Хотын төвийн нэгэн буланд зөөлөн хөгжим эгшиглэж, шинэхэн кофе, эрүүл амттаны үнэр хамар цоргим орчинд хүмүүс ажил, найз нөхөд, өөрийнхөөрөө өнгөрүүлэх цагийн завсарлага, болзоо, дотно уулзалтаа хийж сууна. Энэ нь сүүлийн жилүүдэд эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маягийг түгээж буй онцгой газруудын нэг болох Ketomo Cafe Wine билээ. Харин энэхүү тухлаг орчин бүхий цэгийн ард өөрийн амьдралын сорилтыг боломж болгон хувиргаж чадсан эмэгтэй бий. Тэр бол үүсгэн байгуулагч П.Жасмин юм.
Эрүүл хооллолтоор эхэлсэн шинэ замнал
Төрийн албанд ажиллаж, сэтгүүлчийн мэргэжлээр олон жил хөдөлмөрлөсөн П.Жасминд амьдралын хамгийн том өөрчлөлт эхэлсэн мөч нь хүүхэд төрүүлсний дараах үе байлаа. Тэр үедээ жингийн асуудалтай тулгарч, өөрийгөө эрүүл аргаар өөрчлөхийг зорьсон нь эцэстээ бүх зүйлд шинэ эхлэл авчирсан юм.
“Би өөрийгөө эрүүл аргаар дахин бүтээхээр эрэл хайгуул хийж эхэлсэн. Тухайн үедээ кето дэглэм гэдгээ мэдэхгүйгээр зүгээр л нүүрс усаа хасаад, өөх тосоо нэмээд л идээд байсан юм. Гэтэл гуравхан сарын дотор огт өлсөж, ядрахгүйгээр 15 орчим кг жин хасаж чадсан байсан. Хүмүүс ихэвчлэн жин хасах гэж л энэ хооллолтыг сонирхдог. Харин надад хамгийн чухал нь үүнийг даган ирсэн эрч хүч, илүү хөнгөн, аз жаргалтай мэдрэмж байсан” гэж тэр дурсав.
Ketomo Cafe Wine зөвхөн эрүүл хоолоор хязгаарлагдахгүй. Эдний цэс олон төрлийн хоол, амттан, уух зүйлсээр баялаг.
Энэ туршлага түүнд зөвхөн өөрийгөө өөрчлөх урам өгөөд зогсохгүй бусдад ч ийм боломж бий гэдгийг харуулах хүсэл төрүүлжээ. Улаанбаатарын олон ресторан, кофе шопоор үйлчлүүлэхдээ олон төрлийн хоолны сонголт бараг үгүйг мэдэрсэн нь түүнд “Яагаад би өөрөө энэ орон зайг бий болгож болохгүй гэж?” гэсэн асуулт тавихад хүргэсэн аж. Ингэж л эрүүл хооллолтын соёлыг түгээхийн зэрэгцээ орж ирсэн бүхий л хүмүүсийн мэдрэмж, амт, сонирхолд таарах олон талт меню бүхий газрыг цогцлоох зоригтой алхам хийж, яваандаа тухтай орчин, амьдралын зөв хэв маягийг нэгтгэсэн Ketomo Cafe Wine-ийг байгуулсан түүх эхэлжээ.
П.Жасмин төрийн албанд тогтвортой ажилтай байсан ч, өөрийн амьдралын хэв маяг, хүсэл мөрөөдлөө дагах шийдвэр гаргаснаар хамгийн зоримог алхмуудын нэгийг хийжээ. Энэхүү шийдвэр нь анхнаасаа амар байсангүй. Бизнесийн мэдлэгээ гүнзгийрүүлэх, санхүүгийн тооцооллоо хийх, зах зээлийн онцлогийг ойлгох зэрэг олон алхам түүнд хүнд сорилт болж байв. Гэвч тэр бууж өгөөгүй бөгөөд өөрийн итгэл, хүсэл мөрөөдлөөрөө хөтлөгдөн, өдрөөс өдөрт бэлтгэлээ улам нэмсээр ирж.
