BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a dark suit and tie stands in an office with shelves displaying awards and memorabilia, a window with blinds, and a desk with documents and a small flag in the foreground.

“Мобиком Корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушима

Кожи Курушима: Мобиком цаашид технологийн компани шиг сэтгэж, ажиллана

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-05-14
  CEO Talk, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгчээс технологийн шинэлэг шийдэл санал болгодог компани болох чухал шилжилтийнх нь талаар “Мобиком Корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушиматай ярилцлаа. 

“Business Frontier” сэтгүүлээс олгодог “Mark of Excellence” шагналыг хүртсэн тэрбээр компанийнхаа хиймэл оюуны чиглэлд хэрэгжүүлэх амбицтай санаачилга, харилцаа холбооны компаниас технологийн компани (TelCo to TechCo) болох алсын хараа, Монгол Улсын дижитал ирээдүйд ямар хувь нэмэр оруулж буй талаар илэн далангүй өгүүлсэн юм. 

Юуны түрүүнд, “Business Frontier” сэтгүүлээс олгодог “Leadership Conclave and Awards 2025” шагналын “Mark of Excellence” төрөлд шилдгээр тодорсон танд баяр хүргэе. Энэхүү шагнал танд болон Мобиком Корпорацийн хувьд ямар утга учрыг илэрхийлж байна вэ?

Их баярлалаа. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг. Энэ бол зөвхөн Монгол Улсад бус олон улсын хэмжээнд манай байгууллагыг үнэлсэн хэрэг гэж бодож байна. Дэлхийн олон улсын нэр дэвшигчдээс сонгогдож шилдгээр шалгарсан нь Мобикомын үйл хэрэг үнэ цэнтэй гэдгийг нотолсон хэрэг боллоо. Мобиком бол хувь хэрэглэгч, байгууллагуудыг холбодог харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч боловч бидний зорилго үүгээр үл хязгаарлагддаг. Бид хамгийн гол нь цоо шинэ үнэ цэнийг бүтээхийн төлөө ажиллаж ирсэн. 

Технологийн салбарын “халуухан” сэдэв болж буй хиймэл оюуны чиглэлд бидний хэрэгжүүлж буй санаачилгуудыг уг шагнал онцолсон. 3,5 сая хүн амтай зах зээлд ажиллаж буй манай компанийн хиймэл оюуны чиглэлд оруулж буй хувь нэмрийг үнэлсэн нь маш том бахархал төдийгүй хамт олны маань ажлын хувьд тун чухал үнэлгээ боллоо. Инновац хэзээ ч ганц хүний гавьяа байдаггүй, тэр тусмаа бизнесийн орчинд дасан зохицож, хөгжиж, манлайлах нь үргэлж багийн ажил байдаг.

“Business Frontier” бол бизнесийн чиглэлийн медиа, паблишинг компани бөгөөд эерэг өөрчлөлт авчирч, шинэ стандартыг тогтоох замаар бодитой нөлөө үзүүлж буй компани, хувь хүмүүсийг тодруулж шагнал олгодог юм.

Энэ жил тус шагналыг хүртсэн Монголын цор ганц компани болсондоо манай хамт олон тун их баяртай байна. 

Танай байгууллага “TelCo to TechCo” буюу харилцаа холбооны компаниас технологийн компани болох шилжилтийг эхлүүлээд байна. Энэ шилжилтийн зорилго нь юу вэ?

Манай компани яриа, дата, мессэж, ухаалаг утасны борлуулалт зэрэг олон үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг. Гэхдээ Монгол Улсад харилцаа холбооны дэд бүтэц хараахан бүрэн гүйцэд хөгжөөгүй байна. Ялангуяа алслагдмал баг, сумдад сүлжээ хараахан ороогүй. Ийм нөхцөлд бид сүлжээний хамрах хүрээг улам өргөтгөхөөр ажиллаж буй ч нэгэнт бий болгосон дэд бүтэцдээ тулгуурлан илүү ихийг хийж бүтээх боломжтой гэж үзэж байгаа.

Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, хүмүүсийг холбох нь мэдээж гайхалтай үйл хэрэг мөн. Гэхдээ үүнд хязгаарлагдмал тал бий. Тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийн төлөө бид үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх ёстой. Энэ нь TelCo-гоос TechCo болох буюу технологийн компани болохыг хэлж байгаа юм. Тийм учраас бид технологийн үйлчилгээнд хөрөнгө оруулж байна. Жишээлбэл, цахим хэтэвч, бичил зээлийн үйлчилгээ үзүүлдэг “Monpay”, видео стриминг, энтертайнмент үйлчилгээний VOO платформ үйл ажиллагаа явуулж байна. Цаашид хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маягт нийцсэн, инновацыг ойртуулсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тэгэхээр Мобиком бол зөвхөн харилцаа холбооны салбарын компани гэсэн ойлголт өөрчлөгдөнө.
  
Технологийн компани болох энэ санаачилга хэзээнээс эхлэлтэй вэ?

Компани маань цаашид хувьсан өөрчлөгдөх ёстой гэсэн мэдрэмж, бодол удирдлагын багийн олон гишүүнд байсан. Багагүй хугацаанд яригдсан энэ санаа 2024 онд албажиж, удирдлагын багийнхан дунд хугацааны чиглэлээ тодорхойлсноор амьдрал дээр бодитоор хэрэгжиж эхэлсэн юм.

Бид ирэх таван жилд баримтлах стратегийн замын зураглалаа гаргасан. Уг замын зураглалын нэг чухал тулгуур нь TelCo-гоос TechCo болох шилжилт юм. Энэ бол брэндингийн туршилт төдий бус, харин сэтгэлгээний өөрчлөлт. Ажилтнууддаа ч, хэрэглэгчдэдээ ч “Бид харилцаа холбооны салбарт ажиллаж байгаа ч одоо технологийн компани болсон. Тиймээс технологийн компани шиг ажиллаж, сэтгэх ёстой” гэсэн мессежийг өгч байна.

Уг замын зураглалыг танай хамт олон хэрхэн хүлээж авсан бэ?

Бид уг стратегиа өнгөрсөн жил албан ёсоор танилцуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээж ийм чухал шилжилтийг хийхэд хугацаа хэрэгтэй. Удирдлагын гаргаж буй алсын хараа, эсвэл стратеги нь цаасан дээр бууж, бусадтай хуваалцсан цагт л хүчирхэг болж хувирдаг. Бид чухам үүнийг хийж эхлээд байна. Зөвхөн санаа төдий байсан амбицаа бид албан ёсны чиглэл болгон баримтжууллаа.

Өмнө нь бид тоонд тулгуурласан гурван жилийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Харин одоо бид үүн дээрээ урам зориг өгөх, илүү том боломжид хөтлөх эцсийн зорилгыг нэмж өглөө. 2030 онд зорилгодоо хүрэхийн тулд 2025 онд юу хийх ёстой вэ, 2026 онд юу хийх вэ гэх мэтчилэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Бодит шилжилтийг ингэж л эхлүүлэх ёстой гэж бодож байна.
 
Энэхүү стратегийн хүрээнд танай байгууллага ямар өөрчлөлт, шинэ санаачилгуудыг нэвтрүүлж байна вэ? Бодитоор хэрэгжиж буй төслүүд байна уу?
Тэгэлгүй яахав. Уг стратеги нь таван тулгууртай бөгөөд хамгийн чухал нь TelCo-гоос TechCo болох шилжилт юм. Манай компанийн зорилго нь шинэ технологийг Монголын зах зээлд аль болох хурдан нэвтрүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, олон улсад гарч буй инновацыг араас нь хөөх, дагах бус, харин хөл нийлүүлж алхахыг зорих болно. 

