Заримдаа бидэнд ажлынхаа ширээнээс хөндийрмөөр, бүр энэ чимээ шуугиант нийслэлээс дайжмаар хүнд үе цөөнгүй тохиодог. Бизнесээ анх эхлүүлсэн тэр л сайхан мөрөөдлөө мартаж “Дараа сард борлуулалтаа яаж өсгөх вэ?” гэх зэргээр бодож шаналах үе бишгүй. Уншигч та чухам тэр л үедээ энэ удаагийн “Манлайлагч” булангийн зочин “Абико групп”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Ууганцэцэгийн ярилцлагыг тухлан уншаарай гэж зөвлөмөөр байна. Тэрбээр өнөөдрийн өөрийгөө бүтээж босгосон түүх, “Абико групп”-ийн амжилтын замнал болоод итгэлийн үнэ цэний талаар бидэнтэй ярилцсан билээ.
Танай хамт олон бизнесийн өндөр ёс зүйг баримтлан ажилладаг гэдгээрээ танигдсан. Үүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүний чанар, нэр хүндээс ч харж болмоор санагддаг. Ер нь бизнес эрхлэгч хувь хүн, компани ёс зүйг эрхэмлэнэ гэж таныхаар юуг хэлэх вэ?
Миний бодлоор ямар ч бизнес эерэг зүйл рүү хөтөлдөг байгаасай гэж их хүсдэг. Энэ ч утгаараа өөрийн компани дээрээ үүнийг хэрэгжүүлэхийг хичээж байна. Эерэг зүйл гэдэг нь зүгээр нэг бүтээгдэхүүн борлуулаад зогсохгүй түүгээрээ шинэ хэрэглээ, соёлд хэрэглэгчдээ хөтлөхийг хэлж байгаа юм. Манай компанийн хувьд хоёр үндсэн чиглэлд анхаарч ажилладаг. Нэгдүгээрт, нярай хүүхдийг ээж, аав нь аз жаргалтай өсгөхөд хэрхэн туслах. Хоёрдугаарт, эрүүл хүнсний зах зээлд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдгийг байнга эрэлхийлдэг. Нэг үгээр, бизнес бол зөвхөн ашиг орлого олохоос илүүтэй хэрэглэгчдийг сайн сайхны зүг уриалан дуудаж, шинэ дадал зуршлыг түгээх,хүсэл мөрөөдөл өгөх үйлдэл гэж ойлгож болно.
Бизнес ашиг олохоос илүүтэй хэрэглэгчдийг сайн сайхны зүг уриалан дуудаж, шинэ дадал зуршлыг түгээдэг байгаасай гэж хүсдэг.
Бид яагаад Kagome брэндийг Монголд оруулж ирсэн бэ гэвэл тухайн үед манай хүүхэд бор хоолонд ороод удаагүй байлаа. Хэдийгээр тодорхой хэмжээнд жимс, ногоо идэж байгаа ч амин дэмийн хэрэгцээг нь бүрэн хангаж чадахгүй байсан юм. Ер нь монгол хүүхдүүд нийтээрээ сахрын хэрэглээ өндөр, жимс, ногоо ховор хэрэглэдэг байсан цаг үе шүү дээ. Тэгээд яг энэ асуудлыг шийдвэрлэж чадах ямар бүтээгдэхүүн байна вэ гэж олон сар судалсан. Нөхөр бид хоёрын хувьд Япон улсад их сургуулиа дүүргэж, ажлын гараа маань ч тэндээс эхэлсэн. Японд оюутан байхдаа Kagome брэндийг их нандигнаж хэрэглэдэг байлаа. Мэдээж оюутан хүүхдүүд тэр бүтээгдэхүүнийг байнга авч хэрэглэх санхүүгийн бололцоо хэр байх билээ. Тиймээс бага багаар амталж, нандигнаж уудаг байсан юм (инээв). Энүүхэндээ гэж хэлэхэд Kagome-г Монголд амархан оруулж ирсэн юм шиг харагдаж байгаа ч өнгөрсөн хугацаанд бид тоймгүй олон саад бэрхшээлийг даван туулсан. Тэгээд эцэст нь Монгол дахь албан ёсны дистрибьютер нь болоод явж байна. Монгол хэрэглэгчид ч өргөнөөр хэрэглэх болсонд маш их баярладаг. Бид бүтээгдэхүүн оруулж ирэхээс гадна