Ердөө хэдхэн жилийн өмнө бид цэнхэр дэлгэцээр төрөл бүрийн ур чадвартай гайхалтай роботын талаар шимтэн үздэг байжээ. Өөрөөр хэлбэл, робот бидний уран төсөөлөлд оршиж байлаа. Харин өнөөдөр технологийн хөгжил хурдтай урагшилж, тэрхүү зөгнөл бодит амьдрал дээр биеллээ олсоор. Учир нь өнөө цагт робот бидний өдөр тутмын амьдрал, бизнест бодитоор нэвтэрч, үнэнч туслах, ажлын бүтээмж нэмэгдүүлэх хүчтэй хэрэгсэл хэдийнээ болжээ. Мэдээж бид ч энэ хөгжлөөс хоцрох учиргүй. Бизнесийнхээ тогтмол үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, түүний дотор үйлчилгээний роботыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр зардлаа хэмнэж, үр ашгаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Тэгвэл Монголын бизнес эрхлэгчдэд санал болгож буй дэвшилтэт PUDU роботын брэнд болон түүний онцлогийн талаар албан ёсны дистрибьютер “Таван Богд Нура” ХХК-ийн брэнд хөгжүүлэлтийн менежер Л.Инжмаатай ярилцлаа.
Магадгүй энэхүү нийтлэл таны бизнесийн үнэнч туслах ажилтныг олох гараа ч байж болох юм.
БНХАУ-ын Pudu Robotics компани PUDU роботыг ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарт зориулан бүтээжээ. Тодруулбал, энэхүү робот нь зөөгч, угтагч, цэвэрлэгч зэрэг үүргийг гүйцэтгэх чадвартай юм. Нэг үгээр, үйлчилгээний салбарт ажиллаж буй хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, үйлчилгээний чанарыг тогтвортой байлгахад чиглэж буй. Энэ нь хүний оролцоог багасгаж, үйлчилгээний үр ашиг, хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх чухал давуу тал болдог. Судалгаанаас харахад, 2024 оны наймдугаар сарын байдлаар Pudu Robotics компани дэлхий даяар 80 мянга гаруй үйлчилгээний робот нийлүүлжээ. Тодруулбал, 60 гаруй улс орон, бүс нутгийн 600 гаруй хотын ресторан, зочид буудал, эмнэлэг, худалдааны төвийн бизнес эрхлэгчид ашиглаж буй.
Харин “Таван Богд Нура” ХХК нь “Таван Богд групп”-ийн охин компани юм. Тэд Монгол Улсад технологийн тэргүүлэх үйлчилгээг 2004 оноос эхлэн нэвтрүүлсэн туршлагатай хамт олон. Энэ хугацаанд тэд PUDU роботоос гадна LG, SIRO, Xerox, AXIS зэрэг дэлхийд технологийн чиглэлээр тэргүүлж буй брэндийг Монголд нутагшуулжээ. Нэг үгээр, мэргэшсэн инженерийн баг хамт олон таны бизнесийг хамгаалах дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн технологийн шилдэг шийдлүүдийг санал болгон ажиллаж байгаа юм. Тэгвэл PUDU робот 2023 онд Монголын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэлжээ. Энэ хоёр жилийн хугацаанд тэд зөөгч, цэвэрлэгээний робот гэх үндсэн хоёр төрөлд нийтдээ найман загварыг худалдаалж буй. Гол нь тус компани тухайн харилцагч байгууллагынхаа хэрэгцээ, шаардлага, үйлчилгээний онцлогт нийцсэн роботыг санал болгодгоороо онцлог.

Энэ талаар Л.Инжмаа “Манайх тухайн байгууллагын чиглэл, үйл ажиллагаанд үндэслэн тохирох роботын загварыг санал болгодог. Жишээлбэл, европ хоолны ресторанд илүү минимал, дэгжин загварыг хүргэнэ. Эсрэгээрээ ази хоолны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад дэлгэцтэй, өөр дээрээ дөрвөн тавиуртай, мууран хэлбэрийн дизайнтай BellaBot Pro загвар илүү тохиромжтой байдаг. Харин үйлчилгээний томоохон төвүүдэд угтах үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сурталчилгаа, мэдээлэл түгээх боломжтой KettyBot Pro загварыг санал болгодог. Ингэснээр робот нь зөвхөн үйлчилгээ үзүүлэхээс гадна маркетингийн нэмэлт үүрэг гүйцэтгэх давуу талтай” хэмээв.
