Тогтвортой хөгжил, ногоон шилжилт гэх ойлголтууд өдгөө шинэлэг, содон байхаа больж дэлхийн улс орнууд, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажил амьдралын салшгүй нэг хэсэг болон хэвшиж байна. Монгол Улс ч дэлхийн хөгжлөөс хоцролгүй ногоон хөгжлийн үзэл баримтлал, зорилгуудаа нэгэнтээ тодорхойлж, хувийн хэвшлүүд гарт баригдаж, нүдэнд харагдах олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болжээ. Үүний нэг жишээ нь Улаанбаатар хотын төв хэсэг, Гандантэгчэнлин хийдийн зэргэлдээ орших Монкабель Гандан ногоон барилга юм.
Ухаалаг, ногоон ирээдүйн төлөө
Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрч, эрүүл цэвэр орчинд тав тухтай, тохилог байр сууцанд амьдрах боломж хангагдаагүй хэвээр байна. Нийслэлийн төвийн бүсэд тооцогдох Гандангийн дэнж хүртэл ийм байдалтай олон жилийг үдэж байгаа билээ.
Харин энэхүү байдлыг халах жишиг болохуйц ногоон, ухаалаг шийдэл бүхий Гандан оффисынхоо нээлтийг энэ сарын 15-нд “Монкабель системс” компани хийсэн юм. Уг арга хэмжээнд тус компанийн харилцагчид, санхүүгийн түнш, байгууллагууд, БНХАУ-ын SigEnergy компанийн төлөөлөл оролцсон юм. “Монкабель системс” компанийн гүйцэтгэх захирал Э.Пүрэвдорж “Энэхүү оффис бол манай компанийн үүсэл хөгжилтэй холбоотой түүхэн барилга юм. Гэвч уг бүс төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны шугам сүлжээ, тогтвортой цахилгаан хангамжийн асуудалтай хэвээр байгаа. Бид эдгээр сорилтыг шийдэхээс гадна Монголд шинэ жишиг тогтоох зорилго тавьсан юм. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хараат бус, байгаль орчинд ээлтэй, ухаалаг барилга бүтээхийг зорьсон” гэж өгүүлсэн юм.
Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй тус бүтээн байгуулалт нь нарны эрчим хүч үйлдвэрлэл, баттерей хадгалах систем, цахилгаан автомашины цэнэглэгч, ухаалаг удирдлага зэрэг шийдлийг нэгтгэсэн бөгөөд эрчим хүчний хэрэглээг 99 хүртэл хувиар бууруулах боломжтой аж.
Эдгээр шинэчлэлийн үр дүнд барилгын үйл ажиллагааны зардлыг жил тутам 15 сая төгрөгөөр хэмнэх төдийгүй 55 тонн хүлэмжийн хий байгальд ялгарахаас урьдчилан сэргийлж байгаа юм.
Монкабель Гандан ногоон барилгын онцлогууд үүгээр тогтохгүй. Цэвэр агаарын автоматжуулсан систем, ус хэмнэх шийдэл, удаан эдэлгээтэй ухаалаг гэрэлтүүлэг, төрөл бүрийн мэдрэгчтэй автомат удирдлага нь ажиллах орчны тав тухыг дээд зэргээр хангаж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг шинэ түвшинд гаргажээ. Хамгийн гол нь барилгын удирдлагын BMS ухаалаг системээр тоноглогдсон бөгөөд хиймэл оюунд суурилсан камер, алсын зайн нэвтрэх хяналт, галын дохиолол, онцгой байдлын мэдээлэх системийг нэгдсэн платформд нэгтгэснээр аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрчим хүчний хэрэглээ, агааржуулалт, гэрэлтүүлгээ автоматаар тохируулдаг байна. Ингэснээр барилгын үр ашиг, тогтвортой байдлыг урт хугацаанд хангах боломж бүрджээ.
“Бид маш сайн төлөвлөснөөр барилгын ажлаа богино хугацаанд дуусгаж чадлаа. Цаашид уг барилгадаа ногоон сертификат авах зорилготой байгаа” хэмээн Э.Пүрэвдорж захирал өгүүлж байв.
