Хүн төрөлхтөн өөрсдийн хөгжлийг түүхийн ном, судар, хадны бичээс зэрэг олон төрлийн эх сурвалжаас таньж ойлгож ирсэн. Гэхдээ зөвхөн бичиг үсэг бидний үүх түүх, уламжлалыг хадгалах бус өмсөж буй хувцас маань ч уламжлал, үндэсний онцлогоо тээж буй нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, хувцас бол өв соёл, тухайн цаг үеийн гоо зүйн мэдрэмж, ахуйн хэв маягийг илэрхийлсэн амьд бичээс юм. Тэгвэл бид энэ удаа уламжлалт гоёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан бүтээж, шинэ дүр төрхтэйгөөр хүмүүст хүргэж буй “Түмэн Торго” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Очирнямтай ярилцлаа. Тэрбээр торгоны үүх түүх, онцлог болон компани нь инновац шингэсэн бүтээл хэрхэн урлаж буй талаар хуваалцсан юм.
Дэлхийг өөрчилсөн хүр хорхойн торго
Юуны түрүүнд, уншигч танд торго гэх материалын түүхээс сонирхуулъя. Торго бол зүгээр нэг тансаг материал биш. Харин дэлхийн соёл, худалдаа, технологийн түүхийг хамтад нь хүүрнэдэг гайхамшигт бүтээл юм. Хятадууд 6000 жилийн өмнө хүр хорхойн авгалдайгаар нэхмэл утас гарган авч, түүнийгээ боловсруулан, гараар нэхдэг өвөрмөц технологийг нээсэн нь тухайн үедээ дээдсийн хэрэглээ болсон төдийгүй төрийн нууцын зэрэглэлд багтаж байв. Энэхүү нэхэх аргаа тэд машид чандлан нууцалж байсан ч МЭ-ний II зуунаас эхлэн аажмаар Япон, Дундад Ази, Перс, цаашлаад Ромын эзэнт гүрэн хүрсэн түүхтэй. Хожим “торгоны зам” хэмээн нэрлэгдэх агуу худалдааны сүлжээгээр дамжин торго дэлхийн тансаг хэрэглээний бэлгэ тэмдэг болон түгжээ. Харин Европ тив торгыг итали худалдаачид, ялангуяа Венец, Генуя хотоор дамжуулан хүлээн авч, дундад зууны үеэс эхлэн өөрсдийн загвар, ур хийцтэй хослуулан хөгжүүлсэн байна. Гэсэн ч торгоны уг үндэс, философи нь өнөөг хүртэл Азийн соёл, гар урлал, гоо зүйн сэтгэлгээтэй салшгүй холбоотой хэвээр байна.
Харин монголчууд торготой хэзээ, хэрхэн танилцаж байсныг уншигч та хэдийнэ гадарласан биз ээ. Уг түүхийн талаар Б.Очирням “XIII-XV зууны үед Монголын эзэнт гүрэн торгоны түүхэнд маш том өөрчлөлтийг оруулсан. Нэгдүгээрт, Монголын ихэс дээдэс хамгийн тансаг дээл хувцсыг өмсдөг байсан тул хээ хуар, өнгөний зохицлыг захиалгаар үйлдвэрлүүлдэг болсон. Зөвхөн торго гэлтгүй будаатай шаазан, алт, мөнгө, чулуун эдлэлүүдэд хүртэл монгол хэв маяг шингэж эхэлсэн. Хоёрдугаарт, монголчууд торгон утсыг өөр материалуудтай хольж торго нэхүүлж эхэлсэн. Жишээлбэл, алт ба мөнгөн утсыг торгоны нэхээсэнд оруулснаараа илүү тансаг чамин болгож, дээл хувцсаа урлаж эхэлсэн. Ийм учраас бид торгоны том соёлтой, маш их мэдрэмжтэй ард түмэн. Торго гэж хэлэхэд л тансаг, өндөр зэрэглэлийн гэх мэдрэмж төрдөг” хэмээв.
