ХААН Банкнаас Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан бизнест нь шинэ санаа сэдэл, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “Бизнесийн эргэн тойронд” цахим товхимлыг сар тутам бэлтгэн хүргэж байна.
📊 Бизнесийн цаг агаар
2025 оны 9-р сард Засгийн газрын гаргасан, бизнесийн орчинд шууд нөлөөлөх зарим шийдвэрийг тоймлов.

- “Digital First” бодлого батлав (IX/24). Төрийн шийдвэр, үйлчилгээ, бичиг цаасны бүх шатанд “цахим анхдагч” зарчмыг мөрдөх зөвлөмжийг Засгийн газар баталлаа. Ингэснээр цаасан шат дамжлагыг хумих зорилт тогтлоо хэмээн ЦХИХХ-ны сайд мэдэгдлээ.
- “Их өгөгдөл, ХО-ны үндэсний стратеги”-ийн төслийг хэлэлцэн дэмжив (IX/24). 2026–2030 онд 4 зорилт, 13 арга зам, 66 арга хэмжээг хэрэгжүүлэх ба уул уурхай, финтек, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, ХАА зэрэг салбарт хиймэл оюуны шийдлийг нэвтрүүлэх, дата төвийн орчныг сайжруулах чиглэл баримтална.
- “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” байгууллаа (IX/17). Виртуал бүсэд бүртгэлтэй компанид ААНОАТ-ын хөнгөлөлт, патент/стандартад тэтгэлэг, НДШ-ийн нөхөн олговор, хиймэл оюуны төсөлт өртгийн 40% хүртэл тэтгэлэг, гарааны R&D дээр 70% хүртэл дэмжлэг, зээлийн батлан даалт ба хүүгийн татаас, түргэвчилсэн элэгдэл зэрэг багц хөнгөлөлт үйлчлэх юм байна.
- E-Business.mn нэг цонхны платформыг өргөтгөв (IX/11). 371 төрлийн лицензээс 321-ийг цахимжуулсан, 70 импортын зөвшөөрлийг цахим болгож гааль-худалдааны урсгалтай холбохоор ажиллаж буйг танилцуулав. Мөн 59 журмыг хүчингүй болгосноор давхардал, өртгийг бууруулах зорилт дэвшүүлжээ.
- D-GOV.mn олон нийтийн оролцооны систем нэвтрүүлэв (IX/10). Иргэд, бизнесийн саналыг бодлого, шийдвэрт шууд тусгах шинэ сувгийг нээсэн нь зохицуулалтын ил тод байдал, урьдчилсан зөвшилцлийг нэмэгдүүлнэ хэмээн Засгийн газар үзэж байна.
- Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгууллаа (IX/24). Ерөнхий сайд, сайд нар, Монголбанк, СЗХ, МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, ШУ-ы байгууллага, томоохон ААН-үүдийн төлөөллөөс бүрдсэн, бодлогын зөвлөмж өгөх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг системтэй болгох журам батлагдав. Төсөвт нэмэлт зардал үүсэхгүй гэдгийг Засгийн газар онцоллоо.
🔗Эх сурвалжийг үндэслэн Business.mn тоймлов.
🎯Старт ап-уудад зориулсан зөвлөмж
Бизнесийн цахим оршихуй
Бизнесийн цахим оршихуй гэдэг нь зөвхөн имиджийн тухай ойлголт биш, харин өрсөлдөөнд амьд үлдэх үндсэн хүчин зүйл болжээ. Rush Analytics байгууллагын судалгаанд бичсэнээр өнөөдөр хэрэглэгчдийн 89% нь худалдан авалт хийхийн өмнө компанийн вэбсайтыг шалгадаг, 75% нь вэбсайтын дизайнаас тухайн бизнесийг үнэлдэг гэжээ.
Өмнө нь компани өөрийгөө оффис, логотип, фирмийн өнгө төрхөөр илэрхийлдэг байсан бол одоо цахим оршихуй нь домайн, цахим шуудан, вэбсайт, сошиал хуудсууд, дата аюулгүй байдал, бүр вэбийн хурдыг хүртэл багтаасан өргөн ойлголт болж хувирсан.
💻Бизнесийн цахим оршихуйн үндсэн элементүүд
- Домайн ба корпоратив шуудан: Домайн нэр бол компанийн цахим “самбар”. Богино, ойлгомжтой нэр нь анхны сэтгэгдэл төрүүлнэ.
- Вэбсайт ба UX: Сайтын дизайн, хэрэглэгчийн замнал, мобайл-д нийцэх байдал нь бүхэлдээ цахим оршихуйн дүр төрхийг бүтээнэ.
- Аюулгүй байдал: HTTPS, SSL/TLS сертификат бол зайлшгүй шаардлагатай.
