Рестораны бизнес эрхлэх нь нарийн ажиллагаа шаарддаг амаргүй ажил. Тэр дундаа, энэ салбарт амжилттай ажиллахад тансаг интерьер, байршил, өвөрмөц хоол төдийлөн чухал биш юм. Харин үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн халуун дулаан найрсаг үйлчилгээ, тохиромжтой үнийн бодлого, баг хамт олон нэн чухал. Энэ бүхнийг нэг дор цогцлоож чадсанаараа маш богино хугацаанд хүний хөлд дарагдаад буй Holangi рестораныг онцолж байна.
Их хотын зүрхэнд ихэр мэт зэрэгцэн сүндэрлэсэн Twin Tower барилгын хоёрдугаар давхарт бууриа зассан Holangi солонгос хоолны ресторан тав тухтай орчин, үйлчилгээний соёл, дотоод засал, амттай хоолоороо эрхгүй ялгарна. Үүдээр нь ормогц хаалганыхаа дээр байрлуулсан самбар дээр хангыль үсгээр “Бар” солонгос ресторан гэж бичсэн байх бөгөөд хажуу талд нь өхөөрдөм барын дүрстэй бэлгэ тэмдэг нүднээ тод харагдана. Харин дотоод засал нь Солонгос улсын хэв маяг шингэсэн өвөрмөц өнгө төрхтэй. Хамгийн сонирхолтой нь, таныг угтан мэндчилэх угтагч нь урлагийн салбарт хэдийнэ танигдсан жүжигчин Жижгээ байх болно.
Амжилтын амт бүтээгчид
“Маск” продакшнаар овоглохын сацуу 17+ инээдмийн цувралаараа олонд танигдсан жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэнг урлагт амьдралаа зориулж яваа гэдгийг бид сайн мэднэ. Дан ганц хошин урлагийн жүжигчнээр зогсохгүй кино урлагт ч гол болон туслах дүрийг бүтээж, чамгүй амжилт үзүүлээд буй. Харин тун саяхнаас 20 жил нөхөрлөсөн найз Г.Ганхишигийн хамтаар энтертайнмент салбараас тэс өөр эрсдэл ихтэй бизнесийн талбарт хүч үзэх болжээ. Урлагийн салбарт 20 гаруй жил зүтгэх хугацаандаа Г.Лхагвацэрэнд хувиараа бизнес эрхлэх оргилуун хүсэл төрсөөр байсан хэдий ч бизнес хийнэ гэдэг зөвхөн хүсэл байгаад л болчихдог зүйл биш.
Иймд зүрхлэн орж чадахгүй олон жилийг үдсэний эцэст бизнесийн итгэлт хамтрагчаа олж чаджээ. Учир нь түүний найз Г.Ганхишиг үйлчилгээний салбарт 15 гаруй жил ажилласан. Тэр дундаа, Монголдоо томоохонд тооцогдох сүлжээ рестораны маркетингийг удирдаж менежментийн багт ажиллаж, унаж, босож явахдаа “туршлага” хэмээх том ололтыг өвөртөлсөн нэгэн.
Рестораны бизнес нялх хүүхэд шиг эмзэг. Анхаарлаа жаахан л сарниулахад цаг үеэсээ хоцорч системд өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг.