Өмнөд Солонгос, Хятад, АНУ зэрэг улс шинэ технологийг анхлан нэвтрүүлж, Монгол тэргүүтэй улс тэдгээр бүтээгдэхүүн, жишээг хараад дуурайхыг хичээдэг. Гэхдээ технологи бол ямар ч улс эн тэнцүү тоглох боломжтой салбар. Мөн дэлхийн хамгийн хөгжингүй зах зээлд үйл ажиллагаа явуулдаг манай хувь эзэмшигч KDDI компанийн туршлага, мэдлэгийн үр шимийг бид хүртэж байна.

Тийм учраас TelCo бус TechCo байгууллага болсноор бид шинэ технологийг аль болох эрт Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжтой болно.

Бидний анхаарч буй өөр нэг гол чиглэл бол хиймэл оюун. Хүн бүр энэ талаар ярьж байгаа ч бодитоор, үр дүнтэй ашигладаг байгууллага, хэрэглэгч цөөхөн. Мэдээж ChatGPT зэрэг түгээмэл хэрэглэгдэг апп бий ч хиймэл оюун үүнээс илүү ихийг хийх боломжтой. Өгөгдөл задлан шинжлэх, урьдчилан таамаглах загварчлал, тэр байтугай маркетингийн зарим ажлыг автоматжуулах зэрэг олон боломж бий.

Манай компани хиймэл оюуныг үйл ажиллагаандаа хэрэглэж эхэлсэн бөгөөд хиймэл оюуны mobiAI туслахыг хөгжүүлж, Мобиком аппликэйшнд нэвтрүүлсэн. Энэ бол хэрэглэгчдэд үнэ цэн өгөх, компанийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн женератив хиймэл оюун юм. Гэхдээ энэ бол дөнгөж эхний алхам. Дэлхий даяар маш олон шинэ технологи гарч ирж буйг маш хурдан судалж, нэвтрүүлж, хэрэгжүүлэхийг бид зорьж байна.

Энэхүү шилжилт Мобикомын хэрэглэгчдэд ямар боломж, үнэ цэн өгөх вэ?

Маш чухал асуулт байна. Бидний гол зорилго бол хэрэглэгчдэд шинэ технологийг биечлэн мэдрүүлэхэд чиглэж байгаа юм. Хэрэглэгч уг бүтээгдэхүүнийг ашиглаад цоо шинэ, өмнө нь төсөөлж байгаагүй үнэ цэн, мэдрэмжийг авч, давуу талыг хүртэх боломжтой. Жишээлбэл, mobiAI нь мэдээлэл хайх, асуулт асуух, агуулга товчлуулах, төлөвлөгөө гаргуулах зэрэг боломжийг Мобиком апп-ын бүх хэрэглэгчид өгч байгаа юм.

Магадгүй жижиг функц мэт санагдаж болох ч ийм технологи нь өдөр тутмын амьдралыг хялбарчлах, бизнесээ урагшлуулахад маш их тус болдгийг хүмүүст ойлгуулах болов уу. Энэхүү функцийг бид апп-даа оруулж өгснөөр хиймэл оюуныг маш хялбараар ашиглах боломж олгохын зэрэгцээ үр шимийг нь хэрхэн хүртэж болох вэ гэдгийг хүмүүст ойлгуулж байгаа гэж бодож байна. Хэрэглэгчдийнхээ сониуч зан, технологитой харилцах сонирхлыг бид хөхиүлэн дэмжиж байгаа гэж болно.

MobiAI-аас гадна Xplore нэртэй функцыг Мобиком саяхан танилцуулсан. Уг бүтээгдэхүүний талаар товч танилцуулна уу. Ямар хэрэглээнд зориулагдсан бэ?

Xplore платформыг бид Сингапурт төвтэй “Circles” компанитай хамтран хөгжүүлж, Монголын зах зээлд оруулж ирээд байна.

