“Шүд бол бүх юм” энэ үгийг ярилцлагын үеэр хэдэнтээ давтах Д.Учралттай шүдний эмнэлгийг бизнес утгаар нь хөгжүүлэхэд баримтлах ёс зүй, манай улсын иргэдийн амны хөндийн боловсрол, ProMed Family Dental Care шүдний эмнэлгийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Инээмсэглэлийн цаадах эрхэм зорилго
Тэрбээр 2007 онд АШУИС-ийн НАСС-ийг Нүүр амны согог заслын эмчээр төгсжээ. Сургуулиа төгсөөд удалгүй мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн тэрбээр Монголд анхны салбар шүдний эмнэлгийг нээх зорилго тээн 2012 онд ProMed Family Dental Care шүдний эмнэлгээ үүсгэн байгуулжээ. Нэг үгээр, Д.Учралт “Монгол орны өнцөг булан бүрд буй иргэдэд нэг стандарт, үйлчилгээг цогцлоосон салбар эмнэлгийг шавийг тавихаар зорьсон юм. Зорилгодоо үнэнч хэвээр, тэрбээр нийслэлийн найман дүүрэгт салбар эмнэлэг байгуулж, одоо бүх салбараа нэгтгэн төвлөрсөн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа аж. Тэрбээр яагаад энэхүү мэргэжилд дурлах болсон талаараа “Би арван жилээ төгсөх жил СУИС-д орно гэж бодож байсан ч манай ах надад “Шүдний эмч болоо, ирээдүйд хөгжих дэвших боломжтой гэж зөвлөсөн учир АШИУС-д элсэн суралцсан. Угаас химийн хичээлдээ сайн байсан болохоор татгалзах зүйл байгаагүй. Их сургуулийнхаа гуравдугаар дамжаанаас мэргэжилдээ дурлаж эхэлсэн. Ер нь мэргэжилдээ хайртай, эмчлүүлэгчийн үр дүн шууд мэдэгддэг, үүнээсээ маш их урамшдаг” хэмээн дурссан юм.
Харин ProMed Family Dental Care-ийн тухайд эстетик буюу гоо сайхны шүдний эмчилгээний салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Швейцарын шаазан бүрээсийг үйлчлүүлэгчид санал болгохоос гадна дэлхийн шүдний салбарт тэргүүлэгч Ivoclar компанийн тоног төхөөрөмжөөр лабораторио тоноглосон юм байна. Мөн Д.Учралт эмчийн онцолж буйгаар тэд энэ намар Швейцар, Япон, Солонгос зэрэг улсын өндөр стандартад нийцсэн AM/PM шүдний сойзыг зах зээлд нэвтрүүлэх аж.
Энэ талаар тэрбээр “Хүүхдийн шүд, амны хөндийн онцлог өөр учраас эхний ээлжид эцэг эхчүүдэд буюу насанд хүрэгчдэд зориулсан шүдний сойзыг худалдаанд гаргана. Сойзны хамгийн чухал хэсэг нь үс. Шүдээ угаах үед аман дотор шүргэлцэж байгаа зүйл хамгийн аюулгүй, хүнд хоргүй байх шаардлагатай. Тиймээс бид Швейцар, Япон, Солонгос зэрэг улсын өндөр стандартад нийцсэн учир энэхүү брэндийг сонгосон. Эцэст нь хамгийн ойр, найдвартай боломжтой байршил нь Гуанжу байсан тул хоёр удаа газар дээр нь очиж, үйлдвэртэй биечлэн танилцсаны үр дүнд үйлдвэрлэлд оруулах шийдвэрээ албан ёсоор баталгаажуулж, эхний ээлжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ороод байна” хэмээв.
Шүд бол бүх юм
Д.Учралт эмч, түүний үүсгэн байгуулсан Promed эмнэлгийн үндсэн зорилго нь бүх нийтийн амны хөндийн боловсролыг дээшлүүлэх. Магадгүй уншигч тан энэ талаарх мэдээ мэдээллийг тоймгүй л сонссон байх. Гэхдээ өглөө, өдөр, орой амаа угааж хэвших нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны оролцоот ажил биш соёл, боловсролын салбар ч анхаарах хэрэгтэй асуудал юм.
