Нүүдлийн мал аж ахуйн өлгий болсон манай улсад сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт нэмэгдсээр нийт нутгийн 70–80 хувь нь доройтолд өртсөн харамсалтай баримтыг энэ удаагийн ярилцлагын зочин маань дуулгалаа. Тэгвэл цөлжилт гэж юу вэ? Дийлэнх хүний төсөөлдөгчлөн энэ нь зөвхөн элсэн цөл тэлэх үзэгдэл бус хөрс, ус, ургамлын доройтол, өдөр тутмын амьдралд мэдрэгдэх хомсдолыг хамарсан өргөн хүрээний ойлголт. Цаашлаад хүнсний үнэ, чанар, ундны усны нөөц, агаарын цэвэр цэнгэг байдалд хүртэл нөлөөлж буй гэдэг утгаараа хүн бүрийн анхаарах ёстой асуудал болжээ.
Я.Батжаргал олон жил судалсны эцэст “Бизнесээр дамжуулан малчид, иргэдэд нөлөөлж, цөлжилтийг сааруулж чадна” гэж үзэн 2019 онд “Пример Агро” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Тус компани таримал ургамлын үр, эмийн ургамлын тариалалт, малын тэжээлийн импортын чиглэлээр ажиллаж, ОХУ-ын тариалан эрхлэгч, тэжээл үйлдвэрлэгчидтэй хамтран чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлдэг. Борлуулж буй “Русский овёс”, “Подворье овёс”, “Мельник”, “Кормикс”, “Молоко мастер” зэрэг тэжээлээ тэд Орос болон Монголын холбогдох байгууллагуудын сертификатаар баталгаажуулж, лабораторийн шинжилгээнд тогтмол хамруулдаг аж. Тухайлбал, сүүний чиглэлийн үнээнд зориулсан “Молоко мастер” хорголжин тэжээл 18 хувийн уургийн агууламжтай бөгөөд гүзээний хүчиллэгийг тэнцвэржүүлж, сүүний гарцыг 30 хүртэл хувиар өсгөж, тослог чанарыг нь нэмэгдүүлдэг. Харин “Мельник” үйлдвэрийн холимог тэжээл нь антиоксидант болон олон төрлийн витаминтай тул таван хошуу малын дархлааг дэмждэг. Уржнан жилийн зуднаар энэ тэжээлийг хэрэглэсэн малчид малын зүй бус хорогдол амсаагүй зэрэг эерэг туршлага хэдийнээ бий болжээ.
Хагас эрчимжсэн МАА бол бэлчээрийн “амралт”
“Пример Агро” компани зөвхөн тэжээл нийлүүлээд зогсохгүй малчдыг хагас эрчимжсэн мал аж ахуйд шилжихийг уриалж, сургалт, зөвлөгөө тогтмол өгдөг. Жишээлбэл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт зохион байгуулсан сургалт, зөвлөгөө нь эхний жилээсээ үр дүнгээ өгчээ. Сургалтаар малчид улаанбуудай, овьёос, эрдэнэ шишийн тарьж эхэлсэн бөгөөд нэг шуудай үрээс гурван портер ногоон тэжээл хураан авсан байна. Нэг үгээр, ердөө 50 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар 500 мянган төгрөгийн бодит өгөөж хүртэж чадсан аж. Өрхийн оролцоо, хөдөлмөрөөс хамаарч ургац харилцан адилгүй ч нийт дүнгээрээ өвлийн тэжээлийн хэрэгцээгээ бүрэн хангах болжээ.
Нөгөө талаар, бэлчээрийг тасралтгүй ашиглахаас илүүтэй тэжээлээр нөхөх хандлагыг дэлгэрүүлснээр өвс ургамал өөрөө нөхөн сэргэх боломжийг бүрдүүлж буй. Ийм хандлагыг олон улсын сайн туршлагатай уялдуулан харж болно. Тухайлбал, Нигер улсад хэрэгжсэн фермерийн удирдлагатай нөхөн сэргээлт (FMNR) нь нутгийн иргэдийг өөрсдөө мод ургуулж, хөрс хамгаалах ажилд татан оролцуулсан сайн жишиг бий. Үүнийг нүүдлийн гарц, усны дэд бүтэцтэй уялдуулснаар тэд бэлчээрийг хэсэгчлэн амраах, улирлын ачааллыг сэлгэх боломжтой болж, цөлжилтийн тэлэлтийг бодитоор саармагжуулж буй. Яг энэ жишгээр “Пример Агро” компанийн малчдад зориулан хүргэж буй сургалт, зөвлөгөө нь хагас эрчимжсэн мал аж ахуйн арга барилыг төлөвшүүлж, цөлжилт, бэлчээрийн доройтлыг бууруулах тогтвортой шийдлийг санал болгож байна.
