“Бизнес Цэнэг Conference 2025”-ийн илтгэгчээр оролцсон Менежментийн зөвлөх Г. Өлзийбуяны “Бизнес системчлэлийн эхлэл цэг” илтгэлийн агуулгыг тоймлон хүргэж байна.
Системийн шаардлагыг боловсруулах нь бизнесийн эхлэл цэг
Бизнес системчлэл гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагааны бүх шатны процессыг уялдуулан, оновчтой, үр ашигтай болгох үйл явц юм. Үүний эхлэл нь бизнесийн системийн шаардлагыг боловсруулах явдал байдаг. Энэ үед жижиг дунд бизнесүүдэд хамгийн түгээмэл тохиолддог нийтлэг дүр зургийг ойлгох хэрэгтэй. Roger Martin-ийн онолын дагуу стратеги гэдэг нь “байгууллагыг ялалт руу хөтлөх нөхцөл, харилцан уялдаа бүхий цогц сонголтууд” гэж тодорхойлдог.
Тиймээс бизнесийн системийг бий болгох, хөгжүүлэхэд хамгийн түрүүнд хариулах асуултууд бол:
- Хаана өрсөлдөх вэ?
- Хэрхэн ялах вэ?
Эдгээр асуултыг тодорхойлохын тулд дараах зүйлсийг нарийвчлан судлах шаардлагатай.
-
Хаана өрсөлдөх вэ?
Өрсөлдөх зах зээлийг тодорхойлох нь тухайн бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглэгчид, байрлал гэсэн дөрвөн үндсэн элемент дээр төвлөрдөг.
- Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох вэ?
Өөрийн онцлог, давуу талыг тодорхойлж, зах зээлд ямар төрлийн бүтээгдэхүүнээр өрсөлдөхөө нарийвчлах хэрэгтэй. - Хэн хэрэглэгчид вэ?
Зах зээл дэх хэрэглэгчдийн хэрэгцээг ойлгож, аль сегментэд төвлөрөхийг тодорхойлно. - Аль газарзүйн байршилд ажиллах вэ?
Байршил нь хэрэглэгчдэд хүрэх, үйлчилгээний чанар, өртөг зэрэгт шууд нөлөөлдөг чухал хүчин зүйл юм.
Жижиг дунд бизнесийн хувьд өрсөлдөх зах зээлийн төрөл олон янз байж болно. Жишээ нь:
- Олон төрлийн бүтээгдэхүүн, цөөн хэрэглэгчийн хэрэгцээтэй зах зээл
- Цөөн төрлийн бүтээгдэхүүн, олон хэрэглэгчийн хэрэгцээтэй зах зээл
- Тодорхой газарзүйн хүрээнд ажиллах эсвэл өргөн хүрээтэй зах зээлд төвлөрөх зэрэг сонголтууд байна.
Машин засвар үйлчилгээний салбар дахь жишээг авч үзье:
Үзүүлэлт | Doctor auto сүлжээ | Prius center |
Хэрэглэгчийн төрөл | Олон янзын хэрэглэгч | Нарийвчилсан, тусгай хэрэглэгчид – зөвхөн Prius машинтай хүмүүс |
Зах зээлийн төрөл | Нарийссан хэрэгцээтэй жижиг зах зээл – зөвхөн тос, масло солих | Олон янзын хэрэгцээтэй өргөн зах зээл – Prius-тэй холбоотой бүх үйлчилгээ |
Стратегийн төрөл | Ялгарах стратеги (Differentiation) | Бага зардлын стратеги (Cost leadership) |
Үйлчилгээний онцлог | Тусгай чиглэлийн нарийн үйлчилгээ | Олон төрлийн үйлчилгээ |
Байршил, газар зүй | Нарийвчилсан газар зүйн хүрээ | Өргөн хүрээтэй |
Өрсөлдөгчдийн бүтэц | Цөөн өрсөлдөгчид | Олон янзын өрсөлдөгчид |
-
Хэрхэн ялах вэ?
Өрсөлдөөнд ялалт байгуулахын тулд хэрэглэгчдэд хүргэх үнэ цэнэ юу байх вэ гэдэг гол асуултад хариулах ёстой.
- Хэрэглэгчид ямар үнэ цэн хүргэх вэ?
