Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны төсвийн талаар мэдээлэхдээ Татварын багц хуулийн шинэчлэлийн нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголтыг одоо байгаа 20 хувиас 50 хувь болгож нэмнэ гэж мэдэгдсэн.
Гэхдээ иргэдэд НӨАТ-ыг буцаан олгохдоо E-Barimt-ын дугаараар хонжворт сугалаа явуулдаг Монголын практик нь дэлхийд цор ганц гэдгийг, бас Монголд л үр дүнгээ сайн өгч байгаа гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад НӨАТ–ын сугалааг нэг сар зогсооход НӨАТ бичилт 30% багасаж байв. Тэгэхээр сугалаа гэдэг үг монголчуудын татвар төлөх соёл, сэтгэлгээнд хүчтэй нөлөөлдөг гэдэгтэй маргашгүй.
Харин одоо буцаан олголтыг 50 хувь болгосноор татварын бааз суурь нэмэгдэж, буцаан олголтоос төсөвт ирэх дарамт багасна гэж Засгийн газар үзэж байна.
***
E-Barimt буюу монголчууд бүгдээрээ татварын байцаагч болсон түүх
НӨАТ бол эцсийн хэрэглэгч төлдөг татвар бөгөөд эдийн засагт байгаа мөнгөний урсгалыг бүртгэлжүүлэх чухал үүрэгтэй. Монгол Улс 2001 оноос худалдаа, үйлчилгээнд кассын машин нэвтрүүлж эхэлсэн. 15 жилийн дараа 2016 онд НӨАТ-ын цахим систем нэвтрүүлж эхлэхэд 1600 кассын машин, 14000 пос машин байсан. Харин 2023 оны эцэс гэхэд 305 мянган цэгт НӨАТ-ын баримт шивдэг болж, кассын машины тоо 305 000 болж нэмэгдсэн байсан. Нийт 1.06 тэрбум баримт хэвлэгдсэн нь 183 их наядын гүйлгээ бүртгэгдсэн гэсэн үг. Энэ нь тухайн үеийн ДНБ-ээс 2.3 дахин их мөнгө байв.
Түүнчлэн НӨАТ-ын тухай шинэчилсэн хууль 2016 оноос хэрэгжиж эхэлснээс хойш улсын төсвийн бүрдүүлэлтэд гүйцэтгэх үүрэг нь нэмэгдсэн. 2016 онд НӨАТ-аар 558.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг байсан бол 2018 онд 900 тэрбум болж өсжээ. Улмаар Ковидоос хойш тасралтгүй өсөж, 2020 онд 2.2 их наяд, 2021 онд нэг 3.7 их наяд, 2024 онд 5.8 их наяд болж огцом нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь нийт татварын орлогын 21.4 хувийг бүрдүүлдэг болсон.
Ийм үр дүнд хүрэхэд НӨАТ-ын сугалаа, урамшуулал гэдэг зүйлийг нэвтрүүлсэн нь голлон нөлөөлсөн. Улмаар эцсийн хэрэглэгчийн төлсөн НӨАТ-ын 20 хувь буюу худалдан авалтын 2 хувийг буцаан олгож, хэвлэсэн баримтуудыг хонжворт сугалааны тасалбар болгож хувиргасан. Энэ нь НӨАТ-ын төсөвт бүрдүүлэх орлогыг нэмэх гол хөшүүрэг болсон. Өөрөөр хэлбэл, бизнесүүдийг НӨАТ-ын харилцаанд өргөнөөр оролцуулахын тулд эцсийн хэрэглэгчийг энэ ажилд “дайчилж” татварын байцаагч, хэрэглэгч хоёр “хамтарч” ажиллах болсон.
Гэхдээ НӨАТ-ын хонжворт сугалаа нь татварын үндсэн зарчимд нийцэлтэй биш. Түүнээс гадна НӨАТ-ын буцаан олголтын 59 хувийг хэрэглээ өндөртэй буюу иргэдийн 12 хувь бүрдүүлдэг байна. 2023 оны тоо баримтаар л гэхэд 1.7 сая иргэнд 316 тэрбумыг буцаан олгосны 190 орчим тэрбум буюу 60 хувийг иргэдийн 13 хувь нь авчээ. Ингэснээр шударга, хүртээмжтэй байх НӨАТ-ын бас нэг зорилго алдагдаж эхэлсэн.
Тиймээс НӨАТ-ыг шаталсан байдлаар буцаан олгохоор татварын хуулийн шинэчлэлд тусгаад байгаа:
- 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт байвал НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь
- 500-800 мянган төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголтыг 50 хувь
- 800 мянгаас дээш байвал НӨАТ-ын буцаан олголтыг 20 хувь байлгахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Гэхдээ дараагийн бас нэг үр дагавар гарч ирж болзошгүй. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянга байгаа. Харин дундаж цалин 2.3 сая төгрөг байгаа. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.6 сая төгрөг болсон, үүн дотроо 1.5 сая орчим (57%) нь цалин хөлс, 583 мянга (22%) нь тэтгэвэр, тэтгэмж байна. Харин өрхийн дундаж мөнгөн зарлага 2.7 сая төгрөг байгаа.
Өөрөөр хэлбэл, 500 мянга болон 500-800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг хүн хэр олон бэ? Буцаан олголтыг ингэж өөрчилсний үр дүн гарах уу? Энэ нь дундаж давхаргыг дэмжих зорилтдоо хүрч чадах уу гэсэн асуултууд гарч ирнэ.
Худалдан авалтыг өрхийн мөнгөн зарлагатай нь холбон авч үзвэл эхнэр, нөхөр хоёр дунджаар 1.35 сая төгрөгийн худалдан авалт хийж, НӨАТ-ын системд бүртгүүлдэг.
Харин өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2025 оны 2 дугаар улиралд нийт өрх дунд 700 мянга хүртэлх мөнгөн зарлагатай өрх 2.9 хувь, 700-900 мянган төгрөгийн зарлагатай өрх 3.7 хувь, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн зарлагатай нь 4.7 хувь, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай нь 14 хувийг эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, эхнэр, нөхөр хоёр баримтуудаа тус тусдаа бүртгэнэ гэж барагцаагаар бодоход сар бүрийн худалдан авалтдаа НӨАТ-аа 100% буцаан авах өрхийн тоо 9 хувиас хэтрэхгүй, 50 хувиар буцааж авах өрхийн тоо 17 хувиас хэтрэхгүй аж. Товчхондоо, иргэдийн 75 хувь нь хуучнаараа 20 хувийн буцаалтаа авна гэсэн үг.
Үүн дээр монгол өрхийн 75 хувь нь сар бүр дунджаар 1.2 сая төгрөг буюу мөнгөн орлогынхоо 46 хувийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг гэдгийг тооцох хэрэгтэй. Учир нь зээлийн төлөлтөд НӨАТ төлдөггүй.
Дүгнээд хэлбэл, НӨАТ-ын буцаан олголтын үр дүн дундаж давхаргад үйлчлэхгүй гэсэн үг юм.