Том сорилтоос дахин боссон нь
Ketomo Cafe Wine-ийн түүх нь зөвхөн эрүүл амьдралын хэв маяг, амттай хоолноос бүрддэггүй. Энэхүү орон зай нь эмзэг, маргаантай асуудлуудыг даван туулсан туршлагаар ч тодорхойлогддог. Түрээслэгч, түрээслүүлэгчид хоорондын гэрээ, эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин Монголд бүрэн хөгжөөгүй нь бизнесийн эхний жилүүдэд тэдэнд том сорилт болжээ.
“Түрээслэгчид их хэмжээний хөрөнгө оруулж, зарим нь өр зээл, орон байраа ч зарж, барьцаалаад бүх юмаа нэг дор оруулчихдаг. Гэтэл хөлөө жаахан хөдөлгөж, бизнес бужигнаад эхлэхээр түрээслүүлэгчид гэрээ, нөхцөлийг хэлэлцэхгүйгээр шууд хөөгөөд гаргадаг. Энэ нь миний хувьд бодитой тохиолдож, маш хүнд туссан. Би тэр үед бүр шантарч, ‘Ерөөсөө дахиж бизнес хийхгүй’ гэж хүртэл бодсон.”

Ийм нөхцөл байдлаас үүдэн ойролцоогоор хагас тэрбум төгрөгөөр “шатаж”, бизнесийн үр шимийг бүрэн хүртэх боломж хязгаарлагджээ. Гэвч түүний ойр дотнын хүмүүс төдийгүй, байнгын үйлчлүүлэгчдийн дэмжлэг, итгэл П.Жасминд бүхнийг дахин хийх хүч өгсөн байна. Энэ туршлагаас үлдсэн нэг гол санаа нь түрээслэгч, түрээслүүлэгчийн хоорондох эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал байв. Тиймээс П.Жасмин ээжийнхээ дурсгалыг хүндэтгэн, нэрнээс нь санаа авч, “Ган холбоо” нэртэй байгууллага үүсгэн, түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах, маргаан, гэрээ, санхүүгийн асуудлыг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох ажилд оржээ. “Монголд түрээслэгч, түрээслүүлэгч хоорондын хууль, эрх зүйн орчин бараг байхгүй. Аль аль талдаа асуудал бий. Бид үүнийг шийдэх хууль, эрх зүйн механизмыг бий болгохоор зорьж байна” гэж тэр тодотгосон юм.
Монголд түрээслэгч, түрээслүүлэгч хоорондын хууль, эрх зүйн орчин бараг байхгүй. Бид үүнийг шийдэх хууль, эрх зүйн механизмыг бий болгохоор зорьж байна.
Энэхүү санаачилга нь зөвхөн бизнесийн эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, олон хүний амьдралд бодит нөлөө үзүүлнэ гэж төлөвлөжээ. Түрээсийн маргаанд хохирсон хүмүүсийг нэгтгэж, мэдээллийн сан, дата бүрдүүлж, технологийн компанитай хамтран вэбсайт, онлайн платформ бий болгох ажлыг эхлүүлсэн нь энэ чиглэлд хийсэн бодит алхам юм. Гэхдээ хамгийн том сургамж нь олон хүний дэмжлэг, хамтын хүчин чармайлт ямар ч сорилтыг даван туулж чаддагт оршино.
“Өдөрт хүн дор хаяж зургаан удаа бусдаас баярлалаа гэх үгийг сонсох хэрэгтэй байдаг гэж дуулсан. Харин би энэхүү салбарт ажилласны ачаар өдөрт 100 гаруй хүнээс ‘Баярлалаа’ гэх үгийг сонсдог. Энэ нь сэтгэл зүйн хувьд маш том хүч, дараагийн алхмаа хийх урам өгдөг. Хэцүү байсан ч дараа нь яах вэ гэдгээ бодох хүч надад оршсоор байдаг”.
