Обзерв консалтинг ЗҮБ-ын үүсгэн байгуулагч, менежментийн зөвлөх Д.Отгонбат
Ганц мэхтэй сайн бөх гэж байхгүйтэй адил, бүтээмжийг сайжруулах цорын ганц арга гэж үгүй.
Бүтээмжийг сайжруулах үе шат
Хоёрдугаар үе шат үр дүнтэй явагдсан бол (Ямар процесс, үйл ажиллагаа, аль нэгж дээр бүтээмжийг ямар БГҮ-ээр хэмжих вэ гэдгээ зөв тогтоож, одоогийн нөхцөл байдлаа зөв танин мэдэж ойлгосон бол) дараагийн үе шат тэр хэрээр хялбарших боломжтой.
Онолоор бол бүтээмжийг сайжруулах үндсэн хоёр хандлага бий. Эдгээр нь:
- Хөрөнгө оруулалт хийхгүйгээр аажмаар бүтээмж сайжруулах,
- Хөрөнгө оруулалт хийж бүтээмжийг огцом сайжруулах гэсэн хандлага юм. Аль аль нь давуу, сул талтай, тус тусын эрсдэлтэй.
Ганц мэхтэй сайн бөх гэж байхгүйтэй адил, бүтээмжийг сайжруулах цорын ганц арга гэж үгүй. Бүтээмжийг сайжруулах дараах арга зам, стратегиуд байдаг. Байгууллага өөрийн онцлог, нөхцөл байдал, санхүүгийн боломж, хүний нөөцийн чадамжаасаа хамааруулан эдгээрээс сонгож эсвэл хослуулан хэрэглэх ёстой.
Бүтээмжийг сайжруулах гол арга хэрэгслүүдээс товчлон танилцуулъя
- Процессоо сайжруулах
- Lean Management буюу байгууллагын процесс, үйл ажиллагаа, засаглал соёлд байгаа алдаануудыг арилгах цогц ажлууд энд хийгдэнэ. (ерөнхий найман алдагдал байдаг. Энэ талаар “2024.10 сард нийтэлсэн “Бизнесийн өрсөлдөх чадварт бүтээмж амин чухал болж байна” нийтлэлд бичсэн байгааг уншина уу). Бүтээмжийг буруулахад нөлөөлж ажлын орчин, нөхцөл, зохион байгуулалт, хэрэгсэл гэх мэт олон хүчин зүйлсийг оношилж сайжруулах ажил хийгдэнэ гэсэн үг. Энэ нь цэгцтэй зөв мэдлэг ойлголт, удирдлага зохион байгуулалт, оролцоо, манлайлал шаарддаг цогц ажил юм.
- ERP болон Robotic Process automation (RPA) гэх мэт дижитал боломжуудыг ашиглах замаар зарим процесс, үйл ажиллагаа, үйлдлүүдийг автоматжуулах боломжтой байдаг. Сүүлийн жилүүдэд банкнууд, үүрэн холбооны оператор компаниуд, ББСБ-ууд байнга давтагддаг процессууд дээрээ ажилладаг алгоритм зохион (эсвэл худалдан авч) бүтээмж, процесс автоматжуулалт ихээр хийж байгааг бид харж байна. Жишээ нь “Дижитал воркс” ХХК байнга давтагддаг зарим үйлдлийг (нэхэмжлэх илгээх, НӨАТ бичих гэх мэт) автоматжуулсан Robotic Process automation (RPA) бэлэн шийдэл санал болгож буй сайхан жишээ гэж хардаг.
- 6 Сигма хэрэгжүүлэх. Энэ бол датаны хувьд нэлээд боломжтой болсон байгууллагын сонгох арга зам юм. Манай ихэнх байгууллага дата мэдээллийн суурь бий болоогүйгээс шалтгаалан 6 сигма руу орох боломж бага. Гэвч байгууллага бага хамрах хүрээгээр 6 сигма руу зорих боломжтой.
- Хүнээ хөгжүүлэх
Ур чадвартай, ажилдаа дадлагажиж гаршсан ажилтан бүтээмжийг нэмнэ. Эсрэгээрээ ур чадваргүй, дадлагажаагүй ажилтан бүтээмжийг үргэлж хойш татна. Нэгэн харилцагч дээр хамтран хийсэн ажлын байрын зураг авалтын үеэр ур чадвартай, туршлагатай мах шулагч нэг хонины махыг шулахад 10 минут ч хүрэхгүй байхад харин ур чадвар дутуу шинэ шулагч 30 минутаас ч илүү хугацаа зарцуулж буйг харж байлаа. Ажилтны чадамж нь үнэхээр бүтээмжийн чухал хүчин зүйл мөн. Тиймээс Бүтээмж руу орж буй байгууллага ажилтнуудын чадамжийг хөгжүүлэх боломжит бүх л арга хэмжээг авах хэрэгтэй. Тухайлбал:
- Ажилд нь сургаж, дадлагажуулах
- Гүйцэтгэлийг нь үнэлэх
- Сайн гүйцэтгэлийг урамшуулах
- Сайн санаачилгыг урамшуулах
- Бүтээмжтэй ажилтнаа тогтоон барих (энэ нь олон хүчин зүйлийн менежмент шаардана).
