МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруултай ярилцлаа.
МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ чадавхжуулах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
МҮХАҮТ нь олон улсын байгууллагатай хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих олон төсөл хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Бид НҮБ, Азийн сан, Европын холбоо, Дэлхийн худалдааны төв зэрэг байгууллагатай хамтран олон эмэгтэйчүүдийн бизнесийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. 2025 оны хувьд бидний хэрэгжүүлэх онцлох төсөл бол Дэлхийн худалдааны байгууллага, Олон Улсын Худалдааны төвтэй хамтран хэрэгжүүлэх “Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих” сангийн төсөл юм. Уг төслийн хүрээнд МҮХАҮТ нь хоёр жилийн хугацаанд нийт нэг сая ам.долларыг эмэгтэй эзэмшигчтэй, эмэгтэй захиралтай 100 компанид буцалтгүй тусламжаар олгох, сургах, зарцуулалтад хяналт тавьж, улмаар ажлын байр нэмэгдүүлэх, улсынхаа экспортыг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулах юм.
Түүхээс дурдвал Дэлхийн худалдааны байгууллага, Олон Улсын Худалдааны төвийн хамтын санаачилгын хүрээнд “SheTrades” санаачилга олон улсад 2015 онд эхэлсэн. Энэхүү санаачилга нь худалдаагаар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, бизнесийн эко системийг бий болгох, хамтын түншлэлийн сүлжээ үүсгэх, хүртээмжтэй бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой үүссэн. Энэхүү санаачилгын үр дүнд дэлхийн 30 орны гурван сая эмэгтэйг дэлхийн зах зээлтэй холбож, тэдний эдийн засгийн амьдралыг өөрчилжээ.
ОУХТ-ийн дэргэдэх “SheTrades” төвийг 2018 оноос хойш дэлхийн улс орнуудад байгуулж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд Монгол Улсад 2023 оны зургаадугаар сард МҮХАҮТ-ын дэргэд “SheTrades Mongolia Hub” дэлхийн 14 дэх төвийг байгуулсан. Тус төвийн зорилго нь эмэгтэйчүүдийг олон улсын сүлжээнд холбох, эмэгтэйчүүдийн чадавхыг дээшлүүлэх, бэхжүүлэх, зөвлөгөө мэдээллээр хангах, санхүүгийн хүртээмжийг бий болгоход оршиж буй юм.
“SheTrades Mongolia Hub” өнгөрсөн хугацаанд ямар сургалтууд хийсэн бэ?
Дэлхийн 21 улсад үйл ажиллагаа явуулж буй “SheTrades Mongolia Hub” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн контентоор “Брэндинг ба Дижитал Маркетинг”, “Цахим бизнесийг олон улсын түвшинд гаргах нь”, “Хил дамнасан гэрээ хэлэлцээр” болон бусад сэдвүүдээр чадавхжуулах сургалтуудыг хийсэн. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын түншлэлийг бий болгох зорилгоор нэтворкинг арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “SheTrades Mongolia Hub” нийт 1000 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэж чаджээ.
“SheTrades Hub”-аар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийнхээ эдийн засгийн тогтвортой оролцоог нэмэгдүүлэн, бүс нутгийн экспортын сүлжээнд өрсөлдөх чадварыг улам чадавхжуулан “хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх”-ийн төлөө хамтран ажиллахыг зорьж байна.
Монгол Улсын хэмжээнд эмэгтэй удирдлагатай байгууллагын тоо хэд вэ?
“Бизнес эрхлэлт ба жендэр 2023” судалгаанаас харахад Үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын иргэнээр удирдуулсан аж ахуйн нэгжийн 60.4 хувь нь эрэгтэй захиралтай, 39.6 хувь нь эмэгтэй захиралтай байна.
Захирлын хүйсээр тооцсон эмэгтэй аж ахуй эрхлэгчийн хувь эмэгтэй эзэмшигчийн хүйсээр тооцоход буурч буй нь бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдтэй харьцуулахад эрх мэдлийн хувьд бага байгааг, ялангуяа бизнесийн эзэмшлийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул байгааг илтгэж байна.
