Хотын төвөөс ердөө зургаан км-ийн зайд, Туул голын эрэг дагуух Бага тэнгэрт байрлал, орчин, сургалтын хөтөлбөр нь тун өвөрмөц нэгэн сургууль бууриа засжээ. Зургаан цомцог гэрийг нийлүүлсэн сургуулийн байр нь Монголдоо төдийгүй дэлхийд ховор гэмээр содон зохион байгуулалттай аж. Нам гүмхэн, тоосжилт, утаа униар, хотын дуу чимээнээс ангид ийм л орчинд “Эрдмийн гүүр элит” сургууль, цэцэрлэгийн цогцолбор-ын сурагчид эрдмийн их аянаа эхлүүлдэг.
Сургууль ийм өвөрмөц байж болдог
Гаднаас нь харахад “Энэ сургууль биш байх” гэж бодогдмоор, 16 ханатай том гэрийг жижиг таван гэртэй бөөрөөр нь нэгтгэсэн өвөрмөц дизайн бүхий орчинд хятад, англи хос хэлний сургалттай “Эрдмийн гүүр элит” сургуулийн сурагчид хичээллэж байна.
Тус сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Ө.Манлайхүү энэ талаар “2023 онд сургуулийн байраа барих гээд судалгаа хийж байхдаа санамсаргүй тохиолдлоор нэг сэтгүүлээс Францын нэгэн хотод монгол гэрт бага сургууль хичээллэдэг тухай нийтлэл уншсан юм. Гэтэл монголчууд бид үндэсний энэ онцлогоо ашиглаж, монгол гэрийн загвартай сургууль байгуулсан нь үгүй. Ингээд л зориглож, сургуулийнхаа бага ангийн сурагчдын байрыг гэр хэлбэртэй барьсан юм. Монголд анх удаа зууван хэлбэртэй тооно хүртэл захиалгаар хийлгэсэн. Хүүхдээ гэрт хичээллүүлэхийг эцэг эхчүүд зөвшөөрөх, ойлгох болов уу гэж анх битүүхэн айж байсан ч тэд маш эерэгээр хүлээж авсан. Агаар сэлгэлт, дулаахан орчин, тав тух гээд бүх зүйлээрээ сайн үнэлгээ авсан. Эцэг эхийн хурал хийхээр хүмүүс амраад, унтчихдаг тохиолдол хүртэл бий. Ер нь ямар ч улс хөгжиж байна гээд уламжлал, соёлоо үгүйсгэж орхих ёсгүй. Энэ ч үүднээс монгол гэрээ авч үлдэх, тэр тусмаа сургуулийн орчин болгон ашиглах боломжтой гэдгийг батлан харуулахыг зорьсон нь үр дүнгээ өгсөн” гэж өгүүлэв.
Монгол гэрт тус сургуулийн бага ангийн бүлгүүд хичээллэдэг бөгөөд эсгий олбог, цэвэр модон сандал ширээ, байгалийн гэрлийн зохистой тусгал, нам гүм орчин гээд үнэхээр хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн нь харагдаж байв. Харин дунд, ахлах ангийнхан залгаа байранд нь хичээллэдэг байна. “Бага насны дурсамж нь хүнд насан туршид хадгалагддаг. Энэ дурсамжаар нь дамжуулж монгол ахуй соёлоо таниулах, эх орондоо хайртай болох, насанд хүрсэн хойноо ч эх нутагтаа татагдах хүслийг нь суулгаж байна гэж боддог. Үр дүн гарна гэдэгт их итгэлтэй байгаа” хэмээн тус сургуулийн хамтран үүсгэн байгуулагч, дэд захирал Ч.Зулцэцэг тайлбарлав. Тэд удахгүй хоёр давхар Б байраа ашиглалтад оруулахаар барилгын ажлаа эхлүүлэх гэж байна. Нийт 500 хүүхдийн багтаамжтай, нэг ангиас хоёр бүлэг бүхий цомхон сургууль байна хэмээн үүсгэн байгуулагчид нь төлөвлөжээ.
