BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Чанарын цэцэрлэгч

ЕДЕН ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Хүрэлбаатар

Чанарын цэцэрлэгч

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-05-26
  Амжилтын эзэн, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Түүний үүсгэн байгуулсан бизнесийн үйл хэрэг жимсний мод адил чимээгүйхэн хэр нээ тууштай, итгэлтэй ургасаар, үр жимсээ ард түмэндээ харамгүй өгсөөр байна.

Жимс, жимсгэнэ бол олон төрлийн амин дэм, биологийн идэвхт бодис агуулдаг, хүн амын физиологийн хэрэгцээг хангадаг, эрүүл мэнд, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнд зайлшгүй ордог нэн чухал таримал. Тэгвэл 2022 оны тоогоор монголчууд жимс, жимсгэнийн дөнгөж таван хувийг дотооддоо ургуулж, 95 хувийг импортоор авчээ. Импортолдог жимсний тал хувийг алим, лийр, тоор, чавга зэрэг үрт болон яст жимс, мөн жүржийн төрөл, усан үзэм эзэлдэг.

Тариалалт, ургац гэвэл 2024 оны жилийн эцсийн тоог авч үзвэл 3176 га талбайд жимс, жимсгэнэ тариалж 2022 тонн ургац авсан нь хүн амын физиологийн хэрэгцээт жимсний ердөө 1.5 орчим хувийг л дотооддоо тариалжээ. Нийт талбайн 88 хувийг чацаргана (2810 га), 5.8 хувийг үхрийн нүд (184 га), үлдсэнийг алим, чавга, бөөрөлзгөнө зэрэг жимс эзэлдэг. Бусад яст, үрт зэрэг том жимс, жимсгэнийн эзлэх хувь туйлын бага байдаг нь нэгдүгээрт манай орны эрс тэс уур амьсгал, хоёрдугаарт, жимс, жимсгэнийн аж ахуйн хөгжлийн түвшинтэй холбоотой. Жимс, жимсгэнийн салбарыг хөгжүүлэх нь яг л жимсний мод арчлахтай адил бөгөөд олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөрөнгө санхүүжилт, туршлага, ур чадвар, төрийн тууштай бодлого, дэмжлэг хэрэгтэй байдаг.

Энэ дундаас жимс, жимсгэнийн аж ахуй болон боловсруулах үйлдвэрүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл энэ нийтлэлээр тус салбарын хөгжлийн модыг  тордож, ургуулан 20 жилийн түүхээ бүтээж байгаа нэгэн компанийн талаар өгүүлэхийг зорилоо.

Хөгжлийн цэцэрлэгийг усалсан 20 жил

Ц.Хүрэлбаатар хүүхэд байхдаа геологич болно гэж боддог байсан ч хими, технологийн мэргэжлээр сурч, хүнсний салбартай хувь заяагаа холбожээ. Их сургуулиа төгссөний дараа нэг хэсэгтээ худалдааны компанид ажиллаж борлуулалтын арга ухаанд суралцсан байна.

Анх өөрийн бизнесийг эхлэхэд хуримтлал байсангүй. Хуулийн дагуу дансандаа нэг сая төгрөг байршуулахын тулд түүнийгээ хүнээс зээлж дараа нь төлж байв. Гэхдээ тэрхүү сая төгрөг компанийнх нь хөгжлийн үр жимс нь болж, өнөөдөр олон тэрбумын борлуулалт хийдэг, нийтдээ 150 орчим ажилтантай ЕДЕН компанийг бий болгожээ.