МҮХАҮТ-аас жил бүр ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөн тодруулдаг. Эдгээр ААН-ийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг вэ?
Монголд эмэгтэйчүүд бизнесийн манлайлалд чухал үүрэг гүйцэтгэдэг ба 2023 оны байдлаар ТОП-100 компанийн 24 хувь, ЖДҮ-ийн 39.9 хувь, жижиг, бичил аж ахуйн нэгжийн 40.2 хувь нь эмэгтэй захиралтай байна.
2023 оны ТОП-100 ААН-ийн эрэмбийн топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, санхүү даатгал, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарууд удаалж байна. 2023 оны эрэмбэд экспорт хийдэг 27 аж ахуйн нэгж багтсан ба эдгээрийн 7 нь уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог байна.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийн ур чадварыг эрэгтэй удирдлагуудынхтай харьцуулсан судалгаа байдаг уу?
МҮХАҮТ-ын Бизнесийн итгэлийн индекс судалгааны үр дүнгээс авч үзвэл, эмэгтэй бизнес эрхлэгчид эрчүүдээс илүү өөдрөгөөр бизнесээ төлөвлөж ажилладаг. Эмэгтэй бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхэд барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаа, мэргэжлийн тогтвортой ажиллах хүчний дутагдал хүндрэл үүсгэж байна.
Түүнчлэн энд бид ажил эрхлэлтийн талаар заавал хөндөж ярих нь чухал байна. олон улсын банкны судалгаагаар манай улсад хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 68.3 хувь нь албан салбарт ажиллаж байгаа бол эмэгтэйчүүдийн 53.4 хувь нь ажиллаж байна. Энэ нь асаргааны эдийн засгийг эргэн харах, эмэгтэйчүүдийн албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ингэснээр улс орны ДНБ бодитоор өсгөх боломжуудыг нэмэгдүүлэх боломж байна гэж үзэж байна.
МҮХАҮТ-аас “Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих” WEIDE сангийн дэмжлэгт төслийн цахим өргөдөл хүлээн авч эхэлжээ. Энэ сангийн талаар ярихгүй юу?
Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн 13 дахь удаагийн худалдааны сайд нарын хуралдааны үеэр 50 сая ам.доллар бүхий санг албан ёсоор нээсэн. Энэхүү сангаар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр улс орнууд хамтарч ажиллаж буй юм. Энэхүү сангаас хэрэгжүүлж буй төсөлд МҮХАҮТ 2024 оны 10 дугаар сард материал хүргүүлж 11 дүгээр сард II дахь ярилцлагад оролцож, 2025 оны 3 дугаар сарын 7-нд албан ёсоор төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарсан сайхан мэдээ хүлээн авсан.
Уг төслийг хэрэгжүүлэхээр олон улсын 600 байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, экспортыг дэмжих агентлагууд өрсөлдсөнөөс дөрвөн улс хэрэгжүүлэгчээр шалгарсан. Үүнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимаас гадна Доминикан улсын Экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага, Йордан улсын Бизнес хөгжлийн корпораци, мөн Нигери улсын Экспортыг дэмжих зөвлөл зэрэг байгууллагууд шалгарсан. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх нь олон улсад Монгол улсын нэрийг таниулах төдийгүй МҮХАҮТ-ийг таниулах, дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал суурь болно гэдэгт бид итгэж байгаа.
Төслийн хүрээнд олон улсад, ялангуяа барууны улсуудад бизнесийн өмчлөлийн 50-иас дээш хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байвал эмэгтэй бизнес эрхлэгч гэж үздэг бол Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцооны талаарх судалгаануудад үндэслэн бид бизнесийн 25 хувийг эмэгтэй хүн эзэмшдэг бол эмэгтэй бизнес эрхлэгч гэж тооцохоор заасан. Ингэснээр олон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэй энэ төсөлд хамрагдах, үр шимийг хүртэх боломжийг бүрдүүлнэ гэж харж байна.
