Орчин үеийн үйлдвэрлэл зөвхөн бүтээгдэхүүн гаргахаас илүүтэй процесс, инновац, автоматжуулалт гурвыг нарийн уялдуулж, өртөг зардлыг бууруулангаа бүтээмжийг тасралтгүй өсгөх “урлаг” юм. Үйлдвэрийн түвшинд энэ гурван чиглэл бол хамгийн гол тулгуур нь болж байна.
1. Процесс сайжруулалт-Дотоод зардлын алдагдлыг устгах
Үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад алдагдлыг илрүүлж, арилгах ажлыг системтэй хийдэг. Үйлдвэрийн хэлээр бол “7 төрлийн алдагдал” гэж бий. Үүнд: хүлээлт, илүү хөдөлгөөн, илүү тээвэрлэлт, давхардсан ажил, илүүдэл нөөц, гэмтэлтэй бүтээгдэхүүн, хугацааны алдагдал зэрэг ордог.
Эдгээр нь ганц, хоёр ширхэг бүтээгдэхүүнд хамааралгүй өдөр бүрийн жижиг алдаа, завсарлага, зохицуулалтгүй урсгалууд нийлээд асар их зардлын алдагдал үүсгэдэг. Тиймээс үйлдвэрлэлийн багууд орц–процесс–гаралт гэсэн гурвалсан гинжин холбоогоо байнга хянаж, хөдөлмөрийн урсгалаа оновчлох замаар бүтээмжийг өсгөж байна. Энэ бол зүгээр л сайжруулалт биш байгууллагын дотоод соёл болсон зүйл юм.
2. Инновац
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь зүгээр нэг улирал тутамд шинэ загвар гаргах ажил биш, тасралтгүй эргэлдэх бүтээлч мөчлөг. Жишээ нь жил бүр 50-60 төрлийн шинэ бялууны загвар гаргадаг бөгөөд эдгээр нь баяр ёслол бүртэй уялдсан байдаг.
Шинэ загвар бүр ард нь амт, бүтэц, хадгалалтын горим, үйлдвэрлэлийн технологи гээд олон талын нарийн туршилт, судалгаа оршдог. Ингэснээр зах зээлд тогтмол шинэлэг бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна үйлдвэрлэлийн технологио ч шинэчилж, үр ашгаа өсгөдөг. Өөрөөр хэлбэл, инновац нь хэрэглэгчийг татах төдийгүй, үйлдвэрийн бүтээмжийг хөтлөгч болж байна.
3. Автоматжуулалт-Хүний нөөцийн ачааллыг бууруулж, найдвартай урсгал бий болгох
Технологийн дэвшлийг ашиглан үйлдвэрлэлийн шат бүрийг автомат шугамаар дамжуулж эхэлснээр хүний оролцоог багасгаж, алдаа гарах эрсдэлийг бууруулж, гарцын хэмжээг тогтворжуулдаг.
Бүтээмж гэдэг бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш. Энэ бол байгууллагын соёл, хандлага, удирдлагын ухаалаг шийдвэрийн үр дүн юм. Процессоо тасралтгүй сайжруулж, инновацыг өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгож, технологийн автоматжуулалтыг ашиглаж чадсан байгууллага л зах зээл дээр тогтвортой өсөлттэй оршин тогтнодог. Уншигч та “Жүр Үр” ХХК-ийн брэнд бүтээгдэхүүн бүтээх нууц, хэрэглэгчидтэй харилцах туршлага болон бүтээмжээ нэмэгдүүлэх аргуудын тухай мэдэхийг хүсвэл Business.mn подкастын 333-р дугаарыг үзнэ үү.