Зөвхөн байршил, сургуулийн байр гэлтгүй “Эрдмийн гүүр”-ийн эрхэм зорилго, үнэт зүйлс нь ч тун өвөрмөц. Тухайлбал, хятад, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ихэнх сургуулийн хана, анги танхимаар дүүрэн гадаад бичиг үсэг, ханз ярайтал өрөөстэй байдаг бол энд тийм биш. Хаа сайгүй монгол соёл, эх хэл, уламжлалыг харуулсан үгс, зураг, сургалтын хэрэглэгдэхүүн материал. Тус сургуулийн бүлэг бүр өөр өөрийн үлгэр дуурайлтай. Жишээлбэл, бага бүлгийн үлгэр дуурайл нь нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Еншөөбүү овогт Б.Ринчен, дунд бүлгийн үлгэр дуурайл нь эрдэмтэн, академич Б.Ширэндэв, харин ахлах бүлгийн хувьд Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа аж. Тэд санамсаргүй тохиолдлоор энэ гурван хүнийг сонгоогүй бөгөөд тухайлбал, аль болох том мөрөөдөхийг, сансарт хүртэл нисэх боломжтой шүү гэдгийг ойлгуулахын тулд Ж.Гүррагчаа гуайг сонгосон байна.
Өөр нэг олзуурхууштай зүйл бол сургуулийн бодлогын бичиг баримтад тусган зааж буй “Монгол өв соёлын хөтөлбөр”. Уг хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр ангид төл малын тухай заадаг бөгөөд хүүхдүүд мал төллөх үеэр хөдөө очиж “хичээлээ хийдэг” аж. Мөн долдугаар ангийнхан дээлийн товч зангидах, зургаадугаар ангийнхан зургаагаар сүлжих зэрэг хичээлд хамрагдана. Харин 5-8 дугаар ангид морин хуурын хичээл ордог. Морин хуурын хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт багтаагаасай, олон монгол хүүхэд энэ гайхамшигт хөгжмийн зэмсгээр тоглож сураасай гэж хүсдэгээ тус сургуулийн удирдлага хуваалцсан.
Энэ цаг үед эх орноосоо дайжиж, зугтаах сонирхолтой хүүхэд залуус олширч байна. Эцэг эх нь хүртэл хүүхдээ Монголд битгий сур гэж бараг шаарддаг болжээ. Үүнээс шалтгаалаад гадаад хэл маш сайн сурахыг гол зорилгоо болгоод эцэст нь хүүхэд нь монгол ч биш, гадаад ч биш болох тохиолдол гарсаар. Гадаадын шилдэг их сургуульд сураад ирсэн ч монгол хэл, соёлоо сайн мэдэхгүйн улмаас МУИС-ийн монгол хэлний ангид сурахаас аргагүй болсон залуус хүртэл байна. “Монгол хэлээрээ зөв, алдаагүй найруулан бичиж чаддаггүй хүүхэд олширсон. Бид хоёр сургууль байгуулахаар ярилцаж байхдаа сурагчдаа тийм болгохгүй шүү гэж хатуу шийдсэн” хэмээн Ч.Зулцэцэг өгүүлэв. Боловсролын салбарт олон жил ажиллаж, туршлага хуримтлуулсан гэр бүлийн хоёр “Эрдмийн гүүр элит” сургуулиа байгуулахдаа энэ мэт олон тулгамдсан асуудлыг олж харсны үндсэн дээр сургуулийн алсын хараа, зорилгыг тодорхойлжээ.
