Байршил: Өмнөд Солонгос улс, Сөүл хот.
“Өдөр тутам хүмүүстэй их харилцдаг ажил хийдэг учраас боломжтой үедээ ганцаараа, тайван сууж кофе уух юм уу, подкаст сонсонгоо гадуур алхах, ном унших зэргээр цагийг чимээгүйхэн өнгөрүүлэх дуртай” хэмээн Б.Одгэрэл ярьж байна. Түүнтэй нэг ширээнд суун ярилцах зуур маш тайван уур амьсгал бүрдсэн байв. Хэдий эргэн тойронд хүний хөл тасрахгүй бужигнаж, кофены машин чимээ ихтэй түчигнэн байсан ч энэ бүхэн бидэнд төдийлөн нөлөөлсөнгүй. Чимээгүй оршиж, өөртөө төвлөрөх нь энергиэ хуримтлуулах түүний гол арга аж.
Б.Одгэрэл өдгөө Өмнөд Солонгос улсад дөрөв дэх жилдээ ажиллаж, амьдарч буй. Тэрбээр Сөүл хотын төвд солонгос найзын хамт Body Innovation пилатис студиэ үүсгэн байгуулаад удаагүй байгаа ч амжилттай өргөжин тэлсээр байна. “Нарны цирк” (Cirque du Soleil)-ийн уран нугараачаас мат пилатис, иогийн багш болж, өөрийн сонирхол, хоббиг амжилттай хөгжүүлэн карьерын ухаалаг шилжилт хийсэн түүний түүхийг хамтдаа сонирхъё.
“Нарны цирк” дэх 10 жил
Монако улсын нийслэл Монте Карлод 14 настайдаа анх хөл тавьж дэлхийн циркийн хамгийн том тэмцээн International Circus Festival of Monte-Carlo-д оролцож, хүрэл цом хүртсэнийхээ дараахан Б.Одгэрэл “Нарны цирк”-т уран нугараачаар ажиллах санал хүлээн авчээ. Ийнхүү дэлхийн 20 гаруй улс орноос ирсэн циркчидтэй нэгэн дээвэр дор ажиллаж, улсаас улс, хотоос хот, тоглолтоос тоглолт дамжин аялж, амьдрах урт удаан замнал нь эхлэв.
“Нарны цирк” бол зүгээр ч нэг компани биш, циркийн салбартаа хамгийн томд тооцогдох байгууллага, тиймдээ ч дэлхийн циркчдийн ажиллахыг, тэнцэхийг хүсдэг газар. Б.Одгэрэл ч мөн уран нугаралтаар хичээллэж эхэлсэн цагаасаа л энэ нэрийг сайтар тогтоож авчээ. Дугуйлангийнх нь хананд наасан зурагт хуудсууд, багшийнх нь DVD тоглуулагчаар үзүүлдэг бичлэг, тавиур дээр өрсөн сэтгүүлүүд “Нарны циркчид”-ээр дүүрэн. Ингэсээр түүний ой тойнд хоногшжээ. “Орж чадахгүй л байх. Гэхдээ очиж нэг үзэх сэн” гэж бяцхан Б.Одгэрэл найзууддаа ярьдаг байв.
Мөрөөдлийн газартаа ажиллаж эхлэх нь түүнд зүүд шиг л санагдаж байсныг тэр дурслаа. Ийнхүү яг 10 жилийн хугацаанд “Нарны цирк”-т ажиллахдаа 3000 тоглолтод оролцсон бөгөөд долоо хоногт дунджаар 10 тоглолтын хуваарьтай байж. Өөрөөр хэлбэл, маш өндөр ачаалалтайгаар зогсолтгүй ажилладаг байсан гэсэн үг. Нэг хотод хоёр сар орчим байрлаж, жилд 5-6 хот дамжин тоглоно.
Өглөө 10-16 цагийн хооронд хичээлүүдээ үзэж, орой нь тоглолтоо толилуулна. Бүх зүйл яг хуваарийн дагуу өрнөнө. Хэчнээн ачаалалтай ч Монголоос хоёр найзын хамт гурвуулаа ажиллаж эхэлсэн тул олон газраар хамт аялж, дурсамж бүтээсэн нь түүнд хамгийн сайхан санагддаг. Дасгалжуулагчаас гадна тогооч, эмч, массажист, тэр бүү хэл боловсролд нь ч онцгойлон анхаарч багш нар бүхий цогц баг тэдний ард ажилладаг байв. Мөн жилд хэд хэдэн удаа эх орондоо очих, эсвэл гэр бүлийнхнийг нь авчрах зэргээр “халамжилна”.