Тансаг харагдаж болно, гэхдээ…
Монголчуудын түүхэнд торго нь зүгээр нэг даавуу бус өв соёлыг тээсэн үнэт эдлэл байсаар ирсэн. Он цагийн урсгалд гандалгүй уламжлагдаж, өнөөдөр ч бидний гоёл, хэрэглээний нэг хэсэг хэвээр оршсоор байна. Гэвч сүүлийн жилүүдэд зах зээлд жинхэнэ торгоноос гадна хямд, хиймэл бүтэцтэй дуураймал торго олноор үзэгдэх болсон. Харахад гялалзсан, биед зөөлөн, наалдамхай энэ материалын цаана бидний төсөөлөөгүй эрсдэл нуугдаж байдаг тухай “Түмэн Торго” брэндийн үүсгэн байгуулагч Б.Очирням анхааруулж байв. Учир нь дуураймал торгоны үрчгэрийг багасгах, өнгийг гүн суулгах зорилгоор формальдегид гэх химийн бодисоор боловсруулдаг байна. Энэ бодис нь усанд уусдаг, жижиг молекул учир хөлсөөр дамжин хүний арьсанд шингэх эрсдэлтэй аж. Тодруулбал, дулаан нөхцөл, хөдөлгөөн, үрэлт ихтэй үед энэ шингэц илүү эрчимжиж, улмаар арьсны харшил, загатнаа, цочрол үүсгэхээс гадна мэдрэмтгий хүмүүст амьсгалын замын зовуурь, нойргүйдэл зэрэг шинж тэмдэг илрэх эрсдэлтэй аж. Иймээс торго сонгохдоо зөвхөн өнгө үзэмжээр бус, гарал үүсэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө зэргийг бодолцох нь хэрэглэгчийн хариуцлага болоод буй. Энэ талаар Б.Очирням “Найдвартай цэвэр торго үйлдвэрлэгчээс хувцас сонгох нь зөвхөн өөрийгөө бус, соёлоо хамгаалж буй хэрэг. Энэ ч утгаараа бидний хувьд гарал үүсэл нь тодорхой хүр хорхойн торгоор үндэстний хувцсаа урлаж байна” хэмээв.
Эв нэгдлийн бэлэгдэл болсон эвтэй дөрвөн амьтныг багтаасан хээтэй дан дээл болон цамцны загвар
“Түмэн Торго” брэнд энэ жил “Түмэн Торготой Наадам” коллекцоо танилцуулж буй. Тус брэндийн 15 жилийн ойд зориулсан тус цуглуулгад түмэн хээтэй торгон дээл, уран зураг бүхий дээл, найман шарга малгай, орчин үеийн хэв маягийг шингээсэн хантааз тэргүүтэй бүтээгдэхүүн багтжээ. Эдгээр нь уламжлал, урлаг, орчин үеийн загварыг хослуулсан өвөрмөц шийдлүүдээрээ хэрэглэгчдийн сонирхлыг татаж байгаа аж.
Шинэ зууныханд өвлүүлэх уран шаглаа
Хэдхэн жилийн өмнө бид Хятад, Энэтхэг, Япон зэрэг улсаас торго импортолж, монгол дээл, гоёлын хувцсаа урладаг байсан. Гэхдээ тэдгээр торгоны хээ угалз, өнгө дүрслэлд хятад ханз, гадаад соёлын бэлгэдэл давамгайлж, үндэсний онцлог тэр бүр илрэн харагддаггүй байсан. Тэгвэл “Түмэн Торго”-ын дизайнер, зураачид сүүлийн есөн жилийн турш тасралтгүй ажиллаж, 30 гаруй монгол бэлгэдэл бүхий өвөрмөц хээтэй торгоны загварыг зохиожээ. Эдгээр бүтээл нь оюуны өмчөөр баталгаажсан бөгөөд монгол соёлыг даавуунд шингээсэн орчин үеийн уран бүтээл болон үнэ цэнээ улам өсгөж байна.
