Бизнесийн ертөнцөд хамгийн үнэ цэнтэй мөч бол уулзалт, зөвлөгөөн дээр өнгөрөх тэр цаг билээ. Учир нь тэнд шинэ санаа, шинэ харилцаа, шинэ боломж нэгэн зэрэг төрдөг. Хэдхэн цагийн дотор л та бизнесийнхээ дараагийн итгэлтэй хамтрагчтай танилцаж, өсөлтийн шинэ гарцыг олох боломжтой байдаг.
Ийм л амьд, эрч хүчтэй орон зайг манай хамт олон сар бүр “Бизнес цэнэг” өглөөний уулзалтаараа бий болгодог билээ. Уулзалтаас оролцогчид зөвхөн чиглэл бүрийн шинэ соргог мэдээлэл, трендийг сонсохоос гадна цөөнгүй нь ирээдүйн хамтрагчаа олж, бизнесийн шинэ боломжийг бүтээж чаддаг. Тэгвэл амжилтын түүх, манлайллын ухааныг бодит туршлагаар хуваалцдаг “Бизнес цэнэг” өглөөний уулзалт энэ сарын 25-нд Галлериа Улаанбаатар-н 3 давхарт болох гэж байна.
Энэ удаагийн уулзалт маркетингийн ирээдүйн чиг хандлага, сэтгэлгээний үсрэлт, байгууллагын бүтээмжийн талаар төвлөрч, оролцогчдод бодит, хэрэгцээтэй мэдлэг, урам зориг, шинэ санаа түгээх болно.
Morninspire хэсгийн зочин илтгэгчээр MMCG Consulting Firm-ийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ уригдан оролцож, “Маркетингийг өөрчилж буй глобал трендүүд” сэдвийн хүрээнд технологид тулгуурласан маркетингийн шийдэл болон дэлхийн зах зээлд давамгайлж буй чиг хандлагуудыг хуваалцана. Тэрбээр ESOMAR олон улсын судалгааны нийгэмлэг болон Канны Лионс Интернэйшнл Креатив наадмын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай билээ.
Харин “Sharing is Caring” хэсэгт бизнесийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц замнал, туршлага бүтээсэн дараах зочид оролцоно.
ST Design-ийн үүсгэн байгуулагч У.Эрдэнэтулга “Өсөлт үү? Өөрчлөлт үү?” сэдвээр бизнесийн бүтээмжийг өсгөх бодит арга замын талаар ярилцана. Сонирхуулахад ST Design, JANNA URLAN-тай хамтран БНХАУ-ын Гуанжоу хотод анх удаа сампл үйлдвэр байгуулаад буй. Нэг үгээр, тэд монгол хүний ур шингэсэн мерч бүтээгдэхүүнийг дэлхийд таниулахаар зорьж байгаа юм.
Харин “Сэтгэлгээний үсрэлтээс бизнесийн өсөлт” сэдвээр олон улсын зэрэгтэй соматик көүч (ICF PCC) Б.Болормаа үүсгэн байгуулагч бүрийн туулдаг сорил, бизнесээ гаднаас нь харж сурах сэтгэлзүйн аргачлалыг та бүхэн бүхэн танилцуулна.
Мөн M bank-ийн маркетингийн хэлтсийн захирал Г.Билгүүн (Tonicana) “Маркетертайгаа ойлголцох нь” сэдвээр бизнесийн алсын хараа ба маркетингийн стратегийн уялдаа холбоог танилцуулна. Тэрбээр 2014 онд найзтайгаа хамт хөгжмийн мэдрэмж, дүрслэлийг хослуулсан “Cafune” нэртэй радиог YouTube-д хийж, тухайн үед залуусын хамгийн дуртай хөгжмийн комьюнитиудын нэгийг бүтээж байв. Харин сүүлийн жилүүдэд “Kleenex” брэндийн хошин, мэдрэмжтэй постуудаар сошиал маркетингт шинэ өнгө төрх, өөрийн хэв маяг, жишгийг бий болгосон юм.
Өглөөний кофегоо хамтдаа ууж, урам зориг, шинэ санаагаар өөрийгөө цэнэглэх энэ уулзалт нь бизнес эрхлэгчдэд туршлага, мэдлэг, шинэ харилцааг нэгэн дороос олж авах цэгцтэй орон зай байх болно.