түүнийг дагасан соёлыг түгээхэд анхаарсан. Жимс, ногооны хэрэглээ яагаад чухал вэ, Kagome-г хэрэглээгүй үедээ амин дэмээ хэрхэн нөхөх вэ зэрэг асуудалд илүүтэй төвлөрч ажилласан бидний 10 жилийн хөдөлмөр минь үнэ цэнтэй, үр дүнтэй санагддаг. Мөн бизнес эрхлэгч хүн санхүүгийн сахилга батыг чанд баримтлах ёстой. Компанийн орлого, зардал ил тод байх учиртай. Улсдаа шударгаар татвараа төлнө гэдэг өөрөө том хөрөнгө оруулалт. Харин тэр татварыг төр зөв зарцуулаасай гэж их хүсдэг. Бидний орлогыг үнэхээр урт хугацааны бодлогод чиглэсэн, сайн нөлөөтэй зүйлд зарцуулбал ямар үнэтэй хувь нэмэр болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Манай компани байгуулагдсан цагаасаа л татвараа шударгаар төлж ирсэн. Өнгөрсөн жил “Шилдэг татвар төлөгч компани”-аар шалгарсан. Энэ бол ил тод байхын нэг илэрхийлэл гэж бодож байна. Санхүүгийн сахилга бат зөвхөн удирдлагын түвшинд биш, нийт ажилтанд нөлөөлөөсэй гэж хүсдэг. Борлуулалт хийж, зардлаа хэмнээд, түүнээсээ үр ашиг хүртэж чадвал ажилтнууд ч мөн үр шимийг нь заавал хүртэх ёстой. Одоогоор бид улирал тутам урамшуулал олгодог. 15 дахь сарын цалингийн систем нэвтрүүлж байна. Компанийн зорилго тодорхой болсон л бол түүндээ үнэнч байх нь чухал. Ямар ч үед. Тэр үнэнч зан, зарчимч байдал л хамгийн том ёс зүй гэж бодож байна.
Бизнес бол хайр түгээх аялал
Тэгвэл “Абико групп” залуучуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахдаа ямар бодлого баримталж байна вэ?
Ер нь итгэл хүлээлгэсэн ажилтан өөрийгөө бүрэн дайчилж ажиллахаас гадна компанийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Амжилттай хийсэн ажлынхаа дараа тухайн хүнд нэг шат ахиж, хөгжсөн мэдрэмж төрж, улам өсөн дэвждэг. Манай компанийн гол үнэ цэн бол хамтын хүчээр эерэг ирээдүйг босгох. Одоо бидэнтэй шинээр нэгдэж буй залуусыг харахад яг энэ уриатай маань нийцсэн шиг санагддаг. Нэг үгээр, хүн бүр өөрийн гэсэн үнэ цэнтэй, тэр үнэ цэнүүд хоорондоо хоршиж, нэг зүг рүү тэмүүлж байгаа юм. Ер нь би өөрийгөө тун азтайд тооцдог. “Абико” бол эерэг, өсөн дэвжих хүсэл эрмэлзэл дүүрэн залуусын нэгдэл. Хамгийн гоё нь бид хүнд үеүдээ яг энэ л хандлагаараа давсан. Сүүлд бид Talent management буюу авьяас чадварыг хөгжүүлэх бодлогыг нэвтрүүлж байна. Үүний гол зорилго нь хүн бүрийн давуу талыг тодруулж, хөгжүүлэхэд оршиж буй. Манайх 200 гаруй ажилтантай багийн хувьд энэ бол маш нарийн, суурь ажлууд шаарддаг процесс. Тийм ч болохоор хүн бүртэй ганцаарчлан уулзаж, тэдний давуу талыг илрүүлэн, хэрхэн ажилдаа тусгах талаар ярилцаж байна. Дараагийн алхам нь тэдгээр давуу талд үндэслэн тусгай сургалтын систем боловсруулах. Хүн бүр өөрийн карьерыг өөрөө төлөвлөж болохуйц шатлалыг гаргаж байгаа. Товчхондоо, сонголт нээлттэй, зам нь ч тодорхой. Өөрийгөө хөгжүүлж, ахих боломж хүн бүрд бий гэдгийг системтэйгээр олгохоор зорин ажиллаж байна.