Карьерын ухаалаг шилжилт
Ковид-19 цар тахал дэгдсэн нь дэлхий нийтийн “дэглэм”-ийг өөрчилж, олон хүний амьдралд эргэлтийн цэг болсон шиг Б.Одгэрэлийн амьдралд ч өөрчлөлт авчрав. Нөхөр нь Өмнөд Солонгосын томоохон корпорацид ажиллахаар болсон тул тэрбээр нөхрийгөө даган тус улс руу нүүхээр эргэлт буцалтгүй шийджээ. Цар тахалтай холбоотойгоор Монголдоо ирээд байх үедээ энэ шийдвэрийг гаргасан бөгөөд “Нарны цирк”-ээс эргэн ажиллах санал тавьсан ч шийдвэрээсээ буцсангүй.
“Нарны цирк”-т уран нугараачаар ажиллах 10 жилийн хугацаандаа 3000 тоглолтод оролцсон. Долоо хоногт дунджаар 10 тоглолттой байдаг байлаа.
Байнга аялан тоглолтоор явж, уран нугарна гэдэг биед маш их ачаалалтай. Үүнээс шалтгаалан нуруу өвдөх зэрэг зовуурь илрэх болсон тул оройтохоосоо өмнө өөр чиглэлээр ажиллаж үзэх талаар тэр хэдийнэ бодоод эхэлсэн байж. Харин нурууны өвдөлтөөс сэргийлэх зорилгоор анх хийж эхэлсэн пилатис карьерынх нь дараагийн шат болно гэж тухайн үедээ тэр огт төсөөлөөгүй юм.

“Нарны цирк”-т байхдаа эмч нарын зөвлөснөөр пилатис хийж эхлэхдээ тэрбээр дуртай, дургүй байлаа. Өөрийн биеийн жингээр бүхий л булчингаа ажиллуулан хийх дасгалууд бүхий пилатис нь өндөр ачаалалтай бэлтгэл хийж дадсан Б.Одгэрэлд эхэндээ тун амархан санагджээ. Гэтэл тасралтгүй, тууштай хийх тусам нурууны өвдөлт нь намжиж, цөм (core) булчин нь сайжирч байгааг мэдэрсэн бөгөөд тоглолтын чанар нь ч дагаад сайжрав. Энэ цагаас хойш пилатис түүний амьдралын салшгүй нэг хэсэг болоод 10 жил өнгөрч байна.

Нэг талаар, Ковид-19 түүнд боломж олгосон гэлтэй. Пилатист дуртай учраас нэг л өдөр мэргэжлийн багш бэлтгэх хичээлд хамрагдахаар шийдэж, хүний биеийн анатомиос эхлээд олон төрлийн хичээл үзэж судалжээ. Удалгүй Pilates with Odgerel нэртэй онлайн ангиа нээж, өнөөдрийг хүртэл таван жилийн турш олон мянган хүнд багшилж, дасгал хөдөлгөөнд дурлуулахын зэрэгцээ хичээлийн чанараа ч тогтмол сайжруулсаар байгаа юм. “Тайзан дээр гарах, хүмүүст хичээл заах хоёр тэс өөр мэдрэмж байсан. Таван жилийн өмнө намайг пилатис анх зааж эхэлж байхад Монголд их шинэ ойлголт байлаа. Иогоос ямар ялгаатай юм бэ гэж асуух хүн ч таардаг байв. Энэ хүртэл тууштай явсан нь суралцагчдынхаа эерэг өөрчлөлтөөс ямагт урам зориг авдагтай маань холбоотой байх” хэмээн Б.Одгэрэл хуваалцаж байна.
Өмнөд Солонгос дахь шинэ эхлэл
Солонгост очоод ч онлайнаар пилатис заахаа үргэлжлүүлсээр байсан тэрбээр тэндхийн нэгэн студитэй хамтран танхимаар сурсан мэдсэнээ хуваалцаж эхэллээ. Энэ үеэр Б.Одгэрэл ирээдүйн хамтрагч, бас найз болох учиртай солонгос эмэгтэйтэй танилцжээ. Анх хичээл заалгахаар ирсэн найз нь төд удалгүй хамтран пилатис студи байгуулах санал тавьсныг хүлээн авсан нь Body Innovation студийн эхлэл болсон аж.
Тайзан дээр гарах, хүмүүст хичээл заах хоёр тэс өөр мэдрэмж.
Солонгос найз нь студийнхээ үндсэн үйл ажиллагааг хариуцдаг бол Б.Одгэрэл гадаад суралцагчидтайгаа түлхүү тулж ажилладаг. Ийм хүмүүст буюу англиар ярьдаг экспатуудад зориулсан анги анх нээсэн нь студийн гол ялгарал болсон бөгөөд өдгөө Солонгос дахь гадаад иргэдийн зорьж ирэх дуртай газрын тоонд багтжээ. Өнөөдөр Body Innovation студи Alo брэндтэй хамтран ажиллаж буй.

