Нийтлэлийг Жоаким Бертот, Interval компанийн хамтран үүсгэн байгуулагч
2025 он дөнгөж дундаа орж байхад Монгол Улс төсвийн гүнзгий хямралтай нүүр тулаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараа төсвийн алдагдал 3.3 их наяд төгрөг (970 сая орчим ам.доллар) буюу улсын төсвийн 9.27 хувьд хүрснийг Сангийн яам мэдэгдэв. Түүнчлэн Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангаас 9,2 их наяд төгрөгийн (2.74 тэрбум ам.доллар) зөрчил илэрсэн бөгөөд энэ нь улсын төсвийн 26.12 хувьтай тэнцэх юм. Энэ хоёр тоон үзүүлэлтийг нэгтгэвэл улсын төсвийн 35.39 хувьд хүрнэ. Гэтэл 2025 он дөнгөж дундаа орж байна.
Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол байдал улам дордоно. Өнөөгийн нөхцөлд бизнесүүд болон иргэний нийгэм бодитоор тэсвэрлэх ямар ч боломжгүй татварыг нэмэгдүүлэх, эсвэл аудитын шалгалтаас нь улс төрчдийн айх ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зэрэг байгаа цөөн хэдэн шийдэл нь нэг талаасаа улс төрийн хувьд эрсдэлтэйгээс гадна олон нийтийн дэмжлэгийг авах бололцоогүй юм.
Орос, эсвэл Хятадаас тусламж гуйх боломж бий ч энэ нь улсын тусгаар тогтнолд тун ноцтой аюул дагуулах эрсдэлтэй. Тогтворгүй байдал, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааны хямрал, бодлогын урьдчилан таамаглашгүй байдал улам их эрсдэл дагуулж буй талаар иргэд, бизнесүүд, Монголд үйл ажиллагаа явуулдаг институцүүд олон сар, тэр бүү хэл олон жилийн өмнөөс анхааруулсаар ирсэн. Тэдгээр анхааруулга өдгөө таамаглал байхаа нэгэнтээ больж, аль хэдийн бодитоор нүүрлээд эхэллээ.
Би валютын ханшийн мэргэжилтэн биш учраас миний буруу ч байж магадгүй. Гэхдээ төсвийн энэхүү хямрал нь төгрөгийн ханшид ихээхэн сорилт болно. Төгрөгийн ханш унахгүй байж болох ч ингэх эрсдэл бодитой хэвээр байгаа юм. Хэрэв Засгийн газар мөнгө хэвлэх, улс төрийн зорилгоор халамж тараах, эсвэл төсвийн ухвар мөчид арга хэмжээ авах аваас хөрөнгө оруулагчдын итгэл маш хурдан буурч, улмаар хөрөнгө гадагшлах, тогтворгүй байдал үүсэх үзэгдэл бий болно. Х.Милейгийн удирдлага дор Аргентин улсын хэрэгжүүлж буй шиг сахилга баттай, гэхдээ өвдөлт дагуулсан төсвийн эрс шинэтгэл хийвэл төгрөгийн ханш тогтворжих боловч үүний тулд улс төрийн асар их эр зориг, ард иргэдийн дэмжлэг шаардагдана. Гэвч Монголд Аргентин улсынхтай адил эдийн засгийн нөөц, эсвэл маневр хийх боломж алга. Тус улс БНХАУ-тай хийдэг нүүрсний эскпорт, худалдаанаас ихээхэн хамааралтай. Таваарын ханш унах, экспортын хэмжээ буурах, эсвэл бодлогын гацаа зэрэг гадаад шок үүсэхэд л гадаад валютын нөөц дундарч, төгрөгийн ханшид дарамт бий болно. Голланд өвчний шинж тэмдэг аль хэдийн анзаарагдаж эхэлсэн. Хэрэв төгрөгт итгэх итгэл улам буурах аваас институцийн гүнзгий хямралын эхний бөгөөд бүх хүний нүдэнд илэрхий “золиос” нь төгрөг болж магадгүй юм.
Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн, ноцтой шокийг ажралгүй давахад бэлэн гэж зарим хүн дүгнэж магадгүй. Үнэхээр ч сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд 2024 оны эцсээр гадаад валютын албан нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилтаа тогтоосон бол 2025 оны эхээр 5-5,1 тэрбум ам.доллар байгаа нь эрсдэлийг давах боломжийн нөөц гэж харагдах байх. Гэхдээ хэдхэн сарын өмнө Засгийн газар бүх зүйл сайхан байгаа хэмээн тайвшруулж, тэрчигтээ худал төсвийн тун өөдрөг тоон үзүүлэлтүүдийг танилцуулж байсныг сануулъя. Гадаад валютын нөөцийн талаарх мэдээлэл үүн шиг худал биш гэж найдъя. Төв Банк нь тус улсын хамгийн өндөр чадамжтай, буурь суурьтай институцийн нэг гэж тооцогддог боловч өмнөх Засгийн газар тус байгууллагад улс төрийн хэр их дарамт үзүүлж байсныг бид мэдэхгүй билээ.
Л.Оюун-Эрдэнийн 23 настай хүүгийн хэт тансаг амьдралын хэв маягт эгдүүцсэн залуусын жагсаал олон долоо хоног үргэлжилснээр улс төрийн шок үүссэн. Иргэдийн уур хилэн нэмэгдсээр ил тод байдал, хариуцлагыг илүү ихээр шаардах хэмжээнд хүрлээ. Улмаар зургаадугаар сарын 3-нд болсон парламентын гишүүдийн санал асуулгаар шаардлагатай 64 саналын ердөө 44-ийг авснаар Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхийг УИХ-ын гишүүд дэмжээгүй юм.
