Нээлттэй хувьцаат компанийн гүйцэтгэх захиралд олгодог цалин, урамшуулал, хувьцааны эзэмшлийн тухай мэдээлэл бизнесийн ертөнцөд байнга гарч байдаг. Эдгээр тооны ард чухам ямархуу ньюанс нуугдаж байгааг бүрэн дүүрэн ойлгох тийм ч амар биш. Захиралд олгож буй хөлс нь компанийн ажиллагаа болон хөрөнгө оруулагчдад үр ашигтай байх ёстой нь нэн чухал билээ.
Эрсдэл, Боломж
Захирлын ажил, шийдвэрийг компанийн амжилттай нийцүүлэхийн тулд цалин урамшууллын гэрээг төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ашигладаг. Цалин урамшууллын багцыг тохиролцохдоо компаниудын ашигладаг хамгийн түгээмэл зарчим бол гүйцэтгэх захирлыг “гүйцэтгэлээр нь цалинжуулах” юм.
Энэхүү зарчмыг олонх компани дэмждэг боловч энэ нь гүйцэтгэх захиралд нэг талаар эрсдэл бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл, компанийн үйл ажиллагаанаас хамаарч гүйцэтгэх захирлын цалин урамшуулал нэмэгдэж, эсвэл буурч болно. Ингээд гүйцэтгэх захиралд олгодог цалин урамшууллын төрлүүдтэй товч танилцъя.
Бэлэн мөнгө/Үндсэн цалин
Гүйцэтгэх захирлууд ихэнхдээ нэг сая орчим ам.долларын үндсэн цалинтай байдаг. Компани сайн, мөн саар ажилласан ч гүйцэтгэх захирал хангалттай хэмжээний цалин авдаг гэдгийг энэ нь илэрхийлж байна. Гэхдээ үндсэн цалин өндөр байх хэрээр шаргуу ажиллах, ухаалаг шийдвэр гаргах сонирхол, хүсэл тэмүүлэл гүйцэтгэх захирлуудад бага байх талтай.
Урамшуулал
Урамшуулалд буурьтай хандахыг зөвлөе. Ихэнх тохиолдолд жилийн эцсийн урамшуулал нь дүрээ хувиргасан үндсэн цалин байдаг. Жишээлбэл, нэг сая ам.долларын цалинтай захирал 700 мянган ам.долларын бонус авч болох бөгөөд үүнээс 500 мянган ам.долларыг захирал сайн, муу ажилласнаас үл хамаарч олгож байгаа бол тухайн захирлын цалин 1.5 сая ам.доллар гэсэн үг.
Харин гүйцэтгэлтэй уяж өгсөн урамшуулал өөр хэрэг. Гүйцэтгэлээсээ шалтгаалж, нэмэлт урамшуулал хүртэх шаардлагатай болсноор захирлууд илүү сайн ажиллах хүсэл, сэдэлтэй болдог нь түгээмэл ажиглагддаг юм.
Захирлын гүйцэтгэлийг ашиг, орлогын өсөлт, өөрийн хөрөнгийн өгөөж, хувьцааны үнэ зэргээр дүгнэж болно. Гэхдээ энгийн хэмжүүрүүд ашиглан гүйцэтгэлийн урамшууллыг тооцоолох нь тийм ч оновчтой биш байх талтай. Санхүүгийн үзүүлэлтүүд, хувьцааны ноогдол ашиг зэрэг нь тэр бүр гүйцэтгэх захирал ажлаа сайн хийсний үнэн зөв хэмжүүр болж чаддаггүй.
Богино хугацаанд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, эсвэл зах зээлд сөрөг хариу үйлдэл үүсгэсэн нэг удаагийн таагүй явдал, хэцүү шийдвэрийн золиос болох, улмаар шударга бусаар шийтгүүлэх эрсдэл гүйцэтгэх захиралд байдаг. Тиймээс гүйцэтгэх захирлын ажлыг үнэн зөвөөр үнэлэх тэнцвэртэй, шударга багц шалгуурыг ТУЗ бий болгох ёстой.
