AI эринд Gen Z, Gen Alpha үеийнхэн дэлгэцийн хэт хамаарал, донтолтод автаж, технологийн боол болж буй нь бидний хүлээн зөвшөөрөхөөс аргагүй таагүй үнэн билээ. Тэгвэл Pinecone академи энэ асуудлыг шийдэж, технологийн мастеруудыг бэлтгэхээр танд хамгийн ойрхон сургуульд түшиглэн “Боловсролын шинэ код” бичиж эхэллээ.
Хоёул амьд хөгжим сонирхдог, нэг их сургууль (хуучнаар КТМС) -д технологийн чиглэлээр суралцдагаараа ижилсэх Н.Шагай, Б.Энх-Амар нар сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавьсан эхний жилээ танилцжээ. Хүмүүсийн ярьж хэвшсэнчлэн фантамын урд талын Битлзийн хөшөө тухайн үед амьд хөгжим сонирхогч залуусын цуглах цэг болж, арга хэмжээ өргөнөөр зохион байгуулагддаг байв. Чухам тэнд өнөөгийн хамтрагчид танилцаж, тэр цагаас хойш мэнд устай зөрөх болж. “Амьд хөгжим хөөж хэсэг явсан. Greenwood гэж хамтлагтай, Playtime-д ч оролцдог байлаа. Ингэж 10 гаруй жил яваад хөгжмийн замналаа орхисон. Хамтлаг маань цааш хөрвөсөөр одоо хит дуунуудтай, монголчуудын сонсох дуртай хамтлаг болсон байна” хэмээн Б.Энх-Амар хуваалцав. Харин Н.Шагай “Тухайн үед The Lemons, A Sound зэрэг хамтлаг ид гарч ирж байсан. Бид хөгжмийн сонирхлынхоо хажуугаар PC, за голдуу л Dota тоглодог байлаа” хэмээн дурслаа.

Өдгөө Pinecone академиар овоглох хоёртой ярилцан суухад хувь хүний зан чанар, онцлог, бизнесийн туршлага, арга барилын хувьд өөр хоорондоо ялгаатай, түүгээрээ ч бие биеэ нөхөж чаддаг болов уу гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Гэхдээ хамтрагчдыг юу юунаас илүү үнэт зүйл нь нэгтгэж буй гэдэг хамгийн тодорхой байсан юм. Хамтрал Ковид-19 цар тахлын дараахан эхэлжээ.
Pinecone академийн үүсгэн байгуулагч Н.Шагайгийн алсын хараа, үнэт зүйл Б.Энх-Амарт таалагдсан учраас тэд хамтран ажиллахаар гар барьсан аж. Олон жил мэнд устай, гэмгүй сайхан танилууд явсны эцэст дэлхийд үнэлэгдэх софтвэйр инженерүүд болон UX/UI дизайнеруудыг бэлтгэх, авьяас чадвартнуудыг багаас нь олж илрүүлэн технологийн мэдлэг олгож замчлах, хойч үедээ хөрөнгө оруулах, ирээдүйгээ инженерчлэхэд нь туслах том зорилгын дор залуус нэгджээ. Гадаад, дотоодод технологийн салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан хамтрагчид одоо эх орныхоо ирээдүйд хувь нэмэр оруулж, үнэ цэн бүтээх ёстой гэж үзсэн юм.
Ганц дуу татаж авахын тулд бүхэл бүтэн хоёр хоногийг зарцуулдаг байсан талаараа ярих нь өнөөгийн хүүхэд багачуулд “үлгэр, домог” мэт санагдах биз ээ.