Үнийн бодлого, чанар, үйлчилгээний хурд, худалдааны туршлага зэрэг олон хүчин зүйлс багтана. - Юуг сайн хийх вэ?
Бизнесийн хүчтэй талуудыг тодорхойлж, тэдгээрийг улам сайжруулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ. - Юунд тулгуурлаж ажиллах вэ?
Ресурс, технологи, хүний нөөц зэрэг хүчин зүйлсийг зөв хуваарилж үр ашигтай ашиглах шаардлагатай.
Стратегийн төрлүүд ба ялгаа
Стратеги нь ихэвчлэн хоёр үндсэн төрөлд хуваагддаг:
- Ялгарах стратеги (Differentiation strategy):
Өндөр чанартай бүтээгдэхүүн эсвэл онцгой үйлчилгээний замаар өндөр ашиг олох зорилготой. Энэ нь өндөр өртөгтэй бөгөөд харьцангуй үнэтэй байдаг. - Бага зардлын стратеги (Cost leadership strategy):
Өрсөлдөгчөөс бага өртөгтэйгөөр бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож ашиг орлогоо нэмэгдүүлэх зам. Энэ стратеги нь ихэвчлэн олон нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, бага маржинтай байдаг.
Жишээ нь Emart-ын стратегийг авч үзвэл тэд бага зардлын стратегийг хэрэгжүүлж, өрсөлдөгчдийн үнээс доогуур үнэтэй бүтээгдэхүүн санал болгож байгаа боловч бүтээгдэхүүний төрөл олон байдаг. Харин ялгарах стратеги барьдаг байгууллагууд өндөр үнэ тогтоож, чанарт анхаардаг.
Хэрэглэгчдэд хүргэх үнэ цэн
Хэрэглэгчийн үнэ цэнэ нь зөвхөн бүтээгдэхүүний үнэ биш юм. Худалдан авалтын туршлага (shopping experience), олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хурд зэрэг нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид шууд нөлөөлнө. Жишээ нь,
- Зогсоолын хүртээмж
- Найрсаг үйлчилгээ
- Хүргэлтийн хурд
Эдгээр хүчин зүйлс нь хэрэглэгчдийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг.
Бизнес системчлэлийн цогц сонголтууд
Стратеги болон системчлэлийн амжилт нь зөв сонголтууд дээр тулгуурлана.
Маркетинг ба борлуулалт
- Ямар сувгаар борлуулах вэ?
- Ямар медиа ашиглах вэ?
- Борлуулалтын шийдвэрийг хэрхэн гаргах вэ?
Үйл ажиллагаа
- Чанарын хяналт
- Хэрэглэгчийг тогтоон барих арга замууд
- Бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Менежмент ба санхүү
- Бүтэц зохион байгуулалт
- Санхүүгийн урсгалыг хянах
- Орчин үеийн удирдлагын хэрэгслүүдийг ашиглах
Хүний нөөцөөр салбартаа өөрийн дүрмийг бий болгох
Бизнес системчлэлийн нэг чухал хэсэг нь хүний нөөц бөгөөд байгууллагын онцлогт тохирсон дүрэм журамтай байх шаардлагатай. Энэ нь ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах үндэс болдог.
Дүгнээд хэлбэл, жижиг дунд бизнес эрхлэхэд бизнес системчлэлийн эхлэл цэг бол стратеги тодорхойлох явдал юм. Хаана өрсөлдөх вэ гэдэг асуултыг зөв хариулж, хэрхэн ялах вэ гэдэгт төвлөрөх нь амжилтын үндэс. Тухайн бизнесийн онцлогт тохирсон ялгарах эсвэл бага зардлын стратеги сонгох, хэрэглэгчдэд хүргэх үнэ цэнийг тодорхойлох, түүнээс улбаалан маркетинг, үйл ажиллагаа, менежмент болон хүний нөөцийн системийг бүрэн төлөвлөх нь бизнесийг үр ашгийг дээшлүүлэх гол түлхүүр билээ.
Бизнес системчлэл бол зөвхөн үйл ажиллагааг зохион байгуулах бус харин байгууллагын ирээдүйг бат бөх болгох үндсэн суурь юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Г. Өлзийбуяны зөвлөгөөгөөр энэхүү системчлэлд суурилсан стратеги бататгаж чадвал жижиг дунд бизнес ч өрсөлдөөнт зах зээлд амжилттай оролцож чадна.