Энэ бүхнийг тусгаж, Ketomo Cafe Wine нь уух юмны сонголт дүүрэн меню, амт чанартай хоолоороо танигдсан төдийгүй хүмүүст итгэл, дэмжлэг, эрх зүйн мэдлэг өгөх, нийгмийн хариуцлагатай бизнесийн жишээ болж чадсан нь харагдана.
Хайр дүүрэн тухлаг орчин
Ketomo Cafe Wine бусад том ресторан, кофе шопоос бүх талаараа ялгарч чадах онцлогийг өөртөө шингээжээ. Хүн орж ирээд шууд л гэртээ байгаа мэт тухлаг орчинд орсон мэдрэмж авах, сэтгэлээ амраах орон зайг П.Жасмин хамгийн их хүсчээ.
“Энэ кафе бол зөвхөн бизнес биш, өөрийнхөө хайртай бүхнээр дүүргэсэн миний нэгэн ертөнц. Дуртай хөгжим, дотно уур амьсгал, нарийн чимэглэл бүрд бидний сэтгэл шингэсэн байдаг” гэж тэр хэлэв. Мөн та эндхийн цэсийг нэг сонжоод үзээрэй. Ketomo Cafe Wine зөвхөн эрүүл хоолоор хязгаарлагдахгүй. Эдний цэс олон төрлийн сонголттой. Дан ганц кето хоол ч бус өөр олон төрлийн хоол, амттан, уух зүйлсийг өөртөө агуулсан. Жилд нэг удаа ч биш, сар бүр шинэ хоол туршиж, онцгой цэс танилцуулдаг нь сонирхолтой. Наймдугаар сарын хувьд тэд “1 кг бургер”-ийг онцлох хоол болгон зарлажээ. Үнэхээр л амттай, бас ганцаараа хэзээ ч барахааргүй хамгийн амттай бургер байсныг онцлох нь зүйтэй.
Тухайн үед их шантарч, “Ерөөсөө дахиж бизнес хийхгүй” гэж хүртэл бодож байлаа.
Үйлчлүүлэгчдэдээ үргэлж шинэлэг амт мэдрүүлэхийг хүсдэг тэдний хувьд есдүгээр сараас эхлээд дараагийн шинэчлэлээ хийж, цэсдээ сонирхолтой хоолны сонголтуудыг нэмэх гэж байна. Энэ нь зөвхөн шинэ хоол бус, харин хүмүүсийн хүлээдэг уламжлал болж эхэлжээ. Уг тогтмол өөрчлөлт нь үйлчлүүлэгчдэд уйдах зав өгөхгүй. Мөн бүтэн өдрийн турш үйлчлэх “Breakfast” цэсийг нь та заавал сонирхоорой. Хүн бүрийн амт, хэрэгцээнд нийцэх олон сонголт үргэлж байдаг нь Ketomo Cafe Wine-ийн хамгийн том давуу тал.
Хүмүүсийн талархал бол хамгийн том шагнал
Ketomo Cafe Wine-д ирсэн хүн бүрийн сэтгэгдэл өөр. Зарим нь “Амттай бялуу идэж, гэмшилгүйгээр аз жаргал мэдэрлээ” гэж хэлдэг бол зарим нь “Өөрийн амьдралын хэв маягт нийцэх, хайртай хүмүүстэйгээ зочилж болох газар олсондоо баяртай байна” хэмээн талархдаг. Эдгээр үг бүр П.Жасминд дараагийн алхмаа хийх урам өгч, энэ бол зөв зам гэдгийг баталдаг байна. Ketomo хүргэлтийн хоолыг захиалгаар авдаг үйлчлүүлэгчид хоолны уутандаа амттан, янз бүрийн бэлэг хийн илгээх нь энүүхэнд.
“Миний хажууд үргэлж хамт байсан, олон жилээр надтай мөр зэрэгцэн ажилласан хамт олондоо би хамгийн их талархдаг. Тэд бол миний гэр бүл шиг хүмүүс. Бид бүгдээрээ нэг зорилготой учраас л урт удаан хамтдаа байж чаддаг. Зарим нь бүр ажлаасаа гарахдаа бэлэг үлдээнэ гээч”.