Мобиком апп-ыг хүмүүс ихэвчлэн хэрэглээгээ шалгах, төлбөр төлөх, дата худалдаж авах зорилгоор ашиглаж байсан. Гэхдээ энэ бүхэн хангалттай биш. Хэрэглэгчид уг аппыг тогтмол хэрэглээсэй, үнэ цэн олж аваасай гэж бид хүсдэг. Энэ үүднээс Xplore-ийг танилцуулснаар интерактив контентууд, тухайлбал, зурхай, мэдээ, тоглоом зэрэг маш олон функц апп-д маань багтах болсон. 

Хэрэглэгчид эдгээр функцийг онлайн орчноос хаанаас бол хаанаас олж авч болох ч апп-даа оруулж өгснөөр манай хэрэглэгчид илүү баялаг туршлагыг хялбар авах боломжтой болж байгаа юм. Цаашид Xplore нь хэрэглэгч тус бүрийн онцлогт тохирсон контентыг санал болгодог хиймэл оюун суурьтай болж өргөжих юм. Энэ нь Мобикомын үйлчилгээг хааяа ашигладаг хэрэглэгчдийг манай үнэнч фэн болгоход чиглэж байна.

Эдгээр шинэ бүтээгдэхүүн өмнөх үйлчилгээнүүдээс юугаараа ялгаатай вэ.  Технологийн хувьд ямар онцлогтой вэ?

Өмнөх асуултад товч дурдсанчлан, апп ашиглах нь хэрэглэгчийг дэмжих төдий үйл ажиллагаа байсан. Харин харилцаа холбооны компаниас технологийн компани болон өөрчлөгдөж буй энэ цаг үед технологи хүний амьдралыг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг харуулсан туршлагыг Мобиком санал болгож эхэлсэн нь гол ялгаа юм.

Xplore бол харилцаа холбооны уламжлалт хэрэгсэл төдий бус энтертайнмент, мэдээлэл, цоо шинэ дижитал туршлагыг өгөх платформ юм. Хэрэглэгч бүр функц болгоныг ашиглах шаардлагагүй ч тодорхой хэсэг нь манай апп-аас үнэ цэн, үр шимийг мэдрэх юм бол бидний зорилго биелнэ.

Технологийн компани болох зорилгодоо Мобиком хэр ойртож байна гэж та бодож байна вэ. Та бүхэнд ямар сорилтууд тулгарч байна вэ?

Үнэнийг хэлэхэд хийх зүйл маш их байна. Ямартай ч бид эхний алхмаа хийж, технологид тулгуурласан VOO, Monpay зэрэг үйлчилгээг санал болгож эхлээд чамгүй хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ харилцаа холбооны компаниас технологийн компани болж өөрчлөгдөж буй олон улсын тэргүүлэгч компаниуд биднээс их урд явж байна.
Two men sit across from each other in an office, engaged in conversation. One man gestures with his hands while the other listens. A desk with documents, two water bottles, and flags is in the foreground. Жишээлбэл, тэд тухайн хэрэглэгчид зориулсан багц, контент, лояалти хөтөлбөр, тэр бүү хэл амьдралын хэв маягт нь нийцсэн булангуудтай болж, эсвэл жижиглэн худалдааны брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр зөвхөн харилцаа холбооны үйлчилгээнээс хол давсан цоо шинэ экосистем бий болж байгаа юм. Манай компани чухам ийм болох зорилго тавьсан бөгөөд уг аяллаа дөнгөж эхлүүлж байна.

Бид TelCo-гоос TechCo болох стратегиа өнгөрсөн жил гаргасан. Уг стратегийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгахын тулд технологийг хэрхэн ашиглах вэ гэдгийг тодорхойлох явдал юм. Мобикомын санал болгож буй үйлчилгээнд хэрэглэгчид сэтгэл хангалуун байх юм бол худалдаж авна. Энэхүү харилцан ашигтай хамтын хөгжлийг бий болгохын төлөө ажиллаж байна.
 