- Сошиал ба дижитал идэвх: Олон сувгийн уялдаатай, тэгэхдээ нэгдмэл өнгө төрх, брэндинг дуу хоолой чухал.
🤖Хиймэл оюуны нөлөө
Хиймэл оюун нь цахим оршихуйн цар хүрээг тэлж, улам динамик болгож байна.
- Чат-бот, дуут туслахууд нь хэрэглэгчийн туршлагын гол хэсэг болж, хурд ба хүртээмжийг тодорхойлж байна.
- Генератив хиймэл оюуны: Контент, санал, хариултыг автоматаар бий болгож, үйл ажиллагааны зардлыг бууруулж, орлогыг өсгөх боломжтой.
- Виртуал төлөөлөгч, аватар: 24/7 ажилладаг үйлчилгээний шинэ стандарт болж байна.
🔭Ирээдүйн чиг хандлага
- Гиперперсонализаци: Хиймэл оюун нь хэрэглэгчийн зан төлөвт тулгуурлан контент, интерфэйсийг бодит цаг хугацаанд өөрчилнө.
- Нэгдсэн дуу хоолой: Чат-бот, туслагчид брэндийн хэв маягийг ягштал баримтална.
- Генератив элементүүд: Логотипээс эхлээд CEO-гийн виртуал дүрийг хүртэл хиймэл оюунаар бүтээх боломжтой болсон.
💡Цахим оршихуйгаа яаж сайжруулах вэ?
- Аудит хийгээрэй: Домайн нэрийн ойлгомжтой байдал, вэбсайтын хурд, мобайлд нийцтэй байдал (апп), SSL/TLS хамгаалалтаа шалгаж, бүх сувгийн уялдаа холбоог нягтал.
- Жижиг туршилтаас эхэл: Чат-бот, и-мэйл, санал болгох систем зэрэг хиймэл оюуны жижиг шийдлүүдийг туршиж, хэрэглэгчийн туршлагыг сайжруул.
- Брэндийн дуу хоолойгоо хадгал: Чат-бот, и-мэйл, сошиал гээд бүгдээрээ нэг өнгө төрх, нэг дуу хоолойтой байх ёстой. Үүний тулд “Tone of voice” заавар боловсруул.
- Тасралтгүй хөгжүүл: Сайт болон системийн үзүүлэлтээ тогтмол хянаж, хэрэглэгчийн санал хүсэлтийг тусга. Цахим оршихуй бол нэг удаагийн ажил биш, харин байнгын хөгжлийн процесс гэдгийг санаарай.
Өсөлтийн түүх
🧩 Дижиталчлалаар өсөлтөө хурдасгасан нь

2024 онд ЕСБХБ-ны “Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкны “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих зээл”-д хамрагдсанаар дижитал шийдэл бүхий тэжээлийн агуулах, автомат конвейер, өндөгний шугам, өндөг дээр хэвлэгчийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Мөн санхүү, хүний нөөц, агуулах, борлуулалтыг хянах ERP системийг нэвтрүүлснээр өмнө нь олон хүн гар ажиллагаагаар хийдэг байсан ажлууд нэг товчлуурт шилжиж, ажилтнууд илүү биет оролцоо шаардлагатай ажилд төвлөрөх боломжтой болсон.
Б.Бадрахмаагийн хэлснээр, дижитал шийдлүүд бизнесийн өдөр тутмын ажиллагааг хөнгөвчлөөд зогсохгүй стратеги, өсөлтөд анхаарах боломжийг түүнд олгосон байна. Тэрээр одоо дэгдээхэй өсгөх бүрэн автомат байгууламж, шингэн өндөгний шугам нэвтрүүлэхээр төлөвлөж, дижиталчлалын үр өгөөжийг улам тэлэх зорилготой байна.
☘ Өсөлтөд хөтөлье
Экспортод гарсан эсгий шаахайны инновац

Mesgi нь 100% экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд гол зах зээл нь Норвеги улс. Норвегийн хүйтэн уур амьсгал, ноосон бүтээгдэхүүн хэрэглэх соёл нь Монголын эсгий үйлдвэрлэлтэй гайхалтай зохицдог нь тэднийг амжилтад хүргэсэн гол хүчин зүйл юм. Уг бүтээгдэхүүнд Орхон, Ерөө, Сэлэнгэ зүгийн нутгийн хонины нарийн ширхэгтэй, зөөлөн мерино ноос ашигладаг. Энэ нь дулаан, амьсгалах чадвартай, чийг татдаггүй тул өдөр тутам өмсөхөд төгс тохирно.