Шүдээ угаах гэдэг бол яг л өөрийн амны газрын зургийг өдөр бүр судалж, цэвэрлэх ажил юм
Түүний тайлбарлаж байгаагаар амны хөндий эрүүл байх нь амьдралын чанар, гоо сайхан, бие махбод эрүүл байхын мэндийн үндэс аж. Ялангуяа хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд нь зөвхөн эмнэлэг, эмч нарын оролцооноос илүүтэй тэдний эцэг эхчүүдийн амын хөндийн ариун цэврээ сахих дадал зуршил мэдлэгтэй шууд холбоотой.
Учир нь хүүхэд бол эцэг, эхийн толь. Тэд ямар дадал зуршил, амьдралын хэмнэлттэй байна, хүүхэд яг түүгээр хүмүүждэг. Нэг үгээр, “Том хүн шүдээ угаадаггүй бол хүүхэд ч угаахгүй. Харин эцэг эх нь энэ дадлыг хэвшүүлээд сурчихсан байвал хүүхэд ч түүнээс суралцдаг. Энэ талаар Д.Учралт эмч “Амны хөндийн эрүүл ахуй бол гэр бүлийн соёлын салшгүй нэг хэсэг.
Тэгэхээр багад тогтсон дадал насан туршийн хандлагыг тодорхойлдог” хэмээн онцолж байлаа. Үнэндээ шүдээ угаана гэдэг өдөр тутмын энгийн үйлдэл мэт боловч энэ нь эрүүл амьдралын суурь болж өгдөг байх нь.
Өнгөр цэвэрлэгдэхгүй удвал шүдний чулуу болж, буйл, ясыг гэмтээж шүдийг сулруулдаг
Өглөө бүр нүдээ нээгээд утсаа шалгадаг шигээ шүдээ угаах ёстой
Мэдээж шүдээ угаах нь эрүүл мэндийн суурь дадал. Гэхдээ заавал нарийн тодорхой хөдөлгөөнөөр угаах ёстой гэх шаардлагыг хүн бүрд тулгах нь үр дүн багатай аж. Д.Учралт эмчийн хэлснээр “Гол нь шүдээ угааж байх л ёстой. Харин ямар өнцгөөр, хэдэн минут, ямар дарааллаар гэдэг нь хоёрдугаар асуудал. Өнөөдөр зах зээл дээр цахилгаан сойз гэхэд л элдэв төрлийн хөдөлгөөнтэй, чиглэл өөр олон хувилбартай гарч ирсэн. Тэдний аль аль нь шүдийг механикаар цэвэрлэх үүргээ гүйцэтгэж л байна шүү дээ.
Гол нь хүн өөрийнхөө шүдний байрлал, эв дүйд тохируулж, чухал хэсгүүдийг л үлдээлгүй, өнгөрийг арилгаж чадаж байвал болно. Бүх хүний шүд ижил биш, бүх хүний хөдөлгөөн ч ижил биш. Иймээс өөрт эвтэйхэн байрлалаар, шүдээ сайн цэвэрлэж байхад л хангалттай” хэмээв. Мэдээжийн мэт санагдах ч бид шүдээ хэр сайн угааж байгаагаа өөрсдөө мэдэхэд тийм ч амар биш. Гэвч нэг энгийн бөгөөд үр дүнтэй арга бий. Тодруулбал, хүний хэл бол хамгийн мэдрэмтгий булчин бөгөөд шүдээ угаасны дараа хэлээрээ шүдний гадаргууг тэмтрэхэд өнгөртэй хэсэг нь барзгар, өнгөргүй хэсэг нь толигор мэдрэгддэг. Энэ ялгааг мэдрэх нь бидний угаах арга барил, хамрах хүрээ хэр үр дүнтэй байгааг шалгах энгийн шалгуур аж. Мөн бид заримдаа шүдээ угаах боломжгүй шүдээ, ам зайлагч, гаа зэргийг ашигладаг. Гэтэл Д.Учралтын хэлснээр “Ам зайлагч, гаа зэргийг хүмүүс шүдний оотой адил үйлчилгээтэй гэж ойлгодог. Гэтэл шүд угаах механик үйлдэл. Өөрөөр хэлбэл, өнгөрийн давхаргыг физик аргаар арилгаж, шүдний гадаргууг цэвэрлэж буй. Харин ам зайлагч зөвхөн амны хөндийн үнэрийг саармагжуулах, нэг төрлийн тааламжтай мэдрэмж төрүүлэх хэрэгсэл”.
