Интернэт дөнгөж үүсэж байсан 1980-аад онд энэхүү цоо шинэ онлайн орчинд зам мөрөө гаргахад нь зориулж улс орнуудад дахин давтагдашгүй домайн хаягууд олгож эхэлсэн юм. Жишээлбэл, АНУ-д .us, Их Британид .uk, Монгол Улсад .mn домайн хаягуудыг олгожээ.
Тэдгээрийн тоонд Карибын тэнгисийн жижиг арал улс Ангилья багтаж, .ai хаягтай болсон байна. Энэ нь хожмоо “эрдэнэсийн сан” болох хувьтайг тухайн үед хэн ч гадарлаагүй юм. Харин сүүлийн жилүүдэд хиймэл оюуны тэсрэлт дэлхий дахиныг хамарснаар Британийн харьяа улс болох Ангильягийн домайн нэрийг авахын тулд компани, хувь хүмүүс ихээхэн мөнгө төлөх болжээ.
Тухайлбал, АНУ-ын иргэн, технологийн салбарын тэрбумтан Дармеш Шах you.ai хаягийг 700 мянган доллароор худалдаж авсан аж. Тэрбээр ВВС сувагт өгсөн ярилцлагадаа “өөрийн дижитал хувилбарыг бүтээх боломжийг хүмүүст олгодог хиймэл оюуны шинэ бүтээгдэхүүн” гаргах гэж байгаа тул үүнд зориулж мөнгө хайрлалгүй уг домайн нэрийг авснаа онцолсон. Уг бүтээгдэхүүн нь “зарим үүрэгт ажлыг таны өмнөөс гүйцэтгэх боломжтой” юм.
Hubspot-ийг хамтран үүсгэн байгуулагч Д.Шах өөр хэд хэдэн .ai домайн хаяг эзэмшдэг аж. Түүний үзэж буйгаар цаашид .ai домайн хаягийн үнэ улам нэмэгдэх бөгөөд өөрийнх нь төлсөн үнээс илүү өндөр үнээр зарагдах хаяг гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүний хэлснийг батлах мэт өнгөрсөн долдугаар сард cloud.ai хаяг 600 мянган ам.доллар, law.ai хаяг 350 мянган ам. доллароор зарагджээ.
Сүүлийн таван жилд .ai хаягтай вэбсайтын тоо 10 дахин, сүүлийн нэг жилд хоёр дахин нэмэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Үүний үр дүнд ердөө 16 мянган хүн амтай Ангилья улсын хувьд энэхүү азын шоог хэрхэн өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, урт хугацааны тогтвортой орлогын эх үүсвэр болгох вэ гэсэн сорилт тулгарч эхэллээ. Карибын тэнгисийн бусад арал улсын адилаар Ангилья улсын эдийн засгийн гол орлого аялал жуулчлалаас бүрддэг. Сүүлийн жилүүдэд тус улс тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын салбарт эзлэх байр сууриа нэмэгдүүлж, голдуу АНУ-ын жуулчдын зорин очих гол газар болжээ. Тус улсын статистикийн байгууллагын мэдээллээс үзвэл өнгөрсөн онд 111,639 жуулчин хүлээж авсан нь түүхэн дээд амжилт аж.
Гэвч Ангильягийн аялал жуулчлалын салбарт нэгэн том аюул бий нь намар бүр “айлчилдаг” хар салхи юм. Карибын тэнгисийн арлуудын зүүн хойд хэсэгт оршдог Ангилья нь Умард Атлантын хар салхины хамгийн идэвхтэй бүсэд хамаардаг. Тиймээс домайн нэр зарах бизнесээ өргөтгөснөөр эдийн засгаа төрөлжүүлэх, хар салхинаас учрах санхүүгийн хор хохирлыг даван туулах боломжийг тус улс олж авах юм. Ангилья улсын талаарх саяхны тайландаа Олон улсын валютын сан чухам энэ боломжийн талаар онцлон дурдсан билээ.
2024 онд домайн нэрийн борлуулалтаас 105.5 Зүүн Кариб доллар буюу 39 сая ам.долларын орлого олсон талаар тус улсын Засгийн газар мэдээлсэн.
Энэ нь 2023 онтой харьцуулахад 23 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин аялал жуулчлалын салбарын орлого төсвийн 37 хувийг бүрдүүлж байна. Улмаар домайн нэрийн борлуулалтын орлого энэ онд 132 сая Зүүн Кариб доллар, 2026 онд 138 сая болж нэмэгдэнэ гэж тооцож буй талаар тус улс мэдэгджээ. Уг орлогыг.ai домайн бүхий 850 мянга орчим вэбсайтаас бүрдүүлэх юм. Сонирхуулахад, 2020 онд .ai хаягтай ердөө 50 мянган вэбсайт байжээ.
Домайн нэрний бүртгэлээс орж ирэх орлогыг зүй зохистой удирдах зорилгоор тус улс 2024 оны аравдугаар сард АНУ-ын технологийн Identity Digital компанитай таван жилийн гэрээ байгуулав. 2025 оны эхээр тус компани бүх .ai домайныг Ангилья дахь серверээс өөрийн сүлжээ рүү шилжүүлснээ мэдэгдсэн юм. Энэ нь хар салхинаас үүсэх аюул, тус улсын дэд бүтцэд үүсэх аливаа эрсдэл, тухайлбал цахилгаан тасрахаас вэбсайтуудыг хамгаалах зорилготой байлаа.
Ангилья улс .ai домайн нэрийг 150-200 орчим ам.доллароор бүртгэдэг бөгөөд хоёр жил тутам тодорхой хэмжээний төлбөр төлж шинэчлэх ёстой. Харин илүү эрэлттэй, сонирхолтой домайн нэрийг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан зардаг аж. Энэхүү орлогын 90 хувийг Ангильягийн Засгийн газар, 10 хувийг Identity Digital компани авдаг юм.
Ийнхүү хиймэл оюуны ачаар орлогын шинэ эх үүсвэртэй болсон тус улс гэнэтийн их орлогыг зүй зохистой зарцуулах шаардлагатай болж байна. Тиймээс ирэх жилүүдэд Ангильягийн Засгийн газар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор шинэ нисэх буудал барих, нийгмийн дэд бүтцийг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжүүлэх гэж байна.
Эх сурвалж: ВВС



