Үндэсний хувцасны тэргүүлэгч брэндийн нэг “Түмэн торго” ХХК үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тус компани түүхт ойн хүрээнд “Торго бол өмсөж болдог урлаг” үзэсгэлэнг долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд Norphei Art Gallery-д зохион байгууллаа.
Монгол хээгээр гангарна
“Түмэн торго” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Очирням уг үзэсгэлэнгийн талаар “Манай компани зөвхөн үйлдвэрлэл явуулж, бизнес эрхлэхээс гадна урлагийн бүтээл хийдэг гэдгээ олон нийтэд таниулахыг зорьсон юм” гэж өгүүлэв.
Уг үзэсгэлэнд тус компанийн сүүлийн есөн жилд бүтээсэн 40 орчим хээний дээж болон үе үеийн монгол хувцасны түүхийг харуулсан гэрэл зургууд тавигдсан юм. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд “Түмэн торго” компанитай хамтарч ажиллаж, бүтээлийг нь амилуулдаг дуучин Ноён Бондгор, С.Сэрчмаа, жүжигчин Г.Золбоот, П.Шүүдэрцэцэг, М.Оргил, П.Баттөр, Б.Даваажав нарын уран бүтээлчид хүрэлцэн иржээ.
“Түмэн торго” ХХК анх монгол бичигтэй хээг гаргаж байсан бол түүнээс хойш дөрвөн хүчтэн, мандала, угалзан хээ зэрэг түгээмэл хэрэглэдэг хээг орчин үеийн хэв маяг шингээн торгоны хээ болгон бүтээсэн нь оюуны онцгой өмч төдийгүй Монголын хувцас урлалын салбарт оруулсан маш том хувь нэмэр нь юм.
Эдгээр хээг тус компанийн захирал Б.Очирням монгол зураач, дизайнеруудтай хамтран бүтээжээ. Энэ талаар тэрбээр “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт бол аливаа байгууллага, компанийн стратегийн нэг чухал хэсэг байдаг. Миний бодлоор компанийн захирлууд бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ илүү их анхаардаг, дурлаж оролцдог байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, хүний нөөц бол байгууллагын тулгуур элементүүд. Харин үйл ажиллагааны бусад чиглэлийг менежерүүддээ хариуцуулж болно. Энэ үүднээс хэдий би дизайнер мэргэжил эзэмшээгүй боловч бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ төвлөрч ажилладаг. Сүүлийн жилүүдэд монгол бэлгэдэл, үндэсний өв соёлыг агуулсан торго, даавууны хээг зохиоход ихээхэн анхаарч ажилласны үр дүнд уг үзэсгэлэнгээ амжилттай гаргалаа” гэж өгүүлсэн юм.

Ташрамд дурдахад, “Түмэн торго” брэнд энэ жил “Түмэн торготой наадам” коллекцоо танилцуулж буй. Брэндийн 15 жилийн ойд зориулсан тус цуглуулгад түмэн хээтэй торгон дээл, уран зураг бүхий дээл, найман шарга малгай, орчин үеийн хэв маягийг шингээсэн хантааз тэргүүтэй бүтээгдэхүүн багтжээ.
Дээл урлал 40 гаруй өвөрмөц хээгээр баяжлаа
Хувцас бол өв соёл, тухайн цаг үеийнхээ гоо зүйн мэдрэмж, ахуйн хэв маягийг илэрхийлсэн амьд бичээс юм. Хэдхэн жилийн өмнө бид Хятад, Энэтхэг, Япон зэрэг улсаас торго импортолж, монгол дээл, гоёлын хувцсаа урладаг байсан. Гэхдээ тэдгээр торгоны хээ угалз, өнгө дүрслэлд хятад ханз, гадаад соёлын бэлгэдэл давамгайлж, үндэсний онцлог тэр бүр илрэн харагддаггүй байсан бол “Түмэн Торго”-ын дизайнер, зураачид өмнө дурдсанчлан монгол бэлгэдэл бүхий 40 гаруй өвөрмөц хээтэй торгоны загварыг зохиогоод байна. Эдгээр бүтээл нь оюуны өмчөөр баталгаажсан бөгөөд монгол соёлыг даавуунд шингээсэн орчин үеийн уран бүтээл болон үнэ цэнээ улам өсгөж байгаа юм.
“Бид загваруудынхаа материалын дизайныг гаргадаг. Өөрөөр хэлбэл, ямар хээтэй торгоор хувцас урлахаа бид монгол зураачид, дизайнеруудтайгаа хамтран төлөвлөдөг. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрийн материал дээр монгол хээ, монгол бэлгэдлүүд байдгаараа онцлогтой. Энэ бол бидний гол давуу тал бас хамгийн гол ялгарал гэж боддог” гэж Б.Очирням манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Ихэнх компани бэлэн материал худалдаж аваад хувцас урладаг бол “Түмэн торго”-ын хамт олон дахин давтагдашгүй загвар бүтээхийн тулд материалын дизайныг гаргахаас ажлаа эхлүүлдэг байна.
“Бид зураачидтай хамтран материалын дизайнаа гаргадгийн хувьд өмсөж болдог урлагийн бүтээл бий болгохыг зорьдог. Судлах, төлөвлөх, зурах, график дизайн гаргах, эсгэх, оёх гээд бүх шатанд анхаарч ажилладаг. Нэг загвар дээр хагас жил, бүр бүтэн жил зарцуулах нь ч бий. Ингэж цаг хугацаа хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн загвараа бид тун цөөн тоогоор үйлдвэрлэдэг” гэж Б.Очирням өгүүлсэн юм.