Pinecone академиас хэрэгжүүлдэг HOP, Bootcamp болон сүүлд танилцуулсан Sprout Lab хөтөлбөр нь чухамхүү ийм товч, тодорхой зорилгоос урган гарчээ. Академийнхан төгсөгчдөө Pinebaatars гэж нэрлэдэг. Өнөөдөр тэд 1000-уулаа болоод байна. Монголын бүхий л технологийн компанид Pinebaatar-чууд бий. Энэ талаар Н.Шагай “Мэдээллийн технологийн салбарынханд тулгардаг хүний нөөцийн асуудлыг шийдэхэд бид хувь нэмэр оруулж, үр дүн нь ч тодорхой харагдаж эхлээд байна” хэмээн итгэлтэй хариулав.
Технологийн мастерууд
13 настайгаасаа программчлал сонирхож, тэмцээн уралдаан, олимпиадад оролцсоор төгсөх жилдээ Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож, хуучнаар КТМС-ийн программ хангамжийн ангид урилгаар элссэн түүх бол Н.Шагайнх. Дунд сургуульд байхад нь мэдээлэл зүйн хичээл маш цөөн цагаар ордог, багш нар нь кодчилол заадаггүй, суралцах боломж хомс байсныг тэр дурслаа. Азаар хувийн сургуульд сурдаг байсан тул сургуулийнх нь лаборатори сурагч Н.Шагайн хувьд хичээлээ тараад цагийг өнгөрүүлдэг гол газар нь болж хувирчээ. Тэр ингэж л бие даан суралцсан бөгөөд интернэт бүрэн нэвтрээгүй тул үзье харъя гэвэл ном л голдуу шагайна. Ингэж явсаар аравдугаар ангид орох жил нь л Монгол Улсад интернэтийн хурд дөнгөн данган 128 kbps-д хүрчээ. Ганц дуу татаж авахын тулд бүхэл бүтэн хоёр хоногийг зарцуулдаг байсан талаараа ярих нь өнөөгийн хүүхэд багачуулд “үлгэр, домог” мэт санагдах биз ээ.
Мэдээллийн технологи, хиймэл оюуны боловсролыг хүүхдүүд сурч буй сургуулиасаа сонирхолтой, бүтээлч, бас хүртээмжтэй байдлаар эзэмшээсэй гэж хүсдэг. Энэ замыг товчлох алхам бол Sprout Lab хөтөлбөр.
Харин төгсөх курстээ тэрбээр нэгэн япон компанид аутсорсингоор ажиллаж, их сургуулиа дүүргэмэгцээ Япон улсад очиж мэргэжлээрээ ажиллажээ. Тэндээсээ магистрт суралцахаар АНУ-ыг зорьж, сурахын хажуугаар тус улсын 4000 орчим банк, санхүүгийн байгууллпагад программ, систем хөгжүүлж нийлүүлдэг компанид хүчин зүтгэв. Энэ туршлагадаа тулгуурлан “Амазон” компанид тэнцээд зогсохгүй ахлах инженер болтлоо дэвшин ажилласан юм. Дэлхий даяар хэрсэн технологийн сүлжээ бүхий аварга корпорацид тэнцэн ажиллаж, тэндээсээ бусдыг ахлах хэмжээнд хүрнэ гэдэг тийм ч амар биш. Корпорацын аварга механизмын эд эс, эрэг шураг болж, ажлын ачаалал, дотоод тоглолт, тогтсон хатуу системийн дундуур туучин ажиллах хугацаандаа тэрбээр цөөнгүй ажлыг хийж амжуулжээ. Тэдгээрийн нэг болох хөгжүүлсэн аппликэйшн нь өдгөө өдөрт хоёр сая хүн тогтмол ханддаг платформ болоод байна. Энэ л завгүй, ачаалалтай жилүүддээ тэр Pinecone академийг үүсгэхээр сэтгэл шулуудаж, ажил хэрэг болгож чаджээ.
