Монгол Улсын иргэд, эрүүл мэндийн байгууллагыг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй, импортыг орлох чадамж бүхий эмээр хангах дотоодын эмийн үйлдвэр өнөөдөр (2025.05.12,13-ны өдөр) албан ёсны нээлтээ хийлээ.
Монгол Улс болон БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “МДМ Ампул Фарм” компани нь БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадал (Korean GMP)-ын шаардлагыг хангах Монгол Улсын анхны үйлдвэр болохоор зорьж буйгаараа онцлог юм.
Үйлдвэрийн төсөл
“Мөнхийн Тун” ХХК, “Монгол Эм Импекс Концерн” болон БНСУ-ын “Донгү Био&Фарм” компаниудын хамтран хэрэгжүүлсэн энэ төсөл нь импортыг орлох, чанартай эмийг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад олон улсын зах зээлд гаргах зорилготой.
Олон улсын жишигт нийцсэн үйлдвэр
“МДМ Ампул Фарм” ХХК-ийн тарилгын эмийн үйлдвэр нь жилд 25-40 сая ширхэг тарилгын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ба 20 гаруй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг өндөр чанартай технологийн дагуу үйлдвэрлэж, зах зээлийн үнээс 15–20 хувиар хямд үнээр дотоодын хэрэглэгчдэд хүргэнэ.
Чанар, дэвшилтэт технологи
Эмийн чанарын хяналтын лаборатори нь олон улсын чанарын хяналтын лабораториудын ашигладаг Shimadzu (Япон), Mettler Toledo (АНУ), Sievers (АНУ) зэрэг дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон. Тус лабораторид LIMS, ERP, QMS зэрэг цогц мэдээллийн системийг нэвтрүүлснээр чанарын хяналтыг олон улсын түвшинд хүргэх аж.
Хүний нөөц, сургалт ба олон улсын хамтын ажиллагаа
БНСУ, БНХАУ, ХБНГУ, Канад зэрэг улсаас олон улсын туршлагатай мэргэжилтнүүд тус үйлдвэрт ажиллаж, дотоодын боловсон хүчнийг дадлагажуулан, салбарын чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Түлхүүр албан тушаалтнуудыг БНСУ-ын тэргүүлэх үйлдвэрүүдэд дунд болон урт хугацааны сургалтуудад хамруулсан бөгөөд цаашид 2025 оноос 2–3 ээлжээр БНСУ-д ажиллуулж мэргэшүүлэх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр эм зүйн салбарын нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулан ажиллаж байна.
Эдийн засгийн үр нөлөө
Төсөл хэрэгжсэнээр Монгол Улс жилд 30 сая ам.долларын өртөгтэй эмийн бүтээгдэхүүнийг импортолдог ба үүний 5.1 сая ам.долларыг тарилгын эм эзэлдэг.
Ийнхүү эм хангамжийн үйл ажиллагаа импортоос шууд хамааралтай байдлыг багасгаж, импортыг орлох чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод чиглэсэн үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна.
Тус үйлдвэр ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажилласнаар улсын төсөвт 4.9 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломж бүрдэж байна.
Цаашид Монгол Улсын эм хангамжийн аюулгүй байдлыг сайжруулахаас гадна дотоодын үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлж улмаар эдийн засгийн хэмнэлт хийж стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр болохыг зорьж байна.
Ногоон технологийн шийдэл
Хаягдал ус, уурын эргэн ашиглалт болон эрчим хүчний хэмнэлтэд суурилсан шийдлүүдээрээ уг үйлдвэр 30–40% ус ба уурын хэмнэлт, 3-5% эрчим хүчний хэмнэлтийг бий болгох байгальд ээлтэй үйлдвэрлэлийн шинэ жишиг болж байна. Тус үйлдвэр нь зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй байгаль орчны хамгаалал, ногоон хөгжилд бодит хувь нэмэр оруулж, байгальд ээлтэй, хэмнэлттэй үйлдвэрлэлийн шинэ жишиг болж байгааг онцолж байна.