Энэ талаар Ө.Манлайхүү “Шинжлэх ухаан буюу арга, өв соёл буюу билгийн хослолд суурилсан мэдлэг боловсролыг дэлхийд таниулан дэлгэрүүлэх монгол сургуулийг байгуулж, эндээс өөрийгөө ойлгож таньсан, хэн гэдгээрээ бахархдаг монгол хүн буюу дэлхийн иргэнийг бэлдэх нь бидний туйлын зорилго” гэж өгүүлсэн юм. Тийм учраас манай ихэнх хувийн сургууль, тэр дундаа гадаад хэлний төрөлжсөн сургуулиудтай харьцуулбал арай өөр “дүр төрх”-ийг тус сургууль бүрдүүлжээ.
Монгол Улсад 2024 оны байдлаар төрийн өмчийн 705, хувийн өмчийн 180 сургуульд 800 мянга орчим хүүхэд суралцаж байна. Хэрэв сургууль бүр “Эрдмийн гүүр элит” шиг монгол хэл соёлоо бүрэн дүүрэн мэддэг, монгол хүн гэдгээрээ бахархдаг, эх орондоо хайртай хүнийг бэлдэхэд 100 хувь анхаардаг бол гэсэн сэтгэгдэл тус сургуультай танилцах үеэр өөрийн эрхгүй төрж байлаа.
Ирээдүйн элитүүдийг бэлдэнэ
“Эрдмийн гүүр элит” сургуулийг үүсгэн байгуулагч Ө.Манлайхүү 2002-2007 онд БНХАУ-д санхүүч мэргэжлээр суралцаж байхдаа нэгэн зүйлийг ойлгожээ. Хятадад сурч байгаа монгол оюутнууд хичээл номдоо сайн болж, сурлагын амжилтаар ч, эх орондоо хийж байгаа үйл хэргээр ч манлайлах хэрэгтэй байна, үүний тулд дэлхийн бодлогыг тодорхойлох хэмжээнд хөгжиж байгаа улс орны их, дээд сургуулийн шаардлагыг бүрэн хангаж, өндөр тэтгэлэг авч чадах залуусыг олноор бэлдэхийг тэрбээр мөрөөдөх болов.
Улмаар БНХАУ-ын Бээжингийн хэл соёлын их сургуульд мэргэжил дээшлүүлэн Хятад хэлний олон улсын зэрэгтэй багш болж, 2009 оноос боловсролын салбарт эргэлт буцалтгүй хөл тавьжээ. Анх ганцхан сурагчтай, айлын нэг давхрын хажуу өрөө түрээслэн хятад хэлний сургалтын төвөө эхлүүлж байв. Өдгөө түүний байгуулсан боловсролын төв 16 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2019 онд тус төвийг өргөтгөн ахлах сургууль байгуулав. “Сургалтын төвийн дараагийн зорилго нь дунд сургууль байдаг юм. Тэрхүү зорилгодоо бид хоёр 2023 онд хүрч, бүрэн дунд сургуулиа байгуулсан” хэмээн Ч.Зулцэцэг өгүүлэв.
Ө.Манлайхүү бол хятад хэлний дээд түвшний хичээлийг үр дүнтэй зааж чаддаг чадварлаг багш нарын нэг. Эхнэр Ч.Зулцэцэг нь ОХУ-д химич-экологич мэргэжлээр суралцаж төгссөн ч багаасаа багшийн мэргэжлийг сонирхдог байсан учир өдгөө сургуульдаа удирдах ажил хашихын зэрэгцээ анхаарал төвлөрөл, эсээ бичлэгийн хичээл ордог аж.

“Багш заавал мундаг хувийн амжилттай, олон зэрэг цолтой байх нь чухал биш. Тийм мөртлөө өгөөжгүй багш олон байдаг. Харин хүүхдэд юм сургая гэсэн чин хүсэлтэй, сэтгэл сайтай багш бол “жинхэнэ багш”. Бусдад өгдөг, өөрийгөө, тэр бүү хэл өөрийнхөө хүүхдийг хүртэл хойш нь тавьдаг зан чанар сайн багш нарт байдаг. Багшийн мэргэжил бол хүн болгон сонгоод байдаггүй мэргэжил гэж боддог” хэмээн гэр бүлийн хоёр онцолж байв.