14 брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллана гэдэг бол нүсэр том ажил шүү дээ. Ер нь олон улсын зах зээл, улсдаа нэр хүндтэй брэндтэй хамтарч ажиллахад нэн тэргүүнд юунд анхаарах хэрэгтэй вэ?
Бизнес бол итгэлийн цамхаг босгох хамтын хөдөлмөр. Итгэл гэдэг зүйл бизнесийн харилцаанд маш том ойлголт. Хэлсэн үгэндээ хүрэх, хийе гэсэн бол хийдэг байх, цаг баримтлах, сахилга баттай байх, нэгнээ ойлгож дэмжих гээд энэ бүхнийг хэлээд байгаа юм. Энэ жил Kagome брэнд манай компанийн талаар маш сайхан үнэлгээ өгсөн. Тэд биднийг “Бидний Монгол дахь харилцагч “Абико групп” итгэж болох сайн дистрибьютер” гэж үнэлсэн. Бидэнд энэ бол маш том урам, хариуцлага. Яагаад гэхээр япончууд бидний тухай жил бүр нарийн протокол хөтөлдөг юм билээ. Харин 10 жилийн турш бичсэн тэр бүх тайлан дундаас нэг үг дахин дахин давтагдаж байсан нь “итгэл, итгэж болохуйц дистрибьютер” гэх үг байж л дээ. Бидэнд итгэж буй энэ итгэл үнэхээр үнэ цэнтэй санагддаг. Үргэлж хариуцлагатай байж, итгэлийг нь бага ч гэсэн алдахгүй байх юм сан гэж хичээдэг. Харин ч бүр улам илүү итгэл төрүүлэхүйц хандлагаар хариу барихыг хүсдэг. Том брэндүүдтэй ажиллахад зөвхөн бизнесийн тооцоо биш, харилцан ойлголцол, итгэлцэл хамгийн гол зүйл. Үнэ цэнтэй харилцаа бол нэгнээ ойлгож, итгэж чадсан нөхөрлөл байдаг. Итгэл гэдэг урт хугацааны хамтын ажиллагааг авч явдаг хамгийн бат бөх тулгуур шиг санагддаг.
Брэнд зөвхөн хэрэглээ биш, харин тухайн улсын иргэдийн сэтгэл зүй, амьдралын хэв маяг, үнэт зүйл зэрэгт нөлөөлдөг асар том соёлын илэрхийлэл.
Таныг энэ бизнест хөтөлсөн гол шалтгаан юу байв. Аливааг хийж бүтээж чадна гэх итгэл хэзээнээс төрж эхэлсэн бэ?
