Эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилготой JCI байгууллагаас зохион байгуулдаг нэгэн томоохон арга хэмжээ зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Тодруулбал, JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганд (2025 JCI ASPAC) оролцохоор Монгол Улсад дэлхийн 60 гаруй орны 5000 орчим залуучууд хүрэлцэн ирнэ. Тус арга хэмжээний талаар JCI Mongolia байгууллагын 2025 оны Үндэсний Ерөнхийлөгч Ч.Мөнхбаттай ярилцлаа.

JCI байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн чуулган Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ удаагийн чуулганы талаарх ерөнхий мэдээллийг манай уншигчдад өгнө үү?
JCI бол 1915 онд АНУ-д байгуулагдсан, 120 гаруй улсын 160 мянга гаруй залуучуудыг нэгтгэдэг олон улсын залуучуудын байгууллага юм. Харин JCI Mongolia байгууллага 33 жилийн өмнө байгуулагдсан.
JCI байгууллагын дөрвөн бүс нутгийн чуулган жил бүр болдог бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт нийт идэвхтэй гишүүдийн 70-аас дээш хувь ногдож байна. Тийм учраас манай бүс нутаг нь JCI байгууллагын хамгийн чухал стратегийн төв болж хувирсан. Тус бүс нутагт 22 улс гишүүнчлэлтэйгээс 30 гаруй мянган гишүүнтэй Япон, Энэтхэг улс дээгүүр байрт ордог. Бүсийн лидерүүдийг сонгох, залуу манлайлагчдыг нэгтгэж харилцаа холбоог эхлүүлэх, сургалт хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийн боломж олгох хамгийн чухал арга хэмжээ нь 1946 оноос зохион байгуулагдсан ASPAC юм.
Залуучуудын эерэг манлайлал, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх, идэвхтэй залуу иргэнийг бүтээх зорилготой тус чуулган 2017 онд Монгол Улсад болж, 3500 орчим гишүүн оролцсон бол энэ жил 5000 гаруй гишүүн оролцох гэж байна. Хэдий Ази, Номхон далайн бүсийн чуулган боловч бусад тивийн оролцогчид мөн ирдэг.
Томоохон хэмжээний, нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулах эрхийг авах нь нэг талаас нэр төрийн хэрэг, нөгөө талаас маш том хариуцлага. Арга хэмжээний бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
JCI ASPAC 2025 чуулганыг зохион байгуулах эрхийг Монгол Улс 2023 оны зургаадугаар сард Индонезийн Жакарта хотод болсон ASPAC чуулганы үеэр авсан. Тухайн үед уг эрхийг авахын төлөө явж байсан баг одоо чуулганыг зохион байгуулах баг болоод ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зохион байгуулах баг маань нийт хоёр жилийн хугацаанд ажиллаж байгаа гэж ойлгож болно. Одоогоор 150-200 хүнтэй баг байгаа бол арга хэмжээний үеэр сайн дурын ажилтнууд нэмэгдээд 400-500 залуучууд оролцоно. Мөн JCI Mongolia-ийн 17 салбар байгууллагын 1500 гаруй залуучууд ажлаа хуваарилж аваад ажиллаж эхэлсэн.
Манай улсад ийм олон зочин оролцсон арга хэмжээ анх удаа болж байгаа учраас бид бүхий л нөөц бололцоогоо дайчилж, хувийн хэвшлийг оролцуулан өдөр шөнөгүй ажиллаж байна. Чуулганы оролцогчдыг тав хоногийн турш тав тухтай, ямар нэг аюул ослоос хол байлгах нь маш том сорилт. Олон ялгаатай соёлыг тээж байгаа орон орны 5000 орчим зочныг эрсдэлгүй, сэтгэл тайван байлгахын тулд маш их хичээж байгаа.
Монгол Улсад төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагт ASPAC 2025 ямар ач холбогдолтой вэ?
Энэ удаагийн чуулган “Дижиталчлалын тусламжтайгаар бизнесийн боломжуудыг өөрчлөх ногоон чуулган” сэдвийн доор явагдана. Энэ хүрээнд чуулганы мэдээлэл, бүртгэл, аюулгүй байдал, худалдан авалт, унаа болон төлбөрийн зохицуулалтыг ASPAC-т зориулсан аппликейшнээр ихээхэн хялбарчлан шийдэж байна. Мөн “Тогтвортой эвент менежмент”-ийн шилдэг практикийг Монголд нутагшуулахаар энэ чиглэлээр багагүй туршлагатай “Observe Consulting” компанитай хамтран ажиллаж байна. Чуулганы үеэр цаас болон бусад хэвлэлийн ашиглалтыг багасгаж аль болох дижитал хэрэгсэл ашиглах, хоол ба бусад эд зүйлсийн хаягдлыг өгөгдөл ашиглан хянах, мөн чуулганы эрчим хүч шаардсан бүхий л хэсэгт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглана.