Гэвч тэр өөрийн бизнесийг 2000-аад оны эхэнд жимсний чанамлаар биш, зөгийн балаар эхэлж байв. Тэр үед импортын хиймэл зөгийн балыг цэвэр хэмээн хэрэглэгчдийг хуурч лангуун дээр зарах тохиолдол их байв. Ц.Хүрэлбаатар үүнийг хараад энэ бизнест ёс зүй дутагдаж буйд сэтгэл эмзэглэж, Польш, Австрийн стандартын жишгээр хиймэл зөгийн бал үйлдвэрлэх болсон байна. Тэрээр түрээсийн байранд гурван ажилтантайгаар үйл ажиллагаа эхэлжээ. Удалгүй Зөгийн холбооныхонтой холбогдож, зөгийн бал үйлдвэрлэгч өрхийн бизнес эрхлэгчидтэй  танилцсаны дараа цэвэр зөгийн бал үйлдвэрлэх болж, тэр нь зөгийн жижиг аж ахуйнуудад томоохон дэмжлэг болж байв.

Энэ компани 20 жилийн хугацаанд хүчтэй алсын хараа, үнэт зүйлс, чанартай бүтээгдэхүүн, чадварлаг менежмент, хэрэглэгч, ажилтан, хамтрагчдаа дээдэлсэн бодлогын хүчинд органикаар тэлсээр “эрийн цээнд” хүрээд байна.

Дараа нь чанамал үйлдвэрлэж эхэлсэн түүх нь мөн л хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоос үүдэлтэй. Учир нь тухайн үед монгол жимсний чанамал амттай ч урсамтгай, шингэн, цөөн тоогоор нийлүүлэгддэг хэрнээ үнэтэй гэсэн гомдлыг худалдагчид хэлдэг байлаа. Ц.Хүрэлбаатар энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар бодож байхад үйлдвэрийнх нь нэгэн ажилтан “Чанамал хийвэл яасан юм бэ” гэсэн санаа гаргаснаар түүний санаа шулууджээ. Ийнхүү чанарын шаардлагад нийцсэн жимсний чанамал үйлдвэрлэх “ЕДЕН”-ий аялал эхэлж, эдүгээ хүмүүсийн сайн мэдэх “Амтлаг” брэнд мэндэлжээ.

Ц.Хүрэлбаатарын бизнесийн эхлэл бэрхшээл, саадаар дүүрэн байв. Тэрээр тавхан ажилтантай, эргэлтийн хөрөнгийн дутагдалтай учраас намар жимс хураах цагаар түүхий эдээ татан авахын тулд хамаатнуудынхаа байшинг барьцаалж зээл авах шаардлага ч гардаг байв. Заримдаа зээл авч чадалгүй, ченж нараас өндөр үнээр авахаас аргагүй байдалд орж байснаа тэр ярьж байлаа.

Өөрийн гэсэн үйлдвэрийн байргүй хэмээн мэргэжлийн хяналтаас үйлдвэрийг нь хаана, завсарлаж байгаад дахиад үйлдвэрээ нээнэ, тэгж байтал шугам хоолой эвдэрснээс дахиад л үйлдвэрээ түр зогсооход хүрнэ гэх мэтчилэн шантрахад хангалттай үе цөөнгүй байж.

Jars of jam with red lids move along a conveyor belt in a factory setting. The labels feature text in Cyrillic and display images of berries. The scene suggests an automated food production process.

“Амтлаг” брэндийг бүтээж байх тэр үед өнөөдрийнх шиг бүтээгдэхүүн хөгжүүлэх бэлэн технологи, аргачлал, мэргэжилтнүүд, франчайзийн системүүд байгаагүй учраас Ц.Хүрэлбаатар шинэ бүтээгдэхүүний туршилтыг гэртээ л хийдэг байлаа. Урсдаггүй, өтгөн бүтэцтэй байгалийн жимсний чанамал гаргаж авахын тулд Герман, Польшийн технологиудыг судалсны үр дүнд алимын хальснаас гаргаж авдаг пектин гэх бодисоор жимсний чанамлыг өтгөн болгох боломжтойг олж мэджээ. Ийнхүү 2007 онд барууны орнуудын жишигт нийцсэн “Амтлаг” чанамлыг 2007 онд зах зээлд нийлүүлж байжээ.