Хувьцаа санал болгох
Гүйцэтгэх захирлын санхүүгийн ашиг сонирхлыг хувьцаа эзэмшигчдийн санхүүгийн ашиг сонирхолтой уялдуулах зорилгоор компаниуд тодорхой хэмжээний хувьцааг тогтсон үнээр захиралд санал болгодог. Гэхдээ эл арга нь урамшууллын тал дээр тийм ч зөв биш сонголт байх боломжтой төдийгүй үүнийг буруугаар ашиглах эрсдэл байдаг.
Компанийн хувьцааны үнэ өсөхөд гүйцэтгэх захирал их хэмжээний орлого олох боломжтой бол хувьцааны үнэ буурахад хөрөнгө оруулагчид алдаж, харин гүйцэтгэх захирал “шархгүй” үлддэг. Учир нь захирал хувьцааг өөрөө худалдаж аваагүй, харин ТУЗ-өөс түүнд санал болгосон байдаг юм. Тийм учраас зарим компани гүйцэтгэх захиралд санал болгосон хуучин хувьцааг шинэ, илүү хямд хувьцаагаар солихыг санал болгодог. Ингэснээр хувьцааны үнийг өсгөх сэдэл гүйцэтгэх захиралд бий болно гэж үздэг.
Гэхдээ үүнээс шалтгаалж гүйцэтгэх захирлууд хувьцааны үнийг өсгөхөд л төвлөрч, хувьцаа эзэмшигчдийн урт хугацааны ашиг сонирхлыг умартах магадлалтай. Тэр бүү хэл зарим удирдлага богино хугацааны зорилтдоо хүрсэн мэт харагдуулахын тулд тоон үзүүлэлтийг өөрчлөх, засах аюул ч бий. Энэ нь гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчдийн хоорондох харилцаанд ан цав суулгадаг.
Хувьцаа эзэмшүүлэх
Судалгаанаас үзэхэд гүйцэтгэх захиралд хувьцаа эзэмшүүлэх нь гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг хамгийн чухал хүчин зүйл ажээ. Хувьцаа эзэмших эрхтэй бус хувьцааг өөрөө эзэмшиж байгаа нөхцөлд гүйцэтгэх захирлын ашиг сонирхол хувьцаа эзэмшигчдийнхтэй нэг болдог байна. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд захирлууд илүү эзний сэтгэлгээгээр ажилладаг.
Ажилтан-захирлын цалингийн харьцаа
2023 оны байдлаар S&P 500 индекст багтдаг компаниудын гүйцэтгэх захирлын цалингийн харьцаа 268:1 байв. Энэ нь гүйцэтгэх захирлууд ажилтнаасаа 268 дахин өндөр цалин авдаг гэсэн үг юм. Тодруулбал, гүйцэтгэх захирлын нэг жилийн цалинтай дүйцэх орлого олохын тулд жирийн ажилтан 268 жил ажиллах ёстой болно.
Гүйцэтгэх захирлын цалинг хэн шийддэг вэ
Ихэнх хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын цалинг ТУЗ, эсвэл ТУЗ-ийн дэргэдэх Цалин, урамшууллын хороо тодорхойлдог. Цалингийн хэмжээ нь захирлын ур чадвар, боловсрол, туршлага болон салбарын стандарт, компанийн үйл ажиллагаа зэргээс хамаарна. Гүйцэтгэх захирал нь цалин тохиролцохдоо илүү үүрэг рольтой байдаг бол компанийн эзэд, хөрөнгө оруулагчид нь урамшууллын багцын тал дээр илүү нөлөөтэй байдаг.
Гүйцэтгэх захирлын цалин яагаад өндөр байдаг вэ
Компанийн амжилттай гүйцэтгэх захирлын манлайлал, ур чадвар шууд хамааралтай байдаг учраас цалин урамшуулал нь өндөр байдаг. Түүнчлэн өрсөлдөөн ихтэй зах зээлд талентуудыг татах, компанийг илүү өндөр амжилттай, ашиг орлоготой ажиллуулж чадна гэсэн итгэл байгаа нөхцөлд тухайн захиралд цалин урамшууллын томоохон багцыг компаниуд санал болгодог юм. Гэхдээ гүйцэтгэх захирлын болон ажилтны цалингийн зөрүү тэнгэр, газар шиг ялгаатай байгаа болон дундаж цалин хөлсний өсөлттэй харьцуулахад гүйцэтгэх захирлынх хэт хурдтай өсөж байгаа гэсэн шүүмжлэл бодитой оршсоор байна.
Эх сурвалж: investopedia.com