэ?
- Хэнд тайлагнаж, хэнээс чиглэл авдаг вэ?
Эдгээр нь бүгд институтийн процесс, дүрэм, журмын тодорхойгүй байдлыг илтгэж буй хэрэг. Хүний нөөцийн бодлого нь зөвхөн ажилд авах, гаргах үйлдлээр хязгаарлагдаж болохгүй. Харин ажилтны бүтээмж, хөгжлийг дэмжих тодорхой тогтолцоо, хариуцлагын сүлжээтэй байх ёстой. Түүнчлэн гүйцэтгэлийн үнэлгээ ч бас асуудалтай байдаг. Зарим ажилтан уран яруу, дэлгэрэнгүй тайлан илгээдэг ч үнэндээ ямар ч бодит гүйцэтгэлгүй байх тохиолдол бий. Харин зарим нь их хэмжээний ажлыг хийчхээд түүнийгээ товч, даруухан бичдэг. Гэвч удирдлага тайланг өөрийн үнэлэмжээр харьцуулан дүгнэснээр бодит үр дүн гажууддаг. Энэ нь ажилтанд шударга бус, ойлгомжгүй сэтгэгдэл төрүүлдэг.
Мөн ажлаас гарах үеийн ярилцлага буюу “exit interview” дийлэнх байгууллагад огт хийгддэггүй. Ажилтан яагаад гарч байгаа, юунд сэтгэл ханамжгүй байсныг тодруулах нь байгууллагын хувьд үнэтэй сургамж болох боломжтой. Гэтэл үүнийг үл тоомсорлосоор, асуудал давтагдсаар байдаг.
Тиймээс байгууллагын бүхий л шатанд тодорхой, ойлгомжтой, тогтсон дүрэм журамтай байх нь хүний нөөц тогтвор суурьшилтай ажиллах, сэтгэл ханамжтай байх үндэс юм. Үүнийг бүрдүүлж байж ажилтны итгэлцэл, бүтээмж, байгууллагын өсөлт зэрэг эерэг хандлагууд бий болдог. Уншигч та дэлгэрэнгүйг Business.mn-ээс эрхлэн гаргадаг “Personal MBA” цувралын “Менежментээ сайжруулах энгийн алхмууд” подкастаас үзнэ үү.