Үнэхээр шүдээ угаах боломжгүй үедээ бохь зажилж, ам зайлагч ашиглахын оронд алим идэх нь дээрх аргуудаас хамаагүй үр дүнтэй. Алим зэрэг хатуу жимс нь шүдний гадаргууд хүрч, тодорхой хэмжээнд механик цэвэрлэгээ хийдэг гэж зөвлөж байлаа. Тэгвэл өнгөрийг бүрэн цэвэрлэж чадахгүй удаан явах нь шүлтлэг орчинд хатуурч, эрдсээр баяжигдан “шүдний чулуу” болж хувирдаг. Энэ чулуу нь буйл ба шүдний завсарт сууж, аажмаар буйлны доор, далд хэсэгт хүртэл нэвтэрдэг. Ингэснээр шүдийг тогтоож байдаг ясан бүтцэд халдаж, суларч унах эрсдэл үүсгэдэг байна. Тэгэхээр амны хөндийн эрүүл ахуй бол зөвхөн гоо сайхны асуудал бус, бие махбодын бүрэн эрүүл мэндийн үндэс аж. Хэрэв бид шүдээ зөв, тогтмол угаах дадалд суралцаж, эмчид тогтмол хандаж чадвал олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм байна.
Төгс инээмсэглэлээс илүүтэй эрүүл шүд хамгийн чухал
Сүүлийн жилүүдэд “Hollywood Smile” хэмээх нэршил нийгэмд ихээр түгж буй. Гялалзсан цагаан шүд, өөгүй инээмсэглэл зураг шиг төгс байх ёстой гэсэн хүлээлт бидний сэтгэхүйд нэгэнт суужээ. Гэвч энэ хүлээлтийн цаана эрүүл шүдний тухай ойлголт аажмаар бүдгэрч байгааг та анзаарсан уу? Олон хүн шүдний эмнэлгийн үүдээр “Энэ зураг шиг л болгоод өгөөч” хэмээн орж ирэх нь нэмэгдэж буй. Энэ талаар Д.Учралт эмч “Hollywood smile буюу шаазан бүрээс нь зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хийгдэх ёстой нарийн ажил.
Шүдний эмнэлгийг бизнес утгаар нь хөгжүүлж болох ч эмч хүнийхээ суурь үнэт зүйлсээ гээж болохгүй
“Мэргэжлийн эмч бол чиний шүд эрүүл байвал бүрээс хийлгэх шаардлагагүй угаагаад, цайруулаад, арчилгаагаа сайн хийхэд л болдгийг үйлчлүүлэгчид зөвлөдөг”. Гэтэл үүгээр бизнес хийж, өргөжих боломжтой гэсэн сэтгэлгээгээр хандаж, үүнийг заавал хийлгэх ёстой, хэмээн сурталчилж буй нь олон эрсдэлийг үүсгэж буй. Хямд үйлчилгээ, найдваргүй лаборатори, түргэн ашгийн төлөөх эмчилгээ таны эрүүл шүдийг гэмтээх эрсдэлтэй. Гоо сайхан гэдэг ойлголтын хажууд эрүүл мэнд гэдэг үг дарагдаж үлдэх ёсгүй” хэмээсэн юм.
Магадгүй уншигч та “45 мянгаар гурван шүдээ ломбодуулах”, “нэг найзаа уриад өөрөө үнэгүй үйлчилгээ аваарай” зэрэг зарыг харж байсан байх. Үнэндээ амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ санхүүгийн хувьд тодорхой өндөр өртөг шаарддаг тул энэ төрлийн санал боломжийн санагдаж магад. Гэхдээ та урьтаж ийм үнэд багтсан эмчилгээнд ашиглаж буй материал амны хөндий, цаашлаад бие махбодод хэр ээлтэй вэ, үнэхээр туршлагатай хамт олон хийж байгаа юу гэдгийг эхэнд эргэцүүлэхийг Д.Учралт эмч зөвлөж байлаа.