Өнөөдрийн бизнесийн ертөнцөд “хамтран бүтээх сэтгэлгээ” гэдэг ойлголт улам бүр үнэ цэнтэй болж байна. Зөвхөн борлуулалт хийх, өөрийн ашигт анхаарахаас илүүтэйгээр бусдын үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагаанаас жинхэнэ утгаараа “win-win” үр дүн гарах билээ.
Нетворкинг гэхээр олон хүн арга хэмжээний дараа нэрийн хуудас солилцохоор хязгаарладаг. Гэвч энэ нь түр зуурын танилын хүрээ үүсгэхээс цаашгүй. Үнэн хэрэгтээ мэргэжлийн нетворк гэдэг нь бодитой хэмжиж болох үр дүн авчирдаг, харилцан ашигтай орон зайг бий болгох явдал юм. Хэрэв та тоосго тавьж байгаа бол, нөгөө тал шавраа нийлүүлж байж л барилга босно. Энэ бол хамтран бүтээх сэтгэлгээний бодит жишээ.
Ийм сэтгэлгээгээр хандсан үед хүмүүс зөвхөн өөрт хэрэгтэй холбоо хайхаа больж, харин бусдад үнэ цэнэ өгч чадах эсэхдээ төвлөрдөг. Ингэж байж л итгэл дээр суурилсан урт хугацааны харилцаа бий болж, хамтын ажиллагаа бодит бизнесийн үр дүн болж хувирна.
Тиймээс нетворкингийг энгийн уулзалт бус, харилцан итгэлцэл, хөгжлийн талбар гэж харах нь зүйтэй. Хэрэв зөв сэтгэлгээгээр хандвал нэг уулзалт олон жилийн хамтын ажиллагааны эхлэл болж чадна.
Нетворкингийг зөвхөн танилцах биш, бодит үр дүнд хүргэхийн тулд дараах зарчмуудыг баримтлах нь чухал:
- Үнэ цэнэ өг – Зөвхөн өөрт хэрэгтэй зүйл хайхаас илүүтэйгээр бусдад юугаар тусалж, ямар үнэ цэнэ нэмэхээ бод. Жижиг зөвлөгөө, туршлага хуваалцах ч үнэтэй байдаг.
- Сонсож сурах – Хүмүүс өөрийг нь үнэн сэтгэлээсээ сонсож, ойлгож байгаа хүнд илүү итгэдэг. Тиймээс асуулт асууж, бусдын үзэл бодлыг хүндэтгэх нь холбоог бэхжүүлдэг.
- Тогтмол холбоотой байх – Танилцсаны дараа харилцаагаа таслахгүй байх нь чухал. Богино мэндчилгээ, шинэ мэдээлэл хуваалцах зэрэг энгийн алхам харилцааг үргэлжлүүлдэг.
- Тодорхой зорилготой оролц – Арга хэмжээнд зүгээр суух бус, урьдчилан судалж, хэнтэй уулзах, ямар санаагаа хуваалцахаар очиж буйгаа тодорхой болговол илүү үр дүнтэй.
- Урт хугацаанд хар – Нетворк бол богино хугацааны ашиг биш. Итгэл дээр суурилсан, олон жилийн хамтын ажиллагааны эхлэл гэж ойлгож хандах хэрэгтэй.
Уншигч та уг нийтлэлийн талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл Business.mn подкастын 332 дугаарыг үзнэ үү.




