ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан “Өсөлтийг хамтдаа бүтээе” арга хэмжээг энэ сарын 22-нд зохион байгуулсан билээ. Тус өдөрлөг нь ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг дэмжих, сургалт, зөвлөх үйлчилгээний боломжуудыг танилцуулах зорилготой байв. Тэд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж буйгаа энэхүү арга хэмжээгээр дамжуулан танилцуулсан юм. Тус өдрийн талаарх сурвалжилгыг уншигч та ЭНД дарж уншина уу.
Харин арга хэмжээний үеэр оролцогчдод зориулсан сургалтуудаас “Меркадо” маркетингийн зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Б.Амаржаргалын “Борлуулалтаа өсгөхөд дижитал маркетингийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах вэ” илтгэлийг уншигч танд тоймлон хүргэе.
Хүмүүс өрөм биш, харин нүх худалдаж авдаг
Ихэнх бизнес эрхлэгчид маркетингийг зар сурталчилгаа, идэвхжүүлэлттэй андуурдаг. Харин үнэн хэрэгтээ маркетинг бол хэрэглэгчтэй хэрхэн холбогдох, тэдэнд үнэ цэнэ бүтээх, харилцаа үүсгэх урт хугацааны стратеги юм. Энэ нь борлуулалтаа нэмэх, эсвэл нэр хүндээ өсгөх нэг удаагийн арга биш. Харин бизнесийн амин сүнс, амжилтыг удаан хугацаанд тогтвортой авч явах түлхүүр юм.
Маркетингийн зорилго бол хэрэглэгчийн хэрэгцээ, асуудлыг зөв тодорхойлж, түүнд яг тохирсон шийдэл санал болгох явдал юм. Гэтэл ихэнх бизнес эрхлэгчид “манай бүтээгдэхүүн сайн, чанартай, өндөр стандарт хангасан” гэх мэтийн тайлбарыг голчилдог. Гэвч энэ бол хэрэглэгчийн өнцгөөр сэтгэж чадаагүйг илтгэж буй. Энэ санааг Харвардын эдийн засагч Теодор Левитт тун энгийн жишээгээр тайлбарласан байдаг.
Та өрмийн хошуу үйлдвэрлэгч байлаа гэж бодъё. Магадгүй та уг бүтээгдэхүүнээ та зах зээлд “зэвэрдэггүй гангаар хийсэн, ISO стандартыг хангасан, хэзээ ч хугарахгүй” гэж тайлбарлах байх. Гэтэл үнэндээ хэрэглэгчид таны өрөм ямар чанартай, стандарт хангаснаас илүүтэй таны борлуулж буй өрмийн хошуу хэдэн мм-ийн нүх гаргаж чадах юм бэ гэдгийн чухалчилдаг.
Тиймээс та бүтээгдэхүүнийхээ онцлог бус, хэрэглэгчийн амьдралд ямар үр дүн авчрах вэ гэдэгт төвлөрөх хэрэгтэй. Энэ өнцгийг олж харж чадвал хэрэглэгч таны бараа, үйлчилгээг “өөрт нь хэрэгтэй зүйл” хэмээн хүлээн авч эхэлнэ.
Харин эхэнд өгүүлсэн “зэвэрдэггүй гангаар хийсэн, ISO стандартыг хангасан, хэзээ ч хугарахгүй” зэрэг чанарыг хэрэглэгч хэрэглэж үзсэнийхээ дараагаар мэдэх ойлголт юм шүү. Тэгэхээр бизнес эрхлэгч та өөрөөсөө “Миний бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүсийн амьдралд ямар ач холбогдолтой вэ? Ямар асуудлыг нь шийдэж чадах вэ?” гэдгийг асуугаарай. Эдгээр асуултын хариулт бол таны маркетингийн жинхэнэ суурь юм.
Сайн контент бүтээх тухай
Орчин үед мэдээлэл маш хурдан тархаж, олон нийтийн анхаарал маш богино хугацаанд татагддаг болсон. Тиймээс сайн, чанартай контент бүтээх чадвар нь хувь хүн, бизнесийн амжилтад шууд нөлөөлдөг гол хүчин зүйл болжээ. Тэгвэл сайн контент гэдэг нь уншигч, үзэгчдэд үнэ цэнтэй мэдээлэл өгч, тэдний сонирхлыг татаж, үйлдэл хийхэд хүргэдэг мэдээлэл юм. Үүнд зөвхөн текст бус зураг, видео, подкаст зэрэг төрөл бүрийн хэлбэр орно. Гол нь таны бүтээж буй контент таны зорилтот бүлэгт тохирч, тэдний хэрэгцээг хангаж байх хэрэгтэй.
Интернэт орчинд асар их хэмжээний мэдээлэл байдаг учраас хэрэглэгчид зөвхөн хэрэгтэй, сонирхолтой, үнэн зөв мэдээллийг л анхаарч үздэг. Тиймээс чанартай контент бүтээх нь дараах ач холбогдолтой:
- Брэндийн нэр хүндийг нэмэгдүүлнэ: Үнэн зөв, боловсруулсан мэдээлэл нь хэрэглэгчдийн итгэлийг төрүүлж, танай брэндийг мэргэжлийн түвшинд харагдуулна.