Хоол бол хайр, илэрхийлэл, сэтгэл
П.Жасмин сэтгэл судлаачийн зөвлөмжөөс улбаалан хоол гэдэг өөрийнх нь “хайрын хэл” болохыг ойлгосон байна. Үргэлж бусдад сайхан хоол хийж өгөхийг хүсэж, найз нөхөд, гэр бүлээрээ цугларан амттай хоол идэх нь түүнд хамгийн их аз жаргал мэдрүүлдэг. Хоол хийж өгч, хүргэж, дайлах нь түүний хувьд зөвхөн бие махбодыг эрүүлжүүлэх бус сэтгэл, хайр, анхаарал халамжийг дамжуулах арга болжээ.
Одоогоор тус компанид 20 орчим хүн ажиллаж буй бөгөөд ирээдүйд үйлдвэрээ өргөтгөсний дараа 30 гаруй ажлын байр нэмэх боломжтой болох аж. Ингэснээр олон хүний амьдралд эерэг нөлөө үзүүлэх, хайр, анхаарал, эрүүл амьдралын хэв маягийг дамжуулах хөдөлгөөн өргөжих нь. Шим тэжээлтэй, амттай, сэтгэлээр бүтсэн хоол өдөр бүр таны гэрт хүргэлтээр очихоос гадна та хамгийн ойр цэгээс худалдан авах боломж бүрдэнэ. Энэ нь зөвхөн бизнесээ өргөжүүлэх тухай бус олон хүний амьдралд эерэг өөрчлөлт авчрах алхам юм.
“Би өөрийн хамгийн дуртай зүйлсээрээ хүрээлүүлсэн, гэр шиг орчныг бий болгосон. Тэнд орж ирж буй хүмүүсийн инээмсэглэл надад хамгийн том урам өгдөг. Өдөр бүр би хайртай ажлаа хийж байна гэдэг л хамгийн том аз жаргал”.
“Манай ард түмний хувьд эслэг бага авч, маш их хэмжээний хүнд хоол иддэг нь анхаарах ёстой нэгэн чухал аюул болохыг мөн тэрбээр ярилцлагадаа дурдсан юм. “Бид мах их иддэг ч, ногоо маш бага иддэг. Эслэг, витамин, эрдэс бодисоо авч чадахгүй бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг маш их хэрэглэж эхэлдэг. Хүн амьдралдаа зөвхөн мах идэж болохгүй. Хооллолтын 30 хувь нь мах, 70 хувьд нь эслэг, ногоо хэрэглэх хэрэгтэй. Ийм зохицол нь зүрх судасны өвчин, даралт, бамбай булчирхайн өвчин, жин нэмэгдэх зэргээс сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Нүүрэндээ үнэтэй тос түрхэж, гоё хувцас өмслөө ч бид дотроосоо эрүүл биш бол жинхэнэ утгаараа эрүүл байх боломжгүй. Ам руугаа хийж буй бүх юмаа хайрлах хэрэгтэй. Өмд, гутлаа гоё өмсдөг шигээ ходоодоо, бие махбодоо хайрлаж сурах ёстой”.
Ketomo Cafe Wine бол зөвхөн кафе биш. Энэ бол эрүүл амьдралын хэв маягийг түгээх жижигхэн боловч хүчтэй хөдөлгөөн, хайр дүүрэн орон зай. П.Жасминд энэ бүхнийг бий болгох хамгийн том зорилго нь хүмүүсийг зөвхөн эрүүл хооллох бус сэтгэлээрээ ч эрүүл, тайван, баяртай байлгах явдал.
“Би өөрийн хамгийн дуртай зүйлсээрээ хүрээлүүлсэн, гэр шиг орчныг бий болгосон. Тэнд орж ирж буй хүмүүсийн инээмсэглэл надад хамгийн том урам өгдөг. Өдөр бүр би хайртай ажлаа хийж байна гэдэг л хамгийн том аз жаргал”.
Нийтлэлийг О.Заяа
Зургийг Б.Сандагдорж, Г.Ананд