Нэг ёсондоо, түүний бизнес эрхэлсэн түүх, ялангуяа эхний 10-аад жил бол алдах, алдаанаасаа суралцаж туршлагажин нөү хау хуримтлуулсан замнал байв. Нэг удаагийн савлагаатай чанамал хийх зорилгоор нэг сая ширхэг сав захиалсан ч чанар муутай тоног төхөөрөмж сонгосноос болоод төсөл бүтэлгүйтэж байсан удаа бий. Уг нь 250 мянган ам.долларын үнэтэй солонгос тоног, төхөөрөмж байсан ч түүнийг авах мөнгө хараахан байгаагүй аж.A man with short black hair wearing a white collared shirt is speaking or engaged in conversation, with a neutral indoor background.

“Хүн хэцүү гэж бодоод халгаад байвал тэр зүйл хэцүү л байна, та дараагийн түвшинд гарч хөгжиж чадахгүй. Бэрхшээл ихэнхдээ хүний дотроос бий болдог” хэмээн тэр хэлж байлаа. Ээлжит асуудал тулгараад байсан үед нэг найз нь түүнд “Хүрэлээ, чи өндөр уул руу авирч байгаа, чи замынхаа гуравны хоёрыг туулчхаад байна. Гэхдээ уулын орой ойрхон ч харагдахгүй байгаа учраас чамд хэцүү санагдаж байгаа юм” гэж хэлж байв.

Бизнесмэн хүний хувьд ирээдүйд өөрөө жимс тарьж бизнес хийх биш, харин энэ салбарт загвар аж ахуйн хэлбэрээр тариалан эрхлэгчдийнхээ бизнесийг хөгжүүлэх, орчин үеийн механикжсан, үр ашигтай аж ахуй бий болгох мөрөөдөл тээж явдаг.

Ц.Хүрэлбаатар нэгэн удаа хагас жил орчим компанийн удирдлага, үйлдвэр болон борлуулалт хариуцсан захирал гээд гурван хүний ажлыг зэрэг хийж байсан бөгөөд ийм өндөр ачаалалтай ажиллах боломжтойг өмнө нь төсөөлж байсангүй. Дараа нь тэдгээр ажлуудаа өөр хүмүүст хариуцуулж өгсөн ч хүн заримдаа өөрийгөө бэрхшээлээр, ачааллаар сорьж үзэхийн чухлыг сайн ойлгосон байна. Тиймдээ ч өнөөдөр ажилтнууддаа тохирсон ажлыг нь өгч, тохирсон сорилт өгч хөгжүүлэхийг зорьдог.

Нөгөө талаар, Ц.Хүрэлбаатарын түүх бол бизнес гэдэг зөвхөн мөнгө биш, харин үнэ цэн бүтээх үйл явц бөгөөд тэр замыг ихэнхдээ мөнгөний гачигдалтай туулах хэрэгтэй болдгийн тод жишээ юм. “Заавал мөнгөтэй байж бизнес хийдэггүй. Хамгийн гол нь чиний алсын хараа, зорилготой хэр хүчтэй вэ гэдэг чухал” гэж тэр онцоллоо. Анхнаасаа ЕДЕН компани байгалийн цэвэр жимс, жимсгэнийг боловсруулж импортын бүтээгдэхүүнийг орлохуйц хямд, чанартай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх зорилготой байсан нь энэ бизнесийг тогтвортой тэлэхэд мөнгөнөөс ч илүү том хөшүүрэг болж иржээ.

Харин мөнгөний тал дээр гэвэл Ц.Хүрэлбаатар олсон бүхнээ эргүүлээд бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрээ тэлэх, ажилтнуудаа сургах, ажлын тухтай орчин бүрдүүлэхэд зарцуулдаг байв. Тэрээр үнэтэй машин, хурдан морь авъя гэж бодож байсангүй. Ц.Хүрэлбаатар компаниа байгуулснаас 19 жилийн дараа буюу 2024 онд л анх удаа шинэ жип машин авчээ. Өдий хүртэл үнэтэй машин авах шаардлага ч байхгүй гэж үздэг байсан бөгөөд машин авч болох мөнгөөрөө нэг ч байтугай тоног төхөөрөмж авахыг хичээдэг байлаа.