Манайх анх Pigeon-ийг оруулж ирсэн. Энэ брэндийг би Японд төрснийхөө дараа хэрэглэж байсан. Тухайн үед Pigeon брэнд надад зүгээр л бүтээгдэхүүн биш, харин жирэмсэн байх ямар аз жаргалтай юм бэ гэдгийг мэдрүүлсэн. Өөрөөр хэлбэл, брэнд гэдэг нь зөвхөн хэрэглээ биш, харин нэг улсын иргэдийн сэтгэл зүй, амьдралын хэв маяг, үнэт зүйлд хүртэл нөлөөлдөг асар том соёлын илэрхийлэл гэдгийг уг брэндээр дамжуулж ойлгосон доо. Тэнд хүнээ хөгжүүлдэг, хүүхдээ ухаалгаар хүмүүжүүлэх боловсролыг ч брэнд өөрөө дамжуулж байна шүү дээ. Харин хүүхдээ төрүүлснийхээ дараа Монголд ирэхдээ Японд байнга хэрэглэдэг Pigeon-ий угаалгын нунтгаа мартсан байсан. Монголд байгаа бүтээгдэхүүнүүдийг судлахад “хүүхдэд зориулав” гэсэн хэр нь химийн найрлага орсон байх нь түгээмэл гэдгийг анзаарсан. Хүүхдийн арьс маш эмзэг учир бага тунгаар ч химийн бодис агуулсан байж болдоггүй. Ингээд Японд хэрэглэж байсан угаалгын нунтгаа шууд л захисан. Ер нь Монголд ирсэн хойноо ярилцлагын эхэнд ярьсан агуулгад нийцэх брэндийг оруулж ирэхээр 100 гаруй компанид хандсан ч бүгд “Үгүй” гэсэн хариулт өгсөн. Үнэнийг хэлэхэд бизнес эхлүүлж чадах уу, үгүй юу гэдэгтээ бага зэрэг эргэлзэж байлаа. Гэхдээ ингээд л шантарчхаж боломгүй санагдсан учраас тайван суугаад өөртэйгөө ярилцсан. Тэгээд “Үгүй” гэдэг хариулт хэтэрхий олон сонссон учраас “Тийм” гэсэн хариу авахын тулд л яг юу хиймээр байгаагаа өөрөөсөө дахин нэг асуух цаг гарсан төвлөр ч суусан. Эргэн тойрноо нэг хартал гэрээр дүүрэн Pigeon-ий бүтээгдэхүүн байв. Энэ бүтээгдэхүүн намайг жирэмсэн байх үед олон эрсдэлээс хамгаалж, ээж болох ямар аз жаргалтай байдгийг сургалт, бүтээгдэхүүнээрээ ойлгуулсан тэр л үеэ эргэн саналаа. Хүн гэдэг их сонин. Дэргэд буй эрдэнээ ер анзаардаггүй. Ингээд Pigeon руу залгахад 60 гаруй настай ресейпшн утас авлаа. Өмнө нь холбогдсон 100 гаруй газрын мэдээллийн ажилтнууд “Монголын зах зээл жижиг юм байна” гэж хэлээд шууд л утсаа тасалж байсан бол өнөөх хүн тун уриалгахан хүлээн авч “Чи монгол хүн юм чинь морь унаж байсан уу?” гэх зэргээр сонирхон асууж, бид бараг нэг цаг гаруйн хугацаанд ярилцсан. Тэр япон хүнтэй утсаар ярьж байхдаа би тайвширч буйгаа мэдэрсэн. Яагаад ч юм надад бэлэг ирсэн мэт сэтгэл хөдөлж байв. Тэгээд л Pigeon брэндийн албан ёсны дистрибьютер болох бизнес төлөвлөгөөгөө бичиж эхэлсэн. Сар гаруй хугацаанд бичиж, бүх зүрх сэтгэлээ зориулсан. Учир нь энэ бол зөвхөн бизнес эхлүүлэх төлөвлөгөө биш, хайр түгээх эхлэл гэж бодож байсан. Төлөвлөгөөгөө “Абико групп”-ийн хамтран үүсгэн байгуулагч, дэд захирал Б.Анхчимэгтэй хамт боловсруулсан. Тэр бол энэ 13 жилийн хугацаанд нэг үнэ цэн, нэг алсын хараан дээр төвлөрсөн үнэт хамрагч минь. Хамтрал ямар үнэ цэнтэй вэ гэдгийг Анхчимэгээсээ мэдэрдэг. Ингээд төлөвлөгөөгөө илгээгээд удаа ч үгүй “Тийм ээ, Монголд Pigeon брэндийг танайх хариуцан” ажиллаж болно гэсэн хариу хүлээн авсан.