Тиймээс хоёр найз олон жилийн нөхөрлөл, амьдралын зорилго, хуримтлуулсан туршлага, үнэт зүйлсээрээ нэгдэн Holangi хэмээх солонгос хоолны ресторан нээсэн нь богино хугацаанд асар хурдтай өсөж, зах зээлд өөрийн байр суурийг эзлээд байна. Мэдээж энэ амжилтын цаана олон шалтгаан бий. Учир нь тус рестораны үүсгэн байгуулагчид нэг нэгнийхээ дутууг нөхөж ажиллахын зэрэгцээ хийж буй ажлаа хобби хэмээн харж чаддаг учраас харьцангуй стресс багатай ажиллаж чаддаг. Тухайлбал, жүжигчин Жижгээ рестораныхаа нүүр царайгаар ажиллахаас гадна залуу үедээ үлгэр дуурайл үзүүлэхийг зорьж, ачаалал ихтэй үед угтагч, угаагч, зөөгч гээд л дэмжлэг хэрэгтэй ажлын байранд эрвийх дэрвийхээрээ ажилладаг. Яагаад гэвэл энэ салбар өөрөө хүний нөөцийн эргэц ихтэй учраас бэлтгэгдсэн ажилтнуудаа тогтоон барих, сайн ажилтан олох зэрэг сорилттой тулгардаг. Ялангуяа Монголд зөөгчийн ажлыг ихэнхдээ “түр зуурынх” гэж ойлгодог. Ийм ойлголттой хүнээс “түр зуурын” хандлага гардаг учраас “Чи байгаа болохоор бид байгаа” гэдгийг үйлдлээрээ үлгэрлэхийг зорьж буй нь энэ ажээ.
Харин Г.Ганхишиг байгууллагынхаа хөгжлийг илүү өргөн хүрээтэй, стратегийн түвшинд харж, томоор зурагладаг. Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаагаа анх эхлүүлэхдээ л багийн бүтцээ нарийн тооцоолж, албан тушаал бүрд хамгийн тохиромжтой, чадварлаг хамтрагчдыг сонгож, өөрийн давуу тал, ур чадвараа бүрэн дайчлан ажиллаж чадах баг хамт олныг бүрдүүлжээ.Нэмж дурдахад, Holangi ресторан нээгдээд ердөө зургаан сар болж буй ч хэдийнэ үнэнч үйлчлүүлэгчидтэй болохын зэрэгцээ орон нутгаас зорин ирэх хүмүүсийн тоо ч нэмэгдсээр буй. Түүнчлэн БНСУ-ын “A” зэрэглэлийн жүжигчид болох Ги Жу Бон (Ki Joo Bong),Юн Жэ Мун (Yoon Je Moon) тэргүүтэй киноны уран бүтээлчид тус ресторанаар үйлчлүүлж байсан удаатай.
Гэсэн ч тэдний хамгийн гол маркетинг нь review буюу хэрэглэгчдийн өгсөн үнэлгээнд анхаардаг. Учир нь өөрийн санхүү, үнэт цаг хугацаагаа зарцуулсан үйлчлүүлэгчид шударгаар үнэлгээ өгдөг тул үүнд анхаарах нь амжилтын гол зэвсэг аж. Үүнээс гадна бизнесийнхээ амжилтыг ахиулах, урт хугацаанд амжилтаа хадгалахын тулд өөрсдийн баримтлан хэрэгжүүлж буй ёс зүй, чанарын стандарт, үйлчилгээний соёлоо тасралтгүй сайжруулан ажилласаар байна.
Деталь бүрд нуугдсан “халамж”
Holangi рестораны хаалгыг татсан хүн бүр үнэ цэнтэй. Үүнд, зөвхөн үйлчлүүлэгч бус ажилтан ч мөн хамаарна. Тиймээс тус хамт олон “Бүгдийг хуваалцъя” хэмээх уриатай. “Бид өөрт буй сайхан бүхнээ ажилтнууд, үйлчлүүлэгчидтэйгээ ч хуваалцах юм. Өсөлттэй яваа аливаа бизнес бүр олон төрлийн эрсдэл, сорилттой зэрэгцэн оршдог. Holangi рестораны хувьд ч ялгаагүй. Ирээдүйд тулгарах аливаа саад бэрхшээл сорилтыг даван, амжилттай ажиллахын үндэс бол үйлчлүүлэгч бүртэйгээ чин сэтгэлээсээ харьцах” хэмээн тус рестораны үүсгэн байгуулагчид ярилцлагын үеэр тодруулан хэлж байв.