Зүйрлэвэл, мөнгө санхүү нь түүний бизнесийн гадаад нөөц болж байсан бол үүсгэн байгуулагчийн алсын хараа, үнэт зүйлс, байгууллагын соёл, мөн итгэлцэл зэрэг нь дундаршгүй дотоод нөөц нь болж байлаа. Ялангуяа, компани тэлэхэд бизнесийн оролцогч талуудын хоорондох итгэлцэл ямар чухал гэдгийг Ц.Хүрэлбаатар томоохон хөрөнгө оруулалт авч, үйлдвэрээ өргөтгөхдөө мэдэрчээ. Тодруулбал, ЕДЕН компани нэлээдгүй хугацаанд бараг цехийн хэмжээний жижигхэн үйлдвэртэй байсан бөгөөд банкны зээл авч үйлдвэрээ томруулахад барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй байв. Ийм нөхцөлд Канадын хөрөнгө оруулалттай IBEX хэмээх олон улсын байгууллага ямар нэгэн барьцаа шаардахгүйгээр том зээл олгосноор үхрийн нүд, чацаргана, аньс, нэрс жимсийг боловсруулах иж бүрэн автомат шугамтай, 2700 м.кв талбайг эзлэх шинэ үйлдвэрийг нээж байлаа.

“Хэдийгээр өмнө нь тэр байгууллагаас жижиг зээлүүд аваад төлж байсан ч үйлдвэр барих хэмжээний зээл авахад төлж чадахгүй бол яана аа гэсэн айдастай байсан. Гэхдээ гаднын байгууллага Монголын нэг жижиг компанид ямар ч барьцаагүйгээр зээл олгох шийдвэр гаргасан нь манай бизнесийг ирээдүйд өсөн тэлэх боломжтой гэдэгт итгэсэн хэрэг” гэж тэр хэлэв. Улмаар өсөн тэлэх хүлээлт ч биелж, ЕДЕН компани тэрхүү зээлийг таван жилийн хугацаанд эргүүлэн төлжээ. Түүгээр зогсохгүй 2023 онд Засгийн газрын шугамаар дараагийн том хөрөнгө оруулалтаа авч, дахин нэг шинэ үйлдвэр, 650 тонн жимс хөлдөөж хадгалах зориулалттай бүрэн автомат агуулах, компанийн хэмжээнд 1100 орчим тонн жимс хадгалах бүрэн хөлдөөгчтэй агуулах, мөн оффисын барилгыг ашиглалтад оруулснаас гадна шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулж байна.

Ийнхүү үйлдвэрээ тэлэх зуур үйлдвэрлэлийн менежментээ тасралтгүй сайжруулж, 2019 онд Чанарын удирдлагын тогтолцоо 9001-2015 стандарт нэвтрүүлж, харин 2020 онд Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжсэн төслийн хүрээнд гурван компани шалгарсны нэг нь ЕДЕН ХХК байж, Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000:2018 стандарт нэвтрүүлжээ.

бизнес цэнэг өглөөний уулзалт

Ийнхүү тус компани 20 жилийн хугацаанд хүчтэй алсын хараа, үнэт зүйлс, чанартай бүтээгдэхүүн, чадварлаг менежмент, хэрэглэгч, ажилтан, хамтрагчдаа дээдэлсэн бодлогын хүчинд органикаар тэлсээр “эрийн цээнд” хүрээд байна.