- Менежментээ сайжруулах
Бүтээмжийг сайжруулах зөөлөн хандлагуудын нэг нь энэ юм. Өөрөөр хэлбэл Бүтээмжийг сайжруулах соёл, уур амьсгалыг бий болгоно гэсэн үг. Үүний тулд сайн БГҮ-тай холбоотой сайн зорилтууд тавьдаг байх, энэ зорилтын биелэлтээ хэмждэг байх, үр дүн алдаа оноогоо эргэн мэдээлж ярилцдаг байх гэсэн мөчлөгтэй процесс ажиллах хэрэгтэй. Мөн сайжруулалтын саналыг зөвшөөрөн дэмжих (Кайзен аргачлал), түүнийг хэрэгжүүлэх, үр дүнг нь урамшуулан дэмжих, хурдтай өрнөдөг өөрчлөлтийн менежментийн процесстой байх шаардлагууд ч энд тавигдана.
- Технологи болон Дижитал шийдлээр бүтээмжээ сайжруулах
Технологи болон Дижитал шийдлээр бүтээмжийг огцом сайжруулах боломжтой. Гараар хийдэг байсан ажлыг машинаар хийдэг болох, хүн хийдэг байсан ажлыг компьютер, хиймэл оюунаар хийдэг болж болно. Нарийн боовыг гараар зуураад, гараар бэлтгээд, гараар чанадаг байсныг үйлдвэрлэлийн бүтэн системээр орлуулж байна. Хүний эрүүл мэндийн оношилгоог өчнөөн эмч, олон төрлийн төхөөрөмжөөр хийдэг байсныг ганц машинаар хийдэг болж байна. Багш хийдэг байсан сургалтыг, сургалтын системээр орлуулж болж байна.
Бүтээмжийг сайжруулах эдгээр боломж үргэлж л байсаар ирсэн, цаашид ч байна. Гагцхүү энэ боломж өртөг ихтэй, дагаад эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийнэ ээ л гэсэн үг. Гэвч манай улсын олон байгууллагын хувьд нэгдүгээрт хөрөнгө оруулалт, мөнгө санхүү талаасаа, хоёрдугаарт зах зээлийн багтаамж талаасаа, гуравдугаарт хүний нөөц талаасаа энэ боломж хязгаарлагдмал. Тэгэхээр энэ бол хамгийн болгоомжтой сонгох хувилбар юм.
Бүтээмжээ нэмж, үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлэх зорилготойгоор үйлдвэрлэлийн шугамаа орчин үеийн машинаар сольсон боловч бүтээмж нэмэгдээгүй нэгэн жишээг харж байлаа. Гэвч агуулах, савлагаа гэх өмнөх болон дараагийн процессууд дээр нь гарц нэмэгдээгүй тул үйлдвэрлэлийн процесс нэмэгдсэн ч эцсийн дүндээ бүтээмж нэмэгдээгүй, тухайн хөрөнгө оруулалт нь ач холбогдолгүй, ашиггүй болсон байсан. Энэ тохиолдол нь удирдлагууд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ч бүтээмжийн талаарх мэдлэг ойлголт чухал юм гэдгийг харуулж билээ.
Бүтээмж сайжруулах ажлыг өөрийг нь сайтар төлөвлөж, эзэнжүүлж, эрх олгож бүтээмжтэй удирдах шаардлагатай. Зөвхөн энэ тухай ярилцахад л өөрөө томхон сэдэв юм. Товчоор бол төслийн удирдлагын менежментээр хэрэгжүүлэх нь зүйтэй .
Үр дүнг үнэлж, дахин сайжруулалт хийх үе шат
Мэдээж бүтээмж сайжруулах ажил янз бүрийн хугацаанд хэрэгжинэ. Зарим нь нэг сарын хугацаанд хэрэгжиж байхад зарим нь 6-гаас дээш сар болох ч ажлууд байна.
Бүтээмж сайжруулах ажил хэрэгжиж дууссаны дараа түүний үр дүнг үнэлж, дахин сайжруулалт хийх үе шат эхэлнэ. Хоёрдугаар үе шатанд тогтоосон БГҮ-үүд хэр байгааг дахин хэмжиж үнэлнэ гэсэн үг.
Дээрх жишээг авахад, танай хүргэлтийн зардал буурсан байвал, хүргэлтийн хугацаа багассан байвал эсвэл нэгж хугацаанд хүргэдэг хүргэлтийн тоо нэмэгдсэн байвал бүтээмж сайжирчээ гэсэн үг.
Гүйцэтгэлээ бодитой үнэлж чадсан бол, зөвхөн авч хэрэгжүүлсэн бүтээмж нэмэгдүүлэх ажлынхаа ололт амжилт, алдаа дутагдлыг үнэлж дүгнээд зогсохгүй, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд ч илэрхий тод харагдах буй за.
Ийнхүү гүйцэтгэлээ үнэлэх нь мөн л нэлээд цаг хугацаа, хамтын ажиллагаа шаардахыг үгүйсгэхгүй. Гэхдээ өмнө дурдсанчлан, бүтээмж ярьсаар бүтээмжээ дарангуйлаад байж болохгүй гэдэг алтан дүрмийг ягштал баримтлах хэрэгтэй.
Төр засгийн түвшинд, ААНБ-уудын түвшинд ч бүтээмжийг чухалчлан ярьж дорвитой менежмент хийх цаг ирээд буйг хэн хэнгүй мэдэж байгаа. Энэ цаг үед бүтээмжийн менежментийн талаар системтэй, зөв мэдлэг ойлголтын суурийг тавих үүднээс энэхүү нийтлэлийг бичив.
Нийтлэлийн талаар санал сэтгэгдлийг нээлттэй хүлээн авна. Мөн ААНБ-ын болон үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах мэргэжилтэн, зөвлөхүүдэд хамтран ажиллах уриалгыг гаргаж, хамтын ажиллагааны аливаа саналыг таатай хүлээн авах болно гэдгээ илэрхийлье.