Бичихэд хэдхэн өгүүлбэрт багтах ч энэ хооронд Н.Шагай чамгүй мэдлэг, туршлага хуримтлуулж, өөрийн явж ирсэн урт замыг ирээдүйн софтвэйр инженерүүдэд товчилж өгөх, өөрөө өөртөө эзэн болж, амьдралаа инженерчлэх арга ухаанд сургах, улмаар эх орондоо өөрчлөлт авчрах залуу хойч үеийг бэлдэхийг хүсчээ. Мөн энэ салбарт хүний нөөцийн ноцтой дутагдал үүссэнийг тэр анзаарах нэгэн тохиол 2017 оны зун болж өнгөрсөн аж. Тухайн үед эх орондоо амралтаараа ирээд зүгээр суулгүй Канад дахь “Амазон” компанийн салбарт монгол инженерүүдээ зуучлах ажлыг тэр зохион байгуулахаар шийдэж, 100 гаруй хүнтэй уулзаж, холбогдох бичиг баримтуудыг яаралтай цуглуулжээ. Учир нь “Амазон”-д ажилд орохоор тэнцсэн л бол тус улсын визний нөхцөл харьцангуй “зөөлөн” тусаж байв. Харамсалтай нь хэн ч тэнцсэнгүй. “Тэгвэл инженерүүдийг олноор нь системтэй бэлдвэл ямар вэ? гэсэн логик эндээс гарч ирсэн. Тэгээд л шууд ажилдаа орсон” гэж Н.Шагай хэлж байна.
Хүүхдүүдийн эхлэх түвшин харилцан адилгүй ч 1-2 сарын дотор мэдлэгийн ялгаа бүрэн арилдаг.
Түүний хүсэл мөрөөдлийн биелэл болсон Pinecone академийн үйл ажиллагаа тун энгийн. Мастер багш нар HOP, Bootcamp хөтөлбөрт элссэн хүүхэд залуучуудад хөтөлбөрийн онцлогоос шалтгаалан шат шатны технологийн мэдлэг олгодог. Хэдий насны ангилал, зорилгоос хамааран суралцагчид дээрх хоёр хөтөлбөрөөс сонгон элсдэг ч инженер сэтгэлгээнд суралцах нэг л зорилгын дор нэгддэг. Зөвхөн одоо цагтаа төвлөрч, оновчтой, ухаалаг алхам хийхэд суралцсан, ирээдүйнхээ төлөө тасралтгүй урагшилж, зорилгоо өөрийн гараар бүтээх чадвартай технологийн мэргэжилтнүүд буюу инженер сэтгэлгээтэй залуусыг бий болгох зорилго хэмээн дэлгэрүүлэн тайлбарлаж болно.
Тухайлбал, HOP хөтөлбөр 10 жилийн сурагчид, өсвөр насныханд технологийн тодорхой боловсрол, ур чадвар олгоход чиглэдэг бөгөөд төгсөгчдөөс хөтөлбөрөө дүүргэмэгцээ шууд ажилд орсон тохиолдол ч бий. Харин Bootcamp хөтөлбөрийг түүнээс дээш насны залуучуудыг найман сарын хугацаанд анхан шатнаас технологийн компанид шууд ажиллах чадамжтай мэргэжилтэн болгон бэлтгэх гол зорилгоор хэрэгжүүлдэг онцлогтой.
Уг зорилго нь ч бүрэн хэрэгжиж, ажиллах ур чадварын хувьд бүрэн бэлтгэгдсэн софтвэйр инженер, UI/UX дизайнерууд Pinecone академиас төрөн гарч, Монголын мэдээллийн технологийн салбарт шинэ өнгө, шинэ үеийг бий болгон хүч түрсээр байна. HOP болон Bootcamp хөтөлбөрүүдийн хүрээнд суралцагчдын дунд төрөл бүрийн хакатон зохион байгуулж, зөөлөн ур чадварыг нь хөгжүүлэхээс гадна нийгэмд тулгамддаг асуудлуудад технологийн шийдэл санал болгох замаар төсөл бие даан хэрэгжүүлэх орон зайг бий болгожээ. Хамтрагч компаниудын дэмжлэгээр зохион байгуулсан ийм тэмцээнүүдэд оролцсоноор дадлагын санал хүлээн авсан залуучууд цөөнгүй бий. Зарим төгсөгч нь дотоодын топ компаниудад шууд ажиллаж эхэлдэг бол зарим нь энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцахаар гадаадын их сургуулийн тэтгэлэгт хамрагдан, хилийн чанадыг зорих нь ч бий. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг бүтээж, хөгжлийг ахиулах технологийн боловсролтой залуу үеийг Pinecone академи бэлдэж, Монголын боловсролын салбарт хувь нэмэр оруулж байна.
