Өгөгдөл бол XXI зууны “түлш”, харин хиймэл оюун ухаан түүнийг хөдөлгөх “хөдөлгүүр” болжээ. Энэ хоёрын огтлолцол дээр AI агентуудын экосистем гэсэн ойлголт бий болж байна.
2025 оны тухайд “Хиймэл оюун ажилд орлоо” гэж хэлж болохоор байна. Харин “AI-тай хамт ажиллах” соёл хэрхэн төлөвших вэ? Энэ асуултад хариулт хайсан олон мэргэжилтэн, дата инженер, бизнесийн удирдлагууд нэгэн дор цугласан нь Novelsoft компаниас санаачлан зохион байгуулдаг “Data & Analytics Forum” 2025 байв.
Форумын илтгэл, хэлэлцүүлгүүд Data Engineering track болон Business AI & BI track гэсэн хоёр чиглэлд хуваагдав. Эхний хэсэгт технологийн цаад мөн чанар, механизмыг, хоёр дахь хэсэгт AI-ийн бизнесийн хэрэглээ ба шийдвэр гаргалт дахь үнэ цэний тухай хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн уур амьсгалд нийтлэг нэг зүйл ажиглагдсан нь байгууллагууд датагаа цуглуулж хадгалах биш, амьд өгөгдөлтэй ажиллах ур чадвар эзэмших шаардлагатай болсон гэдгийг онцолж байлаа. Ингэхдээ зөвхөн технологийн шийдэл биш, бүтэц, соёл, хэрэглэгчийн дадал хэлбэрээр хөгжүүлэх ёстой. Нөгөө талаар, өгөгдлийн системүүд (Excel, ERP, HR гэх мэт) тус тусдаа ажилладаг өнөөгийн байдлаас салж, интеграцийн шинэ түвшинд хүрэх цаг ирснийг мэргэжилтнүүд онцолж байв.
Ингэснээр, AI агентууд зөвхөн түүхэн өгөгдөлд тулгуурлах бус, тухайн мөчид болж буй үйлдлээс суралцаж, шууд хариу өгөх чадвартай болох учиртай аж. Энэ нь дата инженерчлэл, дижитал дэд бүтцийн ирээдүйн гол чиглэл болохоор байна.
Харин хоёр дахь танхимд өгөгдөл, AI-г хослуулан үнэ цэн бүтээх талаар ярилцав. Компаниуд AI-г менежментийн туслах, шинжээч, зөвлөгч хэлбэрээр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, AI бол одоо ажил үүрэг гүйцэтгэгч бус, хамтран ажиллагч болжээ.
Төрийн байгууллагын төлөөлөл өгөгдлийн нээлттэй байдал, чанарын удирдлагын ач холбогдлыг онцолж, “ил тод өгөгдөл бол инновацын эх үүсвэр” гэдгийг дурдав. Харин хувийн хэвшлийн төлөөлөл BI болон RPA системийг AI агентуудтай хослуулсан туршлагаа хуваалцав. Өөрөөр хэлбэл, хүний оролцоо багатай, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын соёлыг төлөвшүүлж эхэлсэн байна.
Мөн өгөгдлийн чанар, засаглалын сэдвийг хөндөв. Илтгэгчдийн онцолж байснаар “Өгөгдөл их байна” гэдэг нь “мэдлэг их байна” гэсэн үг биш, харин цэгцтэй өгөгдөл, хариуцлагатай засаглал байж л бизнесийн өсөлт тогтвортой болно.
Товчхондоо, Data & Analytics Forum 2025-ын үеэр
AI бол зүгээр нэг хэрэгсэл биш, шинэ хамтрагч бөгөөд энэ бол зүгээр нэг автоматжуулалтын шийдлийн тухай яриа биш, харин ажил, амьдралын шинэ хэв маяг, шинэ сэтгэхүйн эхлэл гэсэн мэссэж тодорхой байлаа.
Novelsoft компанийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвмаа
Ковидын дараах үеэс хойш бизнесүүд илүү бүтээмж, хэмнэлт, хурд руу шилжиж хиймэл оюуныг “AI assistant” болон “customer service agent” хэлбэрээр ашиглаж эхэлсэн.
Жишээ нь, 100 хуудастай баримтаас хэрэгтэй мэдээллээ хайхад өмнө нь бүтэн өдөр зарцуулдаг байсан бол AI ашигласнаар тавхан минутын дотор дүгнэлт гаргах боломжтой боллоо.
Novelsoft-ийн хувьд 2025 оныг “AI-ийн жил” гэж зарласан. Ажилтнуудын дунд “хэн ажлаа хамгийн бүтээмжтэй болгож чадаж байна, хэн AI-г хамгийн үр дүнтэй ашиглаж байна” гэдэг уралдаан зарласан. Энэ нь хүмүүсийг туршиж, суралцаж, шинэ шийдэл гаргахад урамшуулж байгаа хэрэг.
Харилцагчийн үйлчилгээний тал дээр өмнө нь дуудлага ихтэй үед зарим хэрэглэгчийн дуудлага орхигддог байлаа. Харин AI агентууд нэвтэрснээр хэрэглэгчийн асуулт бүрт хариу өгдөг, бүтээгдэхүүний захиалга, хүргэлт, лизингийн нөхцөл гээд бүхий л мэдээллийг автоматаар өгөх боломжтой болсон.
Монголын бизнесүүдийг харвал том байгууллагууд (банк, үүрэн холбоо гэх мэт) аль хэдийн AI багуудтай болсон, харин жижиг дунд бизнесүүд гадаад платформуудыг ашиглаж туршиж эхэлж байна.
DigitalWorks компанийн захирал А.Ганбаатар
DigitalWorks-ийн хувьд бид Green ERP системийн хүний нөөцийн модульд хиймэл оюун суулгаж, хэрэглэгч системдээ нэвтрэх бүрт AI нь “хамтран ажиллах” байдлаар шийдэл боловсруулж байна.
Хүмүүсийн өдөр тутмын ажил дээр AI тухайн даалгаврын дараагийн алхмыг санал болгож, илүү оновчтой шийдвэр гаргахад тусалдаг. Энэ нь хувь хүнээс эхэлж, баг, хэлтэс, бүр байгууллагын түвшинд өргөжиж байна. Зарим байгууллага AI-г дагалдах хэрэгсэл гэж хардаг бол бидний хувьд тэр нь системийн “амьд хэсэг” юм.
Бүтээмжийн хувьд эрс өссөн, зарим ажлыг богино хугацаанд дуусгадаг болсон ч соёлын хувьд ялгаа бий. Зарим хүн бүрэн дасан зохицож чаддаг бол зарим нь AI-г “хол зүйл” гэж хардаг. Энэ бол технологийн бус, сэтгэлгээний асуудал гэж хэлж болно.
Миний харж байгаагаар AI бол өрсөлдөгч биш, шинэ хамтрагч. PwC-ийн судалгаагаар устаж буй ажлын байрнаас илүү олон шинэ ажлын байр бий болж байна. Гол ялгаа нь энэ шинэ ажлын байруудад илүү оюуны оролцоо, датаг ойлгох, удирдах ур чадвар шаардана.
Японд хиймэл оюунтай ажиллахыг “AI-ization” гэж нэрлэдэг бөгөөд байгууллага бүр өдөр бүрийн хурлаар AI хэрэглээ, туршлагаа хуваалцдаг соёл дэлгэрч байна.
Бидний дараагийн зорилго ERP-ийг зүгээр нэг программ биш, AI ухаалгаар хамтран ажилладаг орчин болгоход чиглэнэ.




