📊 Бизнесийн цаг агаар
⚖ Татварын багц хуулийн төслүүдийн онцлох өөрчлөлтүүд
Ээлжит татварын шинэчлэлийг УИХ-аар удахгүй хэлэлцэж батална. Тодруулбал, танайх ямар хувь хэмжээгээр татвар төлөх, ямар хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж болох, НӨАТ төлөгч мөн эсэх зэргээр өөрчлөлтүүд орно. Эдгээрээс жижиг, дунд бизнест хамгийн их хамаатай заалтуудыг түүвэрлэлээ.
💼 ААНОАТ-ын тухайд жилийн борлуулалт нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх ААН-үүд ашгаасаа 10% татвар төлөөд, 90% буцаан авна. Харин орлого нь 300 сая төгрөг хүртэлх бичил, жижиг ААН-үүдийн ашгаас 1%-иар татвар тооцдог байсныг болино.
💼 НӨАТ-ын хуулийг шинэчлэн батална. Хөнгөлөлт, буцаалтын тухайд мөн сарын худалдан авалтын хэмжээнээс хамаарч шаталсан байдлаар 20 -100% НӨАТ-ыг буцаан олгох хувилбарыг УИХ-аар хэлэлцүүлнэ.
💼 Харин жилийн борлуулалт нь 50 сая төгрөгт хүрвэл НӨАТ төлөгч болдог байсан бол хуулийн төсөлд уг босгыг 400 сая төгрөгөөр тогтоожээ. Харин хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй.
💼 Оршин суугч бус этгээдээс худалдан авалт хийсэн (Жишээ нь, Facebook-т бүүст хийсэн) бол төлсөн татварыг хасна.
💼 ХХОАТ-ын тухайд цалин хөлс, үйл ажиллагааны жилийн орлогын 9.6 сая төгрөг хүртэлх дүнд ногдох татварыг 100% хөнгөлнө.
💼 Цалин хөлсөнд 10%-15%-20% гэсэн байдлаар шаталсан татвар ногдуулна.
Татварын багц хуулийн төслийг энэ оны 5-р сарын 15-наас өмнө буюу 2026 оны төсвийн төсөөлөл гарахаас өмнө батална.
Эх сурвалж: Business.mn
🎯Старт Ап-уудад зориулсан зөвлөмж

💵Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ?
Цалин урамшууллын системийг оновчтой хэрэгжүүлэхийн тулд дараах хүчин зүйлсийг харгалзана:
1️⃣ Урамшууллын зорилго, зарчмыг тодорхойлох
Урамшууллын системийн зорилго, зарчмыг тодорхой тогтоох нь чухал. Ингэснээр урамшууллыг ажилтнуудын гүйцэтгэлтэй зохистой уялдуулж, тэдний хүлээлтэд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой болдог. Жишээ нь, гүйцэтгэл сайжруулах, ажилтнуудыг хөгжүүлэх, багийн бүтээмж дээшлүүлэх зорилготой байж болно. Ингэхдээ гүйцэтгэлд суурилсан, ил тод, байгууллагын стратегитай уялдсан байх хэрэгтэй.
2️⃣ Урамшууллын хэмжээг зохистой тогтоох
Урамшууллын хэмжээг тогтоохдоо Ажилтны ур чадвар, туршлага, Байгууллагын санхүүгийн чадавх, Салбарын дундаж цалин, урамшууллын хэмжээ, Ажилтны хүлээлт, ажлын өртөг, Байгууллагын бодлого, үнэт зүйлс зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.
3️⃣ Урамшууллыг ажилтны гүйцэтгэлтэй уялдуулах
Ажилтны гүйцэтгэлийг үнэлэхдээ:
✅ Тавьсан зорилт, үзүүлэлтүүдийг хэр амжилттай биелүүлсэн,
✅ Ажлын чанар, үр дүн,
✅ Ажлын хугацаа, хурд,
✅ Бусад ажилтнуудтай хамтарсан байдал,
✅ Санаачилга гаргасан эсэх зэргийг харгалзан үзээрэй.
