BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Г.Болортуяа амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаад 30 орчим жил болж байна.

“Хаппидент сервис” компанийн үүсгэн байгуулагч Г.Болортуяа

Г.Болортуяа: Амны хөндийн эрүүл мэнд хүүхэд эхийн хэвлийд байхаас эхэлдэг

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-09-03
  Онцлох, Эрүүл амьдрал
Share on FacebookShare on Twitter

Г.Болортуяа шүдний эмч мэргэжил эзэмшсэнээс хойш амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаад 30 орчим жил болж байгаа бѳгѳѳд 2015 онд “Хаппидент сервис” компаниа үүсгэн байгуулж, шүдний эмнэлгүүдэд материал хэрэгсэл, шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэн ажиллаж байна. Тэдний зорилго бол монгол эмчийн хийсэн эмчилгээ үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх, үүний тулд дэлхийн дэвшилтэт хамгийн сүүлийн үеийн, чанараар тэргүүлэгч тоног төхөөрөмж, материал хэрэгслийг нутагшуулах, эмч нарыг чадавхжуулах юм. Түүнтэй нүүр ам судлалын салбарын хөгжил, хүн амын амны хөндийн эрүүл мэндийн талаар ярилцлаа. 

Та өөрийн эзэмшсэн мэргэжил, бизнесээ хөгжүүлсэн түүхээс хуваалцвал?

Би 1999 онд АУИС-ийг (тухайн үеийн нэршлээр) сургууль төгсөж 2007 он хүртэл маш сайхан чадварлаг эмч, багш нарыг дагалдан суралцаж мэргэжлээрээ ажилласан. Токиогийн Анагаах, Шүдний Их Сургуульд (Tokyo Medical And Dental University) 2008-2012 онд Шүдний зѳѳлц мэдрэл судлал болон сувгийн эмчилгээний тэнхимд Лазер эмчилгээний чиглэлээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж тѳгссѳн. Тус сургууль нь судалгааны бааз суурь сайн хөгжсөн, олон улсад нэр хүндтэй сургууль юм.

Миний төлөвлөсөн судалгаа илүү нарийвчилсан, ач холбогдолтой байх шаардлага гарч ирсэн. Учир нь судалгаа, эмчилгээнд хэрэглэгддэг тоног тѳхѳѳрѳмж, хэрэгслийн хангамж хүртээмж, хэрэглээ маш сайн байсан нь лазерын эмчилгээ, судалгааг хийхэд цаашлаад ийм боломжийг Монголдоо нутагшуулах хүсэл тэмүүллийг надад олгосон. Миний судалгааны ажлын зорилго нь шүдний сувгийн эмчилгээнд лазер эмчилгээний аргыг хэрэглэж сувгийн эмчилгээний уламжлалт арга барилтай харьцуулахад үр дүнтэй эсэхийг тогтоох байсан юм.

Япон улсад сураад ажиллаад нутагтаа ирэхэд бидний эмчилгээ үйлчилгээг чанаржуулахад юу хэрэгтэй байгаа нь шууд мэдрэгдсэн. Тиймээс чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, материал зайлшгүй хэрэгцээтэй байсан.

Харамсалтай нь, тэр үед ханган нийлүүлэгчид цөөхөн, эмч, эмнэлгүүдэд сонголт багатай, засвар үйлчилгээ авах боломж байдаггүй байв. Товчхондоо, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ төлөвшөөгүй байсан.

Миний хувьд Монголд ирээд сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмж, эм хэрэгслийг монгол эмч нар маань хэрэглэдэг болоосой, үйлчлүүлэгчид хүргэж буй эмчилгээ, үйлчилгээний чанар нь сайжраасай гэж хүссэнээр ѳѳрийн бизнесийг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар бид 500 орчим хувийн хэвшлийн болон улсын эмнэлгүүдтэй хамтран ажилладаг бѳгѳѳд олон улсын нэр хүнд бүхий 38 үйлдвэрлэгч компанитай түншийн харилцаатай. Үүнээс гол бэлтгэн нийлүүлэгчид нь Швейцарын улсын 100-175 жилийн түүхтэй, чанараар тэргүүлэгч, маш олон чадварлаг эмч эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, компаниуд байдаг.