A man in a white shirt smiles while standing next to a table displaying various colorful food and drink products in a modern office setting.
Жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ бүтэн жилийн турш тасралтгүй хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг бол маш аз жаргалтай ажил

ЕДЕН-ий цэцэрлэгт ургадаг жимснүүд

ЕДЕН компани “Амтлаг” брэндийг танилцуулснаас хойш бүтээгдэхүүнийхээ төрөл, савлагааг олшруулсаар эдүгээ гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээнд нийцүүлэн, нөхөн сэргээгдэх түүхий эд гэгддэг байгалийн зэрлэг жимс болон таримал жимсээр 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногт 50-60 мянган ширхгээр үйлдвэрлэж байна. Өнгөрсөн хугацаанд тус компани “Амтлаг” болон “Edber” гэсэн чанамлын, “ЕДЕН” жимсний өтгөрүүлсэн шүүсний, “BabyGoody” хүүхдийн нухашны, “Жигмид Тогмид” повидлоны брэндүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна.

Эдгээрээс жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс бол ЕДЕН компанийн зах зээлд танигдсан уламжлалт бүтээгдэхүүн. Цаашдаа чанамлын чиглэлээр дотооддоо тэргүүлж, экспортын зах зээлд гарах зорилготой ажиллаж байгаа.

Харин сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжүүлж буй хоёр төрлийн бүтээгдэхүүн нь повидло болон хүүхдийн нухаш юм. Гүзээлзгэнэ, чангаанзаар повидло үйлдвэрлэж эхэлсэн нь импортыг орлох компанийн том зорилготой холбоотой. Ц.Хүрэлбаатар орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй уулзаж явахдаа орон нутагт хуванцар савтай импортын повидлог өргөн хэрэглэж байхыг хараад дотооддоо үйлдвэрлэх санаа төрж, “Жигмид, Тогмид” нэртэй бүтээгдэхүүнийг төрөл бүрийн хэрэглээнд зориулж, олон янзын савлагаатай гаргажээ. Брэндийн нэрийг өгөхдөө 1957 онд зохиогдсон “Жигмид, Тогмид хоёр”  дууны зохиогчоос оюуны өмч ашиглах эрх авч гэрээ байгуулсан байна.

 

1 of 3
- +
A person wearing a blue lab coat and cap stands in front of stacked jars and smiles while holding up a jar labeled "VEGGIPAN," displaying it to the camera.
Four factory workers, three women and one man, stand by a conveyor belt with glass bottles in a modern production facility. The workers wear red uniforms and the man wears a blue hair net; all are smiling at the camera.
A factory worker in blue uniform and cap operates food packaging machinery, surrounded by rolls of printed packaging film. He wears a face shield, gloves, and a white apron inside a clean, industrial facility.

Хүүхдийн нухаш гэвэл бид төрөл бүрийн жимсний орцтой бүтээгдэхүүнийг ОХУ, Европоос авч хэрэглэдэг. Харин ЕДЕН компани “BabyGoody” нухшийг гаргасан нь хүнсний найдвартай байдал талаасаа том давуу талыг бий болгожээ. Учир нь, дэлхий дахинд хадгалалт, тээвэрлэлтийн хугацаа ороогүй хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн чанартай гэж үздэг. Тэгвэл ЕДЕН-ий үйлдвэрлэдэг нухаш нь импортын нухаштай харьцуулахад хадгалалтын хугацаа ороогүй, өнөөдөр үйлдвэрлээд, маргааш дэлгүүрт тавиад, нөгөөдөр нь хэрэглэгчийн гарт очдог. Харин импортын бүтээгдэхүүн 2-3 сарын дараа хэрэглэгчид хүрдэг.

Энэ компанийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх шийдвэр нь үргэлж хэрэглэгчийн хэрэгцээ, сэтгэл ханамж дээр дөрөөлдөг. Жишээ нь, импортын чанамал 50-60 хувьдаа сахарын агууламжтай байдаг бол тэд 38 хувийн сахартай үйлдвэрлэдэг. Цаашдаа чихрийн шижингийн өвчлөлтэй хүмүүст зориулаад сахаргүй бүтээгдэхүүн хийх төлөвлөгөө ч бий. Мөн технологи нь төвөгтэй ч гэсэн бүхэл жимсийг бүтээгдэхүүндээ байлгадагт хэрэглэгчид дуртай байдгийг Ц.Хүрэлбаатар ярьж байлаа.