Олон ялгаатай соёлыг тээж байгаа орон орны 5000 орчим зочныг эрсдэлгүй, сэтгэл тайван байлгахын тулд маш их хичээж байгаа.
Мэдээж маш олон орны залуучууд ирж байгаа учир бизнесийн хамтрал, нетворкингоос авхуулаад маш олон боломж бий болно. Энэ хүрээнд залуучуудын “Nexus” бизнес форум болж, орон орны залуучууд монгол залуучуудтай хэрхэн яаж бизнес хамтран хийх вэ гэдгээ ярилцана. Энэ бол нэг гол онцлог. Мөн чуулганы туршид 143 бие даасан арга хэмжээ болж, залуучууд маань тун завгүй байх болов уу. Тухайлбал, JCI байгууллагын албан ёсны арга хэмжээ, нээлт болон хаалтын ёслол, шагнал гардуулах арга хэмжээ, уулзалтуудаас гадна манлайлал, харилцаа, хиймэл оюун, бизнесийн хөгжил зэрэг сэдэвчилсэн хурлууд, улсаа сурталчлах арга хэмжээ, ерөнхийлөгчийн хүлээн авалт, бизнес нетворкинг зэргийг дурдах хэрэгтэй.
Мэдээж залуучууд чуулж байгаа учраас зөвхөн хурлаас гадна төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээн болно. Эдгээр арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөх багууд шалгарсан, бэлтгэлээ хангаж байна.
JCI байгууллага нь залуучуудад үндсэн дөрвөн боломжийг өгдөг. Тэр бол
- Хувь хүний хөгжил,
- Бизнесийн боломж,
- Гадаад нөхөрлөл,
- Нийгмийн хариуцлагын боломж юм. Энэ дундаас гадаад нөхөрлөлийн тал дээр маш их боломж гарч ирнэ гэж бодож байна.
Чуулганы дараа зочдод зориулаад Монгол Улсын аялал жуулчлалын онцлох газруудтай танилцах аяллын хөтөлбөр гаргасан. Энэ тал дээр аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж байна. Энэ нь дотоодын эдийн засагт шууд болон шууд бус утгаараа маш ач холбогдолтой байх юм. Мэдээж мөнгөн дүнг одоо хэлэх боломжгүй.
Энэ ташрамд, нэг зүйл дурдахад JCI бол улс төр, шашнаас ангид ашгийн бус ТББ юм. Тийм учраас JCI ASPAC 2025-д оролцох JCI-ийн бүх гишүүн зардлаа өөрсдөө төлж байгаа. Өөрөөр хэлбэл, арга хэмжээний хураамж, зочид буудал, хурал, хоол хүнс, аялал зэргийн төлбөрийг хувиасаа гаргах учраас манай аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, тээвэр зэрэг олон салбарын аж ахуйн нэгж, компаниудад ашиг орлогын тал дээр их боломж үүснэ.
Мэдээж ихэнх нь хувийн бизнестэй, дунджаас дээш түвшний орлоготой залуучууд ирнэ. Тэдний цөөнгүй хувь нь Монголд бизнесийн боломж эрэлхийлж, мөн арга хэмжээний дараа Монголд үлдэж аялах байх гэж бодож байна.
Дээр хэлсэнчлэн, JCI ASPAC 2025 чуулган ногоон хөгжил, дижиталчлалд их анхаарч байгаа. Тухайлбал, цаас хэмнэх үүднээс хурлын мэдээлэл, хөтөлбөр зэргийг iPad дээр суулгасан тусгай апп-аас авах боломжтой. Хоолны тасалбараа хүртэл код уншуулж авах зэргээр дижитал байдлаар шийдсэн. Мөн зочин бүрийн тоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд манай байгууллага мод суулгана.
Хамгийн гол нь залуучууд өөрийгөө хөгжүүлэх, нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулах, танилцах, хамтран бизнес эхлүүлэх зэрэг олон олон бололцоог JCI ASPAC 2025 арга хэмжээ олгох юм.