Түүнчлэн эсгий шаахайг зөвхөн өвлийн улиралд бус, жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой болгосон нь Mesgi-ийн инновацийн шинжийг илэрхийлдэг. Бизнесээ эхлээд удалгүй Г.Дүнжингарав гэрт өмсөх зориулалттай шаахайнаас гадна гадуур өмсөх зориулалттай загварыг хөгжүүлжээ. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн төрөл бүрийн загваруудыг гар аргаар үйлдвэрлэдэг нь бүтээгдэхүүн бүрийг өвөрмөц, чанартай байлгах үндэс болдог аж.
Одоогоор тэд жилдээ 25 мянга орчим эсгий шаахай экспортолж байна. Ковидын үед онлайнаар борлуулалт хийж байсан бол худалдаагаа давхар хөгжүүлж, одоо нэрийн дэлгүүртэй, бөөний болон жижиглэнгийн хэлбэрийг хослуулан явуулж байна.
Г.Дүнжингарав нь ХААН Банкны Дархан бизнес төвийн харилцагч. Тэрээр “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкнаас ноос ноолуурын зээл авсан, хөрөнгө оруулалтаа оновчтой ашиглаж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэг юм.
🔗 Подкастыг дэлгэрэнгүй сонсох
🔔Та мэдэх үү?
🏢 Компанийн дүрмийг хэрхэн зөв бичих вэ?
Компанийн дүрэм бол таны бизнесийн дотоод “Үндсэн хууль”. Энэ нь зөвхөн хууль ёсны шаардлага төдийгүй өдөр тутмын ажлын “гарын авлага” болдог.
⚖️Компанийн дүрэмгүй бол:
- Хувьцаа шилжүүлэх журам тодорхойгүйгээс маргаан үүсэж болзошгүй.
- Удирдлагын эрх мэдэл давхацсанаар хэн шийдвэр гаргах нь ойлгомжгүй болж мэднэ.
- Дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлээгүйгээс компанийн шийдвэр хүчин төгөлдөр бус болох эрсдэлтэй.
✅ ЖДБ-д зориулсан практик зөвлөмж
1. Хэлбэрээ зөв тодорхойл:
- ХХК бол хувьцаагаа гадны хүнд зарахдаа эхлээд бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгох эрхтэй.
- ХК бол нэмэлт хувьцаа гаргахад одоогийн хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжид худалдан авах боломжтой.
2. Маргаанаас урьдчилан сэргийл: Хувьцаа шилжүүлэх журам, санал хураалтын босго, сонирхлын зөрчилтэй холбоотой зохицуулалтыг тодорхой бич. Энэ нь ирээдүйд үүсэх үл ойлголцлоос хамгаална.
3. “Ахмадын сан”-гаа мартуузай: Тэтгэвэрт гарсан ажилтнуудаа дэмжих зорилготой энэ сангийн тухай заалт байхгүй бол дүрэм хуульд нийцэхгүй. (2025 оноос заавал байх болсон)
4. Хоёр хэл дээр бичих бол (Жишээ нь: монгол, англи) маргаан гарвал аль хувилбар хүчинтэйг заавал тусга.🌐
5. Дүрмийн өөрчлөлтөө хугацаанд нь бүртгүүл: Бүтэц, үйл ажиллагаа өөрчлөгдвөл 15 хоногийн дотор улсын бүртгэлд мэдэгдэх үүрэгтэй.
👉 Эцэст нь: Дүрмээ ойлгомжтой, зөрчилгүй, маргаан гарахад нотолгоо болж чадахуйц байдлаар бичих нь таны бизнесийг урт хугацаанд тогтвортой, асуудал багатай хөгжүүлэх түлхүүр юм. 🚀
Компанийн дүрэмтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах линкээр орж уншиж танилцана уу.
💻🚨МАБ зөвлөмж – Бусдад дансаа ашиглуулж болохгүй!
Бид цаг ямагт харилцагчдынхаа санхүүгийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Энэ хүрээнд цахим залилан, аливаа эрсдэлээс харилцагчдаа сэргийлэх зорилгоор хууль бус цахим мөрий, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаатай холбоотой гүйлгээг дамжуулахгүй, ийм төрлийн гүйлгээ илэрсэн тохиолдолд үйлчилгээгээ хязгаарлах хүртэл арга хэмжээ авч байна.
Төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомд оролцогчид ихэвчлэн хэн нэгний дансыг ашиглан хууль бус гүйлгээ хийдэг бөгөөд хэрэв та бусдад дансаа өгч ашиглуулсан бол санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүрэх, цаашлаад хуулийн хариуцлага хүлээх, санамсаргүйгээр гэмт хэрэгтэн болох ч эрсдэлтэй. Иймд харилцагч та дансаа бусдад өгөхөөс зайлсхийж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.
Сэрэмжтэй байж, хувийн санхүүгээ хамгаалцгаая
Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу
Тус цахим товхимлыг ХААН Банкнаас Business.MN-тэй хамтран хүргэв.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010, Монгол Улс