Орчин үеийн хэрэглээнд нийцүүлж нэвтрүүлсэн өөр нэгэн шийдэл бол дэлхий дахинд, ялангуяа Азийн орнуудад дэлгэрч буй поуч савлагааны технологи юм. Мөнгөлөг цаасан уутанд савладаг поуч савлагааны технологи нь шилэн савтай харьцуулахад өртөг багатай, хуванцар савтай харьцуулахад илүү эрүүл гэдгээрээ давуу, мөн авч явахад эвтэйхэн хэрэглээг бий болгодог. ЕДЕН компани поуч савлагааг бүтээгдэхүүндээ ашиглахдаа таглаан дээр нь өвөрмөц шийдэл нэмжээ. Тухайлбал, хүүхдүүд хэрэглэсэн нухашныхаа таглааг цуглуулаад тоглоом эвлүүлж болно. Энэ нь дэлгэцийн хэрэглээ ихэссэн өнөөгийн нөхцөлд хүүхдүүд хүнсний бүтээгдэхүүний тагаар оюуны бүтээл хийгээсэй гэсэн зорилготой бөгөөд үүгээрээ Монголдоо анхдагч болсон байна.

Түүхийн эдийн тухайд ЕДЕН компани бүтээгдэхүүндээ чацаргана, үхрийн нүд, нэрс, аньс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, лууван гэсэн үндсэн түүхий эд ашигладаг. Ингэхдээ байгалийн зэрлэг болон таримал жимс, лууванг Увс, Хөвсгөл, Булган, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 100 гаруй сумын тариаланчдаас татан авдаг. Үйлдвэрлэл эхэлж байхад жилд 20 тонн орчим жимс татан авдаг байсан бол өнөөдөр 1000 гаруй тонн жимс худалдан авдаг болж түүхий эдийн сүлжээ өргөжөөд байгаа.

Монгол жимс, жимсгэнүүд нь тариалах талбай, ургацын хэмжээ хангалттай биш хэдий ч  бусад орныхтой харьцуулахад амин дэмийн үзүүлэлт өндөр байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг. Мөн Монголын хөрсөнд ургасан таримал болон зэрлэг жимснүүд бусад орныхтой харьцуулахад  антиоксидант өндрөөс гадна амтны хувьд тэс өөр. Ялангуяа антиоксидант өндөр байгаа нь хүний бие организмд амин чухал. Энгийн үгээр, антиоксидантууд нь эсийг хамгаалах замаар зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, хорт хавдар болон бусад өвчлөлийн магадлалыг багасгадаг. “Тиймээс жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ бүтэн жилийн турш тасралтгүй хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг бол маш аз жаргалтай ажил” гэж Ц.Хүрэлбаатар онцолж хэллээ.

A man in a white lab coat holding a jar of food speaks to another person in a lab coat and blue hairnet inside a food processing facility. Industrial equipment is visible in the background.
Заавал мөнгөтэй байж бизнес хийдэггүй. Хамгийн гол нь чиний алсын хараа, зорилготой хэр хүчтэй вэ гэдэг чухал.

Жимс боловсруулахаас гадна ноднингоос нэгэн шинэ бүтээгдэхүүнийг туршилтаар зах зээлд нийлүүлсэн нь Vota ус юм. Энэ нь цэвэршүүлсний дараа байгалийн хужраар хүчил, шүлтийг нь тэнцвэржүүлэн зөөлрүүлж, нэг ёсондоо эргээгээд байгалийн шинжтэй болгосноор булгийн устай төстэй амтагддаг ус юм. Хэрэглэгчид сайхан зөөлөн ус байна гэж үнэлсэн учраас энэ жилээс үйлдвэрлэл, борлуулалтаа нэмж, шинэ агуулах барьж байна.