Бид бизнесээ эхлүүлж, анх 200 ээжийг цуглуулан сургалт зохион байгуулсан. Тэгтэл ердөө хоёрхон ээж л Pigeon-ийг мэддэг болж таарав. Тэр үед “Энэ бол цоо шинэ зах зээл юм байна” гэж бодсон ч, зүрхэнд минь “Хайр түгээе” гэсэн эрмэлзэл буцалж байсан учраас огт эргэлзээгүй. Бүтээгдэхүүнээ бариад, эх барих эмнэлгүүдээр явж, ээжүүдэд танилцуулж явахдаа бид “Аз жаргалыг түгээж байна” гэж сэтгэлдээ хэлдэг байлаа. Үнэндээ эхний гурван жил орлого ч үгүй, цалин ч үгүй өнгөрсөн. Гэсэн ч буцах, болих тухай хэзээ ч бодож байгаагүй. Харин ч тэр гурван жил бидний амьдралын хамгийн үнэ цэнтэй он жилүүд болж үлдсэн. Учир нь бид найдвартай түншүүд, итгэлтэй хамтрагчид, үнэнч хэрэглэгчидтэй болж чадсан. Хамгийн бахархмаар нь манай хэрэглэгчид. Өнөөдөр Pigeon брэнд амнаас ам дамжин хэрэглэгчдэд түгж, олон олон гэр бүлд хүрч чадсан. Энэ бол зөвхөн бүтээгдэхүүн борлуулсан түүх биш, харин хайрыг түгээх аялал байсан.
Борлуулалт хийж, зардлаа хэмнээд, түүнээсээ үр ашиг хүртэж чадвал ажилтнууд ч мөн үр шимийг нь заавал хүртэх ёстой.
Энэ хугацаанд нэн сонирхолтой байдлаар манай зах зээлд нэвтэрсэн бүтээгдэхүүний түүхээсээ хуваалцвал?
Монголын зах зээлд нэвтрүүлээд буй ихэнх брэнд рүү бид өөрсдөө түрүүлж хандсан. Харин 2019 онд нэг онцгой тохиолдол болж байлаа. Тухайн үед Kagome брэндийн гадаад харилцааны захирал бидэнтэй холбогдсон юм. Тэр хүн бидэнд “S&B компанийн удирдлагууд Монголын зах зээлийг сонирхож байна. Тэдэнд маш олон компаниас санал ирсэн ч үнэ цэнээрээ хорших, соёл түгээх сэтгэлтэй, үүнийг ойлгох компанийг хайж байгаа юм байна. Тиймээс бид танай компанийг санал болгосон” гэж хэлсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод бид үнэхээр гайхсан. Нэг л өдөр Япон улсын 100 гаруй жилийн түүхтэй, хүнсний брэндийн компанийн захирал “Бид бүтээгдэхүүнээ Монголд танай компанийн нэр дээр албан ёсоор түгээмээр байна” гээд бүх бүтээгдэхүүнээ өрчихсөн зогсохыг хараад бүр ч их гайхсан. Энэ бол бидний хувьд зүгээр нэг бизнесийн хамтрагчтай болох биш, харин ч эсрэгээрээ үнэт зүйл, итгэлцэл, харилцан хүндлэлд суурилсан түүхэн хамтын ажиллагаа эхэлсэн агшин байв.
“Абико групп”-ийн цаашдын зорилго. Энэ онд ямар томоохон ажлуудыг төлөвлөж байна вэ?
Манай компанийн ирэх гурван жилийн зорилт хэдийнээ тодорхой болсон. Энэ жил бид монгол хүнд эрүүл бүтээгдэхүүн хүргэхээс гадна сэтгэхүйд нь эрүүл, зөв хандлагыг түгээж чадах брэндийг оруулж ирэхээр судалж байна. Мөн Kagome брэндтэй бид олон жилийн түншлэлтэй. Каgome брэндийн зүгээс Абико-гоор дамжуулан Монголоос Чацаргана,шүүс авах судалгааг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.Түүнчлэн энэ сараас эхлэн “Эрүүл хүнс, сэтгэлгээ” гэсэн үндсэн философийнхоо хүрээнд нэгэн шинэ ажлыг эхлүүлж байна. Тодруулбал, монгол хүүхдүүдийг зөв өсгөн бойжуулах, ухаалаг, сэтгэлзүйн дархлаатай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор JAPAN BABY COACHING нийгэмлэгийн албан ёсны франчайз эрхийг аваад байна. Хүүхдийн бага насанд буюу 0-5 настайд нь хэрхэн хөгжүүлнэ, тэндээс ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг шалтгаалдаг. Тиймээс энэ талын боловсролыг албан ёсны япон хөтөлбөрийн дагуу ээж, аавуудад хүргэж, хамтдаа хөгжихийг зорьж байна.