Г.Мөнхбаяр: Дэлхийн 60 гаруй орны шилдэг залуучууд мэдлэг, туршлагаа солилцох ховор боломж тохионо

JCI ASPAC 2025-ийн үеэр JCI Монголын өнгө төрхийг хэрхэн харуулах вэ? Брэндингийн онцлог юу байна?
Анх 2017 онд JCI Mongolia-ийн залуучууд уг арга хэмжээг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулахад ASPAC-ын бэлгэдэл нь морь байлаа. Морь Монголын түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн учраас сонгосон. Харин энэ удаагийн ASPAC-ын бэлгэдэл нь тэмээ юм. Тэмээ бол морьтой адил Монголын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Торгоны замын бэлгэ тэмдэг.
Логог бүтээхдээ тэмээ ба дэлхийг нэгтгэн харуулсан нь Монголын залуучууд олон улсын аливаа үйл хэрэгт идэвхтэй оролцож, олон улсын томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулах чадамжтай гэдгийг илэрхийлж байгаа юм. Бид энэ удаагийн ASPAC-д гурван гол зорилго тавьсан.
- Нэгдүгээрт, бизнесийн боломжуудыг тэгш хүртээмжтэй олгохоор зорьсон. Чуулганд оролцож буй бүх тал харилцан ашигтай бизнес, харилцаа холбоог өргөжүүлэх боломжтой.
- Хоёрдугаарт, “ногоон чуулган” концепцийг хэрэгжүүлэх. Техник, технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед байгаль орчинд ээлтэй шийдлийг дэмжиж, цаас хэрэглэхээс татгалзан дижитал платформыг түлхүү ашиглах бодлого баримтална.
- Гуравдугаарт, ASPAC энэ удаад бүрэн дижитал хэлбэртэй, Digital ASPAC болж байгаа нь онцлог. Энэ нь Монгол Улс дижитал шилжилтийг хурдлуулж, технологийн салбарт тодорхой зорилготой байгааг дэлхий дахинд харуулах болно.
Нэг үгээр, эрт цагийн түүхээс өнөөгийн Монгол хэрхэн бүтэж, хөгжсөн бэ гэдгийг харуулахыг зорьжээ гэж ойлголоо?
Тийм. Уламжлал ба шинэчлэлийг уялдуулсан өнгө төрх бүхий агуулгыг ASPAC чуулганд шингээж чадсан гэж болно. Бидний язгуур угсаа нь нүүдэлчин соёл иргэншил бөгөөд дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн түүхэнд Монголын оруулсан хувь нэмэр үнэхээр өндөр. Жишээлбэл, Хубилай хааны үед анх удаа цаасан мөнгөн дэвсгэрт хэрэглэж байсан нь өнөөгийн санхүүгийн системийн суурь болсон гэж үздэг.
Мөн алтан гэрэгэ нь орчин үеийн паспортыг үндэс гэдэг. Түүнчлэн Торгоны зам нь Монгол эзэнт гүрний хамгаалалтад байсан тул Өрнө, Дорныг холбосон энэ худалдааны замаар хэн бүхэн аюулгүй зорчиж байсан. Эдгээр түүхэн үнэт зүйлс Монгол Улсыг дэлхийн геополитикийн хувьд томоохон нөлөө бүхий байсан гэдгийг илтгэж буй. Энэ ач холбогдлыг дэлхий дахинд дахин сануулж, таниулах нь бидний үүрэг.
Харин ASPAC бол үүнийг олон улсын түвшинд хэрэгжүүлэх боломж. Мөн АСЕМ, 2017 оны ASPAC зэрэг томоохон чуулганаас хойш Монголд олон улсын хэмжээний ийм өргөн цар хүрээтэй, өндөр статустай арга хэмжээг олон өдрийн турш зохион байгуулаагүй. Тиймээс энэ удаагийн ASPAC-ийн ач холбогдол, үнэ цэн онцгой юм.
Энэ жилийн чуулганд оролцохоор уригдсан онцлох зочдоос дурдвал?
ASPAC нь олон улсын томоохон чуулга уулзалт тул дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчдоос суралцах, туршлага солилцох ховор боломжийг олгоно.