Өнгөрсөн хугацаанд 1000 Pinebaatar-ийг төгсгөх явцдаа Н.Шагай, Б.Энх-Амар нар ЕБС-ийн сургуулиуд мэдээллийн технологийн боловсрол олгох тал дээр дутмаг байгааг анзаарсан тул энэ чиглэлээр хүмүүст, тэр дундаа, шинэ үеийнхэнд зориулан суурь мэдлэг олгох, цаашлаад мэргэжилтэн бэлтгэх үйл явц эрт эхлэх ёстой гэж үзжээ. Үүний үр дүнд, Sprout Lab хөтөлбөр мэндлэв. Тэдний шинээр танилцуулж буй уг хөтөлбөр дунд болон ахлах ангийнханд чиглэсэн бөгөөд сургуулиудад хэдийнэ амжилттай хэрэгжиж байна.
Players to Creators
Pinecone академийн бүх хөтөлбөр “хэрэглэгч бус бүтээгч” гэх бичигдээгүй уриатай. Шинэ үеийнхэн гэх тодотголд хамгийн их хамаарах Gen Z, Gen Alpha -чуудыг дижитал эринд төрж өссөн гэдгээр дөвийлгөдөг ч яг үнэндээ тэд хэрэглэгчийн түвшинд л технологитой харилцдаг гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөх болсон. Өөрөөр хэлбэл, тэднээс өмнөх үеийнхэн технологийг жинхэнэ утгаар нь бүтээж, ойлгож, мөн хөгжүүлж бидний амьдралд бодитоор авчирсан бол Gen Z, Gen Alpha үеийнхэн тэдгээр “бэлэн” технологийг гарамгай ашиглаж, амьдралынхаа нэг хэсэг болгосон ч яг ур чадварын тухайд учир дутагдалтай гэдгийг сүүлийн үеийн судалгаануудад дурдах болжээ.
Тухайлбал, Dell Technologies компани өөрийн судалгаандаа Gen Z-ийн 37 хувь нь ирээдүйн ажлын байранд шаардагдах дижитал ур чадвар (Digital literacy) -т хангалттай суралцаагүй талаар дурдсан байна. Харин 14 орны 42 мянган сурагчийг хамруулсан ICILS судалгааны үр дүнгээр нийт оролцогчийн хоёр хувь нь л мэдээллийн технологийн төхөөрөмжийг бүрэн ашиглах чадвартай гэдэг нь тогтоогджээ (Бүрэн хэмээх үгэнд та анхаарал хандуулаарай).

Тиймээс ч дэлхий нийтээр хүүхэд залуучуудад мэдээллийн технологийн суурь ойлголтоос эхлээд тодорхой түвшний мэдлэгийг гүнзгийрүүлэн олгох, дижитал ур чадварыг эзэмшүүлэхэд анхаарч, боловсролын системээ шинэчлэн, кодчилол, хиймэл оюунтай холбоотой агуулгыг эрчимтэй нэвтрүүлэх болсон юм. Манай улс ч үүнтэй хөл нийлүүлэн алхахад Pinecone академийн шинээр санаачилсан Sprout Lab хөтөлбөр тодорхой хувь нэмэр оруулж эхлээд байна. Энэ нь Монголд ч мөн ялгаагүй мэдээллийн технологийн боловсролын хүртээмж хангалтгүй байгааг илтгэх баримт юм. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн тоонд мэдээллийн технологийн багшийн хомсдол дээгүүрт эрэмбэлэгдэнэ.