ЕДЕН компаниас суралцах ёстой өөр нэг зүйл бол тогтвортой үйлдвэрлэлийн бодлого юм. Тэд түүхий эд бэлтгэхээс эхлээд байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, жимсийг зөвхөн болц нь гүйцсэн үед түүхийг зөвлөж, үүний тулд тухайн орон нутгийн байгаль хамгаалагчидтай хамтран ажилладаг байна.

Үйлдвэрлэлийн шатанд мөн ус, хог, эрчим хүч хэмнэх шийдлүүд бий. Тодруулбал, өдөрт 10 литрийн савлагаатай 2000 ширхэг ус үйлдвэрлэхэд 20 тонн цэвэршүүлсэн ус хэрэгтэй бөгөөд энэ усыг савлахад 10 тонн ус хаягддаг. Харин тус үйлдвэрт энэ усыг хаялгүй тусгай нөөцийн саванд хадгалж, бусад дамжлагыг цэвэрлэх болон оффисын ахуйн зориулалтаар ашиглаж байна. Мөн дамжлагуудын шугам хоолойг цэвэрлэхдээ хатуу усаар биш, харин зөөлрүүлсэн ус хэрэглэдэг нь тэдгээр хоолой, тоног төхөөрөмжийн зэврэлийг бууруулж, эдэлгээг уртасгахаас гадна бүтээгдэхүүний амт чанарт хүртэл нөлөөлдөг байна.

Түүнчлэн хогийг ангилан ялгаж, цаас, гялгар уут, чацарганын үр, хальс зэрэг хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт өгснөөр энгийн хог хаягдлын хэмжээ буурчээ. Харин үүнээс бий болсон орлогыг ажилчдыг идэвхжүүлэхэд зарцуулдаг. Товчхондоо, ЕДЕН компани ирээдүйд эко шошго авч, салбартаа ногоон манлайлал үзүүлэх зорилготой.

Ирээдүйн цэцэрлэг ямар байх вэ?

Нэгэн төрийн албан хаагч 20 орчим тонн нийлүүлээд 100 гаруй сая төгрөгийн орлого олсон тухай Ц.Хүрэлбаатар сонирхуулав. Ер нь орон нутгийн нийлүүлэгчдээс орлогын түвшин сайжирлаа гэсэн талархлын үг, жимс нийлүүлэх хүсэлтийг тогтмол хүлээж авдаг. “Ирээдүйд ийм аж ахуй эрхлэгчид улам олон болоосой гэж хүсдэг. Яагаад гэвэл манай компанийн төдийгүй энэ салбарын цаашид оршин тогтнох үндэс бол бэлтгэн нийлүүлэгчид” гэж тэр хэлэв.

Чацарганын тухайд хэдийнээ Монголын гэж бардам хэлж болохоор өвөрмөц түүхий эд болж, тариаланчид тариалж чаддаг болсон. Харин одоо үхрийн нүд, нэрс, бөөрөлзгөнө, чавга, алимын тариалалтыг нэмэх шаардлагатай байгаа. Монгол Улсад нийтдээ жимс, жимсгэнэ, тэр дундаа чацаргана 102700 гаруй тонн, үхрийн нүд 61700 тонн, бусад төрлийн жимс, жимсгэнэ 51390 орчим тонн, нийлбэр дүнгээр 215800 гаруй тонн ургац авах хэрэгцээ байдаг, түүнчлэн Монголын баруун бүсэд алимын 13 сорт, чавганы 5 сорт нутагшуулах боломжтой гэсэн тооцоо судалгааг ч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Скала” төслийн хүрээнд хийсэн байдаг ажээ.

Six people in business attire stand in a row against a plain light gray background, smiling at the camera. The group includes three men in suits and three women in professional outfits.