Залуу бизнес эрхлэгчдэд өгөх таны зөвлөгөө?
Хэрвээ та өнөөдөр бизнес эрхлэх гэж байгаа бол өөрийн хүсэл мөрөөдлийг нэг сонсоод үзээрэй. Би яг юу хийхдээ сайн бэ, юунаас аз жаргалыг мэдэрдэг билээ гэдгээ ойлгож, бизнестэйгээ холбох юм бол амжилтад хүрнэ. Хоёрдугаарт, эерэг зүйлийг түгээх буюу ямар нэг байдлаар нийгэмдээ, иргэдэд ээлтэй бизнес эрхлээсэй гэж хүсэж байна. Zero Moment of Truth гэх ойлголт бий. Энэ нь анх эхэлсэн тэр итгэл үнэмшил 20 жилийн дараа ч хэвээр байхыг хэлээд байгаа юм.
Нөгөө талаар, зорилгоо тодорхой болгоорой. Тэгээд түүнтэйгээ уялдуулж, үнэ цэн, зорилго нийцэх багаа бүрдүүлээрэй. Багийн гишүүд таны чаддагаас өөр чиглэлд ур чадвартай байвал үнэхээр төгс. Нэг үгээр, дутагдлаа хүлээн зөвшөөрч, сайн хүмүүстэй хамтар. Жижиг уулын оройд гарчхаад буцаж унадаг хүмүүс, дараагийн оргил руу тэмүүлж чаддаг хүмүүсийн ялгаа нь “би” гэхээсээ илүү “бид” гэж сэтгэж чаддагт оршдог. “Энэ амжилтыг би гаргасан” гэж хамраа сөхөх бус, “Бид хамтдаа гаргасан шүү” гэж урам өгөх сэтгэлтэй байгаарай. Дараагийн уулын оргил руу ахин алхахдаа илүү даруухан, илүү талархсан сэтгэлтэй байж чадвал амжилт улам томорно.
Өнгөрсөн хугацаанд даван туулсан хамгийн том бэрхшээл тань юу байсан бэ?
Хоёр жилийн өмнө манай агуулахад гал гарч, бүх бараа маань шатсан. Азаар нэг ч хүн гэмтээгүй. Гэхдээ ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөгийн хохирол амссан нь бидний хувьд үнэхээр хүнд сорилт байлаа. Тэр үед санхүүгийн шинжээчид бидэнд “Энэ хохирлыг нөхөхөд дөрвөн жил шаардлагатай” гэж дүгнэсэн. Гэвч манай хамт олон ажлын байран дээрээ цуглаж, “Бид зүгээр ч нэг бүтээгдэхүүн борлуулж байгаа юм биш, хамтын хүчээр гоё зүйлийг түгээж байгаа шүү дээ” гэдгээ санаж “Энэ бэрхшээлийг хагас жилд давъя!. Хэрэв чадах юм бол бүгдээрээ Шанхай явж тэмдэглэе” гэж зорьсон. Тэр хагас жилийн хугацаанд бүгд хонон өнжин ажилласан даа. Нээрэн л асуудлаа хамтын хүчээр даваад Шанхай явсан. Тэнд очоод ажилтнуудаараа үнэхээр их бахархсан. Энэ бүх сорилтыг даван туулахад олон итгэлт түнш,харилцагч үнэн ч хэрэглэг ч маань бас маш их тусалж дэмжсэнийг хараад үнэхээр их талархмаар санагдсан. Энэ боломжийг ашиглаад үргэлж сайныг бүтээхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг нийт ажилчдадаа болон үнэнч хэрэглэгч харилцагчдадаа баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд иргээд хархаар асуудал бүрийн ард ямар нэгэн сайхан зүйл нуугдаж байдаг. Бидний хувьд энэ асуудал хамтын хүч ямар гайхамшигтай зүйл вэ гэдгээ эргэн нэг харах том боломж байлаа. Мөн бид энэ бизнесийг эхлүүлэхдээ ямар алсын хараатай байсан, тэр л үнэт зүйл, зорилгоо өнөөдөр ч хадгалж явна.