Нэг үгээр, дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч буй шилдэг залуучуудын мэдлэг, дадлага туршлагаас хуваалцах нь оролцогчдод үнэлж баршгүй туршлага болох юм. Тиймээс энэ чуулган нь зөвхөн монгол залуучууд төдийгүй оролцож буй 5000 гаруй залуучуудад томоохон туршлага, мэдлэг түгээх өндөр хүлээлттэй байна. Иймд өмнө дурдсан гурван үндсэн агуулгатай уялдан, дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын төлөөлөл, бусад хүндэт зочдыг Монголд урьж оролцуулна.
Чуулганы бэлтгэл ажил хэзээнээс эхэлсэн бэ?
Манай JCI Mongolia-ийн залуучууд энэхүү эрхийг авахын төлөө сүүлийн гурван жил уйгагүй хичээл зүтгэл гаргаж, олон улсын томоохон өрсөлдөөн, сонгон шалгаруулалтад оролцсоны дүнд зохион байгуулах эрхээ авсан нь бидний хувьд нэр хүндийн хэрэг боллоо.
ASPAC нь 1950 оноос хойш жил бүр өөр өөр улс оронд зохиогдож ирсэн бөгөөд нэг хотод хоёр удаа зохион байгуулагдсан тохиолдол бараг байхгүй. Энэ ч утгаараа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хоёр дахь удаагаа уг чуулганыг зохион байгуулж байгаа нь түүхэн ач холбогдолтой.
Бэлтгэл ажлыг бид сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байна. Гэхдээ Улаанбаатараас өөр газар ийм хэмжээний олон улсын чуулган зохион байгуулах дэд бүтэц хараахан бүрдээгүй байгаа нь бодит сорилт гэдгийг дурдах нь зүйтэй байх. Нийт 60 гаруй орны 5,000 гаруй залуучууд, 160 гаруй төрлийн хөтөлбөрт оролцохоор Монголд ирэх гэж байгаа энэ үед манай олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадал, аялал жуулчлалын үйлчилгээний бэлэн байдал, дэд бүтцийн хүрэлцээ хомс байна. 2017 онд ASPAC Улаанбаатар хотод болоход үүнийг дагаад олон салбарт шинэ жишиг, шинэчлэлүүдийг бий болгож байсан. Иймээс энэ жилийн ASPAC шинэ боломж, шинэчлэлтийг дагуулна гэдэгт итгэлтэй байна.

Тэгвэл таны бодлоор JCI байгууллагын онцлог юу бэ? Танай багийнхан энэхүү олон улсын арга хэмжээнд хэрхэн бэлтгэж байна вэ?
JCI байгууллагын хамгийн том онцлог бол энд нэгдсэн залуучууд бүгд сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хүсэл эрмэлзлээр хөгжиж яваад оршдог. Тиймээс хувь хүний ухамсар, дотоод сэтгэлээс үүдэлтэй үүрэг хариуцлага илүү их шаарддаг. Энэ утгаараа манай залуучууд бүгд өөр өөрийн амьдрал, ажил, гэр бүлээ зохицуулан байж энэхүү чуулганы бэлтгэлд үнэнчээр зүтгэж байгаа. Мэдээж энэ бүхэн амаргүй. Гэхдээ бид нэгнээ нөхөж, харилцан дэмжин ажилладаг хамт олон.
Г.Мөнх-Эрдэнэ: JCI байгууллага надад нөхөрлөл, итгэлцлийн үнэт зүйлсийг өгсөн

JCI-ийн “сенатор” гэж хэн болохыг та эхлээд тайлбарлаач
Миний бие JCI Mongolia байгууллагын 2019 оны үндэсний Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Өнөөдөр ASPAC -ийн Сенат хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
JCI-ийн “сенатор” гэдэг нь JCI-ийн гишүүд дундаас тодорхой гавьяа байгуулсан, удирдах ажил болон нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байгууллагын хөгжлийг дэмжсэн хүмүүст олгодог хүндэт цол юм. Энэхүү цолыг тухайн хүний JCI-д оруулсан хувь нэмрийг үнэлж, нэг удаа, насан туршид олгодог. Дэлхий даяар нийт хоёр сар гаруй дэмжигч гишүүн бий гэсэн тоо байдаг. Сенаторуудыг Ази, Америк, Европ, Африк гэсэн дөрвөн бүсэд хуваадаг. Үүнээс Азийн бүс нь хамгийн идэвхтэй гишүүдтэй, олон гишүүнчлэлтэй.