🌱 Өсөлтийн түүх 🌱
🕉 Эрүүл, чанартай амьдралд хөтлөгч Move Hot Yoga
Дэлхий дахинаа хүмүүсийн сонирхлыг ихээр татаж, хичээллэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буй халуун йог-ийг Монголдоо анхлан нэвтрүүлж буй хамт олон бол Move Hot Yoga студи юм. Уг йогийн төв нь 2021 оноос эхлэн үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй бөгөөд дэлхий нийтийг нөмөрсөн Ковид-19 цар тахлын хүнд цаг үеийг туулж, хаалгаа барилгүй үлдсэн салбартаа цөөхөн хэдэн байгууллагын нэг болоод буй. Эдүгээ гурван ч салбартай, 30 гаруй ажилтантай болоод буй Move Hot Yoga төвийг амжилттай удирдан яваа Г.Цолмон болон П.Цэнгүүн нарын бизнесээ хөгжүүлж ирсэн товч түүх болон цаашид франчайз хэлбэрээр тэлэх алсын харааны тухай дараах линкээр дэлгэрүүлэн уншаарай. 🌱
☘Өсөлтөд хөтөлье
🧭Маркетингийн салбараар сонин юу байна вэ?
Монголын маркетингийн салбарын трэнд, зах зээлийн өөрчлөлт, тулгамдаж буй асуудлуудыг бодитоор хэмжих зорилготой “CMO Survey 2024” судалгааны тайлангаас онцолж байна.
🛍 Маркетингийн салбарын нөхцөл байдал Үйлдвэрлэлийн салбарт процессийг автоматжуулж, гар ажиллагааг багасгахад анхаарал хандуулж, шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэн, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Харин хиймэл оюун, технологийн салбарт шинэ технологиуд нэвтэрснээр компаниуд бизнес моделио эргэн харах, шинэ бүтээгдэхүүний санаа боловсруулахдаа хиймэл оюунтай хослуулах шаардлага үүссэн байна. Мөн орлох бүтээгдэхүүний сонголт нэмэгдэж байгаагаас хэрэглэгчийн үнэнч байдал буурч байгаа аж. Ийм нөхцөлд байгууллагууд өсөлтөө хангахын тулд дараах стратегийг баримтлах нь зүйтэй гэж СМО нар үзжээ:
● Гол харилцагч, хэрэглэгч дээрээ төвлөрөх
● Шинэ бүтээгдэхүүний категорио нэмэгдүүлэх
● Шинэ технологи нэвтрүүлж, үнэ цэнээ өсгөх
● Шинэ зах зээл, сегмент рүү орох
● Экспорт хийх
🎯 Маркетингийн үр өгөөжтэй сувгууд
Компаниуд маркетингийн үйл ажиллагааны үр өгөөжөө дунджаар 66 хувь гэж дүгнэв. Ингэхдээ биллбоард, инфлюнсер, Facebook, Instagram-ийн зар сурталчилгааг хамгийн үр өгөөжтэй сувгаар нэрлэжээ. Подкаст, лед самбар, мобайл, FM радио зэрэг нь дунд зэргийн үр өгөөжтэй бол сонин, сэтгүүл, вэбинар, твиттер, уламжлалт танилцуулга, тараах материал, и-мэйл, онлайн ньюслэттэр, вэб сайтын үр өгөөж бага гэж дүгнэсэн байна. Харин видео төрлийн контентууд, ялангуяа богино хэмжээний reels илүү үр дүнтэй гэжээ.
🎡 Маркетингийн цаашдын чиг хандлага Компаниудад маркетингийн талаарх үнэлэмж нь харьцангуй сайжирч байна. Гэсэн хэдий ч маркетерууд илүү мэргэжлийн түвшинд ажиллахын тулд өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх, маркетингийн функцийн үр өгөөж, үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй. 2025 онд маркетингийн чиг хандлагад хамгийн их дурдагдаж буй чиглэлүүд нь хиймэл оюун, инфлюнсер маркетинг, reels болжээ. Харин коммуникацийн стратегиа тодорхойлохдоо хэрэглэгч төвтэй байх, илүү мэргэжлийн болох шаардлагатай хэмээн СМО нар үзэж байна. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийг сайжруулж, түүнийг хүргэх системийг илүү хялбарчлах нь үнэ цэнээ өсгөж, зах зээлээ тэлэхэд чухал нөлөөтэй гэдэгтэй 78 хувь нь санал нийлжээ.