Уг зорилгодоо хүрэхийн тулд хоёр үндсэн чиглэлд бид төвлөрч ажиллана. Нэгдүгээрт, үйл ажиллагаагаа технологи ашиглан сайжруулах, хоёрдугаарт, технологид тулгуурлан цоо шинэ үйлчилгээг бий болгох. Хэдий бид бүх нарийн деталийг тодорхой болгоогүй байгаа ч уг шилжилтийг амжилттай хийнэ гэдэгтээ итгэл төгс байна. Энэ цаг үед хэрэглэгчдэдээ хүрч үйлчлэх, тэднийг сэтгэл хангалуун байлгах хамгийн үр дүнтэй аргыг олохын тулд бид эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр, туршлагажсаар, улам сайжирсаар байх болно.

Энэхүү шилжилтийг амжилттай хийх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх явцад ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ. Та эдгээр хамтын ажиллагааны ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?

Мэдээж бид бүхнийг ганцаараа хийх боломжгүй. Мобикомд байдаг харилцаа холбооны компанийн хүчтэй ДНХ нь манай бүх зүйлийн үндэс суурь юм. Гэхдээ бид сэтгэлгээ болоод бизнесийн загвараа өөрчилж байгаа нөхцөлд технологийн бусад тоглогчтой хамтран ажиллах ёстой. Жишээлбэл, Xplore-ийг олон улсад туршлагатай Сингапурын компани хөгжүүлсэн. Тус компанийн нөү-хау нь Монголын зах зээлд тус платформыг нийцүүлэн шинэчлэхэд маш их тус болж байна.

Монгол бол хүн ам цөөтэй улс учраас бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэж, бүтээх боломж хомс. Тиймээс бид инновацын эрчээ нэмэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Нөгөө талаар, бид дотоодын авьяаслаг энтрепренер, компаниудтай хамтран ажилласаар буй. Тухайлбал, бид өнгөрсөн жил инновацын нээлттэй уралдаан MobiChallenge-ийг зохион байгуулсан. Манай бизнест тулгарч буй бодит сорилтуудыг шийдвэрлэхийн тулд технологи суурьтай шийдлүүд, жишээлбэл, платформ, программ зэрэг инновацыг санал болгох стартапуудыг бид урьж уг уралдаанд оролцуулсан юм. Үр дүнд нь таван баг шалгарч, бидэнтэй хамтран ажиллаж эхэллээ.

бизнес цэнэг өглөөний уулзалт

MobiChallenge зэрэг санаачилгаар дамжуулж бид дотоодын стартап, мэдээллийн технологийн компаниудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Бидний зорилго бол дотоодын компаниудад илүү их боломж олгох, хамтдаа үнэ цэн бүтээхэд чиглэх болно.

Мобикомын урт хугацааны зорилгоос танилцуулна уу. Жишээлбэл, 10 жилийн дараа ямар компани болно гэж та бодож байна вэ?

Манай компанийн хөгжил дэвшил Монгол Улсын эдийн засгийн хөгжилтэй нягт холбоотой. Манай үндсэн зах зээл бол Монголын хэрэглэгчид, компаниуд юм. Тиймээс улс орны эдийн засаг сайжрах тусам харилцаа холбоо, үүлэн технологи, хиймэл оюун, компанид зориулсан программ хангамж зэрэг мэдээллийн технологи, дижитал үйлчилгээний эрэлт нэмэгдэнэ.

ДНБ-ий хэмжээ өсөж, амьдралын чанар сайжрах тусам дэвшилтэт дижитал дэд бүтцийн эрэлт ч дагаад өсдөг. Чухам энэ орон зайд бид тоглох ёстой юм. Зөвхөн үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх бус Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах замаар Мобиком уг өсөлтийн салшгүй нэг хэсэг болохыг зорьж байна.