Бид 2015 онд үйл ажиллагаагаа эхлээд тун удалгүй 2017 оноос шүдний эмнэлгүүд, лабораториудад дижитал эмчилгээний технологийг амжилттай нэвтрүүлж байна. Дижитал гэдэг нь энгийн үгээр буюу товчхондоо бол шүдний хэв авсан зураглалаа компьютерт оруулж, эцсийн үр дүн ямар байхыг харуулсан дизайныг гаргаж, түүнийгээ тусгай төхөөрөмжөөр хэвлэж гаргахыг хэлдэг. Тухайн амны хѳндийн сканнер тѳхѳѳрѳмжийг анх танилцуулж байхад тѳдийлѳн ойлголт багатай, хэрэгцээ муутай байсан.

Харин одоо эмч, ажилтны ажил илүү хялбаршиж, ѳндѳр нарийвчлалтай амны хѳндийн зураглал хадгалах дамжуулах боломж бий болсноос гадна дараа дараагийн дижитал, хялбар эмчилгээний тѳрлүүд нэмэгдэх боломжтой гэдгийг мэддэг болсон байна. Нѳгѳѳтэйгүүр хэв авахад үүсдэг эвгүй мэдрэмжүүд байхгүй болж байгаа. Ер нь эмч бид хамгийн түрүүнд ѳвдѳлтгүй, сайн үйлчилгээг үзүүлэх талаар бодож сурч, хѳрѳнгѳ оруулж хамгийн сайныг бариад гүйдэг хүмүүс байдаг юм.

2017 онд бид Германы технологид суурилсан дижитал шийдлийг анхны эмнэлэгтээ нийлүүлж эхэлж байсан бол 2023 онд хамгийн сүүлийн үеийн Щвейцарь улсын Ivoclar компаниас PM5 CAD/CAM иж бүрэн лабораторийн тѳхѳѳрѳмжийг Монгол улсад анх удаа оруулж ирснээр 2023 оны шилдэг гүйцэтгэлтэй компаниар шалгарч байлаа.

Танайх шүдний эмнэлгүүдтэй урт хугацааны тогтвортой, итгэлтэй харилцааг тогтоож чадсан онцлог юу вэ?

Манайх нэг ёсондоо үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дунд гүүр болдог. Орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулахад нухацтай хандах ёстой. Бидэнтэй хамтарснаар юун түрүүнд тухайн үйлдвэрээс нь мэргэжилтнүүд ирж угсралт, суурилуулалтыг хийн тогтмол хяналт тавин шаардлагатай засварыг хийнэ. Бид энэ хооронд энгийн үйлчилгээг цаг тухайд нь хийдэг.

Гэнэтийн асуудал гарахад үйлдвэрлэгчидтэй холбогдож түүнийг шийдэх хамгийн боломжит хувилбарыг гаргана. Мөн хэрэглэгчдээс ирсэн санал, гомдол, Монголын хууль, дүрэмтэй холбоотой зөвлөмжийг үйлдвэрлэгчдэд хүргэдэг.

Нөгөө талаар шүдний эмнэлзүйн чиглэлд шинэ тоног төхөөрөмж байнга шинээр нэвтэрч байгаа тул бидэнд сурах зүйл маш их байдаг. Тиймээс бид харилцагчдадаа сургалт танилцуулга, зөвлѳмж өгѳхийн зэрэгцээ ѳѳрсдѳѳ байнга суралцаж, хѳгжиж явдаг. Голдуу шинээр орж ирсэн тоног төхөөрөмжийг хэрхэн технологийн дагуу зөв хэрэглэж, үр дүнг гаргах вэ гэдгийг танилцуулдаг.

