Сүүлийн үеийн залуучууд онлайн зээлийн аппликэйшн ашиглан олон зээл зэрэг авч, өрийн занганд орж буй талаар МУИС-ийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун ярьж байна. Бүр 7-8 зээл зэрэг авч, өндөр хүүд идүүлж буцаан төлөх чадамжгүй болсны улмаас амиа хорлосон тохиолдол ч гарчээ.
Энэ бол бага насандаа санхүүгийн боловсролыг зөв системтэйгээр авч чадаагүйн хор уршиг. Учир нь бид ухаан орсон цагаасаа мөнгөний тухай мэдлэг мэдээллийг аав, ээж эргэн тойрныхоосоо авч түүний дагуу мөнгөтэй харьцаж ирсэн. Бага насандаа мөнгөний талаар буруу итгэл үнэмшил суусны улмаас бүхэл бүтэн нэг үеийн залуус ийнхүү зээл хэмээх чөтгөрийн тойрогт орж буйг тэр ярилаа.
Тэрээр аппликэйншний зээлийн талаар судалгаа явуулж байгаа аж. Аппликэйшний зээлтэй хүмүүсээс уг зээлийг авах болсон гол шалтгааныг тодруулах судалгаа явуулахад амьдралд зайлшгүй шаардлагатай анхан шатны хэрэгцээнээс илүү “Бусад” гэдэг ангиллыг ихэнхдээ сонгож байгааг харахад онцын хэрэгцээгүй зүйлд зориулж зээл авдаг байдал нийтлэг байгаа аж.
“Нэг үгээр хэлбэл тэвчиж болох зүйлийг хойшлуулж чадаагүйн улмаас зээл хэмээх “чөтгөрийн тойрогт” ороод байна хэмээн Л.Оюун багш тодотгож байв.
Тэвчиж болох зүйлийг хойшлуулж чадаагүйн улмаас зээл хэмээх “чөтгөрийн тойрогт” ороод байна.
Одоогоор судалгааны үр дүн хараахан гараагүй байгаа ч энэ асуудлыг нухацтай авч үзэж, зохицуулалт хийх шаардлагатай болоод байгааг Л.Оюун онцолж хэллээ.
Тэрээр Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын зээлийн хүүгийн хувь нь эдийн засгийн үндэслэлтэй эсэхийг судлах нь чухал, хэрэв үндэслэлгүй өндөр хүүтэй нь тогтоогдвол энэ нь мөнгө хүүлэлт учраас хуульд заасны дагуу үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авах ёстой гэдгийг хэллээ.
Мөн хүүхдийг багаас нь мөнгө санхүүгийн мэдлэгтэй болгож, тодорхой хэмжээний мөнгийг өөрөөр нь зарцуулж, алдаж, онож сургах хэрэгтэй, боловсролын байгууллагаар дамжуулж санхүүгийн боловсролын цогц хичээлд хамруулах нь нэн чухал гэдгийг ярилаа.
Монгол Улсын боловсролын системд анх удаа “Бизнес судлал” хичээл ахлах ангийнхны сонгон судлах хичээлийн тоонд багтаад гурван жил болсон. Энэ хугацаанд 1000 гаруй сурагч хамрагдаж, мөнгийг зөв захиран зарцуулах, хуримтлуулах, олсноо баялаг болгох зэрэг мөнгө санхүүгийн ухаанд суралцаад буй аж. Гэсэн хэдий ч энэ тоон үзүүлэлт нь хангалтгүй байгаа тухай доктор профессор Л.Оюун онцлон хэлж байв.
Тэрбээр “Бизнес судлал” хэмээх санхүүгийн мэдлэг олгох хичээлийг заах эрхтэй санхүүгийн мэргэшсэн багш нарыг бэлтгэхийн сацуу “Бизнес судлал”-ын 16 хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, ном, видео хичээл, гарын авлагыг цогцоор бүтээлцэхэд гар бие оролцсон нэгэн юм. Харин энэхүү мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн санхүүгийн хичээлийг илүү далайцтайгаар заахад эцэг, эх багш нарын оролцоо чухал байгаа аж.
Монгол Улсын Боловсролын тухай хуулийн дагуу 10 дугаар ангид элсэн орох жилдээ заавал дөрвөн хичээлийг сонгон суралцах эрхтэй аж. Харин “Бизнес судлал” хичээлийг сонгож буй цөөн сурагчдаас судалгаа авахад ихэвчлэн ирээдүйд санхүүч, эдийн засагч, нягтлан болно гэсэн зорилготой хүүхдүүд л сонгодог байна. Гэтэл энэ хичээл нь ирээдүйд хүн ямар мэргэжилтэй болохоос үл хамааран амьдралд хамгийн хэрэгтэй хичээл. Түүнчлэн уг хичээлийг сонгон суралцаж байхад ангийн багш нар зөвхөн ЭЕШ өгөх хичээлийг сонгуулж, сонголтод нь нөлөөлдөг тухай ч Л.Оюун багш ярьж байлаа.
“Бизнес судлал” хичээлд хамрагдсанаар орлогоо нэмэгдүүлэх, бизнесийн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай, шударга, ёс зүйтэй байх хандлагатай болно. Тухайлбал, хувь хүний санхүү, бизнесийн санхүү, өрхийн санхүү гэх мэт олон төрлөөр заадаг. Хичээл эхлэхэд сурагчид өөрсдийн компаниа байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ үеэр тэд бизнес эрхлэхэд тулгардаг сорилтуудыг биечлэн мэдэрч, шаардлагатай анхан шатны мэдлэг, ур чадварыг олж авдаг байна. Харин хичээлийн төгсгөлд байгуулсан компаниа татан буулгаж, нийт үйл явцын дүгнэлт хийдэг. Ийнхүү хүүхдүүд бизнест хандах хандлагаа өөрчилж, илүү бодитой, бүтээлч сэтгэлгээтэй болж төлөвшиж буй.