Ясны бизнесмэн хүний таван шинж чанар
Амжилттай бизнест хөрөнгө, мөнгө гэхээс илүү сэтгэлгээний хэв маяг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ясны бизнесмэн хүний зорилго, үйлдэл, гаргаж буй шийдвэр нь зүгээр нэг мөнгө олох гэсэн хүмүүсээс өөр байдаг.
- Бизнесмэнийг амбиц хөтөлдөг. Хэрэв та одоогийн санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун бол бизнесмэн болох нь юу л бол. Харин бизнес эрхлэгч том, зөв амбицтай бол тэр нь бизнесийг том алсын хараатай, утга учиртай болгодог. Том алсын хараатай бизнес эрхлэгч эрсдэл хийх чадвартай, зорилгодоо төвлөрч чаддаг, урам зориг, сэдлээ алдахгүйгээр тогтвортой ажиллаж чаддаг нь амжилт олон үндэс болдог.
- Бизнесмэн асуудал шийддэг. Бизнесмэн хүн ихэнх хүний анзаардаггүй асуудлыг олж харж, түүндээ шийдэл олж, эхэлснээ заавал дуусгадаг. Сайн бизнес хэрэглэгчийн асуудлыг чанартай шийдэж чаддаг. Асуудал ээдрээтэй байх тусам ашиг, орлого нь өндөр байдаг.
- Бизнесмэн манлайлдаг. Хэрэв та харилцагчаа, ажилтнуудаа, нийлүүлэгчдийг, гүйцэтгэгчдийг гэх мэтээр бизнесийн оролцогч талуудыг тантай хамтарвал үр ашигтай гэдгийг ойлгуулж, хөтөлж чадвал та хүчтэй лидер гэсэн үг. Ийм лидер өөрийн мэдлэг, ур чадвараар, бүтээмжээр бусдад үлгэр болж, цаашлаад шинэ манлайлагчдыг бүтээдэг онцлогтой. Ийм хүмүүс ихэвчлэн байгууллага болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
- Бизнесмэн дасан зохицдог. Эдийн засаг, зах зээлийн нөхцөл байнга өөрчлөгдөж байдаг, заримдаа бүр огцом эргэлттэй. Тиймээс сайн бизнесмэн өөрчлөлтөд дасан зохицож, өөрт нь мөнгө төлөх чадвартай хэрэглэгчийнхээ хэрэгцээг мэдэрдэг. Аливаа бизнес модель хэзээ нэг өдөр хуучирдаг учраас дасан зохицож чаддаггүй бизнес удаан амьдрахгүй.
- Бизнесмэн хүн шийдэмгий. Шийдэмгий байх нь зөв шийдэл олохоос өөр. Бизнес эрхлэгчийн хувьд зарим үед ирээдүй тодорхойгүй болж, юу ч харагдахгүй харанхуйд таамгаар явахаас аргагүй болдог. Тиймээс заримдаа дараагийн уулзварын цаана юу байгаа нь мэдэгдэхгүй ч галзуу юм шиг урагшаа зүтгэх зоригтой байх ёстой
Мундаг захирал гэж хэн бэ?
Нэгэн эмэгтэй ХIX зууны Их Британийн түүхэн дэх хоёр алдартай Ерөнхий сайдтай уулзжээ. Эхлээд Вильям Гладстонтой уулзаад гарахдаа “Ямар ухаантай, мундаг хүн бэ?” гэж бодсон байна. Харин түүний өрсөлдөгч Бенжамин Дизрайлын өрөөнөөс гарахдаа “Би ямар мундаг хүн юм бэ?” гэж бодсон байна.
Энэ бяцхан түүх удирдагч хүн хоёр төрлийн байдгийг харуулжээ. Зарим удирдагч өөрийгөө мундаг гэдгийг ойлгуулдаг бол, жинхэнэ удирдагч тухайн хүнд өөрийг нь мундаг гэдгийг ойлгуулдаг байна. Тэгвэл мундаг захирал гэж хэн бэ гэдгийг дэлгэрүүлье.
- Удирдлага шилдэг байх шаардлагагүй. Удирдагч хүний ажлын үр дүн нь өөрийнхөө ухаалаг гэдгийг сурталчлах биш, удирдаж буй хүмүүсээ ухаалаг болгох юм. Өөрөөр хэлбэл, мундаг захирал гэдэг бол өөрөө мундаг биш, харин өөрөөсөө мундаг хүмүүсийг ажиллуулж чаддаг хүнийг хэлдэг аж.
- Бизнес бол нэг хүн биш. Аливаа системийг хөгжүүлэхдээ нэг хүнээр хязгаарлаж болохгүй. Бизнес ч мөн адил. Хэрэв та бизнесээ өөрийн мэдлэг, ур чадвар, нөөцөөр хязгаарлаад байвал тэлэхгүй. Харин бизнес том алсын хараатай, багийнхаа оролцоог хангасан, тэдний хүчийг дайчилж чадвал хол явна.
- Өмчийн эзэн, удирдагч хоёр бол тэс ондоо хүмүүс. Өмчийн эзэн бүр менежментийн ур чадвартай байдаггүй учир хэрэв өөрөө захирал хийж тохирохгүй бол хийж чаддаг хүнийг олох хэрэгтэй. Тодруулбал, бизнес үүсгэн байгуулах, удирдах хоёр ялгаатай шүү.
- Алсын хараагаа тодотгоорой. Та “Би яаж амьдрах вэ?” гэж өөрөөсөө асуухын оронд “Би юу хийхээр, юуны төлөө төрсөн бэ?” гэж асуувал харах өнцөг өөрчлөгдөнө. Тодруулбал, зөвхөн өөрийн амьдралын чанарыг дээшлүүлье гэсэн бизнесийн алсын хараатай бол тийм ч үнэ цэнтэй бизнес бүтээж чадахгүй. Харин энгийн хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд миний бизнес хэрхэн туслах гэж асуувал таны алсын хараа том байна гэсэн үг.