Нийт эрүүл мэндийн салбараар нь авч үзвэл шүдний эмнэлгүүд нь нэлээн том хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Түүнээс гадна даатгалын тогтолцоонд хуваарилалт дулимаг байдаг учраас эмнэлгүүдийн хувьд чанартай үйлчилгээг тохиромжтой үнэлгээтэй байлгахад хүндрэлтэй. Учир нь бид эмчилгээнд хэрэглэх бүх хэрэгсэл тоног тѳхѳѳрѳмжийг гаднаас импортолж байна. Энэ тохиолдолд тээвэрлэлт, гадаад валютын ханш, түүхий эдийн ѳсѳлт нөлөөлдөг тул үнэ жил бүр ѳсѳж байдаг. Энэ бүхний ард бид аль болох үнийн бодлогоо тогтмол барихыг хичээдэг ч яалт ч үгүй жил жилээр нэмэгдэж байгаа нь манай харилцагчдад хүндрэлтэй.

Энэ нь эргээд хүн амын амны хѳндийн эрүүл мэндийн асуудалд сѳрѳг нѳлѳѳлж байгааг үгүйсгэхгүй. Гэтэл эмчилгээ зѳвхѳн эм материал, хэрэгслийн тусламжтай хийгдэхгүй. Тухайн эмчилгээг хийхийн тулд эмч хүн олон жил зарцуулж суралцдаг, тогтмол мэргэжлээ дээшлүүлнэ. Мөн эмчээс гадна сувилагч, техникч гээд том багаар ажиллаж байж эмчилгээ үйлчилгээ хийдэг.

Үүний тулд тоног төхөөрөмж нь сайн байж, удаан ажиллах хэрэгтэй. Тиймээс өндөр үнээр авсан нарийн тоног төхөөрөмжөө удаан ажиллуулахын тулд тогтмол засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг авч байх хэрэгтэй болно. Манайх энэ асуудлыг нь шийдэхэд тусалдаг гэсэн үг.

Эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх ч сайжирч байна. Тиймээс бид харилцагчдынхаа асуудлыг илүү ойлгож, тэдэнд тохирсон шийдлүүд санал болгох үүднээс цөөн хүнийг хамарсан сургалт, уулзалтуудыг хийж, тэдэнтэй хийдэг харилцаагаа илүү үр дүнтэй, өгөөжтэй байлгахыг зорьж байна.

Тухайлбал, хэрэглэгчид аль нэг тоног төхөөрөмжийг сонгох үед тухайн эмнэлгийн эмч нарын хэрэгцээнд нь тохируулж сонгохыг зөвлөдөг. Нүүр ам судлал бол бусад салбартай нэгэн адил технологи маш хурдан өөрчлөгдөж буй салбар. Тиймээс эмч нарын ур чадвар, хэрэгцээнд нь нийцүүлэн тоног тѳхѳѳрѳмж, хэрэгслийг санал болгодог.

Монголчуудын амны хөндийн эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байдаг вэ? Таны зүгээс энэ сэдвээр уншигчдад онцолж хэлэх зүйл юу вэ?

Амны хөндийн эрүүл мэнд хүүхэд эхийн хэвлийд байхаас эхэлдэг. Хүүхдийн сүүн шүдний дараа ургадаг байнгын шүдний эх үүсвэрийн бүх мэдээлэл эхийн хэвлийд байхад бий болдог. Тиймээс жирэмсэн эх ургийн хөгжлийн эхний саруудад эм ууж болохгүй гэж зөвлөдөг. Төрсний дараа цахиур шүд нь ургаагүй байсан ч амны хөндийг тогтмол цэвэрлэж байх ёстой. Шүд нь ургаж эхлэхээр л угаана гэвэл тийм биш. Зориулалтын хуруувчаар хүүхдийн буйлыг цэвэрлэдэг байх улмаар хүүхдийг аль болох багаас нь шүд угаах зѳв хэвшилд сургахад эцэг эхчүүд анхаарах нь зѳв юм.