Харин дараа нь энэ төрлийн хөтөлбөрийн агуулга илт хоцрогдсон байдлыг нэрлэж болно. Биднийг унтаад сэрэхэд л нэг шинэ технологи бий болж, хамгийн халуун сэдэв болсон хиймэл оюун ч өдрөөс өдөрт улам ухаалаг болсоор байгаа энэ цаг үед хөтөлбөрөө тасралтгүй шинэчлэн сайжруулж байх нь хамгийн чухал. Энэ бүхэн эргээд л хүний нөөц, багш боловсон хүчинтэй холбогдоно. Pinecone академийн хамт олон эдгээр асуудлыг аль эртнээс олж харсан тул санаа сэтгэлээ ийш хандуулжээ. Үр дүнд нь, нэг зорилгод зангидсан, часхийсэн агуулгатай, цөөн чанартай хөтөлбөрүүд боловсруулсны нэг нь дурдагдан буй Sprout Lab. Цогц шийдлийг агуулсан уг хөтөлбөрийн ард Pinecone академийн туршлагатай, мэргэжлийн багш нар бий. Чухам тэд л академийн тогтвортой өргөжин тэлэх үйл ажиллагаа, чанартай технологийн боловсролын гол хөдөлгөх хүч юм.
Дижитал ур чадварыг эзэмших нь зөвхөн ажлын байранд тэнцэх, чадварлаг мэргэжилтний талаарх яриа биш билээ. Дэлгэцийн хэт хамаарал, донтолтод хөтөлж буй алгоритм, механизмын ард буй, түүнийг хөгжүүлэгч технологийн компаниудын зорилтот алхмууд, үйл ажиллагааг ойлгодог байх буюу тэдгээрээс сэргийлэх, цаашлаад кибер халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай, мэдлэг мэдээлэлтэй иргэдийг бий болгоход ч энэ бүхэн зохих нөлөөтэй.
AI-Powered Generation
HOP, Bootcamp хөтөлбөрүүд Pinecone академи дээр хэрэгждэг бол Sprout Lab хөтөлбөрийн ялгаа нь тухайн сургуульд тусгай лаборатори байгуулж, суралцахад тав тухтай, технологийн саадгүй орчин, дэд бүтцийг бүрдүүлсний дараа тусгайлан боловсруулсан хөтөлбөрийнхөө дагуу Pinecone-ийн багш нар ирж хичээлээ заадагт оршино. Мөн хөтөлбөрийн хүрээнд Pinecone академийнхан дотоод үйл ажиллагаагаа автоматжуулж, инженерчилсэн нөү-хау, өөрсдийн хөгжүүлсэн ухаалаг системээ хамтран ажиллаж буй сургуулиуддаа давхар нэвтрүүлж буйгаараа онцлог.

Энэ талаар Pinecone академийн дэд захирал Б.Энх-Амар “Товчхондоо, бид уламжлалт мэдээлэл зүйн хичээлийн оронд технологи бүтээх суурь кодинг хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Хүүхдүүд онолын мэдлэгтэй болохоос гадна багт хуваагдан төсөл хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Apple компанийн вэбсайтыг дуурайлган хийх зэргээс хүүхдүүд багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, өөрийгөө илэрхийлэх, ярих зэрэг зөөлөн ур чадвараа хөгжүүлж чаддаг. Богино хугацаанд хоёр төсөл амжилттай хэрэгжүүлж дуусгасан хүүхдүүдээс үр дүнгийн судалгаа авахад нийт суралцагчийн 90 хувь нь цаашид кодинг, технологийн ур чадвараа улам сайжруулах сонирхолтойгоо илэрхийлсэн” хэмээв. Түүний хувьд боловсрол, технологийг хослуулж буй гэдэг утгаараа үнэ цэнээ үл алдах энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ өөрийнхөө байх ёстой газар гэдгийг өдөр бүр мэдэрч, урам зоригтой ажилладаг тухайгаа хэлж байлаа.