JCI нь анх 1915 онд АНУ-ын Сент-Луйс хотын нэгэн бүжгийн клубын залуучууд санаачлахдаа хотын машины зогсоолын асуудлыг шийдэх зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд залуучуудыг хувь хүн болон мэргэжлийн хувьд хөгжүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт хийх зорилготой. JCI нь “Идэвхтэй иргэн” хандлагаар дамжуулан манлайлагчдыг бэлтгэж, нийгэм, эдийн засаг, боловсрол, хүрээлэн буй орчин зэрэг салбарт олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлдэг. Гишүүд нь багийн ажиллагаа, манлайлал, илтгэх ур чадвар, төслийн менежмент зэрэг чухал чадваруудыг эзэмших боломжтой.
JCI байгууллагын ерөнхийлөгч гэдэг нь босоо удирдлага, эрх мэдэл, албан тушаалын тухай биш, энэ бол цэвэр манлайллын тухай ойлголт.
Монголд сенаторуудад чиглэсэн ямар төсөл, хөтөлбөр хэрэгждэг вэ?
Сенат бүтцийг “Сенат клаб” гэж нэрлэдэг. Монголд нийт 600 гаруй сенатор төгсөгч бий. Энд дурдаж хэлэхэд заавал 40-ээс дээш настай хүн сенат байна гэсэн шаардлага байхгүй, 40 хүрээгүй ч энэ байгууллагад насан турштай байна гэсэн хүмүүс сенат байж болдог.
JCI-ийн сенаторууд нь байгууллагын туршлагатай, өндөр албан тушаалтай гишүүд бөгөөд залуу гишүүддээ зөвлөх, дэмжих үүрэгтэй байдаг. Тэд голлон өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, залуу гишүүдийн ур чадвар, манлайллын хөгжлийг дэмжиж ажилладаг. Мөн байгууллагын үнэт зүйлс, ёс зүй, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, залуу гишүүдийг урамшуулах, ухаалаг шийдвэр гаргах тал дээр чиглэсэн зөвлөгөө өгдөг. Сенаторууд нь зөвхөн зөвлөх биш, мөн сүлжээгээ ашиглан залуучуудын төслүүдийг дэмжих, санхүүгийн болон стратегийн туслалцаа үзүүлэх тохиолдол ч бий. Тэд залуу гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулахад түлхэц үзүүлдэг бөгөөд энэ нь JCI-ийн үргэлжилсэн өсөлт, амжилтын үндэс болдог. Нийтдээ сенаторууд нь туршлагаар дамжуулан залуу үеийг бэлтгэх, тэдний дунд итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гол холбоос болж ажилладаг.
JCI ASPAC 2025-ын хүрээнд 20 гаруй арга хэмжээг төгсөгчид буюу сенаторуудад зориулж байгаа.
Таны хувьд JCI-д байх хугацаандаа хэрхэн хөгжиж дэвшсэн, ямар үнэт зүйлс, соёлыг шингээж авсан бэ?
Би 26 настай байхдаа JCI Mongolia-д гишүүнээр элсэж байсан. Түүнээс хойш 15 дахь жилдээ энэ байгууллагатай амьдралаа холбоод явж байна. 2015 онд салбар байгууллагын ерөнхийлөгчөөр, 2019 онд JCI Mongolia-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Гэхдээ ерөнхийлөгч гэдэг нь босоо удирдлага, эрх мэдэл, албан тушаалын тухай биш, энэ бол цэвэр манлайллын тухай ойлголт.
Энэ байгууллагаас олж авсан үнэт зүйлс надад олон бий. Тэр дотроос онцолж хэлэх зүйл бол нөхөрлөл, түүнийг бий болгодог итгэлцлийн үнэт зүйлс. Тодруулбал, би эндээс өөрийн ноён нуруу, жанжин шугамыг бэхжүүлж авсан гэсэн үг.
Энэ дашрамд хэлэхэд, нийт 40 гаруй сургагч багштай JCI Mongolia-гийн академи гэж байгаа. Өмнө нь монгол залуучууд гадныхнаас суралцдаг байсан бол өнөөдөр өөрсдөө гаднын залуучуудыг сургадаг болж байна. JCI ASPAC 2025-ийн үеэр Монголын болон бусад улсын JCI-ийн багш нар төрөл бүрийн сургалт орно.
Материал дээр ажилласан Г.Даваадорж, Н.Энхбаяр, Ц.Хонгор