Ипотекийн санхүүжилтийн банк нь хувийн хэвшилд тулгуурласан хуримтлалыг дэмжсэн байх хэрэгтэй
Монголын банкны холбооноос банкуудын хагас жилийн тайланг танилцуулах үеэрээ ипотекийн санхүүжилтийн банк байгуулах талаар мэдээлэл өгөв.
Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгоод байна.
Тус хөтөлбөрөөс гадна зах зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулахад сүүлийн дөрвөн жилд 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна. Гэхдээ зөвхөн хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад байгаа.

Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нь орон сууцны төрөлжсөн санхүүжилтийг олгох шинэ тогтолцоог нэвтрүүлэх төслийн удирдагчаар ажиллаж буй бөгөөд банкны салбарт шинээр бий болох энэхүү бүтцийг хэрхэн зөв хийх талаар дараах мэдээлэл өгөв.
- Нэгдүгээрт: Хувийн хэвшилд тулгуурласан, сайн засаглалтай, шинэ банк байх
- Хоёрдугаарт: Урт хугацааны хуримтлалыг дэмжсэн, байрны үнийн хөөргөдөл үүсгэхээргүй байх
- Гуравдугаарт: Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэх эх үүсвэрийг зээл хэлбэрээр бус, татаас, дэмжлэг хэлбэрээр олгож, хувийн эх үүсвэрийг татан оролцуулах хөшүүрэг хэлбэрээр ашиглах
- Дөрөвдүгээрт: Оршин суугаа газрынхаа амьдрах таатай орчин, хөршийн хамтралыг дэмжих, санхүүгийн хөшүүрэг бий болгох
Орон сууцны санхүүжилтийн сэдэв бол зөвхөн тусгайлсан банк байгуулснаар дуусахгүй, бүхэл бүтэн тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай. Энэ нь өөрөө холимог санхүүжилтийн системд тулгуурласан байна. Банкны хувьд ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гэдэг маш чухал, бас урт хугацааны хуримтлал. Иргэд хуримтлалаараа байрныхаа урьдчилгаа төлбөрөө гаргах, төрийн татаас, батлан даалттай зорилтод бүлэгтээ чиглэсэн байх хэрэгтэй.
Энэ агуулга дээрээ зөвхөн орон сууцны санхүүжилт төдийгүй биш энэ нь блокоороо бүлгүүд байж болж байна. Эсвэл байрны засвар дээр ч энэ төрлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой байх ёстой. Тэр талаас нь бодолцох хэрэгтэй. Үндэсний баялгийн сангаас орон сууцны санхүүжилт гаргаж байгаа бол 100 хувь зээл бус тодорхой татаас, дэмжлэг хэлбэрээр олгож эх үүсвэрийг татан оролцуулах нь чухал тухай яригдлаа.
Цалин, тэтгэвэр, автомашины чанаргүй зээл 2 дахин нэмэгджээ
Монголын банкны холбооноос мэдээлснээр энэ оны эхний хагас жилд банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, нийт актив өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар өссөн байна. Эдийн засгийн салбаруудын сэргэлтэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй хэвээр байгаа аж.
Банкууд өмнөх жилүүдэд хэрэглээний зээл түлхүү олгож байсан бол энэ жил бизнесийн зээлийг их хэмжээгээр олгожээ. Тодруулбал, уул уурхайн салбарт 2023 онд 507, 2024 онд 942, 2025 онд 1183, боловсруулах салбарт 2023 онд 575, 2024 онд 870, 2025 онд 1143, худалдааны салбарт 2023 онд 2816, 2024 онд 4261, 2025 онд 5421, үйлчилгээний салбарт 2023 онд 1404, 2024 онд 2513, 2025 онд 2636 бизнесийн зээл олгожээ.
Бизнесийн зээлийн хэмжээ, оноор

Энэ төрлийн зээлийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувиар өссөний нөлөөгөөр бизнесийн зээлийн чанаргүйдэл буурсан ч цалин, тэтгэвэр, автомашины зээлийн чанаргүйдэл өнгөрсөн оны эхний хагас жилд 2 хувьтай байсан бол одоо 5 хувьд хүрчээ. Авахад хамгийн хялбар хэрэглээний энэ төрлийн зээлийн чанаргүйдэл өссөн нь өрхийн орлогод дарамт нэмэгдсэнийг харуулж байна.
Энэ оны эхний хагас жилд эдийн засаг 5.6 хувийн өсөлттэй гарлаа
Удаан хугацааны дараа ХАА-н салбар сэргэж эхэлсэн нь энэ оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарахад нөлөөлжээ. Барилга, боловсруулах салбар өсөлттэй байгаа нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн бол уул уурхайн салбар хүлээлтээс доогуур байсан нь тус салбарыг дагасан худалдаа, тээврийн салбарт сөргөөр нөлөөлжээ. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалан экспортын хэмжээ буурч, төгрөгийн ханшид дарамт үзүүлж байна. Төсвийн тэнцэл 758 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь уул уурхайн бүтээгдэхүүнээс авах татварын орлого 12.3 хувиар багасан нь голлон нөлөөлжээ.
Банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч.Сосорбарам “Төсвийг боловсруулахдаа гадаад, дотоод эрсдэлт хүчин зүйлсийг сайтар тооцож төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, бодит эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг авч ажиллахгүй бол хонх нь дуугарвал дамар нь таг гэдэг шиг нэг салбар нь сэргэхээр бусад салбарууд нь унадаг нөхцөл байдал руу шилждэг тогтолцоотой болох нь гэдгийг сануулав.
Одоогоор Оюу толгойн олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Цаашид гүнийн уурхайн олборлолт, түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үүнийг дагаад экспортын хэмжээ өсвөл эдийн засгийн өсөлт үргэлжлэх хүлээлттэй байна. БНХАУ нүүрсний олборлолтдоо хязгаарлалт тавиад байгаа нь манай улсын нүүрсний үнэ нэмэгдэхэд эерэг нөлөөлөх дүр зураг ажиглагдаж байгааг салбарынхан онцоллоо.