Харин Б.Одгэрэл хувиараа хэд хэдэн брэндтэй хамтраад буйгаас Camper, Gentle Monster, Hermes зэргийг дурдаж болно. Жишээлбэл, Gentle Monster брэндийн сурталчилгаанд 3D хөдөлгөөнт моделиор ажилласан бөгөөд тус сурталчилгаанд зориулан зохиосон хөдөлгөөнийг нь бичлэгт ашиглажээ. Солонгосчуудтай хамтран ажиллах явцдаа тэрбээр аливааг хугацаанд нь, хурдан хийх тэдний чадварыг хамгийн их анзаарснаа онцолж байв.
Бусадтай адилгүй бага нас
“Би өвөө, эмээ дээрээ өссөн. Их хөдөлгөөнтэй, зүгээр суудаггүй хүүхэд байлаа. Тиймээс намайг ямар нэг биеийн хөдөлгөөн шаардсан дугуйлан, секцэд явуулъя гэж гэрийнхэн маань бодсон шиг байгаа юм. Аэробекээс эхлээд хэд хэдэн дугуйланд хичээллэж үзсэн ч аль нь ч миний сонирхлыг татаагүй. Бүр явахгүй гэж ч зөрүүдэлж үзсэн. Гэтэл өвөө маань нэг өдөр салхилж яваад нэгэн байрны нэг давхрын цонхоор хүүхдүүд уран нугаралтаар хичээллэж байгааг санаандгүй олж харж.
Ингээд дугуйлангийн багштай шууд орж уулзсанаар би н.Отгонжаргал багшийнхаа шавь болсон. Уран нугаралтын дугуйланд шалгуулж ороод гурван сарын турш хичээллэсний эцэст үргэлжлүүлэн хичээллэх хүсэлтэй байгааг минь гэрийнхэн олзуурхан хүлээн авч, тэр цагаас хойш уран нугаралт миний амьдралын томоохон хэсэг болсон. Багш маань өмнө нь “Нарны цирк”-т дасгалжуулагчаар ажиллаж байсан, хожим биднийг тэнд ажиллахаар явахад ч хамт явсан хоёр дахь ээж минь шахам хүн байлаа.
Ингэж би найман настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэхдээ зуны амралтаар хөдөө гадаа явж, аялж зугаалах, зусланд амрах бүү хэл, гадаа ч тоглож үзэлгүй явсаар хүүхэд нас минь өнгөрсөн. Оронд нь зунжин бэлтгэлээ хийж өнждөг байлаа. Хичээлийн шинэ жил эхэлмэгц өглөө нь сургуульдаа, үдээс хойш бэлтгэлдээ явах товч тодорхой хуваарьтай. Тухайн үедээ бусад хүүхэд шиг байж чадсангүй гэж боддог байсан ч одоо бол нэг их харамсдаггүй.
Бэлтгэлийн үеэр ядарч шантрах үе мэдээж гарна. Гэхдээ л болъё гэж огт бодогдож байгаагүй. Бэртэж гэмтээд эргэн формдоо орох үе их сорилттой, хэцүү. Багадаа ОХУ руу тэмцээнд явахаас сарын өмнөхөн бэлтгэлийн үеэр унаж, гараа хугалаад явж чадалгүй үлдэхдээ их харамсаж байж билээ. Ийм үе цөөнгүй тохиолдоно. Тиймээс бэртэл гэмтлээс сэргийлж, анхаарал төвлөрлөө сайн байлгахын тулд нойр, хоолоо зохицуулах зэргээр их анхаардаг байлаа.
Нүдээ аньж, хөдөлгөөний дараалал, хүнд элементүүдийг толгойдоо зураглан төсөөлөх нь их нэмэртэй техник.
Харин хожим “Нарны цирк”-т ажиллах хугацаандаа тайзан дээр гарахын өмнө анхаарлаа бүрэн төвлөрүүлж, тоглолтын уур амьсгалдаа орохын тулд нүдээ аньж, хөдөлгөөний дараалал, хүнд элементүүдээ толгойдоо зураглан төсөөлдөг байсан нь их нэмэртэй байв. Тухайн үедээ мэдээгүй ч хожим анзаарснаар тамирчид ийм техник их ашигладаг юм билээ. Тоглолт бүрийг 2500 орчим хүн үзэж, танхим дүүрдэг тул эхэндээ их сандардаг байсан ч аажмаар дасаж, сэтгэл зүйгээ тайван байлгаж, удирдаж сурсан”.
Б.Одгэрэл Сөүл хот дахь пилатис студидээ хэчнээн завгүй ажилладаг ч гэлээ эх орон, элэг нэгтнүүдтэйгээ холбогдох нэг сэжим болсон онлайн сургалтаа тасралтгүй авч явахыг хичээдэг. Нэг л өдөр тэр Монголдоо суурьшихаар ирвэл энд ч мөн өөрийн студиэ байгуулахыг хүсдэгээ бидэнтэй хуваалцаж байлаа.