ЕДЕН компани ч цаашид түүхий эдийн нэр төрлийг олшруулах бодлого бий. Жишээ нь, Ховдын давжаа алимыг бүтээгдэхүүний орцод ашигладаг нь тун гоё амтыг бий болгодог. Бас Германд бөөрөлзгөнө болон гишүүнэ хосолсон өвөрмөц чанамал хийснийг Монголд ч бас үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Цаашдаа гаднын жимс, жимсгэнийн төрөл бүрийн сортууд, тэр дундаа Канадад ургадаг, хүйтэнд тэсвэртэй алимын модыг авчирч ургуулж яагаад болохгүй гэсэн бодол ч Ц.Хүрэлбаатарт бий. Өөрөө тарихгүй ч ядаж Монголын аж ахуй эрхлэгчид Канадын талтай хамтран ажиллах гүүр нь болох хүсэл байгаа.

Энэ мэтчилэн, боловсруулсан жимсний дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хүнсний хангамж, аюулгүй байдлын чухал асуудал. Цар тахлын нөхцөлд хүмүүс үүний ач холбогдлыг илүү тодорхой ойлгож авсан. “Хүнсний салбарт бидэнд хийх ажил маш их бий. Гэхдээ төр засаг хийнэ гэж хүлээх хэрэггүй. Төр бодлогоо гаргаад, бизнес нь бүтээгээд, манлайлаад явах учиртай” хэмээн Ц.Хүрэлбаатар ярив.

Rows of identical canned goods with orange, white, and green labels move along an automated conveyor belt in a food processing or packaging facility.

Тэрээр Европын орнуудаар явж байхдаа томоохон боловсруулах үйлдвэрүүдээ дагаад жимс, жимсгэнийн аж ахуйн кластер хөгжсөн жишээг нэг бус удаа харж байжээ. Тиймээс монголчууд өөрсдөө олон төрлийн жимс, жимсгэнэ тарьж ургуулдаг, хэрэглэдэг байгаасай гэж боддог. Бизнесмэн хүний хувьд ирээдүйд өөрөө жимс тарьж бизнес хийх биш, харин энэ салбарт загвар аж ахуйн хэлбэрээр тариалан эрхлэгчдийнхээ бизнесийг хөгжүүлэх, орчин үеийн механикжсан, үр ашигтай аж ахуй бий болгох мөрөөдөл тээж явдаг.

Энэ мөрөөдөлдөө алхам алхмаар ойртоход туслах мэргэжлийн баг түүнд хэдийнээ бий болсон. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэр өөрөөс нь илүү ур чадвартай баг бүрдүүлэхийг хичээсний үр дүнд тэр нь компанийн өсөлтийн гол хөшүүрэг болж байна. Захирал хүний хувиар юун түрүүнд хохиролтой байсан ч амласандаа, хийсэндээ хүрэх ёстой гэж үздэг. Түүнчлэн ажилтан алдаа гаргахад цааш түлхэхгүй, харин ч алдах, алдаанаасаа суралцаж өсөн дэвжих орон зайг нь өгөхийг зорьдог. Компанийн энэхүү соёлын нөлөөгөөр зарим хүн ажлаасаа гараад хэсэг хугацааны дараа эргээд ирэх тохиолдол ч цөөнгүй.

Ц.Хүрэлбаатар бол бусад захиралтай харьцуулахад хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бараг харагддаггүй хүн. Энэ тухай түүнээс асуухад “Өөрийгөө сурталчлах завгүй, ажлаа хийгээд явж байтал нэг мэдэхэд 20 жил болчихжээ” гэж хэлсэн нь сэтгүүлч миний санаанд тод үлдсэн юм. Үнэхээр л түүний үүсгэн байгуулсан бизнесийн үйл хэрэг жимсний мод адил чимээгүйхэн хэр нээ тууштай, итгэлтэй ургасаар, үр жимсээ ард түмэндээ харамгүй өгсөөр байна.

Тагууд: амжилтын эзэнүндэсний баялагүндэсний үйлдвэрлэгчхүнсний үйлдвэрлэл

Санал болгох:

Харшилтай хүмүүс ванны бөмбөлгийг яагаад хэрэглэх ёстой вэ?
Харшилтай хүмүүс ванны бөмбөлгийг яагаад хэрэглэх ёстой вэ?
Траст трейд: Итгэлт хүнсийг таны ширээнд
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00