Одоогоор “Жуулчин тэрэлж ресорт”, “Нагоми”, “Болор тэрэлж”, “Шангри-ла хотел”, Asian Hot Pot, Yu Long зэрэг салбарынхаа өнгө төрх, стандартыг нэвтрүүлэгч компаниуд үйлчилгээндээ хэдийнээ нэвтрүүлжээ. Ярилцлагын үеэр Л.Инжмаа харилцагч байгууллагуудын зүгээс сэтгэл ханамж өндөр байгааг онцолж байв. Учир нь PUDU робот зөвхөн хүний нөөцийн хомсдолыг шийдээд зогсохгүй, ажилтнуудыг илүү үнэ цэнтэй, бүтээлч ажилд төвлөрөх боломжийг олгож буй.
Тухайлбал, BellaBot Pro нь нэгэн зэрэг олон ширээний хүргэлтийг нэг дор хүргэх боломжтой дөрвөн давхар тавиуртай бөгөөд тус бүр нь 10 кг хүртэл ачаа даадаг. Иймд ресторан, кафе зэрэг ачаалал ихтэй орчинд туйлын тохиромжтой аж. Мөн хамгийн сүүлийн үеийн 3D камер болон LiDAR мэдрэгчтэй. Эдгээр төхөөрөмжийн тусламжтайгаар робот 360 градусаар орчноо сканердаж, хүн болон саадыг автоматаар танин, тэдгээрийг тойрч гарахаар программчлагдсан. Ингэснээр давчуу зайтай, хөл хөдөлгөөн ихтэй орчинд ч гацахгүй, саатахгүй ажиллах боломжтой аж. Тус робот нь нэг удаагийн цэнэгээр 10-12 цаг тасралтгүй ажиллах чадвартай. Харин цэнэг дуусахад автоматаар цэнэглэгч станц руу шилжин, ажиллах горимоо сэргээдэг. Товчхондоо, BellaBot Pro нь зөөгчийн ажлыг зөвхөн автоматжуулах биш, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний чанар, хурд, найдвартай байдлыг нэг түвшнээр дээшлүүлэх боломжийг олгож байна.
Харин цэвэрлэгч роботын тухайд нэг онцлох зүйл нь гүйцэтгэл, үр дүнгээ маш тодорхой, тоон мэдээллээр харж болдогт оршино. Жишээлбэл, тухайн робот өдөрт хэдэн м.кв талбайг ямар хугацаанд, хэдэн литр усаар цэвэрлэв гэх зэрэг мэдээлэл бүгд Pudu Link гэх тусгай платформоор дамжин бодит цагийн горимоор харагддаг. Өөрөөр хэлбэл, роботын өгч буй өгөгдөлд үндэслэн цэвэрлэгээний үйл ажиллагааг илүү ухаалгаар төлөвлөх боломжийг олгодог. Тухайлбал, аль хэсэг хамгийн их бохирдолтой байгааг мэдэж, тэр хэсэгт роботыг илүү давтамжтай явуулах, харин харьцангуй цэвэр бүсэд цэвэрлэгээний тоог багасгах зэргээр ажлаа оновчтой зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.