Тэгвэл “Эрдмийн гүүр элит” сургуулийн удирдлага, багш нар “Шинжлэх ухаанч элитүүдийг бэлтгэнэ” гэсэн уриагаа хэрхэн томьёолж байна вэ? “Улс болгонд үндэстний сэхээтэн боловсон хүчнийг бэлддэг сургуулиуд бий. Тухайлбал, Англид Этон коллеж, Хятадад Үй Цай зэрэг сургууль байдаг. Бидний анзаарч харж буй нэг зүйл бол монгол сэхээтэн хүнийг бэлдэх хэмжээний үзэл санаатай сургууль алга байна. Үзэл санаа гэдэг нь үндсэрхэг үзэл биш юм. Аливаа үйл хэрэгт байх туйлын зорилго, өөрийн гэсэн мөн чанарыг хэлж байгаа юм. Хэт баруунжих, эсвэл хэт бусдын соёл, туршлагыг шүтэх болсон хандлага ажиглагдаж байна. Бидний бодлоор элит хүн бол эх хэл, соёлоо мэддэг, бусдын соёл, онцлог, ондоошлыг хүндэлдэг хүн юм. Хамгийн гол нь эх орондоо эргэж ирээд ихийг хийж бүтээдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, эх орондоо ирээд боловсрол, мэдлэг шингээсэн юм хийдэг хүн. Манай сургууль тийм иргэнийг буюу эх орондоо хэрэгтэй хүнийг бэлдэж байгаа” хэмээн Ө.Манлайхүү өгүүлэв.
Энэ зорилгын хүрээнд тэд гадаад харилцаагаа өндөр түвшинд хөгжүүлж байна. “Эрдмийн гүүр элит” сургуульд заадаг гол гадаад хэл нь хятад болохоор БНХАУ-ын 3000 гаруй их, дээд сургуулиас чансаагаараа эхний 100-д бичигддэг 40 сургуультай нягт хамтран ажилладаг аж. Тийм ч учраас эцэг эхчүүд хятад хэлний сургалтад нь анхаарч, тус сургуульд хүүхдээ өгөх нь их. Түүнчлэн Английн Ланкастерийн их сургууль, АНУ-ын Дьюкийн их сургууль зэрэг Европ, Канад, Америкийн шилдэг сургуулиуд бүгд БНХАУ-д салбартай учраас тэдгээрт элсэн суралцах боломжтой талаар тэд дурдаж байв. Баруунд сурснаас “Азидаа сурах нь аюулгүй байдал, хүүхдэд таатай нөхцөл, орон зай гээд олон талаараа монгол хүүхдүүдэд илүү давуу талтай” хэмээн Ч.Зулцэцэг зөвлөсөн.
Ө.Манлайхүү, Ч.Зулцэцэгтэй хийсэн ярилцлагынхаа төгсгөлд “Эрдмийн гүүр элит” сургуулийг төгсөгчид ямар хүн болж төлөвшсөн байгаасай гэж хүсдэг тухай лавлав. Тэд асуултад маань “Академик мэдлэгийн хувьд дотоод, гадаадын аль ч сургуулийн стандартыг бүрэн хангасан байх ёстой. Зарим дунд сургуулийг төгсөгчид гадаадын их, дээд сургуулийн шаардлагыг хангахгүй, мэргэжлээ яаж сонгохоо мэдэхгүй, эцэг эх нь зөв чиглүүлж чадахгүй төгсөж байна. Мэргэжлээ зөв сонгоогүй бол их дээд сургуульд тэнцэхгүй байх магадлал их. Хоёрдугаарт, өмнө дурдсанчлан эх орон, хэл соёлоо мэддэг, мөн эх орондоо буцаж ирээд ихийг хийж бүтээх хүсэл бодолтой иргэнийг төрүүлэн гаргах. Үүний л төлөө бид ажиллаж байна” хэмээн хариулсан юм.