Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат тэргүүтэй тус яамны газрын дарга нар энэ сарын 12-ны өдөр ирэх оны төсвийн төслийг салбар салбараар нь тоймлон сэтгүүлчдэд мэдээлснийг хүргэе.
Сангийн яам 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн эдийн засаг дахь оролцоог бууруулах бодлого тавьсан. Илүү хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн загварт шилжинэ. Энэ бодлогын хүрээнд ирэх оны төсөв иргэдийн бодит орлогод 7 хувийн өсөлт авчрах тооцоолол хийгээд буй юм.
2026 онд боловсол, эрүүл мэнд, цахим хөгжил, шинжлэх ухааны салбарт түлхүү анхаарна. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2026 онд 5.5 дахин нэмэгдүүлж 1.1 их наядад хүргэсэн. Харин боловсролын салбарын төсвийг 2 хувиар, цахим шинэчлэл, шинжлэх ухааны салбарын төсвийг 3 хувиар тус тус нэмэгдүүлжээ.
- Эрүүл мэндийн салбарын хувьд: ХСҮТ-2, “Эс, эд, эрхтэн шилжүүлэх төв”, “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилга, ЭХЭМҮТ-ийн засвар үйлчилгээ, аймгуудын лавлагаа шатлалын эмнэлэг барих, яаралтай тусламжийг сайжруулах төслийг хэрэгжүүлнэ.
- Боловсролын салбарт: 117 сургууль, 73 цэцэрлэгийг шинээр барих, засвар үйлчилгээ хийнэ.
- Цахим шинэчлэл, шинжлэх ухааны салбарт: Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барих, үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх зэрэг ажлыг хийнэ.
- Ирэх онд НӨАТ-ын буцаалтыг 5, 2027 онд 10 хувьд хүргэнэ
НӨАТ-ын буцаан олголт хоёр хувь байгааг тав болгохоор шийдвэрлэснийг Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн сард мэдэгдсэн. Засгийн газрын энэ бодлого ирэх оны төсөвт тусгалаа олжээ.
НӨАТ-ын баримт бүртгүүлж буй нийт иргэдийн 75 хувь нь сард 1 саяас доош үнийн дүнтэй худалдан авалт хийдэг ч нийт буцаалтын 25 хувийг л авдаг. Эсрэгээрээ хамгийн өндөр хэрэглээтэй хүмүүс 25 хувийг эзэлж байгаа ч буцаалтын 75 хувийг авч байна.
НӨАТ бол эцсийн хэрэглэгчдэд ногдуулдаг татвар. Гэхдээ НӨАТ-ын буцаалтыг Монгол шиг механизмаар өгдөг улс орон дэлхийн дээр хуруу дарам цөөн байдаг. Засгийн газрын бодлогод тусгаснаар цаашид хэрэглээ ихтэй бол өндөр татвар төлнө гэсэн зарчим баримтлах аж.
2026 оноос сард нэг саяас доош худалдан авалт хийсэн иргэд 5 хувийн буцаан олголт авна хэмээн Сангийн яамны төлөөллүүд онцлов.
Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог 36 сарын тэтгэмжийг 2026, 2027 он дамжуулан олгоно
2026 оны төсөвт 36 сарын цалингийн тэтгэмжид 352 тэрбум төгрөг шаардлагатай болсон. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 110 тэрбумаар өссөн үзүүлэлт. Мөн орон нутагт ажиллаж буй боловсон хүчинд 3 жилд нэг удаа олгодог тэтгэмжид 140 тэрбум төгрөг зарцуулна. Төрийн албан хаагчдын зөвхөн тэтгэмжид 500 тэрбум төгрөг зарцуулах шаардлага бий болсон. Энэ бүх зардал нь төсвийн зардлыг ДНБ-ний 24 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Иймээс төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог 36 сарын тэтгэмжийг 2026, 2027 он дамжуулан олгохоор төлөвлөжээ.

Сангийн яамны Төсвийн бодлого, Төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:
Тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмжийн мөнгөн дүнгийн талыг 2027 он руу шилжүүлэээр шийдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад 2026 онд тэтгэвэрт гарах 10 хүн байвал төрсөн он, бүртгэлээр эрэмбэлж эхнээсээ 36 сарын цалингаа аваад, тэтвэртээ гарна гэсэн байдлаар шийдхээс өөр аргагүй байна. Ийм хүндрэл 2017, 2018 онд эдийн засгийн уналтын үед гарч байсан. Энэ төрлийн тэтгэмж ихэвчлэн онцгой, цагдаа, хилийн цэрэг зэрэг төрийн тусгай байгууллагад гардаг. Харин эрүүл мэнд, боловсролын салбарт төдийлөн гардаггүй гэв.
Монгол Улсын экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний үнэ 2025 он гарангуут 40 хувиар унасан. Ирэх онд ч үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байгаа.Иймээс 2026 оны төсөвт нүүрсний зах зээлийг үнийг өнөөгийн ханшаар буюу нэг тонныг 70 ам.доллараар тооцжээ.
Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо:
“Нүүрсний үнэ өндөр байхад эдийн засгийн идэвхижэл өндөр байсан. Тэр үед 2026 онд эдийн засаг бараг 7 хувиар өсөх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Одоогоор ирэх жилийн эдийн засаг 5.7 хувьтай байхаар харагдаж байгаа. Энэ тохиолдолд эдийн засгийг буцаагаад идэвхижүүлэх ёстой. Төр өөрийн үүргийг биелүүлж ажлын байрыг хадгалж, иргэдийн бодит орлогыг дэмжихэд анхаарах ёстой.
Бид төсвийн алдагдлын хязгаарт багтсан хэмжээгээрээ хөрөнгө оруулалтыг нэмэх ёстой. Төсвийн бодлого гэдэг өөрөө эдийн засгийн бодлогын маш том хэсэг. Тийм учрас эдийн засаг халж байгаа тохиололд төсвийг танах ёстой. Нөгөө талдаа эдийн засгийн идэвхижил буурч байгаа энэ үед өөрсдийнхөө боломжоор төсвийг тодорхой хэмжээнд хязгаарлах, алдагдалтай батлаад буцаагаад сэргээх, идэвхижүүлэхээс өөр аргагүй. Ийм л төсвийн бодлогын онцлог байна” хэмээв.
Сурвалжилсан Р.Эрдэнэчимэг