Түүнийг огцруулснаар олон нийтээс нууж байсан санхүүгийн хямралын бодит хэмжээ илрэв. Бодитой сонголт байхгүй учраас Засгийн газар төрийн албан хаагчдын гуравны нэгийг ажлаас нь халахаас өөр сонголтгүй болж магадгүй. Энэ нь ажлаас халагдсан хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа саатах, авлига нэмэгдэх, баримт бичгийг хуурамчаар үйлдэх, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг сөрөг нөлөөг дагуулна. Уул уурхай, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбаруудад эрсдэлийн орчин хурдтай муудаж, цаашид үйл ажиллагаа явуулах эсэх нь улам бүр тодорхойгүй болж байна. Монголын зах зээлд, эсвэл тус зах зээлтэй холбоотой ажилладаг хүн бүр уг эрсдэлтэй хэр холбоотой байгаа вэ гэдгээ дүгнэх, улмаар түүний дагуу шийдвэр гаргахад бэлэн байх ёстой.
Монгол Улс санхүүгийн сүйрлийн ирмэг дээр ирээд байгаа бол өөр нэг улс тэс өөр замаар явж байна. Ерөнхийлөгч Х.Милейгийн удирдлага дор Аргентин улс төсвийн зарцуулалтаа танах, олон мянган төрийн албан хаагчдыг халах зэргээр эрс өөрчлөлт хэрэгжүүллээ. Эхэндээ ихээхэн өвдөлт авчирсан эдгээр бодлогын үр дүнд өнөөдөр 11 сая аргентин хүн ядуурлаас гарч, ДНБ-ий өсөлт нь 5.8 хувьд хүрсэн. Энэ бол бөмбөрцгийн Баруун хэсгийн улсууд дундаа хамгийн өндөр төдийгүй БНХАУ-ын үзүүлэлтээс илүү гарсан амжилт юм. Монгол Улс ч үүнтэй төстэй салаа замын уулзвар дээр ирсэн байж магадгүй. Төрийн албан хаагчдын орон тоог цөөлөх нь илүү гүнзгий шинэчлэл хийх замыг нээж, чадварлаг ажиллах хүчнийг хувийн сектор луу оруулж ирэх боломжтой. Гэхдээ Монголын улс төрчид эр зоригтой, гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлж чадах эсэх, мөн ийм сонголтыг зайлшгүй дагалддаг эдийн засгийн чанд сахилга батыг төрийн албан хаагчид, олон нийт дагаж мөрдөж чадах уу гэдэг нь хамгийн гол асуулт юм. Боломж байна, гэхдээ золиос нь ч бас байна.
Авлигад автахааргүй хөндлөнгийн хүмүүс л нөхцөл байдлын хяналтыг авдаггүй юм бол байдал сайжирна, засарна гэдэгт би итгэхгүй байна. Тийм хүмүүс бий (толгойд маань хэд хэдэн хүний нэр орж ирж байна) боловч олон арван жил популизмаар явж, иргэдийнх нь тодорхой хувь халамжаар амьдардаг, их олон хүн авлигаар амьдралаа авч явдаг, нийгмээсээ тасарсан баячууд нь ямар ч шинэчлэлийг зогсоохыг хүсдэг учраас энэ арга нь үр дүнгээ өгөхөд хэцүү байх болов уу. Бүрэн хэмжээний сүйрэл бүхнийг дахин эхлүүлэхээс өөр аргагүй болсон цагт л Монголд бодитой өөрчлөлт гарах биз ээ.
Аргентин, Х.Милейгийн тухай ярьсан нь 2012 онд Хонконгт болсон Монголын хөрөнгө оруулалтын чуулганыг надад сануулав. Уг арга хэмжээний үеэр би бизнесийн хамтрагч Кристофер де Грубений хамтаар “Монгол танго” нэртэй илтгэл тавьсан юм. Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт болон төрийн мөнгийг хэрхэн буруугаар ашиглаж буй талаар шүүмжилсэн илтгэл. Үүнд, Монгол Улсыг хоёр өөр ирээдүй хүлээж буй тухай дурдсан агаад нэг нь тус улс шинэчлэл хийж, нөөц боломжоо бүрэн ашиглан хөгжих эсвэл шинэчлэлийг үгүйсгэх, тааруу менежмент, хэт ойрыг харсан явцуу бодлогын уршгаар аажим дордсоор эцэст нь сүйрэх.
13 жилийн дараа Монгол Улс бидний анхааруулж байсан тангоны хоёр дахь сонголтын дагуу явж байгаа мэт санагдаж байна. Харамсалтай нь энэ бол хөгжил цэцэглэлтийн төлөөх эрч хүчтэй танга бус харин сүйрэл рүү чиглэсэн эв хавгүй бүжиг юм. Харин танго бүжгийн өлгий болох Аргентин улс зоригтой шинэчлэл, өвдөлт өгсөн сахилга батын үр дүнд хямрал, ороо бусгаа байдлаасаа гарах арга замыг олж чаджээ. Гэтэл Монгол улс авлигад автсан нэгэн хэмнэлээ үргэлжлүүлсээр, хөдөлгөөнөө өөрчлөх чадамжгүй, эсвэл хүсэхгүй байсаар арагшаа ухрах дуусашгүй бүжгээ хийсээр л байна.