Мэдээж энэ төрлийн технологийн “зүрхийг” байнгын засвар үйлчилгээ тэтгэж байдаг. “Таван Богд Нура” ХХК нь уг роботын албан ёсны дистрибьютер учир энэ чиглэл дэх бүх үйлчилгээг хангаж, шинэ загвар гарах бүрд инженерүүдээ сургалтад хамруулдаг аж. Энэ талаар Л.Инжмаа “Бид зөвхөн борлуулалтаар зогсохгүй, засвар үйлчилгээний иж бүрэн дэмжлэгийг үзүүлдэг. Энэхүү үйлчилгээг мэргэшсэн гурван түвшний инженерийн баг гүйцэтгэдэг. Эхний түвшний дэмжлэгийг хяналтын инженерүүд үзүүлдэг. Тэд роботын системд алсын зайнаас холбогдон, асуудлыг программ хангамжийн түвшинд оношилж, шийдэх анхан шатны туслалцааг шуурхай үзүүлдэг. Хэрэв асуудал механикийн түвшинд хамаарч, заавал буюу газар дээрх үзлэг, засвар шаардлагатай бол дараагийн түвшний инженер тухайн өдөрт нь очиж шууд үйлчилгээг үзүүлнэ. Ингэснээр засварын үйл ажиллагаа удаашрахгүй, хэрэглэгчийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэхгүй байх нөхцөлийг бид хангаж буй. Харин илүү нарийн, төвөгтэй асуудал гарвал гуравдугаар түвшний буюу шийдлийн инженер рүү шилждэг” хэмээв. Үүнээс гадна тус компани албан ёсны дистрибьютерийн хувьд, шаардлагатай сэлбэг хэрэгслийг тасралтгүй нийлүүлдэг тул олдохгүй байх, хүлээх асуудал үүсдэггүй аж.
Pudu Robotics компанийн зүгээс жил бүр роботынхоо загвар, функцүүдийг технологийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчилж, улам ухаалаг болгох зорилт тавин ажиллаж буйг “Таван Богд Нура” компанийн брэнд хөгжүүлэлтийн менежер Л.Инжмаа онцолсон юм. Тиймээс энэ онд хүний хөдөлгөөн, үйлдлийг илүү сайн дуурайж, хэрэглэгчдэд илүү дотно, интерактив туршлага өгөх хүн дүрст робот (humanoid) загварыг нэвтрүүлэхээр тэд зорьж буй. Жишээлбэл, зөөгч роботын хувьд одоогийнхоос илүү боловсронгуй, хоолыг зөвхөн зөөх бус, хэрэглэгчийн өмнө тавих зэрэг илүү нарийн хөдөлгөөнийг гүйцэтгэх чадвартай шинэ загварыг бизнес эрхлэгчдэд танилцуулах аж.
Харин цэвэрлэгч роботын тухайд хамгийн сүүлийн үеийн хиймэл оюунт загварууд хэдийнэ Монголд орж иржээ. Энэ загвар хаана бохирдол үүссэнийг илрүүлэн, цэвэрлэгээ хийх чадамжтай аж. Түүнчлэн томоохон объект, үйлдвэрийн байр, агуулах зэрэг 100 мянган м² хүртэлх талбайг бие даан цэвэрлэх хүчин чадалтай MT1 гэх хамгийн сүүлийн үеийн робот дотоодын зах зээлд нэвтэрсэн байна.
MT1 робот нь:
- Том хэмжээтэй хог, хаягдал (Жишээ нь, ундааны сав, хүнсний хаягдал, шил, хадаас зэрэг)-ыг соруулах;
- Агаар дахь идэвхтэй тоосонцор, эрүүл ахуйн өндөр эрсдэлтэй хаягдал хүртэл цэвэрлэх HEPA шүүлтүүр бүхий системтэй;
- Хамгийн сүүлийн үеийн AI алгоритм, хөдөлгөөнт камер, LiDAR технологи ашиглан орчныг 360° сканердаж, саадыг таних, тойрох, цэвэрлэх замаа ухаалгаар төлөвлөх боломжтой зэрэг давуу талтай юм байна.
Ингэснээр хэрэглэгчдийн зүгээс роботыг зөвхөн хөдөлмөр хөнгөвчлөх бус, бодит үр дүнг тоогоор харуулдаг, зардлыг хэмнэдэг ухаалаг туслах гэж харж, үнэлэх хандлага улам бүр нэмэгдэж буй.
- Холбогдох утас: 7500-7777
- Facebook: Technology Business Solutions LLC
- Хаяг: ХУД, 3-р хороо, Таван Богд Группийн төв оффис