Дүгнэж хэлэхэд, бидний зорилго тун энгийн буюу хэрэглэгчдээ сэтгэл хангалуун, аз жаргалтай байлгах. Үүнд хүрэх хамгийн зөв зам бол үйлчилгээгээ Монгол Улсын хөгжил дэвшилтэй нийцүүлэх явдал гэж үзэж байгаа. Хэрэглэгчдэдээ үйлчлэхийн зэрэгцээ улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго, сэтгэлгээгээ бид хэзээ ч алдах ёсгүй.

Та хувь хүнийхээ хувьд энэ өөрчлөлт, шинэчлэлүүдийг хэрхэн хүлээж авч байна вэ?

Үнэнийг хэлэхэд сонирхолтой мөн сорилт ихтэй шилжилтийг хийж байна. Би япон хүн. Энэ бол давуу ч, сул ч тал.

Эерэг талаас нь авч үзвэл Монголд нэвтрүүлэхээр судалж буй технологийн их олон хөгжил дэвшлийг хэдийнэ туршиж, ашиглаж эхэлсэн Япон Улсад ажиллаж, амьдарч байсан нь надад давуу тал болдог. Дижитал трэндүүд хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг харах боломж надад байсан гэсэн үг. Тиймээс тэрхүү туршлага, мэдлэгээ ашиглаж технологийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ, Монгол Улсыг хөгжүүлэхэд тэр бүхэн хэрхэн туслах вэ, магадгүй компанийнхаа дижитал аяллын явцад ямар шийдвэр, алхмаас зайлсхийх ёстой вэ гэдгийг урьдчилан харах боломж надад байгаа гэж бодож байна.

Мэдээж гадаад хүн учраас сул тал ч бас бий. Монголчуудын соёл, харилцааны нарийн утга учир, хүмүүсийн унаган мэдрэмж зэргийг би бүрэн ойлгохгүй байх талтай. Гэхдээ Мобикомын бүх ажилтан компани болон улс орны төлөө чадах бүхнээ хийх хүсэл тэмүүллээр нэгдсэн нь надад маш их урам зориг өгдөг. Ийм нэгдмэл зорилго ямар ч зүйлд маш их давуу талыг авчирч чадна.

Гүйцэтгэх захирлын хувьд миний зорилго бол компанийнхаа чиглэл, зорилгыг тодорхойлж, улмаар замдаа тулгарах сорилтуудыг даван туулахад нь ажилтнууддаа туслах, тэднийг чадавхжуулах явдал юм. Мобикомыг ганцхан хүн удирдаасай гэж би хүсдэггүй. Бид багаар ажиллах ёстой.

A man in a dark suit and tie stands in a modern office space with desks, chairs, computers, and potted plants visible in the background.

Үүнтэй холбоотой асуухад та компаниа ямар арга барилаар удирддаг вэ?

Би микроменежмент хийхгүй байхыг  хичээдэг. Ажилтнууд захирлынхаа хий гэсэн зүйлийг өгсөн зааврын дагуу хийдэг байх нь хэдий амархан боловч бүтээлч байдлыг боомилдог. Харин үүний оронд стратеги, чиглэлийг нь гаргаж өгөөд ажилтнуудаа бие дааж бодох, шийдэл гаргах орон зайг нь өгөхийг зорьдог. Ажилтнуудаа ийм байдлаар хөгжүүлэх нь зүйтэй.

Би ажилтнуудаа даргын, эсвэл хэн нэгний заавар, төлөвлөгөөний дагуу ажиллах бус ажилдаа эзэн байгаасай гэж хүсдэг. Магадгүй энэ бүхэн яв цав зохион байгуулалт, бүтцийг дээдэлдэг боловч тухайн ажилтныг инновац гаргахыг шаарддаг япон соёлд ажиллаж байсантай маань холбоотой болов уу. Тиймээс хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, шинэ санаа төрдөг орчныг бий болгохын тулд хязгаарлалт тогтоолгүй чиглүүлэх, хэт хяналгүйгээр манлайлах, хүмүүсээ чадавхжуулахын хоорондох тэнцвэрийг олох нь миний зорилго юм.