Хатгамалтай монгол хантааз
Монголчуудын эрхэмлэж ирсэн хээ угалз бол зүгээр нэг гоёл чимэглэл бус, утга бэлгэ, итгэл үнэмшлийн гүн гүнзгий илэрхийлэл юм. Энэ талаар Б.Очирням “Түмэн наст, өлзий хээ зэрэг уламжлалт бэлгэдэл нь урт наслах, өлзий буян дэлгэрэх, сайн сайхан ерөөл агуулсан хүчтэй утгатай. Монголчуудын уламжлалт хээ угалзын 1000 орчим төрөл, тэдгээрийн түүх, философийг бид гүнзгий судалж, орчин үеийн хэрэглээнд нийцсэн шинэ хэв маяг, дизайн бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ нөр их ажлынхаа үр дүнд бид “Дөрвөн хүчтэн”, “Монгол бичигтэй торго”, “Мандала”, “Угалзан хээ”, “Түмэн хээ” зэрэг утга агуулга, дүрслэл, монгол ухаан хосолсон торгоны загварыг хэрэглэгчдийн сэтгэл зүрхэнд нийцүүлэн урлаад байна. Эдгээр бүтээл зөвхөн гоёл чимэглэл биш, харин үндэстний оюун санаа, гоо зүйн код, соёлын илэрхийлэл юм” хэмээв.
Торгоны нэг загварыг гаргахад ойролцоогоор 10 мэргэжилтэн оролцдог аж. Харин нэг бүтээл бүтэх хугацаа зургаан сараас бүтэн жил үргэлжлэх тохиолдол ч бий. Тухайлбал, эхлээд тэд тухайн хээний бэлгэдэл, түүх, дүрслэлийг судалж, монгол дээл хувцастай зохицох хээний концепцыг боловсруулдаг. Дараа нь зураачидтай хамтран компьютер графикаар загварыг зурж, торго нэхэх нэхмэлийн машины дизайнер эцсийн хээг боловсруулан үйлдвэрт оруулдаг. Ингэж олон шат дамжлагыг туулан, оюуны хөдөлмөр шингэсэн үнэт бүтээл бий болдог. Хэдийгээр “Түмэн торго”-ын хамт олон үндэсний хувцас үйлдвэрлэдэг ч гэсэн менежментийн хувьд хамгийн орчин үеийн хэрэгслүүдийг ашиглахыг хичээж ажилладаг аж. Жишээлбэл, сүүлийн жилүүдээс эхлэн ERP систем, дотоод сургалтын систем, орчин үеийн хувцасны эсгүүрийн CAD систем гэх зэрэг системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Эдгээр систем нь багаар үр дүнтэй ажиллах бололцоог үүсгэж, дэлхийн хаанаас ч бизнесээ удирдах боломжийг олгодог хэмээн Б.Очирням тайлбарлаж байлаа. Мөн тэрбээр “Түмэн Торго” брэндийн гол үнэт зүйл нь зөвхөн дээл хийж худалдаалах биш, харин өв соёл, үндэстнийхээ үнэт зүйлсийг дараа үедээ үлдээх их “торгон аялал”. Нэг үгээр, “Бид ‘Өмсөж болдог урлаг” бүтээж байна. Энэ бол зүгээр нэг даавуу биш, бидний бахархал, оюун санаа, гоо зүй юм” хэмээн онцолсон билээ.
Торгон цамц
Торгон дээл, хувцас хадгалах зөвлөгөө
Жинхэнэ хүр хорхойн торго маш эмзэг, нарийн бүтэцтэй байдаг тул буруу арчилбал өнгө алдах, агших, ширгэх, гэрэлтэх шинжийг нь үгүй хийх эрсдэлтэй. Иймээс,
- Эвхэж хадгалдаг бол торгон дээлийг даавуун уутанд хийж хадгалаарай. Энэ нь агаар нэвтрүүлж материалын чанар муудахаас сэргийлдэг.
- Зөвхөн хуурай цэвэрлэгээнд өгч заншаарай.
- Хатуу, хурц ирмэгтэй өлгүүр нь мөр гаргаж, хэлбэрийг алдагдуулдаг.
- Сар тутамд сүүдэрт, агаар сайн сэлгэдэг газар дэлгэж сэврээх нь тохиромжтой.