Монголын малчид уламжлалт мал аж ахуйн арга барилд дассан хэдий ч бидэнд шинэ үеийн менежмент, үйлдвэрлэлийн арга зүйд суралцах шаардлагатай байна. Тодруулбал, тэд зөвхөн малаа өсгөх бус, махны чанар, эрүүл ахуйн стандартын талаарх мэдлэгтэй байж, зах зээлд нийлүүлэх чадвартай болох хэрэгтэй. Үүний тулд сургалт, мэдээлэл, дэмжлэг шаардлагатай бөгөөд залуучуудын сонирхол нэмэгдэж буй нь ирээдүйд энэ чиглэлийн хөгжлийг дэмжих сайн дохио болж байна.
Монгол орны мал аж ахуйн уламжлалт арга барил нь нүүдэллэн бэлчээр ашиглахад суурилдаг. Харин эрчимжсэн мал аж ахуй нь бэлчээрийг зохистой ашиглах, нэмэлтээр тэжээл өгөх зэрэг үйл ажиллагааг хослуулдаг. Жишээ нь “Хүчү Агро” компани Сэлэнгийн Алтан булаг суманд 400 гаруй га талбайд төмсний тэжээл тариалж, үхрийн эрчимжсэн аж ахуйг амжилттай явуулж буй. Тэд нэг толгой малд ногдох талбайн хэмжээ, насны ангилал, хашааны зохион байгуулалт, зэрэг олон хүчин зүйлд анхаарч ажилладаг аж. Энэхүү бэлчээрийн сэлгэлт, байгалийн нөхцөлд тохирсон менежмент нь малын эрүүл мэнд, махны чанарт шууд нөлөөлдөг юм байна.
Эрчимжсэн мал аж ахуйд оролцохоор сонирхож буй хүмүүст дараах зөвлөгөөг өгч байна:
- Мал үржүүлгийн технологи, махны чанарын стандартын талаарх мэдлэгээ сайжруулах
- Бэлчээрийн менежмент, малын эрүүл мэндийг нягт хянах
- Мал, махны гарал үүсэл, эрүүл ахуйн бүртгэл, мэдээллийн тогтолцоог ашиглах
- Технологийн шинэчлэл, мах боловсруулах шинэ арга техникд суралцаж, амжилттай нэвтрүүлэх
- Бизнесийн төлөвлөгөө, зах зээл судалгаа хийх, санхүүгийн зохицуулалт хийх
Мал аж ахуйн салбарын онцлог, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйн давуу тал болон монгол махыг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц, өндөр чанартай бүтээгдэхүүн болгохын тулд тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай байна. Үүнд малчид, үйлдвэрлэгчид, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар Business.mn подкастын 325 дугаараар ярилцсан юм. Мөн уншигч та “Хүчү Агро” компанийн туршлага, шийдлүүдийг сонирхохыг хүсвэл тус дугаарыг сонсоорой.




