Томоохон хаусны хэмжээтэй, элсээр дүүргэсэн эрчим хүч нөөцлүүрийн ачаар Финландын нэгэн хот халаалтын системдээ малтмал түлш ашиглах шаардлагагүй боллоо. Тус улсын Polar Night Energy стартап нийслэл Хельсинк хотоос нэг цаг зорчих зайд орших Порнайнен хотод элсэн батерей гэж нэрлэж буй байгууламжийг саяхан ашиглалтад оруулжээ.
Сэргээгдэх эрчим хүчийг дулаан болгон хадгалахын тулд барилгын хаягдал ашигладаг уг төхөөрөмж нь 5000 гаруй оршин суугчтай тус хотын дулааны асуудлыг ийнхүү байгальд ээлтэй технологиор шийдвэрлэж байгаа юм. Ингэснээр Порнайнен хотын дулааны шугам сүлжээ нь байгалийн хий, газрын тос ашиглахаа бүрмөсөн зогсоож, улмаар хүлэмжийн хийн ялгарлаа 70 орчим хувиар бууруулах боломжтой болно. “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үр дүнтэй арга үргэлж бий гэдгийг харуулсан нотолгоо нь манай төсөл болж байна. Ямар нэг түлшийг шатаах нь уур амьсгал, байгаль дэлхийн хувьд зохимжтой сонголт ерөөс биш” гэж Polar Night Energy стартапын үйл ажиллагаа хариуцсан захирал Лийса Наскали ярьсан байна.
Дулаан хадгалах зориулалттай уг байгууламж нь 13 метр өндөр, 15 метр өргөн бөгөөд барилгын салбарын дайвар бүтээгдэхүүн болох 2000 тонн нунтагласан шүлт чулуугаар дүүрэн юм. Тус стартапын 2022 онд ашиглалтад оруулсан анхны загвартай харьцуулахад энэ удаагийнх 10 дахин том хэмжээтэй аж.
Нар, салхинаас гаргаж авсан илүүдэл сэргээгдэх эрчим хүчийг уг батерей руу дамжуулах бөгөөд батерей доторх систем нь халаагуурыг ажиллуулдаг. Уг халаагуур нь халуун агаарыг хоолойнуудаар дамжуулан элсээр дүүргэсэн аварга том сав руу шахдаг байна. Ингэснээр элс 600°C хэм хүртэл халж, дулаан хуримтлуулагч болж хувирна. Батерейг дулаан тусгаарлагч ханаар битүүмжилсэн учраас дулааныг долоо хоног, бүр сараар хадгалах боломжтой аж. Улмаар шаардлагатай үед халуун агаарыг шахах замаар хотын дулаан түгээх системийн усыг халааж эхэлдэг байна.
“Мэдээж бид уур амсгалын өөрчлөлтийг дангаараа шийдвэрлэж чадахгүй. Өөр олон шийдэл хүн төрөлхтөнд хэрэг болно. Гэхдээ элсэн батерей тэдгээр шийдлийн нэг мөн гэдэг нь гарцаагүй” гэж Л.Наскали ярьсан байна.
Нийт 100 МВт-ын хүчин чадалтай уг төхөөрөмж нь нэг цэнэглэлтээр Порнайнен хотыг өвлийн улиралд нэг долоо хоног, харин зуны улиралд бүтэн сарын хугацаанд дулаанаар хангах боломжтой. Элсэн батерейг цэнэглэхэд дөрвөн өдөр шаарддагдаг байна.
Polar Night Energy стартап цаашид шинэ, илүү өндөр хүчин чадалтай элсэн батерейг Финланд болон бусад улсад байгуулахаар хэлэлцээ хийж эхэлжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор дэлхийн нийт эрчим хүчний тал хувь нь халаалтад зарцуулагддаг байна. Европ тив халаалтын асуудлаа байгалийн хий, нефть, мод, хог хаягдал шатаах замаар шийдвэрлэж буй.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх экологийн зөв шийдэл нь олон хот, нэн ялангуяа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хотуудын хувьд элсэн батерей болж чадах юм. Түүнчлэн хэмжээг нь ихээхэн өсгөж чадах юм бол литий-йон, усан цахилгаан станц, СО2 хадгалдаг байгууламж зэрэг бусад шийдлийн адилаар эрчим хүч нөөцлүүрийн чухал дэд салбар болох боломжтой ажээ.