Мобиком бол нэг хүн, нэг соёлоос бүрдсэн компани биш. Манай компани хувь эзэмшигчидтэй, ялгаатай гарал үүсэл, хүмүүжилтэй, сэтгэлгээ адилгүй гээд олон, өөр өөр хүмүүс ажиллаж байна. Миний үүрэг хариуцлага бол компаниа тогтвортой хөгжүүлж, хүчирхэг, нэгдмэл багийг бүрдүүлэх явдал юм.

Миний бодлоор хүчирхэг манлайлагч бол харилцан яриаг хөхиүлэн дэмждэг, зорилгоор удирдаж, хүмүүсээ дэмждэг хүнийг хэлнэ.

Монголд ирсний дараа та шинэ орчин, шинэ компанид хэрхэн дасан зохицов. Та мэдээж олон сорилттой тулгарсан байх. Тэдгээрийг хэрхэн даван туулсан бэ?

Зөвхөн Японд бус гадаад улс орнуудад амьдарч байсан нь миний давуу тал болов уу. Би багадаа Канадад зургаан жил, хожим Бангладешт хоёр жил амьдарсан. Энэхүү туршлага маань намайг улс болгон өөрийн онцлогтой гэдгийг ойлгуулсан.

KDDI компанид ажиллаж байгаад Мобикомд ирсний дараа монгол хүнийг ойлгох, тэд хэрхэн сэтгэдэг, юуг хүндэлж дээдэлдэг, хэрхэн харилцдаг вэ гэдгийг мэдэхийг би зорилгоо болгосон юм. Эхний хоёр сард би голдуу хүмүүсийг сонсоход төвлөрсөн. Мэдээж би шийдвэр гаргах ёстой байсан ч монгол хүмүүсийг, монгол соёлыг ойлгоход гол анхаарлаа хандуулсан гэж болно.

Би маркетинг хариуцсан дэд захирлаас ажлаа эхэлсэн болохоор зах зээлээ, монгол хэрэглэгчид юу хүсдэг, тэдний зан характерыг ойлгох ёстой байлаа. Энэ нь намайг зах зээлээ мэдэрч эхлэхэд их тус болсон гэж боддог. Мөн энэ нь Япон, Монголыг харьцуулна гэсэн үг биш, харин ялгааг нь ойлгож хүндлэх тухай юм. Улс бүр өөрийн гэсэн давуу бөгөөд сул талтай байдаг.

Хэдий би монголоор ярьж чадахгүй ч бизнес, ажил хэргийн орчинд монголчууд англи хэлээр чөлөөтэй ярьдаг нь харилцааны саад тотгорыг багасгаж байлаа. Монголд удах тусам би монгол маягийн удирдлага, манлайллын арга барилтай болж байна. Эцэст нь хэлэхэд, дасан зохицох гэдэг бол харилцан ойлголцол, нэгэн зорилгын төлөө ажиллах тухай юм.

Таны туршлагаас харахад гүйцэтгэх захиралд тулгардаг хамгийн том сорилт юу вэ?

Би зөв шийдвэр гаргаж чадсан уу гэдэг асуулт л хамгийн том сорилт болдог. Манай компани хувь эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлтэй ч өдөр тутмын үйл ажиллагааны хариуцлага надад ирдэг. Миний гаргаж буй шийдвэр болгон компанийг нэг бол зөв, эсвэл буруу чиглэл рүү хөтөлж байгаа. Тиймээс тухайн нөхцөл байдалд тохирсон, аль болох зөв шийдвэр гаргах нь үргэлж сорилт болдог.