Найз нөхөд, танилуудынх нь дууддагаар Амараа КТМС-д хардвэйр инженерээр суралцаж төгсөөд дотоодын зах зээлд тэргүүлэх технологийн шийдэл нэвтрүүлэгч ITZone компаниас ажлын гараагаа эхлүүлжээ. Энд ажиллах хугацаандаа Монголын топ компаниудтай хамтран ажиллаж, мэдээллийн технологийн дэд бүтэц, кибер аюулгүй байдлаар дэлхийд шилдэгт тооцогдох системүүдийг эх орондоо нутагшуулахад хувь нэмэр оруулсан байна. Ингэж амжилттай ажиллахад нь СЭЗИС-т бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, технологи болон бизнесийн мэдлэгийг хослуулсан ур чадвар, туршлага нь ихээхэн нөлөөлжээ. Тиймээс ч өдгөө Pinecone академийн бизнес хөгжүүлэлт, борлуулалтын талбарыг илүү хариуцан ажилладгаа онцолж байв.
Gen Z, Gen Alpha үеийн төлөөлөл гурван хүүгийн аав тэрбээр өдрөөс өдөрт технологи, тэр дундаа, дэлгэцийн хамааралтай болж буй хүүхдүүдийн асуудлыг дэргэдээс нь харж, мэдэрч буйн хувьд Sprout Lab хөтөлбөрийг илүү өргөн цар хүрээнд хэрэгжүүлж, илүү олон хүүхдэд хүрээсэй гэж хүсэж буй. Тэр ч утгаараа энэхүү төслийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхээр ханцуй шамлан оржээ. “Намайг сурагч байхад мэдээлэл зүйн хичээл төдийлөн сонирхол татдаггүй байлаа. Тийм болохоор ч тэр үү, технологийн инженер болж, энэ салбарт ажиллана гэж зүүдэлж ч байгаагүй. Яг үнэндээ эцэг, эх маань шаргуу зөвлөсний хүчинд л энэ мэргэжлээр суралцахаар их сургуульд элсэж байлаа (инээв). Ийм шалтгаанаар одоогийн хүүхдүүд мэдээллийн технологи, хиймэл оюуны боловсролыг сурч буй сургуулиасаа сонирхолтой, бүтээлч, бас хүртээмжтэй байдлаар олж авч, эзэмшээсэй гэж хүсдэг. Энэ замыг товчлох гол алхам бол Sprout Lab хөтөлбөр. Тодорхой тооны сургуулиудад амжилттай хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрөө улам сайжруулан хөгжүүлж, олон улсад үнэлэгдэх хэмжээнд аваачих нь миний, бас бидний гал эрмэлзэл” хэмээн Амараа онцолж байлаа.
Монгол, Америкт зэрэг хэрэгжиж буй хөтөлбөр
Sprout Lab хөтөлбөрийн тухайд зөвхөн Монголд гэлтгүй АНУ-ын зарим сургуульд ч амжилттай хэрэгжээд эхэлжээ. Эцэг эхчүүд болон суралцагч хүүхдүүдийн аль аль нь сэтгэл хангалуун байгаа хэдий ч санхүүжилтын хувьд шийдэх асуудлууд тулгарч байна хэмээн Америк дахь компаниа үүсгэн байгуулж, гардан хариуцдагийн хувьд Н.Шагай учирлаж байна. Тэрбээр цагийн зөрүүг үл хайхран тэндхийн цагаар байнга шөнө ажиллаж Монгол дахь баг хамт олонтойгоо холбогддог аж. Жилдээ хэд хэдэн удаа эх орондоо ирэх бөгөөд ажил хэргээ гүйцэлдүүлэхээр ийш тийшээ “нисэх” нь түгээмэл.