Цахим Эдийн Засаг дахь Экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих WEIDE сангийн дэмжлэгт төсөлд цахим өргөдөл нээлттэй хүлээн авч байна.
WEIDE сан нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг цахим худалдаанд идэвхтэй оролцуулах, чадавхжуулах, өсөлтийг дэмжих санхүүгийн болон сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилготой юм.
Дижитал платформыг ашиглах нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд дотоодын болон олон улсын зах зээлд нэвтрэх, ажлын уян хатан зохицуулалт хийх боломжуудыг олгохоос гадна жендерийн тэгш байдлыг хангах эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

“Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих” WEIDE сангийн дэмжлэгт төсөл хамрагдсанаар ямар боломжууд бий вэ? Ямар санхүүжилт авч болох вэ?
WEIDE сангаас дараах хоёр төрлийн буцалтгүй тусламж олгоно.
- Нэгд, Discovery Grant (5,000 ам.доллар хүртэл). Энэ нь цахим худалдааны шинэ боломжуудыг эрэлхийлж буй бичил жижиг дунд бизнесүүдэд зориулсан дэмжлэг юм.
- Хоёрдугаарт, Booster Grant (30,000 ам.доллар хүртэл) буюу экспорт хийж буй цахим орчинд бизнесийн оролцоо, нөлөөгөө нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өргөжихөд бэлэн болсон жижиг дунд бизнесүүдэд зориулсан буцалтгүй тусламж юм.
Энэ төсөлд хэн хамрагдаж болох вэ? Заавал экспорт хийдэг байх шаардлагатай юу, эсвэл экспортлох хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой юу?
Энэхүү төсөлд илүү олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулах зорилгоор дараах шалгуур үзүүлэлтийг гаргасан гэдгийг онцолмоор байна.
- Бизнесийн 25% ба түүнээс дээш хувийг нэг эсвэл олон эмэгтэйчүүд эзэмшдэг байх,
- Компанийн удирдлага нь эмэгтэй хүн байх,
- ТУЗ-тай бол ТУЗ-ын гишүүний бүрэлдэхүүнд нэг ба түүнээс дээш нь эмэгтэйчүүд орсон байх.
Харин охин компани хамрагдах боломжгүй. Толгой компани нь эмэгтэй эзэмшигчтэй байсан ч хамрагдахгүй. Зөвхөн толгой компани нь төсөлд өрсөлдөж болно.
Төсөлд хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хараахан оролцох боломжгүй. Харин гар урлал, хувцас урлал, ноос ноолуур, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг цахимаар бизнес эрхлэх, экспорт хийх боломжтой компаниудыг өргөдлөө өгөхийг урьж байна. Шалгарсан өргөдөл гаргагчид бизнес эрхлэх ур чадвар, өрсөлдөх чадвараа бэхжүүлэх техникийн туслалцаа, зааварчилгаа, олон улсын бизнесийн сүлжээнд нэвтрэх эрхийн нээгдэнэ гэсэн үг.
Өргөдлийг www.mongolchamber.mn болон олон нийтийн сүлжээнд байршуулсан цахим холбоосоор (wto.org/weidefund) өгөх боломжтой юм.
Ингэхдээ мэдээллийг англи хэлээр бөглөх бөгөөд сонгон шалгаруулалтыг Женев дахь Weide сангийн төслийн баг хийнэ. Харин бид сургалт, төсвийн зарцуулалтыг хянах, тайлагнал дээр түлхүү оролцох юм.
-Цахим өргөдөл хүлээн авах хугацаа хэдэн сарын хэдэн хүртэл үргэлжлэх вэ?
-Өргөдөл гаргах эцсийн хугацаа 2025 оны 5-р сарын 18-ны өдрийг дуустал хүлээн авна. Иймд цахим сувгаар бизнесээ өргөжүүлэх, экспорт хийх төлөвлөгөөтэй эмэгтэй бизнес эрхлэгчдийг өргөнөөр хамрагдахыг уриалж байна.