- Хэрэглэгчийг татна: Сайн контент нь олон хүнд хүрч, таны бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох хүмүүсийг нэмэгдүүлдэг.
- Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлнэ: Сонирхолтой контент нь уншигчдыг сэтгэгдэл үлдээх, хуваалцах зэрэг үйлдэл хийхэд уриалдаг.
- SEO-г сайжруулна: Тухайн сэдвээр чанартай мэдээлэл байвал хайлтын системүүд таны цахим хуудас, сайтыг илүү дээгүүр гаргаж өгдөг.
Иймд танд 30 хоногт чанартай контент бүтээж, зорилтот хэрэглэгчийн анхаарлыг татах “50/30/20” зарчмын дагуу контентын бүтэц зохион байгуулах стратегийг танилцуулъя. Нэг үгээр, хэт олон, утгагүй мэдээлэл цацахын оронд төлөвлөгөөтэй, зорилготой 10 контент бэлтгэх нь хэрэглэгчийн сэтгэлд илүү хүрэх зураглал юм. Энэ 10 контентыг дараах байдлаар ангилна:
1. 50% буюу 5 контент – Бүтээгдэхүүний үнэ цэнийг таниулах
Таны санал болгож буй бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ яг ямар асуудлыг шийдэж чадах вэ? Хэрхэн хэрэглэдэг, юугаараа онцлог вэ, хэнд зориулагдсан вэ? гэх агуулгыг түгээхийг зорь. Үүнд:
- Бодит хэрэглээний тайлбар
- Давуу тал, онцлогийн харьцуулалт
- Үйлчилгээний шат дараалал
- Хэрэглэгчийн сэтгэгдэл дээр үндэслэсэн жишээ
- Видео эсвэл зурагт хуудас бүхий товч танилцуулга
2. 30% буюу 3 контент – Хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн агуулга
Бүтээгдэхүүнээ шууд сурталчлахаас илүүтэй хэрэглэгчийн амьдралд хамаатай, сонирхолтой, хэрэгцээг нь хөндсөн контентууд үр дүнтэй байдаг.
- “Яаж…?” төрлийн зөвлөгөө (Жишээ нь: Хэрхэн мөнгөө хэмнэх вэ? Хэрхэн хурдан хугацаанд ажлаа амжуулах вэ?)
- Өдөр тутмын асуудал шийдэх зөвлөмж
- Асуудалд суурилсан контент (Жишээ нь: Цаг завгүй хүмүүсийн нийтлэг алдаа)
3. 20% буюу 2 контент – “Яагаад?” гэдэг асуултад хариулах
Хүмүүс яагаад энэ бүтээгдэхүүн, энэ шийдлийг сонгох ёстой вэ? Таны хийж буй ажлын ард ямар үнэт зүйл, ямар философи байгаа вэ?
- Түүх: Яагаад энэ бизнесийг эхлүүлсэн тухай
- Алсын хараа: Ямар өөрчлөлтийг авчрахыг зорьж байгаагаа хуваалцах
- Нийгэмд болон хэрэглэгчид өгч буй бодит үнэ цэнийг тайлбарлах зэрэгт анхаар. Ингэснээр та брэндийн цаадах сэтгэлгээг ойлгуулах, хэрэглэгчтэй сэтгэл хөдлөлийн түвшинд холбогдох.
Контент маркетинг нь олон нийтийн сүлжээнд үзэгдэж харагдах тухай бус, хэрэглэгчийн оюунд, сэтгэлд хүрэх тухай юм. Энэ аргачлалаар ажилласнаар та зөвхөн бүтээгдэхүүнээ сурталчлах бус хэрэглэгчдийн асуудлыг ойлгож тэдэнд үнэ цэнтэй мэдээлэл өгч чадна. Ингэснээр хэрэглэгчид танай брэндтэй илүү ойр дотно харилцаа үүсгэх боломжтой болдог.
Хэт олон нарийн мэргэжлийн үг хэрэглэхээс зайлсхийж, энгийн бөгөөд өдөр тутмын хэллэг ашиглах нь уншигчдын анхаарлыг хадгалахад тусална. Хүмүүс ойлгоход хялбар байвал тухайн мэдээллийг дахин эргэн унших, бусдад хуваалцах магадлал өндөр болно. Мөн контентод өөрийн амьдралын туршлага эсвэл бодит жишээг оруулах нь уншигчдад илүү ойр дотно мэдрэмж төрүүлдэг. Тухайлбал, та ямар нэгэн асуудлыг хэрхэн даван туулсан, ямар арга ашигласан талаараа хуваалцсанаар уншигчид илүү их итгэлтэйгээр таны мэдээллийг хүлээн авдаг. Интернэт хэрэглэгчдийн сонирхол хурдан солигддог тул тогтмол шинэ агуулга оруулах хэрэгтэй. Энэ нь танай сайтад эсвэл платформ дээр хүмүүс байнга ирж шинэ мэдээлэл авахыг хүсэх нөхцөл бүрдүүлдэг.