Та ямар сэдэл, хүсэл тэмүүллээр бизнесээ эхлүүлсэн бэ?
Сүүлийн найман жилийн хугацаанд дэлхийн 15 орчим оронд амьдарч буй Монголчууддаа көүчинг болон соматик сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллахдаа монгол хүнийг “бизнесээ аль хэдийн эхлүүлсэн ч туйлдаж ядарсан болон бизнес эрхлэхийг хүсдэг ч зориглодоггүй” гэсэн хоёр ангилалд байна хэмээн дүгнэх боллоо. Бизнес эхлүүлэх, эрхлэх хүслийн цаана эрх чөлөө, элбэг хангалуун байдал, хөгжил цэцэглэлтэд хүрэх хэрэгцээ байна. Энэ нь сайн зүйл. Харин ямар шалтгаанаар нэг бол бизнес эрхлэх явцдаа туйлдаж ядраад эсвэл эхлүүлэхээс халшраад байна вэ?
Энэ асуултад хариулахын тулд “Та ямар сэдэл, хүсэл тэмүүллээр бизнесээ эхлүүлсэн бэ?” гэж асуух хэрэгтэй болов уу. Ингэж асуувал бараг 80 хувь нь;
- Бусдаас хамааралгүй байхын тулд,
- Бүтэн цагийн ажилд хэн нэгний удирдлага дор ажиллахаас залхсан учраас,
- Илүү их орлоготой, чинээлэг амьдрахын тулд хэмээн хариулна.
Эндээс дүгнэхэд бид голдуу бизнес эрхлэхдээ санхүү болон сэтгэл санааны хувьд эрх чөлөөтэй байхын тулд бизнес эхлүүлдэг. “Одоогийн нөхцөл байдал маань эрх чөлөөгүй, хумигдмал, гачуудалтай байна, бизнес эрхлэх замаар элбэг хангалуун, эрх чөлөөтэй, тэнүүн байдлыг бүтээнэ” гэх хүсэл бидний дотор нуугдаж байгаа юм.
Үүнийг би “амь хамгаалах зөндөө хөтлөгдөж” (survival instinct) бизнес эхлүүлсэн болон бизнес эрхэлж буй байдал хэмээн тодорхойлдог. Энэ нь чин зүрхний хүсэл, тэмүүлэл, зорилго, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дамжуулан бусдын амьдралд гэрэл гэгээ түгээ гэсэн сэдэл биш. Харин таагүй нөхцөл байдлаас гарахын тулд бизнес эрхэлж эхэлсэн бол амь хамгаалах зөндөө автан бизнесээ эхлүүлж, бас эрхэлж байна. Ийм тохиолдолд бид зүрх сэтгэл, сүнс, үнэт зүйлс хэмээх ухагдахууныг хойш тавьж, тэмцэл, өрсөлдөөн, гачуудлаар бизнесээ удирдаж эхэлдэг.
Хэчнээн их ажиллавч үсрэнгүй хөгжил дэвшил, ахиц гарахгүй. Өрнөөс өрний хооронд нэг л газраа эргэлдэх, асуудал дахин дахин давтагдах урхинд орсон мэт мэдрэмжтэй болдог.
Хүний аутономик мэдрэлийн систем нь амь хамгаалах зөнг удирдана. Аутономик гэдэг нь аутомат буюу аюул тулгарахад анзаарч, бодож ч амжаагүй байхад таныг аюулаас хамгаалах, хурдан хөдөлгөх үүрэгтэй биологийн өгөгдөл. Энэ системийн үйл ажиллагаа ухамсраас ангид учраас бид өдөр тутмын амьдралдаа анзаарч таньдаггүй.
Амь хамгаалах зөн нь биет, аминд тулсанд аюулын үед таныг үнэхээр сайн хамгаалах боловч орчин үеийн нийгэмд тийм ч тустай биш биологийн өгөгдөл. Учир нь орчин үеийн нийгэмд аминд тулсан гэхээс илүү ухаалаг, холч шийдэл шаардсан асуудал өдөр тутам тулгардаг. Гэтэл бие, мэдрэлийн систем баавгайд хөөгдөх, машинд шүргэх шахам ойртох аюулыг бизнесийн асуудлаас ялгаж танихгүй. Аль алиныг нь аминд тулсан аюул гэж адилхан реакц, хариу үйлдэл үзүүлдэг.