Эх сурвалж: “CMO Survey 2024” тайлан, “Эм Эм Си Жи” ХХК
🔔Та мэдэх шүү?
🏭Ирээдүйн ажлын байрыг тодорхойлогч 5 хүчин зүйл
🛰 Дижитал хүртээмж: Дижитал хүртээмж нь ойрын ирээдүйд хамгийн том өөрчлөгч хүчин зүйлсийн нэг байх болно гэдэгтэй ажил олгогчдын 60% санал нийлж байна. Тодруулбал, хиймэл оюун (86%), роботжуулалт (58%) зэрэг технологийн дэвшил, мөн эрчим хүчний шилжилт (41%) хөдөлмөрийн зах зээлийг том өөрчлөлтөд хөтлөхөөр байна.
💹 Эдийн засгийн нөхцөл байдал: Улам бүр нэмэгдсээр байгаа амьдралын өртөг нь хоёр дахь том өөрчлөгч хүчин зүйл болж, бизнест ирэх нөлөө нь ихэснэ гэж судалгаанд хамрагдсан ажил олгогчдын тал хувь нь үзэж байна. Инфляц буурч болох ч нийт эдийн засгийн удаашралаас болж 1.6 сая ажлын байранд цомхотгол хийгдэж магадгүй байна. Тэгэхээр бүтээлч салбарын ажлын байр илүү эрэлттэй болно.
⛅ Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үр дагаврыг бууруулах, түүнтэй дасан зохицохтой холбоотой үйл ажиллагаа нь гурав дахь өөрчлөгч хүчин зүйл болж байна. Энэ нь бизнесийн ертөнцөд нөлөөлнө гэж ажил олгогчдын 47 хувь нь үзэж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүч, экологийн инженерчлэлтэй холбоотой мэргэжлүүд өндөр эрэлттэй байна.
🌎 Хүн ам зүй: Иргэд нь өндөр орлоготой орнуудын хүн амын насжилт болон доогуур орлоготой орнуудын ажиллах хүчний тэлэлт гэсэн хоёр чиг хандлага хөдөлмөрийн зах зээлийг тодорхойлохоор байна. Үүнээс гадна талент менежмент, эрүүл мэнд болон боловсролын салбарын мэргэжлүүдийн эрэлт өсөхөөр байна.
🌐 Гео эдийн засгийн бутрал: Судалгаанд хамрагдсан ажил олгогчдын гуравны нэг нь геополитикийн нөхцөл байдлаас улбаалж бизнес загвар нь өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй байна. Мөн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, хүнтэй ажиллах ур чадварууд улам чухал болно.
📅Хэзээ, Хаана, Юу?
📚 ЖДБ-ийг хөгжүүлэх мэдлэгийн экосистем
ХААН Банк нь жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулан төрөл бүрийн сургалт, хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр нь зүгээр нэг мэдээлэл олгох биш, бизнесээ илүү ухаалгаар хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, тогтвортойгоор амжилтад хүрэхэд чиглэсэн байдаг. 2024 онд л гэхэд 3000 гаруй бизнес эрхлэгчийг зөвлөх үйлчилгээ болон танхим, цахимын сургалт хөтөлбөрт хамруулсан байна.
Үр дүнд нь эдгээр бизнесийн 80% нь бизнес төлөвлөлтөө оновчтой тодорхойлох арга, аргачлалд суралцсанаас гадна санхүүгээ зөв төлөвлөж, хянаж чаддаг болсон тухайгаа хуваалцсан байна. Мөн зарим алдаагаа олж харж, процесс үйл ажиллагаагаа бага багаар сайжруулж, шинэ харилцагч олох, бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлэх зэрэг алхмууд хийж эхэлжээ.
ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас зохион байгуулж буй сургалт хөтөлбөрүүдийн хуваарь болон дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцаж байна.
Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу
Тус цахим товхимлыг ХААН Банкнаас Business.MN-тэй хамтран хүргэв.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010, Монгол Улс