“Монкабель системс” компани маш олон технологи, инновац шингээсэн, тохилог оффисоо “бүтээхдээ” мэргэжлийн боловсон хүчин, олон жилийн туршлага, гадаадын компаниудтай бий болгосон олон жилийн түншлэл зэрэг давуу талууддаа түшиглэжээ. Тус компани нь 1996 онд Монголын мэдээлэл холбооны салбарт үүсэн байгуулагдсан хувийн хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгжийн нэг юм. Холбооны дэд бүтцээс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Монкабель системс” өнөөдөр мэдээлэл холбоо, автоматжуулалт, аюулгүй байдал, гэрэлтүүлэг, галын дохиолол, сэргээгдэх эрчим хүч зэрэг өргөн хүрээг хамарсан инженерийн цогц шийдлийг нийлүүлэгч, угсралт суурилуулалтын үйлчилгээ үзүүлэгч үндэсний тэргүүлэх компани болон өргөжөөд байна.
Сүүлийн 29 жилийн хугацаанд тус компанийн хамт олон 21 аймагт 8,000 км гаруй шилэн кабелийн сүлжээ байгуулж, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал, орон сууцны хороолол, төмөр зам, уул уурхайн төслүүд, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. “Бидний алсын хараа бол Монгол Улсдаа тогтвортой дэд бүтцийг бий болгож, инновац шингэсэн “ухаалаг, ногоон ирээдүй”-г бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулах” хэмээн уг арга хэмжээний үеэр “Монкабель системс”-ийн хамт олон онцолж байлаа.
Хамтдаа хөгжих зорилго нэг
Ирэх жил 30 жилийн ойгоо тэмдэглэх тэд компанийнхаа тогтвортой өсөлт, хөгжлийг ганц хүчин зүйлээс бус, олон талын нэгдэл, үр дүн гэж дүгнэдэг. “Хэрэглэгчдийн итгэл, манай хамт олны олон жилийн туршлага, мэдлэг ур чадвар, зах зээлд нийцсэн уян хатан стратеги бидний өсөлтийн суурь болсон. Түүнчлэн бид “өрсөлдөхөөс илүү хамтрах” зарчмыг баримталж, олон улсын технологийн түншүүд, банк санхүүгийн байгууллагууд, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаанд түшиглэн хамтдаа үнэ цэнийг бүтээж ирлээ” гэж Э.Пүрэвдорж захирал дурдсан.
Тэд Гандан дахь оффисын төслийг хэрэгжүүлэхдээ ч хамтын ажиллагааны энэхүү зарчмаа баримталжээ. Тухайлбал, төслийн ТЭЗҮ-д Европын сэргээн босголт хөгжлийн банк зөвлөх үйлчилгээ үзүүлсэн бол ХААН Банкны бизнесийн ногоон зээлээр төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, 60 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй ногоон эдийн засгийг дэмжих МОНГЕФФ зээлийг “Монкабель системс” компанид тус банкнаас олгожээ.
“ХААН Банк 2026 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгох зорилго тавиад байгаа. Энэхүү зорилгын хүрээнд Ногоон бонд босгох, олон улсын байгууллагуудаас татсан санжүүжилтүүдийн тодорхой хэсгийг ногоон зээлд зарцуулах зэрэг олон санаачилга гарган ажиллаж байна. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах ёстой. Үүний тулд барилгаа дулаалах, дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэснээр нүүрс, цахилгааны хэрэглээ багасна. Тиймээс ногоон технологиор манлайлж, байгаль дэлхийгээ хамгаалж байгаа Монкабель системсийн хамт олонд талархлаа илэрхийлье” хэмээн ХААН Банкны Улаанбаатар Галлериа бизнес төвийн захирал Д.Энхбат уг арга хэмжээний үеэр ярьж байлаа.
Харин Э.Пүрэвдорж захирал энэхүү хамтын ажиллагааны талаар “ХААН Банкны ногоон зээлийн дэмжлэгтэйгээр бид барилгын уг жишиг төслийнхөө санхүүжилтийг шийдэж, хэрэгжүүлэх боломжтой болсон. Манай компани олон жилийн турш ХААН Банкны харилцагч байж ирсэн. Гандан ногоон барилгын төсөлд хамтарснаар тус банкны тогтвортой хөгжлийн бодлого болон манай төслийн зорилго нэг чиглэлд огтлолцсон гэж бодож байна” гэж өгүүлэв.
ХААН Банк нь ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээх, бизнесээ ногооруулахад туслах зорилготой уян хатан нөхцөл бүхий олон төрлийн бизнесийн ногоон зээлүүдийг санал болгодог юм.
“Growing together” уриатай ХААН Банк болон Growing connected уриатай “Монкабель системс” компанийн хамтын үйл ажиллагааны хүрээнд ийнхүү нэгэн жишиг ногоон барилга Ганданд сүндэрлэлээ.
