Түүнээс гадна, монгол ээжүүдтэй холбоотой хөхний сүүний буюу угжны цоорлоос үүдэлтэй хүүхдийн шүдний өвчлөл их байна. Учир нь, хүүхдээ хөхүүлж байгаад унтуулчихдаг, хүүхэд амандаа сүүтэй унтчихдагаас сүүний хүчил хүүхдийн шүдэнд сөргөөр нөлөөлж байна.

Мѳн байнгын их араа шүд хүүхдийн үүдэн сүүн шүд унахтай зэрэгцээд ургадагийг ээж аавууд маань унана гэж их андуурдаг. Хүүхдийн шүд солигдох явц дунджаар 6 наснаас эхэлдэг бөгөөд ямар нэг сүүн шүд уналгүйгээр сүүн араа шүднүүдийн хамгийн ард байнгын ясан шүд болох зургадугаар шүд ургадаг. Энэ шүд нь ирээдүйд ургах шүднүүдийн байрлал болоод хоолыг зажлах бутлах чухал үүрэг гүйцэтгэдэг хүний хамгийн том, хамгийн хүчтэй шүд.

бизнес цэнэг
бизнес цэнэг

Сүүн шүд уналгүйгээр хамгийн түрүүнд ургадаг учраас эцэг эхчүүд анхаарал арчилгаа төдийлөн тавьдаггүй, мөн дөнгөж ургаж буй шүд эрдсээ гүйцэд нөхөж аваагүй байдгаас шалтгаалан амархан цоорч хүндэрдэг байна. Насанд хүрсэн хүмүүсийн дунд авахуулсан шүдний ихэнх хувийг энэхүү шүд эзэлдэг нь хүүхэд насанд нь муу арчилж цооруулснаас үүдэлтэй.

Эцэг, эхчүүдэд зөвлөж хэлэхэд шүдийг нь тогтмол угаалгахаас гадна өвдөөгүй байсан ч хүүхдийнхээ шүдийг  улиралд нэг удаа эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч цэвэрлээд, ховилыг нь бөглөөд цоорол үүсэх эрсдэлүүдээс хамгаалаад өгчихнө.

Өнөөдөр шүдний өвчлөл манай улсад өндөр байна. Ялангуяа, хүүхдүүдийн дунд. Гэхдээ хөгжингүй орнууд манайх шиг замыг туулаад өнгөрсөн.

Тэд урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй гэдэг дээр тогтсон. Олон улсад сургууль дээр шүд угаалтын цаг гэж байдаг. Шүдээ угаах дадалд хэвшчихвэл дараа нь ѳвдѳх, эмчлэх, авхуулах,  хиймэл шүд хийлгэх өндөр зардлууд гаргах ямар ч шаардлагагүй болно.

Эмчлэх боломжгүй бол шүдээ авхуулна, авхуулсны дараа согог заслын үйлчилгээнүүд орж ирнэ. Уг суурь нь урьдчилан сэргийлэлт байх ёстой. Шүдээ зөв, сайн угаагаад хэвшчихвэл цоорлоос хамгаална. Гэтэл Монголд шүдний цоорол маш их учраас эмч нар маань цоорлын хүндрэлийн эмчилгээнүүд хийхээс гадна үйлчлүүлэгч нарт эдийн засгийн хувьд ѳндѳр ѳртѳгтэй болоод ирдэг.

Шүдний согог болон гажиг заслын талаар хүмүүс юу мэдэх ёстой вэ?

Нүүр ам судлалын албан ёсны тодорхойлолтоор бол шүдний эгнээний бүрэн бүтэн байдал алдагдахыг согог гэх бѳгѳѳд согог засал гэнэ. Харин шүдний эгнээний хэлбэр, байрлал алдагдахыг гажиг гэж байгаа юм л даа. 

Өвчтөнүүд маань авч буй үйлчилгээнүүдийнх ард юу байдаг талаар, ер нь амны хөндийн эрүүл мэнд гэж юу вэ гэдэг дээр тун хангалтгүй мэдлэгтэй байдаг. Наад зах нь холливуд смайл гэдэг нь яг юу юм гэдгийг сайн мэддэггүй.