Өөрийн цаг, мөнгөө зарцуулсан үйлчлүүлэгчид шударгаар үнэлгээгээ өгдөг тул үүнд анхаарч ажиллах нь амжилтын гол зэвсэг.
Ялангуяа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бизнес эрхэлж байгаа учраас юуг ч “монголчлоогүй” буюу аргалж хийдэггүй. Харин тухайлсан нэгж бүрд тодорхой стандартуудыг хэрэгжүүлж, тээвэрлэлтийн гинжин хэлхээний бүх шат дамжлагыг хангасан хамгийн сайн чанарын шим тэжээлтэй түүхий эдийг ашигладаг.
“Хэрэглэгчдэд ямар амт, чанар өгнө яг түүнийгээ буцааж авдаг. Тиймээс хоолны орц, нормыг танаж, орлуулдаггүй. Тэр дундаа, хиймэл амт орлуулагч хэзээ ч ашигладаггүй. Бид жинхэнэ органик орцтой байлгахыг чухалчилдаг” хэмээн Г.Ганхишиг онцолж байлаа. Одоогоор Holangi ресторан өөр өөрийн онцлог бүхий 30 гаруй төрлийн хоолтой бөгөөд өдрийн хоолны тусгай цэстэй. Энэхүү тусгай цэсэд үндсэн хоол, панчан буюу хачир, будаа, хоолны дараа зажлах бохь хүртэл багтсан. Тус рестораны хамгийн том ялгарал бол жижиг гэлтгүй деталь бүрд хайраа шингээн үйлчлүүлэгчээ халамжилдагт оршино.
Жишээлбэл, захиалсан хоол шинэхэн бас халуунаараа ширээн дээр очих бөгөөд таныг хоолоо амссаны дараа 5-10 минутын дотор зөөгч дахин ирж хоолны амт, чанарт сэтгэл ханамжтай байгаа эсэхийг эелдэгээр лавлана. Хэрэв та сайжруулах санал хэлбэл тэр даруй гал тогоонд уламжилж, таны хүссэн амтаар дахин гаргаж өгөх уян хатан үйлчилгээтэй. Мөн ямагт 10 төрлийн шинэхэн хачир хамт дагалдана. Үүгээр зогсохгүй хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг нэн тэргүүнд тавьж, зөөгчид нэг удаагийн бээлий, амны хаалттай ажиллан халдвар дамжихаас сэргийлдэг. Мөн хоолны халбага, сэрээний суурийг харвал тэдний бэлгэ тэмдэг болох барын дүрстэй өхөөрдөм суурь байхыг та анзаарах болно.
Бизнес хийнэ гэдэг зөвхөн хүсэл байгаад л болчихдог зүйл биш.
Энэ бүхний цаад шалтгаан нь реклам сурталчилгаа, танил талаа ашиглан үйлчлүүлэгчийг эхний удаад татах боломжтой ч, тэдгээр хүмүүс дахин ирэх эсэх нь зөвхөн үйлчилгээний соёл, бүтээгдэхүүний чанараас шууд хамаарна. Өөрөөр хэлбэл маркетинг үйлчлүүлэгчийг татдаг, харин сэтгэл татам үйлчилгээ л үйлчлүүлэгчийг үлдээдэг гэдгийг Holangi рестораны үүсгэн байгуулагчид дурдаж байв.
“Тэр дундаа рестораны бизнес нярай хүүхэд шиг эмзэг. Анхаарлаа бага зэрэг л холдуулахад л цаг үеэсээ хоцорч системд өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг. Тиймээс цаашид олон салбар нээхэд анхаарах бус чанарт илүү анхаарч ажиллана” хэмээн Г.Ганхишиг онцолж байлаа.
Энэ мэтчилэн үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжид төвлөрсөн ухаалаг стратеги хэрэгжүүлсний үр дүнд Holangi ресторан хоол үйлчилгээний салбарт богино хугацаанд хурдтай өргөжин тэлж буй, амжилттай бизнесийн бодит жишээ болж байна.