Хятад улс экспортолж буй бүтээгдэхүүнд НӨАТ боддоггүй. Гэхдээ хэрэв тухайн компани материал, тоног төхөөрөмжөө Хятадаас авч байвал түүндээ НӨАТ төлнө. Компани бараа, бүтээгдэхүүнээ Хятад дотроо борлуулбал эцсийн хэрэглэгчээс төлсөн НӨАТ-аа эргээгээд авчихна, харин гадаадад борлуулбал НӨАТ нь өртөг болж компанид очно.
Тиймээс бизнесийг алдагдалд оруулахгүйн тулд төрөөс экспортын буцаан олголтын механизмыг нэвтрүүлсэн бөгөөд компаниуд татварын албанд буцаан олголтын хүсэлтээ илгээдэг. Үүнд хоёр хувилбар бий:
- Үйлдвэрлэгчдийн хувьд материал, тоног төхөөрөмж авахдаа төлсөн НӨАТ-даа буцаан олголт авна.
- Худалдааны компани бол: Хятадаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авахдаа НӨАТ төлөөд гадаадад борлуулахдаа НӨАТ төлдөггүй. Энэ тохиолдолд төрөөс 9-13 хувийг буцаан олгоно. Тиймээс заримдаа буцаан олголт нь төлсөн татвараасаа бага болж, үүссэн зөрүү нь компанид зардал болж үлдэнэ.
Энгийн жишээн дээр тайлбарлахад: Тухайн компани 1000 юаниар гар утасны эд ангиуд худалдан авахдаа нийлүүлэгчид 13% буюу 130 юанийн НӨАТ төлнө. Дараа нь гар утас угсраад 2000 юаниар зарахдаа нийлүүлэгчид төлсөн НӨАТ, эцсийн хэрэглэгчийн төлөх НӨАТ хоёрыг нийлүүлээд 260 юанийг нэмнэ. Ингэснээр компани НӨАТ-ын зардал үүрэхгүй.
Харин угсарсан утсаа экспортолбол НӨАТ-ын ачааллыг эцсийн хэрэглэгчид шилжүүлэх боломжгүй, бизнес 130 юанийн зардал хүлээх учраас төрөөс түүнийг нь буцаан олгоно.
Хэрэв бэлэн утас худалдаж аваад гадаадад экспортолбол буцаан олголтоо 13% биш, 9%-иар бодуулж авах бөгөөд үлдсэн 4% буюу 40 юань нь компанийн зардал болно.
Дотоодод борлуулалт хийдэг компаниудын хувьд НӨАТ-ын дарамтыг бууруулах өөр бодлого үйлчилдэг. Компаниуд бараа, материал татан авахдаа НӨАТ төлж, борлуулалт хийхдээ хэрэглэгчээс түүнийгээ буцаагаад нөхнө. Гэхдээ татан авалтаар төлсөн НӨАТ нь борлуулалт хийх үед хэрэглэгчид шилжүүлсэн НӨАТ-аас их байх тохиолдолд ачааллыг дараагийн тайлант улирал руу “шилжүүлдэг” байв.
Харин 2022 оны дөрөвдүгээр сараас жижиг, дунд бизнес болон аж үйлдвэр, тээвэр, шинжлэх зэрэг салбарын компаниуд хүлээхгүйгээр шууд буцаан олголтын хүсэлт илгээж НӨАТ-ын ачааллаасаа салдаг болсон.
Түүнчлэн компаниуд хуучин хуримтлагдсан НӨАТ дээрээ ч буцаан олголт авах боломжтой. Жишээ нь, нэг сая юаниар татан авалт хийхдээ 13% буюу 130 мянган юанийн НӨАТ төлсөн ч тухайн тайлангийн улиралд ердөө 500 мянган юанийн борлуулалт хийж 65 мянган юанийн НӨАТ төлөхөд үлдсэн 65 мянган юанийн НӨАТ зардал болж үлдэнэ. Өмнө нь энэ 65 мянгыг дараагийн тайлант улиралд шилжүүлдэг байсан бол 2022 оны шинэчлэлийн дагуу шууд татварын албанд хүсэлт гаргаж буцаан олголтоо авна.
Өөрөөр хэлбэл, БНХАУ-д бизнесүүд НӨАТ дээр хохирдоггүй. Экспорт хийсэн бол төлсөн НӨАТ-аа бүтнээр эсвэл хэсэгчлэн буцааж авдаг. Харин улс дотроо борлуулалт хийгээд НӨАТ-ын зардал гарчихвал хүлээхгүйгээр шууд буцаан авна гэсэн үг.