Холливуд смайл бол согог заслын эмчилгээний нэг хэлбэр. Гэхдээ энэ нь хүн болгонд тохирно гэвэл тийм биш.

Тухайлбал энэхүү эмчилгээг хийхийн тулд шүднээс нь зордог. Бүрээс хийх заалт гэж бий. Тиймээс эхлээд эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай.

Дээрх эмчилгээнүүдтэй холбогдуулан хэлэхэд сүүлийн үед монголчуудын дунд амьдралын хэв маяг өөрчлөгдөж буйгаас үүдэн зарим гажиг үүсэж байна. Энэ нь хүүхдүүд ааруул идэх нь багассан, мах зулгааж идэх нь ховордсоноос үүдэлтэй. Энэ бол зөвхөн манайд биш дэлхий нийтэд ажиглагдаж буй өөрчлөлт. Тухайлбал, япончууд зөөлөн хүнс их хэрэглэх болсноор хоншоор нь нарийсаад, соёо нь наашилсан. Монгол хүүхдүүдийн дунд ч соёо нь наашилж байна. Үүнийг дагаад нүүрний бүтэц ч өөрчлөгдөж байгаа.

Манай нүүр ам судлал, шүдний салбарын хѳгжил, чиг хандлагын талаар таны бодол, эмчлүүлэгчид юу анхаармаар санагддаг талаар товч хэлнэ үү.

Энэ бол том сэдэв. Товчхон хэлэхэд манай эмч, эмнэлгийн ажилтнууд  мэргэжил мэдлэгтээ үргэлж анхаарч, сурч мэдэж хѳгждѳг гайхалтай дайчин, хѳдѳлмѳрч хүмүүс байдаг. Бусад орны эмч, эрдэмтэдтэй эн тэнцүү сурч мэдэж, шинэ арга барил эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлж байгаагаар бахархахгүй байхын аргагүй. Гадны эмч, эрдэмтэд “₮анай Монголд энэ технологи нэвтэрчихсэн, хэрэглэдэг гэж үү” хэмээн гайхаж байхыг олон удаа харж эмч нараараа бардамнаж явлаа.

Шүдний салбарын үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлдэг бүхий л компаниудын тѳлѳѳлѳгчид Монгол улсад үйл ажиллагаа явуулж сүүлийн үеийн дэвшилтэт болгоныг танилцуулж тасралтгүй ханган нийлүүлдэг. Монгол эмч нар тэр бүхэнтэй хѳл нийлүүлэн суралцаж эмчлүүлэгч, үйлчлүүлэгчид чанартай, найдвартай, баталгаатай, тааламжтай эмчилгээг нэвтрүүлж байна. Үүний нэг бодит жишээ нь 170 жилийн туршлагатай Швейцари улсад үйлдвэрлэгдсэн олон улсын маш олон эмч, эрдэмтдийн 1700 гаран судалгаагаар үр дүн нь нотлогдсон хиймэл яс буюу эрүүний яс, тулгуур эд, зѳѳлѳн эд зэргийг хурдан найдвартай нѳхѳн тѳлжүүлэх зорилготой бүтээгдэхүүнийг манай эмч нар гайхалтай үр дүнтэй хэрэглэж байна.

Олон улсын эрдэмтдийн судалгаагаар бидний ясны чанар тийм сайн биш байгаа нь тогтоогдсон. Дээр нь бидний онцлог нь шүдээ маш их авхуулдаг тул дараа нь ямар ч тѳрлийн эмчилгээ шүдэлбэр хийлгэхээс үл хамааран хиймэл ясыг хэрэглэхийг санал болгомоор санагддаг. Монгол хүн хамгийн сайн нотлогдсон эм материалаар чанартай, баталгаатай эмчилгээг сэтгэл ханамжтай хийлгэхэд эмч нартаа туслах зорилготой ажиллаж байгаа бѳгѳѳд бид эмч нарынхаа хичээл зүтгэл, хүсэл зорилгоор омогшиж ажилладаг даа.

Тагууд: амьдралын хэв маягшүдний эмнэлэгэрүүл амьдрал

Санал болгох:

Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00