Sprout Lab хөтөлбөрийн талаар хэчнээн тайлбарласан ч танд асуух зүйл байж мэднэ. Ямар сургуулиуд уг хөтөлбөрийг авч хэрэгжүүлж байна вэ? Нэгт, аливаа сургууль өөрийн гэсэн технологийн лаборатори байгуулж, тасралтгүй ажиллагааг нь ханган авч явна гэдэг амар биш. Хамгийн түрүүнд хүний нөөцийн эрэлт хэрэгцээнээс эхлээд өчнөөн шаардлага үүснэ. Мөн тухайн багш, мэргэжилтний ур чадвар, мэдлэгийн түвшин ч давхар яригдаж эхэлнэ. Ур чадвар өндөртэй мэргэжилтэн олж чадлаа ч тогтвортой ажиллуулна гэдэг нэг төрлийн сорилт. Мэдээллийн технологийн боловсролыг шинэлэг байдлаар хүргэе, орчин үетэй хөл нийлүүлэн алхъя, дижитал сургууль болъё гэсэн ч дээрх асуудлуудаас шалтгаалан тодорхой алхам хийж чадахгүй байгаа бол Sprout Lab хөтөлбөрөөрөө дамжуулан Pinecone академийнхан хамтран ажиллаж, туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Санхүүжилттэй холбоотой яг ийм асуудал АНУ-ын сургуулиудад ч тулгардаг. Тиймээс уг хөтөлбөрөө тэд Америкт ч мөн хэрэгжүүлж эхэлснийг өмнө дурдсан билээ.
Гадаад, дотоодгүй технологийн хөгжилдөө ингэж анхаарч буй нь сургуулийн өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлагаас ч үүдэлтэй. Мөн мэдээллийн технологийн боловсрол олгох хөтөлбөрийг аутсорсинг байдлаар шийдсэнээр зөвхөн үндсэн үйл ажиллагаандаа анхаарах боломж бүрдэж буй.
Бусдад өгөхийн тулд, мэдлэг боловсрол түгээхийн төлөөх зорилгын дор нэгдэж, түүндээ хөглөгдөн утга учиртай ирээдүйг бүтээхээр ажиллаж буй залуус оюун тархиа хэрхэн сэргээж, өөрсдийгөө хөгжүүлдэг талаар ярилцлагын төгсгөлд асуухад хоорондоо эрс ялгаатай хариултууд өгсөн юм. “Өөртөө чөлөөт цаг сайн гаргах нь хүнд хөгжих боломж олгодог. Асар завгүй ажилладаг бол бараг л хөгжих боломжгүй. Өдөр тутмын ажилдаа дарагдаад байвал холыг бодох сөхөө олдохгүй. Амсхийх, бодох цагтай байхын тулд амьдралаа инженерчлэх шаардлагатай” гэж Н.Шагай хэлээд өөртөө үе үе “чөлөө” олгож, улс орнуудаар аялж, өөр хүмүүстэй уулзан, орчноо солих дуртай хэмээсэн юм.
Харин Б.Энх-Амар “Би чадахгүй зүйлээ барьж авч, чаддаг болтлоо зүтгэх дуртай. Нэг ёсондоо, сорилтод дурлагч гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа эргээд харахад мэддэг чаддаг зүйлээ барьж авсан тохиолдол ховор. Хэрэв надад утга учиртай, сонирхол татахуйц ажил санагдвал шууд л дайраад ордог. Хэдий хэцүү ч байсан чадах хүртлээ суралцаж, хөгждөг. Ер нь өөрийгөө юм юманд сорьж, завгүй байлгах дуртай” гэлээ.
Оффисынхоо буйдан дээр зэрэгцэн тухалж суусан залуус хэчнээн өөр гэдгийг хэдхэн цагийн хугацаанд тэдэнтэй ярилцахдаа мэдэрч байлаа. Гэхдээ өмнө дурдсанчлан, залуусыг үнэт зүйл, алсын хараа нь нэгтгэдэг. Энэ бол дэлхийд үнэлэгдэх технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, утга учиртай ирээдүйг бүтээх юм.










