Өнөөгийн бизнесийн орчинд амжилттай ажиллахад зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, санхүүгийн чадавх бус харилцаа, итгэлцэл, хамтын ажиллагаа хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болж байна.
Нетворкинг буюу харилцаа холбоо үүсгэх нь бизнесийн салбарт шинэ боломжуудыг нээж, зах зээлээ тэлэх гол түлхүүр болдог. Монголд уламжлалт утгаараа “танил талтай байх” гэдэг ойлголт түгээмэл боловч энэ нь зөвхөн ойр дотныхоо хүмүүстэй харилцах биш, системтэйгээр өөрийн бизнесийн хүрээг өргөжүүлэх, зорилготойгоор харилцаагаа зохион байгуулахыг хэлдэг. Монголын бизнесийн орчинд татвар, улс төр, эдийн засгийн олон хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгардаг хэдий ч амжилтад хүрэхэд хүний харилцаа, итгэлцэл хамгийн чухал ур чадвар болж байна. Тиймээс нетворкинг бол зөвхөн танил талтай байх бус, софт скил буюу харилцааны ур чадвар болж хувираад байгаа юм.
“Нөхрийн хэрэг бүтэл өөрийн хэрэг бүтнэ” гэсэн үг нь энэ ойлголтын үндэс бөгөөд хүн бүр өөрийн мэргэжил, чадвараараа бусдад туслах замаар хамтын амжилтыг бий болгодог. Энэ нь орчин үеийн бизнесийн харилцаанд ч мөн адил үйлчлэх бөгөөд итгэлцэл, хамтын ажиллагаа нь урт хугацааны баялаг болдог. Хүн бусдад туслахдаа шууд үр дүн, ашиг хүлээх бус, урт хугацааны харилцааны хөрөнгө оруулалт гэж үзэх нь чухал. Жишээ нь, та хэн нэгний бизнесийг дэмжиж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь бусдад танилцуулсан ч шууд хариу нэхэхгүй байх хэрэгтэй. Учир нь итгэлцэл, харилцаа нь үргэлж шууд хэмжигдэх ашиг биш, харин урт хугацаанд үр шимээ өгдөг баялаг юм.
Нетворкингоос хүртэх гурван үндсэн ашиг
- Үйл ажиллагааны ашиг: Бараа бүтээгдэхүүнээ борлуулах, шинэ ажил хайх, хамтын ажиллагаа өргөжүүлэх зэрэг шууд бизнесийн үр ашгийг хэлнэ.
- Мэдээллийн ашиг: Зах зээлийн шинэ мэдээлэл, бизнесийн чиг хандлага, боломжуудыг авах боломжийг олгодог.
- Хувь хүний ашиг: Өөрийн оюун ухаан, сэтгэлгээ, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, шинэ хүмүүстэй танилцах замаар өөрийн ертөнцийг тэлэх боломж юм.
Эдгээр ашиг нь зөвхөн нэгэн зэрэг биш, харин харилцан уялдаатайгаар бизнесийн амжилтыг дэмждэг. Тиймээс нетворкинг нь зөвхөн боломж хайх бус, бусдад туслах, хамтдаа өсөх ухаалаг систем юм. Уншигч та бизнесийн хамтын ажиллагаа, нетворкинг, итгэлцэл хэрхэн амжилтын үндэс болдог талаар гүнзгий мэдэхийг хүсвэл “Networking Like a Pro” номын агуулга болон BNI Mongolia-ийн үүсгэн байгуулагч Э.Чинзоригийн туршлага, зөвлөгөөгөөг хүргэсэн Business.mn подкастын 326 дүгээр дугаарыг үзнэ үү.