Хэрэв тулсан аюулыг даван туулж чадахуйц чадвар, нөөц бололцоо өөрт байгаа бол мэдрэлийн системийн симпатик төлөв идэвхжинэ. Адреналин, кортизол ялгарч бие сэргэг болж бэлэн байдалд шилжинэ. Энэ төлөвт хүн аюултай тэмцэлдэх, дайрах эсвэл зугтах гэсэн хариу үйлдэл үзүүлдэг. Хүн “ийм тохиргоотойгоор” бизнес эрхэлбэл тэмцэж, өрсөлдөж, дайрч түрэмгийлж эсвэл эрсдэлээс айж боломжоо алдах хандлагатай байна гэсэн үг.

Харин аюулаас хамгаалах хүч чадал, нөөц бололцоо сул байвал мэдрэлийн тогтолцооны дорсал төлөв идэвхждэг. Хөдөлгөөн хийхгүй, дуу гарахгүй. Муурын аманд хулгана орохдоо үхсэн мэт амьсгалаа хураадаг шиг, зараа хөдөлгөөнгүй болдог шиг тийнхүү огт хөдөлгөөн, тэмцэл, үйлдэл үгүй болж хөшдөг, хөлддөг тийм хамгаалах зөн бидэнд бий. Энэ төлөвт автамтгай хүмүүс бизнес эхлүүлэх сэдэл байвч эхлүүлж чадахгүй шантрах эсвэл эхлүүлмэгцээ амархан ухрах хандлагатай байдаг.
Мэдрэлийн системийн симпатик, дорсал хэмээн амь хамгаалах зөн ажиллаж байгаа үед хүн өөрийн нөөц боломж, чадамжийнхаа 10 хувийг л ашиглаж чаддаг. Харин мэдрэлийн системийнхээ вэнтрэл вэйгэл буюу амь хамгаалсан зөнгөө дасгалжуулчихсан бүтээлч энергиэр бялхах төлвөө идэвхжүүлж, тэрхүү төлвөөсөө бизнесээ удирдаж дадвал бизнес үргэлж хөгжин дэвшинэ.
Сүүлийн найман жилийн хугацаанд хоёр хүүхэд ойрхон төрүүлсэн ч бизнес маань тасралтгүй хөгжин цэцэглэж ирсэн нууц бол амь хамгаалах зөнгөө дасгалжуулж дадсантай холбоотой. Айдас, тэмцэл, уур хилэн, өрсөлдөөн, адгалтаар биш, уужуу холч ухаан, гүнээс ундрах тодорхой, бат, нэгдмэл байдал, хайр гэх мэт мөн чанараа улам бүр хөгжүүлэн нээж, илүү сайн үйлчлэх, үнэ цэнэ бүтээхдээ төвлөрөх үед бизнес тасралтгүй хөгжин цэцэглэдэг.
Амь хамгаалах зөндөө автан бизнес удирдаж буйгаа анзаарахгүй яваа бол та хамгаалж, тэмцэж байхдаа ямар их чадамж, бололцоогоо хааж байгаагаа анзаарахгүй. Инновац, бүтээлч байдал, эрүүл харилцаа, тогтвортой өсөлт бүгдийг өөрөөсөө, бизнесээсээ түлхдэг.
Харин амь хамгаалах зөнгөө ухамсарлан анзаарч, мэдрэлийн системээ дасгалжуулж, зүрх сэтгэл, үнэт зүйлсээ эргэн санаснаар бизнесийн төдийгүй амьдралын чанар эрс дээшилдэг. Өөрөөр хэлбэл, айдас, тэмцлээр бус хайр, бүтээлч байдал, эрх чөлөө, элбэг хангалуун байдлаар бизнесээ удирдахад бизнесийн жинхэнэ өсөлт ирдэг.
Бизнесээ амьд л байлгахын тулд бус, хөгжүүлж, цэцэглүүлж, үнэ цэн бүтээх замаар удирдаарай. Энэ сонголт таны бизнес, хувийн амьдралын цоо шинэ утга учир, үнэ цэн, бүтээгч энергиэр бялхах болно.

Та бизнесээ хэрхэн удирдаж байна вэ? Айдас, тэмцэл, өрсөлдөөнөөр уу? Мэргэн ухаан, баяр хөөр, бүтээгч энергиэрээ юу?
Амь хамгаалах зөнгөө дасгалжуулж, жинхэнэ бүтээгч энергиэрээ бизнесээ дараагийн түвшинд ахиулахыг хүсвэл зөвхөн 30 бизнес эрхлэгчтэй тулж ажиллах “Soulpreneurship буюу Зүрх сэтгэл төвтэй бизнес хөтөлбөр”–ийг сонирхоорой.