Үүний зэрэгцээ тус компани ирэх жил Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хуралд хувийн хэвшлийнхнийг манлайлан оролцож, бусад компанийг идэвхтэй оролцоонд уриалж буй. Энэхүү бага хурал нь дэлхийн улс орнууд, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийг нэгтгэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, тогтвортой хөгжлийн асуудлаар шийдэл гаргадаг хамгийн том чуулган юм. Харин уг хуралд хөдөө аж ахуйн салбарын хувийн хэвшлүүд манлайлан оролцох нь инновац, тогтвортой үйл ажиллагааны туршлагаа хуралд оролцогсдод танилцуулж, гадаад түншлэл, хөрөнгө оруулалтын шинэ гарц нээх боломжийг бүрдүүлнэ.
Гэхдээ хамгийн гол нь “Пример Агро” компани салбартаа тулгамдаж буй асуудал хийгээд түүнээс гарах гарц, шийдлийг дэлхийн бодлого боловсруулагчдад шууд хүргэж чадах билээ.
Ухдаг биш ургуулдаг баялгаа хайрлая
Дэлхий даяар эрэлт нь өсөж буй салбарын нэг бол эмийн ургамал. Өөрөөр хэлбэл, дархлаа дэмжих, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүний хэрэгцээ улам өссөөр байна гэсэн үг. Харин манай орны байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд ургасан дэрвэгэр жирвэгэр, хунчир зэрэг ургамал нь дэлхий дахинд гайхагддаг ховор нандин баялаг юм. Энэ ч үүднээс эдгээр ургамлын нэр төрлийг тогтворжуулж, олон улсын зах зээлд гаргах нь “Пример Агро” компанийн нэгэн зорилго.
Я.Батжаргал энэ талаар “Манай компани эмийн ургамлын салбарыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Энэ бол судалгаа шинжилгээ, инновацлаг байдлаас гадна их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг нарийн салбар. Цаашид асар их потенциал бий гэж үзэж байгаа. Одоогоор бид дэрвэгэр жирвэгэр (suboshnikovo), хунчир зэрэг ургамлыг тариалж эхэлсэн. Үүнээс гадна өөр олон төрлийн эмийн ургамлыг турших судалгааны ажлаа ч эхлүүлчхээд байна” хэмээв. Тэд цаашдаа зөвхөн түүхий эд тариалах бус хураасан түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр зорьж байна.
Дэлхий зөвхөн биднийх биш
Я.Батжаргал хэдийгээр эрх зүйч мэргэжилтэй ч хөдөө аж ахуйн салбарт 10 гаруй жилийн туршлага хуримтлуулсан нэгэн. Тэрбээр багаасаа байгаль эх дэлхийгээ хайрлан тэтгэх ухаанд суралцаж, төрөл бүрийн ургамал ургуулж, арчлах дуртай хүүхэд байжээ. Харин өдгөө “Пример Агро” компанийнхаа өсөлт хөгжил, тогтвортой үйл ажиллагаанд анхаарал хандуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчин, эх дэлхийдээ эергээр нөлөөлөх алхмууд хийж, тодорхой хувь нэмэр оруулах чин хүслийг тээж явна. Үүнтэй холбоотой хийж, хэрэгжүүлж буй цөөнгүй ажил түүнд бий. Тухайлбал, 2020 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны зөвшөөрлөөр тэрбээр Хустайн цогцолбор газраас бугын илийг авч, Халзангийн аманд нутагшуулжээ. Мэргэжлийн байгаль хамгаалагчийн зөвлөгөөний дагуу онцгойлон анхаарч тэжээсний хүчинд илийг хоёр нас хүрэхэд нь зэрлэг байгальд буцаан тавьсан аж. Сүргээрээ амьдрах онцлогтой энэ амьтад ойр орчмын бугатай нийлж, өнөөдөр сүргийн тоо толгой 16 болж өсжээ.
Түүнчлэн нийслэл хот орчмын бүсэд гэмтсэн буга, гөрөөс тэргүүтэй амьтдыг эмчлэн анагааж байгальд нь эргүүлэн тавих ажлыг зохион байгуулсан, Архангай аймагт зэрлэг гахай үржүүлж буй зэргээс түүний байгаль, эх дэлхийгээ гэх чин сэтгэл харагдана. Эдгээр ажлыг юуны төлөө, яагаад хийдэг юм бэ гэж түүнээс асуух хүн мэдээж гарах биз ээ. Харин гол зорилго нь хүүхдүүдэд зэрэгцэн оршиж ан амьтдыг хайрлах, зөв харьцахад туслах зорилготой аж. Ингэснээр ирээдүйн иргэд маань зөвхөн байгалиа хайрлаад зогсохгүй хариуцлагатай ханддаг ухамсартай болж төлөвшинө гэдэгт итгэж явдгаа Я.Батжаргал ярилцлагын төгсгөлд онцолж байлаа.