Дийлэнх тохиолдолд хангалттай мэдээлэл байхгүй үед хурдан шийдвэр гаргах шаардлага үүсдэг. Ийм тодорхойгүй байдал нь цаг үргэлж “Би сая зөв шийдвэр гаргасан уу?” гэж өөрөөсөө асуухад хүргэх нь бий. “Мобиком Корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох хүртэл надад энэ талын туршлага байгаагүй. Харин цаг хугацааны туршид би илүү өөртөө итгэлтэй шийдвэр гаргадаг болсон. Гэхдээ л заримдаа илүү сайн, эсвэл илүү хурдан шийдвэр гаргаж болох байсан уу гэж бодогддог юм. Ийм дарамтыг зөвхөн гүйцэтгэх захирал л мэдэрдэг.

Гүйцэтгэх захирлын гаргасан шийдвэр бүр компанийг “бүтээж” байдаг. Энэ үүрэг хариуцлага гүйцэтгэх захирлаас ангид байх ямар ч боломжгүй.

Та Монголд долоон жил гаруй ажиллаж байна. Монголын бизнесийн орчны талаар ямар бодолтой явдаг вэ?

Миний бодлоор бизнесийн боломж маш их бий. Мэдээж жижиг зах зээл учраас томрох, өсөх боломжид хязгаар, саад учрах байх. Гэхдээ миний ажигласнаар Монголд огт хөндөгдөөгүй бизнесийн салбар олон байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхай, санхүү, худалдаа, хөдөө аж ахуйн салбарт голлон тулгуурлаж байгаа ч аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг салбарт хөгжих орон зай хангалттай байгаа.

Аялал жуулчлалаар жишээ авъя. Монгол Улсад үзэсгэлэнт байгаль, жуулчдад өгөх өвөрмөц мэдрэмж, туршлага байгаа ч тус салбар хөгжлийн шатандаа л явж байна. Энэ бол бизнесийн боломж. Эсвэл төрөл бүрийн апп байж болно. Netflix саяхнаас Монголд орж ирлээ. Grab шиг тоглогч орж ирэхгүй учраас монгол энтрепренерүүд UB Cab-ийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, олон улсад хэдийнэ ашиглаж байгаа ч Монголд хараахан орж ирээгүй олон бүтээгдэхүүн, үйлчилгээ байгаа нь бас нэг боломж юм. Тийм учраас хэний ч хөл тавиагүй зах зээлд нэвтрэхээр дотоодын олон стартап компани ажиллаж байгаа гэж бодож байна.

Гэхдээ хамгийн том сорилт нь тогтмол мөнгө олдог бизнесийг бүтээх юм. Тухайн үйлчилгээг авахыг хүсэж байгаа ч санхүүгийн боломжгүй хэрэглэгч байж болно. Хүн ам цөөн улсад бизнесээ тогтмол амжилттай эрхлэхийн тулд заавал тодорхой хэмжээний байнгын хэрэглэгчтэй болох ёстой. Энэ шалтгаанаар зарим стартап Казахстан, Узбекистан болон хөрш орнуудын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Энэ бол тун ухаалаг алхам.

Хууль эрхзүйн тухайд ямартай ч харилцаа холбоо, финтекийн салбарт Монгол Улс тун боломжийн орчныг бүрдүүлсэн. Мөн сүүлийн жилүүдэд бизнесийн орчин илүү шударга, тэнцвэртэй болж байгаа нь ажиглагдаж байна.

Тагууд: мобикоммэдээлэл технологийн үйлчилгээтехнологийн салбархарилцаа холбоо

Санал болгох:

Монгол инженерүүдийн бүтээсэн Sonor X систем гэж юу вэ?
Монгол инженерүүдийн бүтээсэн Sonor X систем гэж юу вэ?
A person presents in front of a large screen displaying statistics and graphics. The audience watches from seated rows. The setting appears to be a conference or seminar.
IT-гийн хүний нөөцийг хөгжүүлэх код-Pinebaatars
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00